Sunday, February 17, 2008

Тусгаар тогтнол ямар үнэтэй вэ?

Өдгөөгөөс 63 жилийн тэртээх намрын нэгэн өдөр сармай дээлтэй хэдэн монгол тал бүрээс довтолгон ирж /хөлтэй нь хөлхөж хөлгүй нь мөлхөж явсан гэдэг/ тусгаар тогтносон бүрэн эрхт Монгол улсыг тунхаглах санал хураалтад оролцжээ. Өндөгнийхөө хээгээр тамгалсан энэхүү сонгууль Монгол улсын түүхэнд 100 хувийн санал хураалт явуулж чадсан хамгийн анхны бөгөөд ахин хэзээ ч давтагдаагүй түүхэн үйл явдал байсан юм. Харамсалтай нь хөдсөн дээлтэй хөдөөх монголчуудын “тунхагласан” Монгол улсыг өөрсдөөс нь өөр хэн ч хүлээн зөвшөөрсөнгүй. Яг энэ үед ЗХУ, АНУ, ИХ Британийн засгийн газрын тэргүүн нарын бага хурал Ялтад болж онцгой хэдэн асуудал шийдсэний нэг нь Монгол Улсын хувьд түүхэн ач холбогдолтой, өөрөөр хэлбэл улсаа тусгаар улс хэмээн хүлээн зөвшөөрүүлсэн хэрэг байлаа. Ялтын бага хурлаас хойш БНМАУ-ыг олон улсын тавцанд хүлээн зөвшөөрөх эхлэл тавигдсан гэж болно. Энэхүү түүхэн үйл явдлын 63 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байгаатай холбогдуулан Тусгаар тогтнолын талаарх эл нийтлэлийг эрхэм блогчиддоо толилуулж байна.

