Thursday, January 17, 2013

Хөөе Сэгсгэр ээ, хэлээ залгичихаа юу



       Өөрсдөө солиорчихоод бусдыг эмчлэх гэж яваа хүмүүстэй л тааралдаад байх юм. Тэд маань ийм л үгнүүд хэлдэг.
    
    -Сэгсгэр ээ, чиний наад яваад байгаа зам чинь нэг л биш. Амьдралаа өөд нь татаач, юугаа хүлээгээд байдаг юм...

    -Хөөе Сэгсгэр ээ, хэлээ залгичихаа юу чи...

    -Архи уухгүй ч гэх шиг, маяглаад бай Сэгсгэр ээ...

    -За чи ч бүр эвшээж байх шив дээ, их эрдэмтэн... үнэхээр өөр байна аа, мань мэтийгээ бодвол. Аян замдаа сайн яваарай, чи их хол явна шүү...
      Би ч гэсэн бусадтай ярилцах хэрэгтэй л байна шүү дээ. Тэгэхдээ арван жилийнхээ дурсамжийг арав хорин жил давтаж биш, анд нөхдийнхөө дутагдлыг давсалж хужирлан баясаж биш, унаж яваа нэгнээ нэмж түлхэн сайрхаж биш, ууж идсэн паянгаа улс амьтанд гайхуулж биш, улс эх орноо муучилж зүхэн ухаантан царайлж биш, утаатай нийслэл хотдоо хордож үхэхээ зарлан үглэж  биш... 
      Өөр ярих юм байлгүй л яахав дээ. Харин яагаад бүгдээрээ ярихгүй байгааг л гайхаж байна. Надад л лав ярих юм зөндөө байна. Тэгэхдээ яривал онигоо болчих байх л даа...

Thursday, January 10, 2013

Хайртай

Хайртай гэдэг үгийг ханзаар бичсэн ч 
       зурлага нь цөөдөөд
Хайртай гэдэг үг тархинд атираа нэмэх нь

       таатайгаар хөндүүр оргиулаад
Хайртай гэдэг үгийн үнийг төлөхөд 

       амьдрал минь хүрэлцэхгүй гачигдаад
Хайртай гэдэг үгийг хэлэхдээ 

       амьсгалын дутагдлаар 
       нас барах юм шиг санагдаад



Хайргүй хачин харцаар орчныг сүлбэн хаачихаа мэдэхгүй суухад
Хайргүй орчлонгийн цас тэргүүн дээр будраад тэндээ хайлах шиг
Хайргүй нам гүм зүрхийг минь зүсэхдээ намайг эс ойлгоод
Хайргүй авсанд минь оруулах хүртэл хайртай шүү чамдаа... хайртай....

Tuesday, January 8, 2013

“Болор цом” үзэхгүй гээд байхад даа...

Өчигдрөөс эхлээд л утас тасралтгүй тачигнаастай. “Сайн уу Сэгсгэр ээ, *Болор цом* үзэх үү?”. Үгүй гэм дээ үгүй, үзэхгүй гэсээр байгаад ам цангачихлаа байна бүр. Ингэхэд энэ улсууд намайг “Болор цом” үзээд явж байхыг хэзээ хараа вэ? 1999 онд аймгийн даргын аймаар уур уцаараас болж Гэмтлийн эмнэлгээс оргон барин байж шохойтой гартай харайж орсноос хойш “Болор цом” гээчийг театр чуулгат нь очиж үзэж үзээгүй хүн шүү дээ хөөрхий. “Болор цом”-оос боломжоороо л хол явдаг нөхөр. Тэгэхдээ энэ чинь, зав чөлөө нь байгаад тасалбарынх нь үнийг дийлж байвал үзчихэд ер нь бол яахав дээ, болохгүй юм ер байхгүй. Тэгэхдээ л үзье гэж боддоггүй юм, нэхх сонин... 

