Зөв хүний сэтгэл шиг зөөлөн орчлонг танихад зөөлөн сэтгэл хэрэгтэй, хатуу орчлонг танихад хатуу сэтгэл хэрэгтэй гэж эрхэм ах Ондиогийн шүлгийн мөрүүд энэхэн мөчид санаанд харван орж ирвэй. Нэг ийм зөөлөн бүсгүйн тухай хөрөг тэрлэлээ.
Өмнөтгөл
Юмны учрал гэдэг хачин. Дөнгөж уржигдархан би До.Чулуунбаатарын бичсэн “Домог мэт амьдрал” хэмээх жинхэнэ нүсэр номыг уншиж дуусгачихаад зүрхний хэмнэлээ алдагдтал догдлон үгээр илэрхийлшгүй тэр хачин мэдрэмжнийхээ хүлээсийг бодлоороо задлан дуу хоолойгоо дотогш нь алдчихаад сүүрс алдахаас өөрөөр дуугарч чадахгүй хэсэгхэн суусан билээ. Жингийн цуваа шиг үргэлжилж байсан жирийн өдрүүдийг минь цочоосон энэ номын гол баатар дөрвөн хүний нэг нь академич Хайдав гуай. Үнэнийг хэлэхэд тэр номыг дэлгэхэд нүдэнд туссан Өндөрхаан гэх эхлэл үг л мөнөөх нүсэр номыг үг сүггүй уншиж дуусгахад хөтөлчихсөн хэрэг. Академич Хайдав гэдэг хүн ардын уламжлалт эмнэлгийг өнөө бидний үед авчрах гэж хэрхэн шар махтайгаа хатаж эргээд тэрхүү зам мөр нь арилж баларшгүй түүхийг хувь хүнд төдийгүй улс эх оронд бүтээснийг уншаад хүний амьдрал богинохон ч урт амьдарч болдгийг элгээрээ мэдэрсэн сэн. Энэ их давалгаат мэдрэмжээсээ бүрэн гүйцэд сэрж чадахгүй яг л оёг өвчтэй хүн шиг сэтгэл дотроо амьдарч хоёр хонов. Гэтэл юмны учрал гэдэг үнэхээр хачин. Өнөөдөр ажлын шаардлагаар Туяа гэх бас л өнөө цагт ховорхон тохиолдох төлөв намуухан нэгэн бүсгүйтэй урт, ухаалаг яриа өрнүүлж таартал мань хүн харин дээр өгүүлсэн Хайдав академичийн гарын алтан шавь нарынх нь нэг байдаг байгаа. Тэр ч битгий хэл нөгөөх номонд маань өгүүлэгдсэн Туяа маань байж таарав. Үүнийг сонсохуй аль хэдийнээс л сэтгэлд дулаан оргиод нэг л таатайхнаар үг яриа, бодол санаа яв цав нийлээд байсны учиг тайлагдах шиг болов. Ертөнц дээр тохиолдлын зүйл гэж байдаггүй гэж хаа нэгтээ сонсож байсан минь ч бодогдов. Анх харахад л эглээс эгэл нэгэн санагдаж байсан Туяа доктор ярих тусмаа л улам бүр дотно санагдах болж нэг л хачин халуу дүүгсэн мэдрэмж дотроос цоноод байх нь гайхмаар. Үнэхээр дотоод сэтгэлийн гоо сайхан гэдэг зүйл байдаг юм байна, байх байхдаа энэ бүсгүйн хувьд тэр нь түүний сүнс, амьдрал нь бүхэлдээ тэр гоо сайхны тусгал юм байна гэдгийг удалгүй би ойлгосон юм.
Туяа гэж хэн бэ?