Төв Азийн голт зүрхэн дээр байршдаг нүүдэлчдийн түүх хэдэн мянганаар тоологдоно. Дэлхийн сүүлчийн мөстлөгийн үед чухам энэ л хязгаар буйд нутгаас анчин нүүдэлчид ан гөрөөний их нүүдлийг даган Берингийн битүү байсан хоолойг дамжин Америк тивд очин суурьшжээ. Энэ л анчин гөрөөчид домог түүхт америкийн Ацтек, Майячуудын өвөг дээдэс гээд хэлчихэд нэг их баримт нотолгоогүй худал мэдээлэл болчихгүй. Энэ цаг хугацаа нөгөө арслан заан, сэлмэн соёот бар сэлгүүцэж байх 40, 50 мянган жилийн тэртээх үе шүү дээ. Үүнээс ч өмнөх анхны хүн бич, неандертальчуудыг бас дурдаж болох. Хүний үүслийг байя гэхэд нисдэг нисдэггүй, махан болон өвсөн идэштэн аварга том динозавруудын үе ч Төв азийн энэ тэгш өндөрлөгтэй холбоотой. Энэ газар нутгийн хүмүүс анхны төрт улсаа байгуулж ирсэн түүх хөрш зэргэлдээ дэлхийн хамгийн анхны төрт улс гэгддэг Хятадын төрт улсаа байгуулсан үетэй таарч тохиодог нь сонин. Суурьшмал, нүүдэлчин соёл иргэншил өөр өөрийн төрт улсаа нэгэн цаг үед бөөр бөөрөө нийлүүлэн үүсгэн байгуулж байсан нь хүний түүхэнд тэр бүрий тохиогоод байхааргүй сонин содон үзэгдэл. Хоёр өөр соёл иргэншил төр улс гэсэн нэгэн эх ундаргыг зарлан тунхаглаж тэр нь төрт улсын хоёр өөр хэлбэр байсан нь өнөө хэр нь эрдэмтэн мэргэдийн олон янзын таамаг, онол дэвшүүлэхийн үндэс язгуур болжээ. Нүүдэлчид төрт улсаа Хүн гүрэн гэж нэрийдэж байсан нь өнөөгийн бидний нийтлэг тэмдэглэгээгээр Хүннү гүрэн юм. Хүннү гүрэн баруун зүүн төв хэсэгт хуваагдсан асар том газар нутаг бүхий төв Азийн умард хязгаар байсан бол Хятадын Хан гүрэн умардаас өмнөд тийш Энэтхэгт хүрсэн өмнөдийн бүх газар нутаг байлаа. Хоёр өөр соёл иргэншил өөр хоорондоо газар нутаг, хүн ардаа булаалдан үргэлжид тэмцэлдэнэ. Аргаа барахдаа Хятадууд цагаан хэрэм бариулан мөнхийн дайсан нүүдэлчдээс газар нутгаа тусгаарлах оролдлого хийсэн нь өнөөдөр хүний түүхийн туршид баригдсан хамгийн том уран барилгын байгууламж хэмээн нэрийдэхэд хүргэжээ. Баабарын хэлсэнчлэн ийм аугаа гайхамшигт хэрэм бариулахад хүргэсэн ард түмэн бүр ч гайхамшигтай байж таарна гэдэг үг энэ гайхамшигт байгууламжийн мөн чанарыг илүү тодотгох буй за. Нүүдэлчдийн байгуулсан төрийн үндэс язгуур нь газар нутаг байлаа. Газар нутаг гэдэг ойлголт улс гүрэн, тусгаар тогтнол гэсэн үгтэй утгын хувьд салшгүй гэсэн үзэл санаа эртнээс нааш нүүдэлчдийн дунд тогтсон ойлголт байсан юм. Хүннү ч тэр Уйгар, Кидан, Түрэг, Хамаг Монголын улсын үед ч энэ үзэл санаа хэлбэрэлтгүй мөрдөгдөж ирсэн. Их Монголын байлдан дагуулалын утга санаа мөн чанар ч үүнтэй салшгүй холбоотойгоор хүний түүхэнд урьд хожид хэзээ ч тохиож байгаагүй хоёр тив эзэгнэсэн их гүрэн болж биеллээ олж байсан юм. Тусгаар тогтнох гэдэг уудам хөндий, нүд алдам хээр талдаа эрх дураар нүүдэллэн амьдарсаар эрх чөлөөт нүүдэлчдийн хувьд хамгийн эрхэм зүйл байлаа. Мал адгуусаа бэлчээолэх газар үгүй аваас нүүдэлчид гэдэг утгаа алдах байлаа. Угаас нэг дор шавааралдан суурин балгад босгон амьдарч суухыг эрхэмд үздэг энэ ард түмэнд тусгаар тогтнол гэдэг үзэл санаа хэчнээн эрхэм болохыг мэдрэхэд тийм ч хэцүү биш.Хятадууд түүхэндээ олонтаа харь үндэстний эрхшээлд орж байсан ч тэд нь цаг хугцааны хувьд өөрт уусан замхарч аль эсвэл түлхэн унагаагддаг байлаа. Ингэлээ гээд угийн хотжин суурьшиж амьдарсаар ирсэн тэдэнд төдийлөн хохиролтой байсангүй. Атга будаа тариагаа тариад амьдарчих алга дарам газартай л бол бусад нь төдийлөн хамааралтай бус суурьшмал соёл иргэншлийнхний тусгаар тогтнол гэдэг ойлголт нүүдэлчдийнхээс эрс ялгаатай байжээ. Энэ ч үүднээс харийн дарлалыг хамгийн их эсэргүүцдэг, бусдын малгай, буулган доор бөхөлзөн амьдарна гэдэг нь нүүдэлчдийн үзэн яддаг сэтгэхүй болтлоо цусанд шингэжээ. Нүүдэлчид бардам, зоригтой, эрх чөлөөтэй байхыг юу юунаас чухалчилж байсны илрэл нь энэ. Төв азийн гол зүрхэнд орших нүүдэлчдийн сэтгэхүй Араб, Африкийн нүүдэлчдээс ялгаатай нь тэдний мөнхийн дайсан нь суурьшмал иргэд, амьдралынх нь утга учир эрх чөлөө тусгаар тогтнол байсан юм. Бидний өвөг дээдэс, бид ийм л үзэл санаа, мөн чанараар хүний түүхийн олон мянганы бартаа саадыг даван өнөөгийн өндөрлөгт хүрсэн билээ. Төв Азийн нүүдэлчин Монголчуудад тусгаар тогтнол гэдэг үг хэчнээн аугаа гайхамшигт утга санааны илэрхийлэл байдгийг энэ ард түмэн сүүлийн гурван зуун жилийнхээ түүхийн туршид дэндүү сайн мэдэрсэн. Олон арван жилийн өвөр хоорондын тэмцлийн сүүлчээр Монголчууд манж угсаатанд өөрийн тусгаар тогтнолоо бүрэн алдаж хараат боллоо. Бүх зүйл манж угсаатны үг хэл, гар хурууны үзүүрээр шийдэгддэг болж үргэлжид толгой өөдөө, харц дээгүүр явдаг зон олон харц доогуур толгой бөхиймөл явах болов. Энэ харуусалт түүх хоёр зуу гаруй жил үргэлжилсэн. Манжийн ноёрхлын эсрэг монголын олон зоригт аавын хүүхэд олон арван удаагийн зэвсэгт бослогод нэгдэн тэмцэж байсан ч дарагдаж байсан гашуун түүх бий. Гэвч монгол хүн бүрийн цээжинд эрх чөлөө тусгаар тогтнол гэсэн үг байнгын хадаатай явж байлаа. Хэдийгээр манжууд Монголыг тусгай бүс нутаг болгон зарлаж өөртөө засах эрхийг нь үлдээж, хятадуудыг олноор нь суурьшихыг хориглож байсан ч хэзээнээс эрх чөлөөг эрхэмлэсээр ирсэн монголчуудад энэ бүхэн хангалтгүй байсан юм. Бүтэн хоёр зууны туршид монголчуудад үүлэн чөлөөний завсраар гийх наран адил боломж бололцоо гарч байсангүй. Монголчууд хоёр зуун жилийн дараа 500 гаруйхан мянган хүн амтай, эрчүүдийнх нь тал хувь нь лам болчихсон хөөрхийлөлттэй гэхэд багадмаар хэцүүхэн хувь тавилантай ард түмэн болсон байлаа. Энэ улсыг дахин сэргэн өндийнө гэдэгт гадныхан эргэлздэг байсан юм. Энэ тухай монгол нутгаар аялж байсан Англи, Америк, Оросын олон арван жуулчид археологчдын тэмдэглэлээс мэдэж болно. Гэвч энэ ард түмэнд тэнгэр бурхан өөдлөн дэвжих өчүүхэн боломжийг олгосон юм. Манж туйлдан унаж, хятадууд өвөр зуураа тэмцэлдэж, орост болшевьекууд төрийн эрх мэдлийг атгасан нэгэн зурвас үе ирлээ. Монголын эргэн тойрон жинхэнэ орондоо орох завгүй олзлолдон булаалдацгааж байх зууны эхний тэр л үед Жавзандамба хутагт тэргүүтэй монголын нөлөө бүхий ноёд түшмэд монгол улсаа тусгаар тогтносон улс хэмэээн зарлаж улс гэрээ Богд хаант Монгол улс хэмээн нэрийдэв. Энэ бол монголчуудын тусгаар тогтнолынхоо төлөөх сүүлийн хоёр зуунд хийсэн тэмцлийн хамгийн үр дүнтэй тэмцэл байлаа. Монголчуудын үндэсний ухамсар сэтгэлгээ сэргэн өндийж бор гэртээ богд хар гэртээ хаан болох алтан боломж тохиов. Харамсалтай нь энэ таатай боломж хэдхэн жилийн настай байлаа. Хиагтын гэж болсон газрынхаа нэрээр нэршсэн орос монгол хятад гурван улсын хэлэлцээрээр монголчуудын тусгаар байдал алдагдаж Хятадын доторхи өөртөө засах эрх бүхий автономит төр засагтай боллоо. Хэлэлцээрээс даанч удалгүй Хятадын гоминданы арми монгод нэвтрэн орж Нийслэл хүрээг өөрийн мэдэлдээ нэгтгэн Богд хааныг Да Жунтны хөрөгт мөргүүлэв. үүлэн чөлөөний наран хар сүүдэрт дахин дарагдав. Гаминг хөөсөн цагаантан, цагаантныг хөөсөн улаан арми, ардын журамт цэрэг. Дайн тулаан олон жилийн турш төрөлх газар шороон дээр минь өрнөж олон мянган эх орончдын ариун цусаар дээд монголын гурван гол будагдав. Монгол түмэн нэг улсын хараатаас нөгөө улсын гарт, нэг дайнчын гараас нөгөө дайнчын гарт шилжигдсээр л. Эх оронч олон арван аавын хүүхдүүд тусгаар тогтнолынхоо төлөө тэмцсээр эцсийн бүлэгт харийн түрэмгийлэгчдийг үлдэн хөөж өөрийн улстаа эзэн суух эрхийг 1921 онд олж авлаа. Тусгаар тогтнолын төлөөх нүүдэл иргэн монголчуудын тэмцэл алдаа онооны дэнсэн дээрх аугаа тэмцэл байлаа. Өндөр гэгээн Занабазар, Галдан бошигт, хотгойдын Чингүнжав, ойрадын Амарсанаа, Улиастайн хоёр мянган цэргийн бослогын удирдагч Энхтайван, Богд Жавзандамба хутагт, чин ван Ханддорж, хайсан гүн Цэрэнчимэд, манлай ван Дамдинсүрэн, хатан баатар Магсаржав, Магсар хурцын Дугаржав, Бодоо, Данзан, Догсом, Сүхбаатар, Ерөнхий сайд Амар, Гэндэн гээд л олон арван төр шашин, цэргийн зүтгэлтнүүдийн хоёр зууны турш урсгасан халуун амь бүлээн цусаар монгол түмэн тусгаар тогтнолоо олж авсан юм. Дэндүү их урт удаан хугацаанд дэндүү их үнэ цэнээр олж авсан тусгаар тогтнол чамайг бид голт зүрхнээсээ илүүтэй хайрлах учиртайсан. Алив үндэстэн алив угсаатны оршин тогтнох цорын ганц орон зай бол эх орон. туурга тусгаар, өөрөө өөртөө эзэн байхуйн аугаа эрх чөлөө бол тусгаар тогтнол билээ. Эв нэгдэлгүй байхдаа алдсан тусгаар тогтнолын үнэ цэн хэзээд эрхэм байдаг. Нэгэнт алдсан тусгаар байдал хэдэн арван үеийн турших харанхуй манан дахь төөрсөн унага лугаа адил өршөөл энэрэл үгүй. Түрэгийн мэргэн Тоньюк жанжин, -Эмс хүүхний өнгөнд хууртаж, эрх мэдэл эд баялагын увьдист хорлогдон эх нутаг юугаа орхин гансрах аяа бид ямар өчүүхэн бэ гэж дуу алдсанчлан, бас нэгэнтээ Хүннүгийн шүлэгч, Улаан уулаа алдаад эмс охид минь уруул цайх будаггүй болов, тэнгэр уулаа алдаад гэргий хүүхэд минь энгэсэггүй болов гэж харуусан гашуудсан нь чухамдаа энэ тусгаар тогтнол гэдэг үг улс үндэстэнд хэчнээн эрхэм болохыг өгүүлэх мэт. Тусгаар тогтнол гэгч ийм л их үнэ цэнэтэй зүйл ажгуу. Монгол төрийн өлмий бат оршиж, монгол төрийн хараа хурц мэргэн байж, монгол төрийн хийморь лундаа өөдрөг цогтой байж хөх мөнх тэнгэрийн орноо үүрд мандан бадарч байг ээ. Туурга тусгаар улс гэрийг минь эцэг өвгийн сүнс сүлд үүрд мөнх цогшоох болтугай.