Monday, January 7, 2013

Би Брюс Лиг хулгайлаагүй



    -Сэгсгэр ээ, чи миний Брюсь Ли-г харсан уу?
    -Хараагүй шд. Чи цааш нь хийгээгүй юмуу?
    -Харин би эрээд бүр олдоггүй ээ. Бид хоёрын хамтын жижиг цүнхэн дотор нэг л Брюс Ли байна шд.
    -Тийм, наадах чинь миний Брюс Ли шд. Чинийхыг хоёулаа олъё...
      Нэг зун аймгийн баруун урд байх “Хэрлэн” зусланд амарч байхдаа манай параллель ангийн Эсээ бид хоёр нэг танихгүй зурагчин ахаас Брюсь Лигийн жижигхээн хар цагаан зургийг арав арван төгрөгөөр худалдаж авсан юм. Дөрөвдүгээр ангид байсан нөхдүүд л дээ. Тэр үед чинь Брюс Лигийн зураггүй хүүхэд бол хүн биш байлаа шүү дээ. Нөгөө ангид С.Эрдэнэцэцэг, Ц.Эрдэнэцэцэг гээд хоёр охин байдгийн С нь тэр удаа надтай зуслангийн нэг ээлжинд таарч бид хоёр гайгүй зузаан найзууд болцгоогоод байсан үе. Бид хоёр Эсээгийнхээ Брюсь Лиг эрж өдөржингөө түүний хамаг чемодан, ном дэвтрийг онгичсон боловч олсонгүй. Ингээд Эсээ маань Брюсь Лигээ хулгайд алдчихлаа гээд жаахан урам муутайхан байсан ч хоёулаа тун удахгүй инээж хөхрөлдөн хөтлөлцөөд гүйж явсан юм. Зуслан буух болоод Эсээ бид хоёр юм хумаа хамтдаа эмхэлж цэгцэлж байтал миний чемодан дотроос нөгөө муу алга болсон Брюс Ли гараад ирэх нь тэр. Яг үүнтэй зэрэгцэн би өөрийнхөө Брюс Лиг түрүүлээд чемодандаа хямгадсан минь гэнэт санагдлаа. Эсээгийн нүд шууд 50 мөнгө болж байгаа юм чинь. Би ч бантсандаа чемоданаа хааж орхилоо. Хэдий тайлбарламаар байсан боловч юу ч хэлж чадсангүй. Өөрийнхөө Брюс Лиг хямгадчихаад Эсээгийн Брюс Лиг хайлцаж байхдаа юу бодож байсан хүн бэ тэнэг муу Сэгсгэр. Найз маань нөгөө хамтын цүнхэнд байсан Брюс Лиг надад өгөөд “Чи ч гэсэн энгийгээ хямгад. Аягүй бол бас алга болчихно шүү” гэснийг яана. Би яагаад өөрийнхийгөө хямгадаж далд хийснээ таг мартчихсан юм бол гэж хичнээн бодоод ойлгосонгүй. Хулгайчийг илчилсэн нэг хүн автобусаар аймаг орох замын туршид тун ёозгүй, гүнээ жигшсэн харц чулуудаж, хулмаганаж бантсан муу Сэгсгэр өөдөөс нь харж чадахгүй дальдчсаар ирсэн билээ. Тэрнээс хойш Эсээ найз маань надтай дуугараагүй. 10 төгстөлөө бид хоёр нэг нэгнээ танихгүй мэт явсан. Нэг сургууль юм чинь байнга тааралдана. Тааралдах бүрт надад нэг тийм тамтай мэдрэмж төрдөг сөн. Эсээ маань хожим эмч болсон гэсэн. Бид уулзалгүй олон жил болжээ. Сургууль төгссөнөөс хойш тааралдаагүй. Одоо Эсээтэйгээ нэг сайндах юм сан даа.

Thursday, November 15, 2012

Тээврийн хэрэгсэл дотроо тамхи татангаа...



Хайрцганд хийгээд хаа нэгтээ оршуулчихсан
Хачин бодлуудаа ороолон болохоос өмнө
Цэмцийтэл цэвэрлэчихсэн гэр орноо хаяад
Цэх шударга аянд гарахыг хүснэм.

Айдастайгаа гар барьж нэрийн хуудсаа солилцох
Ахин хэзээ уулзахаа дахин дахин лавлах
Элэгсэг, эрсхэн зориод очихдоо халшрахгүй
Эндээс хаачих ч үгүй аянд гарахыг хүснэм.

Хэзээ би цэвэрхэн гэртээ амгалан суух
Хэзээ би цэл хүйтэн зүрх минь алга төөнөхийг мэдрэх
Хэзээ би бодисын чанарыг мэдрэхээ болих
Хэзээ би бодолгүй, булшгүй диваажинд хүрэх

Санаа алдах минь хоосон байх, санаа алдахгүй болох
Сансрын хүрднээс чөлөөлөгдөн Амитабатай учрах
Тээврийн хэрэгслээ мартан нигүүслээр хүлэглэж очих
Тэр цагийг зорин хаашаа ч зорихгүй аярланам.