Wednesday, February 13, 2008

Валентины өдөрт


Дурлалын бурхан бяцхан Эрот



Гоо үзэсгэлэнт Афродита энэ ертөнцийг захиран суудаг байлаа. Тэрбээр хүчирхэг Зевсийг буулган авахын тулд хөгжилтэй бяцхан хүүгээ түүн рүү элч болгон илгээв. Алтан жигүүрээ дэлгэн хуй салхи мэт нисэх тэр бяцхан элчийн гарт алтан сум атгаастай, мөрөнд нь нум зүүлттэй. Түүний онилсон сумнаас мултарч гарсан хүн нэгээхэн ч үгүй. Түүнд оногдсон хүмүүс зүрх сэтгэлийн зовлон шаналал эдлэхийг харсан бяцхан Эрот баярлан инээж нүд нь гэрэлтэн ихэмсгээр нисэн оддог байв. Ийнхүү Эрот нэгэн удаа Зевс Апполон хоёрыг мөнөөх гайт сумаараа харван онож орхисон аж. Хайрын гашуун зовлонг зүрхээрээ мэдрэн шаналсан Зевс "Энэ бол Афродитагийн зальт хүүгийн хийж буй нүгэл" гэдгийг ч мэдэж байлаа. Зевс нэгэнтээ түүнийг хөнөөхийг хүсэж байсан билээ. Гэвч гоо үзэсгэлэнт Афродита нялх бяцхан хүүгээ түнэр харанхуй ойн гүнд нууж өөрийнхөө тэжээсэн хоёр хунгийн сүүгээр тэжээж байв. Эхийн сүү хөхөлгүй хунгийн сүү ууж өссөн болохоор Эротод нинжин сэтгэл бий болоогүй юм. Иймээс тэр энхрий ялдам харвалтаараа газар дэлхийд аз жаргал зовлон гунигийг хамтад нь авчирдаг болжээ. Мөн энэ цагаас эхлэн хун шувууг дээдлэн хайр дурлалын ариун шүтээн болгосон түүхтэй. Эротын суманд оногдсон хэн боловч ертөнцийн баяр баясгалан хийгээд уйтгар гунигийг зүрхний угаас мэдэрдэг ажээ. Энэ бол хайрын амт юм. Одоо ч гэсэн Эрот та бидний дээгүүр эргэлдэн нисч шидэт сумаа онилсоор байгаа гэнэ лээ шүү

Хайр...

Мөрөнгийн ус чимээгүйг эвдэн
Бүрэнхүйн дундуур явгалан одно
Шанзны утас чичирхийлэх эгшин
Жүнзний болорыг жинхийлгэнэ
Тэргэл болоод хэлбэр төгс
Сарны дарсаар гунигаа угаана
Зүүн этгээдэд Гандирса хот буй
Зүүдийг булаасан урьхан хонгор минь тэнд
Сая сая жилүүдийг
Сатаарах агшинд учирсан юм сан
Санааны тэртээд Гандирса хот буй
Санаандгүй цочоосон урьхан хонгор минь тэнд
Зүрхэн төвдөө гэнэхэн нууж
Охидын харцнаас харамласан юм сан
Зүүдний тэртээд Гандирса хот буй
Зовлонг мартуулсан урьхан хонгор минь тэнд
Мөрөнгийн ус чимээгүйг эвдэн
Бүрэнхүйн дундуур явгалан одно
Шанзны утас чичирхийлэх эгшин
Жүнзний болорыг жинхийлгэнэ

Wednesday, February 6, 2008

Унтардаггүй гэрэл-Туяа

Зөв хүний сэтгэл шиг зөөлөн орчлонг танихад зөөлөн сэтгэл хэрэгтэй, хатуу орчлонг танихад хатуу сэтгэл хэрэгтэй гэж эрхэм ах Ондиогийн шүлгийн мөрүүд энэхэн мөчид санаанд харван орж ирвэй. Нэг ийм зөөлөн бүсгүйн тухай хөрөг тэрлэлээ.

Өмнөтгөл

Юмны учрал гэдэг хачин. Дөнгөж уржигдархан би До.Чулуунбаатарын бичсэн “Домог мэт амьдрал” хэмээх жинхэнэ нүсэр номыг уншиж дуусгачихаад зүрхний хэмнэлээ алдагдтал догдлон үгээр илэрхийлшгүй тэр хачин мэдрэмжнийхээ хүлээсийг бодлоороо задлан дуу хоолойгоо дотогш нь алдчихаад сүүрс алдахаас өөрөөр дуугарч чадахгүй хэсэгхэн суусан билээ. Жингийн цуваа шиг үргэлжилж байсан жирийн өдрүүдийг минь цочоосон энэ номын гол баатар дөрвөн хүний нэг нь академич Хайдав гуай. Үнэнийг хэлэхэд тэр номыг дэлгэхэд нүдэнд туссан Өндөрхаан гэх эхлэл үг л мөнөөх нүсэр номыг үг сүггүй уншиж дуусгахад хөтөлчихсөн хэрэг. Академич Хайдав гэдэг хүн ардын уламжлалт эмнэлгийг өнөө бидний үед авчрах гэж хэрхэн шар махтайгаа хатаж эргээд тэрхүү зам мөр нь арилж баларшгүй түүхийг хувь хүнд төдийгүй улс эх оронд бүтээснийг уншаад хүний амьдрал богинохон ч урт амьдарч болдгийг элгээрээ мэдэрсэн сэн. Энэ их давалгаат мэдрэмжээсээ бүрэн гүйцэд сэрж чадахгүй яг л оёг өвчтэй хүн шиг сэтгэл дотроо амьдарч хоёр хонов. Гэтэл юмны учрал гэдэг үнэхээр хачин. Өнөөдөр ажлын шаардлагаар Туяа гэх бас л өнөө цагт ховорхон тохиолдох төлөв намуухан нэгэн бүсгүйтэй урт, ухаалаг яриа өрнүүлж таартал мань хүн харин дээр өгүүлсэн Хайдав академичийн гарын алтан шавь нарынх нь нэг байдаг байгаа. Тэр ч битгий хэл нөгөөх номонд маань өгүүлэгдсэн Туяа маань байж таарав. Үүнийг сонсохуй аль хэдийнээс л сэтгэлд дулаан оргиод нэг л таатайхнаар үг яриа, бодол санаа яв цав нийлээд байсны учиг тайлагдах шиг болов. Ертөнц дээр тохиолдлын зүйл гэж байдаггүй гэж хаа нэгтээ сонсож байсан минь ч бодогдов. Анх харахад л эглээс эгэл нэгэн санагдаж байсан Туяа доктор ярих тусмаа л улам бүр дотно санагдах болж нэг л хачин халуу дүүгсэн мэдрэмж дотроос цоноод байх нь гайхмаар. Үнэхээр дотоод сэтгэлийн гоо сайхан гэдэг зүйл байдаг юм байна, байх байхдаа энэ бүсгүйн хувьд тэр нь түүний сүнс, амьдрал нь бүхэлдээ тэр гоо сайхны тусгал юм байна гэдгийг удалгүй би ойлгосон юм.
Туяа гэж хэн бэ?