Wednesday, November 14, 2012

Монгол хэмээх нэгэн нэр

" Монгол хэмээх нэгэн нэр ертөнцийн чихнээ дуурсгалтай
Монголын төлөө хэмээх сэтгэл бидний зүрхэнд холбоотой
Өсөхөөс сурсан үндэсний хэл
Мартаж болшгүй соёл мөн
Үхтэл орших төрөлх нутаг
Салж болшгүй орон мөн”. 

Залуу зураач, уран бичээч Н.Бат-Эрдэнийн бүтээлүүдийг хараад Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгч Д.Нацагдоржийн утга яруу энэхүү шүлэг сэтгэлд эрхгүй буув. Түүний “Монгол хэмээх нэгэн нэр...” нэртэй бие даасан дөрөв дэх үзэсгэлэнд зөвхөн “Монгол” гэдэг үгийг уран бичлэгийн хоёр төрлөөр 24 янзаар бичиж, урласан нь анхаарал татлаа. Өөрийн гэсэн бичиг соёлтой хэдхэн улс, үндэстний нэг Монголын, нүүдэлчин монголчуудын амьдралын ухаан, ёс заншил, ахуй байдал, гарал үүслийг тэр чигт нь багтаасан босоо бичгийн гайхамшгийг тэрбээр тун донжтой илэрхийлэн, урлагийн бүтээл болгожээ.
Наадам, бөх, ээтгэр хон шоор, өргөн түрүүтэй гутал, чоно, морь, хоёр бөхтэй тэмээ, соёмбо үсэг гэхчлэн Монголыг илэрхийлдэг зүйлсийг уран бичигт шигтгээ болгон, бийрийн үзүүрээр “шагласан” нь хараа булаана. Н.Бат-Эрдэнэ “Уран бичлэг, урлаг үсгийг ийнхүү хослуулахад бүтээл илүү бодитой, донжтой харагддаг. Ингэснээр санаагаа илүү гаргах боломжтой” хэмээсэн. Монголчууд өвөг дээдсийнхээ ухаан, үндэснийхээ уламжлалыг сэргээж эхэлсэн 1990- ээд оны үед монгол бичгээ сурч, уран бичлэгийг сонирхож, оролдох болсон тухайгаа ярьсан тэрбээр “Тэр үед хятад ханзаар уран бичсэн үзэсгэлэн үзээд манай босоо бичиг үүнээс илүү сайхан харагдах учиртай” хэмээн бодсон гэнэ. Бодоод зогссонгүй, бодит ажил болгож, өдий зэрэгт хүрчээ.

Saturday, October 27, 2012

Нулимсаа үнэлэгч



Хувцас гэж хэлэхэд хувцасны заяа гомдмоор, майхан шиг хэлхгэр ямбуу цамцан доторх туранхай хэгзгэр бие нь дүнзэн байшин дахь буриад пийшин шиг халуу дүүгээд, сайртталаа уйлсан хацар дээр нь хаврын цэцэг мэт ялдам инээд дэлгэрчихээд тун чиг хөөртэй алхаж яваа түүнийг аз жаргалтай хурим руу яарч яваа биш өөд болоочийн оршуулгаас буцаж явааг өмссөн хувцас, гартаа дүүгүүрдэх хулсан таяг сэлт нь хялбархаан гэрчлэх ажээ. Өнөөдөр түүний хувьд онцгой баяр талархалт өдөр биш ч өнгөрдөг талийгаачийн ар гэрийнхэн урьд хожид байгаагүй өгөөмөр сэтгэл гаргаж 200 юань сарвайсан нь охиныг ийнхүү жигүүрлэн дарцаглахад хүргэжээ. Хаврын анхны бүйлс гөлөглөсөн өнгөрөгч хөөлүүр сард л тэрээр сая нэг 17 нас хүрч хүний өөдөөс нас зүсээ ам дүүрэн зарлах боломжтой болоод байгаа юм. Өмнө нь түүнийг хойлгын найранд очиж чөтгөр ч тэсэмгүй гашуунаар цурхиран орилж, нүдэндээ булингар тогттол асгаруулан мэгшихэд нь хүмүүс үл тоомсорлон, харин ч түүнд ажил олгосон талийгаачийн ар гэрийнхнийг мөнгөө шандагнан бага хүүхэд бахируулж байгааг дооглон мушийцгаадаг байсан билээ.