Сэтгүүлч Х.Оюунжаргал л лав түүнийг Локомотив гэж нэрлэжээ. Энэ нь галт тэрэгний тэргүүнд, бусдыгаа чирч зүтгэж явдаг толгой вагонтой зүйрлэж хэлж байгаа юм. 11 хүүхэдтэй өнөр бүлийн ууган охины хувьд ч, арван жилийн сургуульд урдаа улаан хөлтөн гаргаагүй завсаргүй онц сурлагатны магнайд явсны хувьд ч, өдгөө нийслэлийн багагүй нэгэн байгууллагын “том толгой”-н хувьд ч Локомотив гэдэг нь яах аргагүй оносон тодорхойлолт л доо. Харин үе үеийн багш нар нь түүнийг ясны багш байх хүн гэдэг. Сургуульд байхаасаа л сургалтад явсан багшаа орлож ангийн журнал дээр дүн өрсний хувьд ч, сурснаа сугаараа байтугай амаараа гаргадаггүйн хувьд ч бас л хатуу чанга багш байж мэдэх хүн. Юутай ч Туяа гэдэг хүн завгүй хүн. Бусдын замыг гэрэлтүүлэхээр асаасан лаа шиг... Гэрэлтэхийн, гэрэлтгүүлэхийн тулд амьдарч байгаа ч юм шиг. Бурхан түүнд ийм л хувь тавилан оноожээ. Мэргэжлийн өвчин судлалын Үндэсний төв хэмээх ногоон байшингийн хоёр давхарт байх “Захирал” гэсэн хаягтай албан тасалгаанд тэр лаа өдөр шөнө, өглөө үдэшгүй асаж л байдаг. Мөн гэртээ “өөрийн” гурвынхаа сэтгэл дотор дөрвөн цагийн эргэлтэд асаж л байдаг, хаа байсан Польш оронд сурахын төлөө асаж л явсан, тус оронд улс төрийн хөдөлгөөн өрнөж туг дарцагтайгаа жагсах үед хэлмэгдсэн мань хүн өөрийн орны оюутнуудын хамт нутгийн зүг хүлгийн жолоо залсан ч тэмцлийн салхинд дөл нь хумигдсангүй асаалттайгаа л эх нутагтаа орж ирсэн... Асаалттайгаа ажилласаар сурсаар урд хөршийг зорьсон. Хөнөөлт өвчин зовлонгоо чирсэн, түүндээ чирэгдсэн хүмүүс Хөх хотод Туяаг л сураглаж очдог, Туяа доктор, Туяа эмч гэх ганцхан хаягтай зорьж ирсэн тэдний зовлонг нимгэлж зоосыг нь хямгадаад л буцаадаг, асаж л явдаг, сэтгэлийн дулаанаараа амьдарч яваа хүн. Тэрээр 1960 онд Хэнтий аймгийн Өндөрхаан хотод төрсөн. Цаг уурын Бадарчийнх гэвэл Хэнтийнхэн андахгүй. Буцалсан бургилсан өнөр өтгөн сайхан айл, сэтгэлийн нүнжиг ханхлуулсан өвгөн хөгшин хоёр байх. 10 дүүгээ арчилж тордож аав ээжийнхээ эзгүйд орлож өсгөсөн хэрсүү ухааных нь нөмөрт хоёр охин, хорвоод олдсон ганц хань нь өмөг дулаан амьдарч жаргаж яваа. Өндөрхааны 10 жилийн дунд сургуулийг 1978 онд онц дүнтэйгээр төгссөн түүнийг дуртай хуваариа ав аа гэхэд нь “Чи олон дүүтэй хүн, насныхаа залууд гадаадад сур аа” гэсэн багшийнхаа үгээр Польш улсад химичийн мэргэжил эзэмшихээр явжээ. Харамсалтай нь тухайн үед тус улсад өрнөсөн улс төрийн хөдөлгөөний балгаар Польшоос манай улс төгсөх ангийнхнаас бусад бүх оюутнаа татахад манай хүн ч бас дайрлагад өртөөд эх орондоо эргээд ирж МУИС-д шилжин суралцаж БУФ-ийг 1985 онд химич, химийн багш мэргэжлээр улаан дипломтой, БНХАУ-д АУДС-ийн Хятад монгол ардын эмнэлгийн факультетийг 1996 онд эмчээр, Удирдлагын академийг 2004 онд төрийн удирдлагын менежерээр тус тус төгссөн. БНХАУ-д “Уламжлалт анагаах ухаан дахь шээсний судалгаа” сэдвээр 2000 онд анагаах ухааны докторын зэрэг /Ph.D/, ОХУ-д “Монгол орны зарим зүйлийн цахилдагны биологийн идэвхит шинэ нэгдлүүд” сэдвээр химийн шинжлэх ухааны докторын зэрэг /Sc.D/ хамгаалсан бөгөөд Бельги улсын Олон улсын мэдээлэл зүйн академийн гранд доктор, порфессор цол, ОХУ-ын ШУА-ийн биоорганик химийн доцент цол 2004 онд хүртэж, одоо дахиад л Удирдлагын академид Нийгмийн эрүүл мэндийн удирдлагын чиглэлээр докторантурт суралцаж байгаа хүн. Ёстой л сурахын төлөө төрсөн юм шиг хачин хүн. Доктор Туяа Уламжлалт анагаахын шинжлэх ухаан, технологи үйлдвэрлэлийн корпорацид /хуучнаар Ардын эмнэлгийн хүрээлэн/ эрдэм шинжилгээний дадлагажигч ажилтан, эрдэм шинжилгээний дэд ажилтан, эрдэм шинжилгээний ахлах ажилтан, тус корпорациас БНХАУ-д суугаа төлөөлөгч зэрэг ажлыг 1985 оноос 2006 оны 10 сар хүртэл хийж байгаад Мэргэжлийн өвчин судлалын Үндэсний төвийн захирлаар 2006 оны 10 сараас ажиллаж байгаа юм. За албан ёсны ажил мэргэжил гэвэл ийм, харин албан бусыг нь дурдвал эрхэм уншигчид минь эвшээчихэж магадгүй тул /уртын урт жагсаалт гарна/ Уламжлалт анагаахын шинжлэх ухаан, технологи үйлдвэрлэлийн корпорацийн эрдмийн зөвлөлийн гишүүн, Эрүүл мэндийн удирдлагын академийн гишүүн, Улсын нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын зөвлөлийн гишүүн, Эрүүл мэндийг дэмжих “Туяа” холбооны тэргүүн, Загасны аж ахуй эрхлэгчдийн холбооны тэргүүн гэх мэтхэнээр хязгаарлая.

Туяа хаана хаана “асаж” явсан бэ?

Туяа гэдэг эрхэм энэ хүний асаасан гэрлүүдийн талаар өмнө хальт дурдсаныг минь санаж байгаа эрхэм уншигчиддаа одоо бас сонин содон түүх намтар дэлгэюү гэж бодлоо. Мөнөөх асаалттай лаа улс төр хэмээх том тогооны доторх “бүтээгдэхүүн” атлаа гадна нь мөнөөх тогоог халааж явжээ. Түүний үүх түүхээс сонирхжээ суухад тэр улс төрийн дотор нь мөртөө гадаа нь, гадаа нь мөртөө дотор нь буцалж явсан байх юм. Бас л хүнийх нь онцлог, мөнөөх л этгээд өөрийн бодлынх нь илрэл байх даа. Энэ дашрамд хэлэхэд Туяа гэдэг бол айхтар өөрийн бодолтой, түүндээ ч хатуу чанд ханддаг бүсгүй. Аав ээжийнхээ нам /МАХН/-д албан ёсоор гишүүн болж орсон нь 1990 оны цагаан морин жилийн явдал аа. Ардчилсан хувьсгалын нүргээн орон даяар өрнөж байхад мань хүн мөнөөх л “этгээд” зангаараа үг дуугүйхэн МАХН руугаа яваад оччихсон байгаа юм. Түүний улс төрийн амьдрал эндээс эхэлсэн санагддаг. Тэрээр өдгөө МАХН-ын Бага хурлын гишүүн, МАСЭХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн, 2006 оны 6-р сараас Хэнтий аймгийн Хэрлэн сумын МАХН-ын хорооны даргаар сонгогдон ажиллаж байна. Бас болоогүй ээ манай хүн 2000 оны сонгуульд Хэнтийд У.Хүрэлсүхтэй, 2004 онд Д.Арвинтай өрсөлдөн асаж явсан. Зургаахан хүний саналаар ялагдсан ч “зургаахан” гэж уймраад явахгүй хүн л дээ. Цагийн юм цагтаа сайхан л гэж ярина. Алдсандаа харамсаад оносондоо омогшоод явдаггүй хачин “гүжирмэг” зантай. Саяхан тэрээр “Өнөөдрийн монгол” сонины “Улс төрч эмэгтэй ярьж байна” буланд ярилцлага өгсөн харагдана лээ. Шинэчлэл гэдэг шинэ гутал өмсөөд тайлахтай адилгүй гэсэн гарчигтай. Энэ л үзэл бодол түүнээр намын шинэчлэл яриулж, “Жигүүр”-лүүлж, эцэст нь эвлэрэл, эв нэгдлийн нэгэн сэтгэлээр асуудлыг тайлуулахад тусалсан. Туяа гэдэг хүн улс төр дотор, тэр тусмаа улс төрийн Нам дотроо ийнхүү асчээ. Өөр хаана хаана асч явсныг нь ахиулаад жаахан сонирхоё л доо. Бага ангийнх нь буурал багш А.Таравжавын зөгнөснөөр нээрээ их хол “асчээ”. Оюуны бүтээлийнх нь түрүү болох мэргэжлийн чиглэлийн арав гаруй өгүүлэл нь Англи, Орос, Хятад, Монгол, Пакистан, Япон, Америк, Солонгос зэрэг улсын шинжлэх ухааны сэтгүүлүүдэд хэвлэгдэж олны хүртээл, оюуны тэжээл, анагаах эмчлэх арга туршлага болсон байх жишээтэй. Анагаах ухааны доктор, Химийн шинжлэх ухааны доктор, Бельги улсад гранд доктор, профессор цол хүртсэн нь мөнөөх даруухан цоролзож байгаа лааны илч гэрлийг заасан термометр үзүүлэлт юм болов уу гэж бодлоо. “…Монголын уламжлалт анагаах ухааны шинжлэх ухааны үндэслэлийг тогтоож, орчин үеийн анагаах ухаантай зэрэгцүүлэн хөгжүүлэх асуудлыг бодитойгоор судлах нь зөвхөн манай орноор хязгаарлахгүй ОХУ, БНХАУ зэрэг хөрш зэргэлдээ орны олон монгол үндэстэнүүдэд хамаарах бөгөөд энэхүү ажлыг амжилттай хийж гүйцэтгэж хэрэгжүүлэх, эрдэм шинжилгээний ажлыг удирдан зохион байгуулахад Б.Туяа нь оюуны чадавхи, улс төр, хэлний боловсрол, аливаад үнэнч шударга ажил хэрэгч чанар, зохион байгуулах чадвартай болохыг тодорхойлов” гэсэн ШУА-ийн ерөнхийлөгч Б.Чадраа академичийн тодорхойлолт ч мөнөөх “асаалттай” хүний гэрлийн өнгөний нэгэн хэсэг буюу. Нэгэнтээ дээр хэлсэнчлэн юмны учрал гэдэг сонин шүү. Хошин урлагийн Туяа, зохиолч Туяа хоёр ам нийлэн магтаж гардаг юм даа харин, манай хүнийг. Гурван амьдаа яаж байгаад уулзчихсан нь бас сонин түүх. “Хөх хотын Туяа” гэгдэж, бүр энэ нэрээрээ сонин сэтгүүлийн хуудас чимж явсан ерээд онд амьдаануудыг нөгөө хэлж ирдэггүй хийсч ирдэг аюулт өвчин учруулж аюулыг хамтдаа туулсан байх юм. Ер нь Туяа л амийг минь аварсан гээд хоолой цахиртуулах хүмүүс олон юм билээ. Дашрамд бас нэг явдал санаанд харваад ирлээ. Хэнтийн 10 жилд насаараа ажилласан ахмад багш, манай аавын ангийнх нь багш Г.Дашцэрэн гуай ярьсан юм. Тэгэхэд би Туяа гэдэг бүсгүйг таньдаг ч үгүй, нэрийг нь л дуулж сонсоод явж байсан үе. “…Хоосорч харанхуйлсан орон зайг хайраар нөхөн цэлмээж, өнчирсөн сэтгэлийг минь ухаанаараа ундаалж жаргаасан хүн бол яах аргагүй Бадарчийн Туяа юм” гэж ахмад багш Г.Дашцэрэн хэлж билээ. Хайрт ханиа, хоёрын хоёр хөөрхөн охиноо онгоцны ослоор үүрд алдчихаад, үхэл хагацлын үүл мананд умбаж, өнчрөл гансралын үнэгэн харанхуйд шургачиж, амьдрал утгагүйд санагдан, ээдүү баадуухан явах үед нь Дашцэрэн багшид бяцхан сурагч Туяагаас нэгэн захидал иржээ. Тухайн үед хэн ч санаж чадаагүй өрөвч хэрсүү ухаан гаргаж бичсэн “Би таны охин болъё. Сайн хүн болж таныг жаргааж явж чадна” гэсэн үгтэй захиа Дашцэрэн гуайг хөл дээр нь дахин босгосон гэдэг. Миний ухааны чагтыг чангалж өгсөн хүн гэж одоо багш нь нулимстай дурсаж суудаг юм. Туяад өөрт нь ч ийм харанхуй өдөр тохиолдож байсаан. 10 гаруйхан настай бага охиныг нь Хятадад согтуу жолооч амийг нь бүрэлгэчихэд халуун бүлийн таван салгуу амины аргамж хайр тасарч үлдсэн дөрөв нь үгээр хэлшгүй гансарч энэлсэн үе бий. Хөөрхий балчир охиных нь “Ээж ээ, би бүх Хятадын хятад хэлний олимпиадад 2-р байрт шалгарлаа”, “Англи хэлний улсын олимпиадад түрүүлчихлээ” гээд л түмэн уулсын цаанаас утсаар цуурай хадаан ярих дуу одоо ч чихэнд нь дуулдаж хавар намрын будангуйрсан өдрүүдэд өрцөн цаанаа нулимс зангируулж алхдаг гэсээн. Гэхдээ л ухааны чагтаа сулруулахгүй гэж урам итгэлээр өөрийгөө сэлбэж явдаг хүн. “Аз жаргал гэдэг бол таны амьдралыг үзэх үзэл юм” гэдэг танил үг амнаас нь бас нэгэнтээ унаад авна билээ.

Өвчнийг бус шалтгааныг нь эмчлэх...