Friday, October 26, 2012

Миний найз Мулдашевыг таних уу?

Мулдашев Сэгсгэр Селиверстов гурав орос водка туужээ
     
Манай хоёр найз хүн мичнээс үүсээгүй Төвдүүдээс үүссэн гээд байдаг юм. Харин би төвдүүдийг юунаас үүссэнийг нь ерөөсөө ойлгодоггүй юм...

Хүү


Өндөр таазтай хавчиг өрөөний голд зориуд зассан том вандан, дээр нь мөнөөх бүсгүйн нас эцэслэхдээ гэрээсэлсэн нөгөө хачин, нисдэг таваг шиг далибагар, ер бусын этгээд авс юу юугүй хөдлөн хажуу тийшээ гулсан унах гэж байгаа ч юмуу эсвэл хана таазыг нэвтлэн хаа нэг тийшээ нисэн одох гэж байгаа юм шиг сонин сэтгэгдэл төрөхөөр тавигджээ. Магадгүй энэхүү сонин авс доторх “зорчигч”-тойгоо нисэн одож гэмээнэ хана таазны алинд ч өчүүхэн завсар, нүх сүв үлдэхгүй, энэ багир хүнд өрөө тэр чигтээ юу ч болоогүй мэт санаа алдах ч үгүй үлдэх байх даа гэж бодогдоно.

Monday, October 22, 2012

Баргил



Бум бужигнаж түм түжигнэсэн зээлийн газар. Баргил байж ядан хөлөө сэлгэж зогсоно. Бороо орж байна. Тэрээр элэгдэж хуучирсан муу саравчтай улаан малгайгаа гартаа атгажээ. Үжирсэн сэмэрхий бор пальто, өсгий нь эргэсэн инээдэмтэй түнтгэр гутлаа хялавхийн харснаа мөнөөх л доогтой гуниглуу инээд уруул дээгүүр нь мишилзээд ирлээ. Гэвч тэр өөрийгөө өрөвдсөнгүй. Хэзээд л ийм байсан хойно, юундаа ч өрөвдөх билээ.
-Хөөе улаан малгайт аа, чи чинь яагаад дусагнаад унав аа? Тэсэхээ болив уу гэж зэргэлдээх булангаас дээрэнгүй дуу хадах нь тэр. Гайхсан ч үгүй. Улаан малгайт нэрэндээ дассан гэх нь ч хаашаа юм, гэхдээ л ажирсан шинжгүй мөнөөх л сонин гэгэлзүүр бодлоо үргэлжлүүлж авай. Харин дусагнахын хувьд ч хэдийнэ дусагначихаж. Өчигдөрхөн тэндэхийн үглээ Цахирам авгайн өвсөн шүүрээр балбуулж элдүүр нь ханасан өнөөх муу бөөр нуруу нь нэг л аятайхан тавираад явчих нь тэр. Харамсалтай нь дахиад л дусагначихлаа хөөрхий. Амьтанд ад үзэгдэхээс илүүтэй өөрт нь, хөөрхий жаахан бардамд нь хэзээ ч зохиж наалддаггүй аймшигт мэдрэмж дахин зурсхийсэн ч ажрахгүй байхаар шийдлээ. Өөр арга нэгэнт алга болжээ.

Friday, October 19, 2012

Хан аа, яаж байгаа чинь энэ вэ!!!



     -...Ингэхэд манай Ханаа сайн уу, цаадах чинь блогоороо бүр шагайхаа больжээ?
     -Мм, чи мэдээгүй юм уу...
   -Блогоо одоо байнга “бор цайтай” байлгана аа гээд л учиргүй ам тангараг тавьсан харагдсан сүүлд нэг ороход. Долоон сар боллоо, байдаггүй шүү. Цаадахын чинь нөгөө хийгээд байгаа “20-р зуун Монгол” баримтат кинонууд нь юу болсон бэ, манай хүн сүүлийн үед жаахан шоудаад байна уу, үгүй юу...

Tuesday, October 9, 2012

Амай миний баатар



     Амайгийн аяллын номыг уншаад сэтгэл жигтэйхэн хөндүүр оргилоо. Уншихын  хувьд ч яахав, нөгөө л дадсан зангаараа шар айраг шиг нэг амьсгаагаар таатайяа залгилж орхив. Харин дараа нь сэтгэл зангирчихаад тайтгарч өгдөггүй, хачин юм шүү. Уг нь маш хөнгөхөн бичигдсэн, маш сонирхолтой ном юм. Зарим нэг газар үе үе цухалзаад алга болсон ганцаардлын төмөрлөг амьсгал л халдварлачихав бололтой, сэтгэл өвдсөөр л байна.
      Номыг уншиж байхдаа би нэг л зүйлд их гайхлаа. Түүний шүд зууж туулсан бүхэл бүтэн таван жил сэтгэлд ер багтсангүй. Эрэгтэй хүн болохоороо л ийм байдаг юм байх даа гэж бодлоо. Галзуурчихалгүй хүрээд ирсэнд нь гайхсан хэрэг. Би Амай шиг агуу аялалд гараагүй ч ойр зуурхан “өөртэйгөө танилцах” аяллыг бол хийчихээд байдаг нөхөр л дөө. Бас ганцаараа. Миний зорилтот аяллын хувьд бол ганцаараа нь илүү сонгодог байдаг л даа. Тэгэхдээ хамгийн том нэг риск байдаг нь зарим үед аялж яваа тухайн газар нутгийнхаа нэг эд эс нь болж үлдчих гээд, за нэг үгээр хэлэхэд мэдрэмжээ алдчих гээд байдаг муу талтай. Төвдөд ганцаараа аялж явахдаа би үе үе мэдрэмжээ алддаг байсан.    

Цамцныхаа хаа нэгтээгээс өөрийгөө эрэн тэмтчихэд



Улаан цэрдээр самбар дээр 
      үсэг бичих шиг этгээд
Уйтгар гунигийн дасгалаа 
      өдөр бүхэн хийсээр
Цагаан байшинд лаа 
      урсаж дууссаныг мартан
Цамцныхаа хаа нэгтээгээс 
      өөрийгөө эрэн тэмтчихэд

Friday, October 5, 2012

Юу ч мэдэхгүйгээ мэднэ...


Миний хувьд хамгийн гашуун санагддаг, юу ч мэдэхгүйгээ мэдрэх зовиурт мэдрэмжтэйгээ ахиад л учирч, баяртайяа гуниглаж сууна. Энэ мэдрэмж төрөх бүхэнд би өөрийн эрхгүй ямар нэг зүйлийг барьж авч нухацтайгаар оролдож эхэлдэг юм. Надад хийх зүйл энд мөн ч их байна. Даанч тэдгээрийгээ тодорхой зорилго, дэс дараалалтайгаар хийхгүй байгаагаас сэтгэл дотор юу ч хийж бүтээгээгүйн төлөөс болох хоосон хөндүүр шаналал салхинд хийсэх хамхууль мэт бөмбөрсөөр л байна.

Дагуурын монголчууд европийг доргиов



Чех улсад болсон олон улсын ардын урлагийн наадамд Хятад улсаас Дагуурын монголчууд оролцож уламжлалт монгол соёлоо дэлхий дахинд гайхууллаа.
Чех улсын ардын урлагийн нийгэмлэгээс зохион байгуулдаг тус наадмын оролцогсод нь нэн өвөрмөц соёл түүх бүхий улс орны төлөөллүүд байдаг бөгөөд тэднийг тусгай урилгаар оролцуулдаг аж. Энэ жилийн наадамд Хятад, Орос, Бразил, Итали зэрэг 20 гаруй улсын урлагийн төлөөлөгчид  оролцсоноос Морин даваа Дагуурын өөртөө засах хошууны монголчууд өөрийн үндэстний онцлогт ардын дуу бүжгийн тоглолтоороо үзэгчдээ мялаажээ.
БНХАУ-ын ӨМӨЗО, Хармөрөн муж, Шиньжян Уйгурын ӨЗО-д тархан суурьшсан монгол угсаатны нэг нь Дагуур үндэстэн бөгөөд Хятадын засгийн газраас тэднийг Монголын тоонд оруулдаггүй юм. Өдгөө тэдний олонх нь Өвөрмонголын Хөлөнбуйр аймаг дахь Морин даваа, Дагуурын өөртөө засах хошуунд амьдарч байна.