Яагаад заавал ардын эмнэлэг рүү зүтгэсэн хүн бэ та гэж асуучихаад ёстой гайхалтай хариу сонсдог байгаа. Ардын эмнэлэг бол өвчний шалтгааныг эмчлэхэд анхаардаг... Үнэхээр Туяад яг зохисон салбар юм байна гэдгийг мэдэрч суулаа. Туяа гэдэг эрэлчин энэ амьдралын турш эрж, эрснээ олохоороо их баярлаж, амьдрал нь чөлөө зайгүй хайгуулд чиглэгдсэн. Энэ ч утгаараа завтай байж үзээгүй хүн. Хүний хамгийн сонгодог шагнал бол эрснээ олох явдал гэж тэр ярьдаг. Эрж үзээгүй хүн олж ч бас үзээгүй байдаг, тэр хэрээрээ амьдралын жинхэнэ амтыг дутуу мэдэрдэг гэж хоёр охиноо сургадаг гэнэ лээ. Охид нь ээжийнхээ мэргэжлийг өвлөж байгаа. Азтай охид. Дэргэдээ ийм мундаг багштай, бас өөрсдөө эрэхгүй их олзтой, одоо Туяа гэдэг хүний олоогүйг олох эрэлдээ тэд гарна. Том охин Т.Ариунтуяа БНХАУ-д АУДС дүүргэж эх орондоо ирэнгүүтээ Удирдлагын академид Бизнесийн удирдлагын мэргэжлээр төгссөн гэж байгаа. Харин дүү Т.Ариунсолонго нь ээжийнхээ гаргасан зам мөрөөр эргэлт буцалтгүй тэмүүлчихсэн. Өөрөөр хэлбэл МУИС-ийг Химич, химийн багш мэргэжлээр төгсөөд дараа нь эмчийн сургууль /ЭМШУИС/-д орчихсон. Бас л өөрийнхөө шийдвэрээр. Нээрээ шийдвэр гэснээс эдний эмэгтэйчүүд шийдвэр гаргахдаа лут юм билээ. Өөрсдөө л шийдчихдэг, шийдвэртээ үнэнч гэсэн. Магадгүй, бага насанд нь домог шиг сонсогддог байсан ээжийнх нь намтар замнал тэдэнд ч бас нөлөөгөө үзүүлчихсэн хэрэг байх. Ээжийг нь амьд бурхан шиг шүтдэг хүмүүс орон гэрээр нь орж гарч, аврагдлаа баярлалаа гэх үгсийг гамгүй унагаж байснаас тэд ээжийнхээ мэргэжлийг өвлөхөөр зорьсон ч юм билүү. Юутай ч “Эмчийнхэн” гэдэг овог зохиолгосон ч болох /бяцхан наргиа шүү/ ховорхон гэр бүл юм. ....За тэгж байтал энд заавал дурдахгүй бол болохгүй нэгэн асуудал яах аргагүй үйлээ дагаад босоод ирдэг юм байна. Намайг энэхүү бяцхан бодрол /хөрөг/-оо тэрлэж дуусах тэр мөчид бас л зөн совингийн салхиар нэгэн хүн миний бодол санааг зад дайраад ороод ирэх нь тэр. Энэ бол энэхүү хөргийн эхэнд ерөөл тавилангаар дурдагдаад өнгөрсөн мөнөөх агуу их Хайдав академич маань байлаа. “За хүүхээ, Туяагийн тухай юм бичиж байна гэж дууллаа, ганц нэг үгэн өргөл өргөхгүй бол горьгүй хүн байгаа юм багш нь” гэв ээ. Тэр их хүний амнаас “багш нь” гэх энгүүхэн атлаа их хүндэтгэлтэй үг дуулчихсандаа урамшсан би бээр өөрийн эрхгүй шүлэнгэтэв ээ. Хайдав гуай ярьж байна аа. “За тэгэхэээр ийм шүү миний хүү. Манай Туяа чинь байнаа, их чухал хүн байгаа юм миний хувьд. Тэр улс төр мөр яах вэ, тэрнээс чинь чухал юм хэлэх гээд байна шүү өвөө нь. Энэ хүн чинь шинжлэх ухаан гээч айхтар зүйлд шунаад дурлаад ороод ирсэн хүүхэд. Энэ чинь өөрөө их бэрх зүйл. Санаан зоргоор, хэн дуртай хүний хийдэг ч ажил биш. Шинжлэх ухаан гэдэг чинь өөрөө хүнээс их юм шаарддаг, хамаг шим шүүсийг нь шахчихдаг тийм хачин эд. Би Туяаг өөрөө анх “олж авсан” хүн байгаа юм. Энэ далимд хэлэхэд өвгөн ах нь их нүдтэй хүн шүү. МУИС-ийн Химийн ангид ямар хүүхэд онц сурч байна гээд л нөгөө, чи миний номыг уншсан бол сайн мэдэж байгаа, айхтар эрлийнхээ замд энэ хүүхдийг олоод авсан юм. Тэр үед чинь Ардын эмнэлгийн хүрээлэн гэж байлаа шүү дээ. Тэрэндээ л татаад авсан юм. Яах арга байхгүй хэцүү нягт нямбай хүүхэд байлаа. Олон л хүүхэд байсан санагддаг юм. Тасралтгүй, өнөөг хүртэл шинжлэх ухаан, энэ муу өвгөн багш хоёртоо үнэнч яваа нь наад хүн чинь. Энэ чинь дардан зам биш ээ. Шинжлэх ухаан гэдэг чинь өөрөө их айхтар зүйл. Замдаа манай хүн хойд, урд хоёр хөршийнхөө хэлийг, эмийнхээ хэл /түвд/-тэй эзэмшихээд одоо надаар заалгахаа байгаад заадаг болчихоод байгаа юм. Гоё шүү миний хүү ээ, надад одоо наад хүн чинь хамаг л шинэ содон мэдээллийг авчирч өгч байна шүү дээ. Нас яваад нүд юм харахаа больж байна. Тэгсэн мөрт л манай салбар /уламжлалт анагаах ухаан/-ын сонин сайхан, дэлхий ертөнцөөр ярьж хөөрч байгаа юмыг бас олоод дуулчих санаатай байдаг хүн багш нь. Наад хүн чинь сүүлийн үед энэ ажлыг маань гардан гүйцэтгэдэг болоод байгаа шүү дээ. Тэнд ингэж байна гэнэ багшаа, энд ингэж байна гээд утсаар ярих юм, уулзаад хэлэх юм. Миний шавь Туяа чинь хол ч явах хүн, хол ч явчихаад байна...” Өвгөн багш ийнхүү нэгэн амьсгаагаар урсгаж гардаг юм байна. Уг нь бүгдийг бичмээр, сонсоод л баймаар сайхан өег дулаан яриа хөөрөө байлаа. Үнэхээр хүндэтгэл төрлөө шүү эцэст нь. Энэ бүсгүйн буянаар нөгөө гайхал номын баатартайгаа би гэдэг хүн ийм сайхан ярьж хөөрч суух гэж. Юмны учрал гэдэг хачин гэдэг үгээ дахиад л хэлэхээс аргагүй боллоо. Туяагийн бичиг цаасан дотроос Хэнтий аймгийн төв хэвлэл “Урагшаа” сонины нэлээд дээр үеийн бололтой /Он сар нь байхгүй юм/ шарласан хуудас олж үзсэн маань бас л Хайдав академичийн шавиа магтсан, ирэх цагийн сэхээтнүүдэд учирлаж аргадсан, бараг л дэгсдүүлээд хэлэхэд “Туяа шиг бай л даа” гэх ухааны юм юмтай сонин сайхан ярилцлага байх юм. Таны ард таныг үргэлжлүүлчих хэн байна гэх асуултыг сурвалжлагч тавьжээ. Харин мань Хайдав гуай маань Өндөрхаан уулын оройг холч ширтэн хэсэг таг бодлогоширсноо “Одоо Туяа л юм даа” гэсэн байх юм. Сурвалжлагч тэр хоёр эрхэм академичийн уугуул нутгийн нар салхинд зугаацан явах зуураа их юм ярьжээ. Сайхан хүний сэтгэлийн нүнжиг он жилийн салхинд үл замхран бодлынхоо алс руу хараачилж байдгийг энэхүү ярилцлага бас харуулжээ. Туяа гэдэг хүн энэ их нүнжгийг даагаад явах сэтгэлийн бядтай, ахиулаад харах холч хараатай нэгэн гэх итгэл сэтгэлд улам зузаараад ирэв. Юутай ч сайн сайхны зүг харсан харцанд саар цагийн будан тогтдоггүй бололтой. Энэ бяцхан хөрөг талалбараа яруу найрагч Ц.Хулангийн “Сайн хүнийг муу явахад би дургүй” гэдэг сэтгэлийн нандин үгээр өндөрлөе. Ирэх өдрүүдийн гэгээнд итгэнэм.

Зандаа дахиад л онгод нь оров оо

Төгс төгөлдөр хагацна шүү, тийм эрэмдэг хагацахгүй
Төгсгөл гэдэг хундага тулгамаар, хундагаа тэгээд хага шидмээр юм
Инээж уулзсан эхний өдрийнхөө төлөө
Ийм сайхан хагацах хэрэгтэй

Төгс төгөлдөр хагацагсдын он цаг баяртай
Төсөөлшгүй хундага дарсанд согтогсдыг уучлаарай...

Зандаа шүлэг бичив ээ гэж

Зургаа зураад удаан суулаа
Зууралдсан будаг дотоод сэтгэл адилхан
Энгийг хэнд бэлэглэх билээ
Этгээд зүйлд тэр минь дургүй

Sunday, February 3, 2008

ГЭМТ ХЭРГИЙГ ТАСЛАН ЗОГСООХОД ЛАМ НАР ТУСАЛНА

Бурхны номын хүчээр хүмүүсийн сөрөг мэдрэмжийг сарниулж эерэг хандлага төрүүлснээр гэмт хэрэг, зөрчлийг багасгах, таслан зогсоох боломжтой хэмээн Монголын буддын шашны Монгол уншлагат төвийн лам нар үзэж байна. Гэнэтийн гай тотгор, байгууллага иргэдийн дунд гардаг гэмт хэрэг, зөрчлийг бууруулахад эрдэм шинжилгээ судалгааны холбогдох байгууллагуудтай хамтран ажиллахад бэлэн байгаагаа тэд илэрхийлээд, энэ нь ямар нэг ашгийн төлөө бус зөвхөн хүний сайн сайхан амьдралын төлөө, тэдний тусын тулд л хийх зүйл гэдгийг тодотголоо. Монгол уншлагат төв нь зөв амьдрах арга ухааны цогцыг буддын шашны зан үйлээс эрэлхийлж, бусдыг эрүүл, зөв амьдрахад нь туслах үндсэн зорилготой бөгөөд энэ чиглэлээр бурханы номыг эх хэлнээ хөрвүүлэх, Монголд төрсөн хутагт хувилгаадын алдрыг мөнхжүүлж дараагийн үед өвлүүлэн үлдээх, улс үндэстэнийхээ оюуны гайхамшиг, нөөц чадварыг илрүүлэн нээх, танин мэдүүлэх олон талт үйл ажиллагаа явуулдаг аж. Дүнчүүр маанийн хуурцаг нь анх удаа Монголд буддын шашны номыг эх хэлээрээ аялгуулан дуулж бичүүлснээрээ онцлог бөгөөд маанийг Дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид аялгуулан уншжээ. Жанрайсэг бурхны зүрхэн тарни буюу бидний нэрлэдгээр маанийн зургаан үсэг "Ум ма ни бад мэ хум" гэдгийг хэлэхэд хүний амьсгал бие эрхтэнд хамгийн зөв хуваарилагдаж эрүүл саруул байхад нөлөөлдөг гэдгийг шинжлэх ухаан баталсан хэмээн тэд ярьж байлаа. Түүнчлэн Монгол нутагт төрсөн хутагтуудын алдрыг мөнхжүүлэх зорилгоор тэдгээр хүмүүсийн нутаг усныхан, ах дүүсийг нь уриалж "Шүтээн" гэрэлт хөшөөг босгох, Монголчуудын дунд Очирваань уул хэмээн тахигдсан Завхан аймгийн нутаг дахь Отгонтэнгэр уулын бэлд тахилгын сүм барих ажлуудыг сүсэгтэн олны тусламжаар хийхээр төлөвлөөд байна. Отгонтэнгэр уулын сахиус Очирваань бурхныг буддын мянган бурхадаас Монголын заяаг даасан ганц бурхан хэмээн Монголчууд эртнээс биширч шүтэж иржээ. Мөн уг бурхны амьдчилсан хөрөг дүрүүд хөх өнгөтэй байдаг нь хүч чадал нь ихэдсэнээс болсон хэмээн тайлбарладаг байна.