Сэтгүүлч Х.Оюунжаргал л лав түүнийг Локомотив гэж нэрлэжээ. Энэ нь галт тэрэгний тэргүүнд, бусдыгаа чирч зүтгэж явдаг толгой вагонтой зүйрлэж хэлж байгаа юм. 11 хүүхэдтэй өнөр бүлийн ууган охины хувьд ч, арван жилийн сургуульд урдаа улаан хөлтөн гаргаагүй завсаргүй онц сурлагатны магнайд явсны хувьд ч, өдгөө нийслэлийн багагүй нэгэн байгууллагын “том толгой”-н хувьд ч Локомотив гэдэг нь яах аргагүй оносон тодорхойлолт л доо. Харин үе үеийн багш нар нь түүнийг ясны багш байх хүн гэдэг. Сургуульд байхаасаа л сургалтад явсан багшаа орлож ангийн журнал дээр дүн өрсний хувьд ч, сурснаа сугаараа байтугай амаараа гаргадаггүйн хувьд ч бас л хатуу чанга багш байж мэдэх хүн. Юутай ч Туяа гэдэг хүн завгүй хүн. Бусдын замыг гэрэлтүүлэхээр асаасан лаа шиг... Гэрэлтэхийн, гэрэлтгүүлэхийн тулд амьдарч байгаа ч юм шиг. Бурхан түүнд ийм л хувь тавилан оноожээ. Мэргэжлийн өвчин судлалын Үндэсний төв хэмээх ногоон байшингийн хоёр давхарт байх “Захирал” гэсэн хаягтай албан тасалгаанд тэр лаа өдөр шөнө, өглөө үдэшгүй асаж л байдаг. Мөн гэртээ “өөрийн” гурвынхаа сэтгэл дотор дөрвөн цагийн эргэлтэд асаж л байдаг, хаа байсан Польш оронд сурахын төлөө асаж л явсан, тус оронд улс төрийн хөдөлгөөн өрнөж туг дарцагтайгаа жагсах үед хэлмэгдсэн мань хүн өөрийн орны оюутнуудын хамт нутгийн зүг хүлгийн жолоо залсан ч тэмцлийн салхинд дөл нь хумигдсангүй асаалттайгаа л эх нутагтаа орж ирсэн... Асаалттайгаа ажилласаар сурсаар урд хөршийг зорьсон. Хөнөөлт өвчин зовлонгоо чирсэн, түүндээ чирэгдсэн хүмүүс Хөх хотод Туяаг л сураглаж очдог, Туяа доктор, Туяа эмч гэх ганцхан хаягтай зорьж ирсэн тэдний зовлонг нимгэлж зоосыг нь хямгадаад л буцаадаг, асаж л явдаг, сэтгэлийн дулаанаараа амьдарч яваа хүн. Тэрээр 1960 онд Хэнтий аймгийн Өндөрхаан хотод төрсөн. Цаг уурын Бадарчийнх гэвэл Хэнтийнхэн андахгүй. Буцалсан бургилсан өнөр өтгөн сайхан айл, сэтгэлийн нүнжиг ханхлуулсан өвгөн хөгшин хоёр байх. 10 дүүгээ арчилж тордож аав ээжийнхээ эзгүйд орлож өсгөсөн хэрсүү ухааных нь нөмөрт хоёр охин, хорвоод олдсон ганц хань нь өмөг дулаан амьдарч жаргаж яваа. Өндөрхааны 10 жилийн дунд сургуулийг 1978 онд онц дүнтэйгээр төгссөн түүнийг дуртай хуваариа ав аа гэхэд нь “Чи олон дүүтэй хүн, насныхаа залууд гадаадад сур аа” гэсэн багшийнхаа үгээр Польш улсад химичийн мэргэжил эзэмшихээр явжээ. Харамсалтай нь тухайн үед тус улсад өрнөсөн улс төрийн хөдөлгөөний балгаар Польшоос манай улс төгсөх ангийнхнаас бусад бүх оюутнаа татахад манай хүн ч бас дайрлагад өртөөд эх орондоо эргээд ирж МУИС-д шилжин суралцаж БУФ-ийг 1985 онд химич, химийн багш мэргэжлээр улаан дипломтой, БНХАУ-д АУДС-ийн Хятад монгол ардын эмнэлгийн факультетийг 1996 онд эмчээр, Удирдлагын академийг 2004 онд төрийн удирдлагын менежерээр тус тус төгссөн. БНХАУ-д “Уламжлалт анагаах ухаан дахь шээсний судалгаа” сэдвээр 2000 онд анагаах ухааны докторын зэрэг /Ph.D/, ОХУ-д “Монгол орны зарим зүйлийн цахилдагны биологийн идэвхит шинэ нэгдлүүд” сэдвээр химийн шинжлэх ухааны докторын зэрэг /Sc.D/ хамгаалсан бөгөөд Бельги улсын Олон улсын мэдээлэл зүйн академийн гранд доктор, порфессор цол, ОХУ-ын ШУА-ийн биоорганик химийн доцент цол 2004 онд хүртэж, одоо дахиад л Удирдлагын академид Нийгмийн эрүүл мэндийн удирдлагын чиглэлээр докторантурт суралцаж байгаа хүн. Ёстой л сурахын төлөө төрсөн юм шиг хачин хүн. Доктор Туяа Уламжлалт анагаахын шинжлэх ухаан, технологи үйлдвэрлэлийн корпорацид /хуучнаар Ардын эмнэлгийн хүрээлэн/ эрдэм шинжилгээний дадлагажигч ажилтан, эрдэм шинжилгээний дэд ажилтан, эрдэм шинжилгээний ахлах ажилтан, тус корпорациас БНХАУ-д суугаа төлөөлөгч зэрэг ажлыг 1985 оноос 2006 оны 10 сар хүртэл хийж байгаад Мэргэжлийн өвчин судлалын Үндэсний төвийн захирлаар 2006 оны 10 сараас ажиллаж байгаа юм. За албан ёсны ажил мэргэжил гэвэл ийм, харин албан бусыг нь дурдвал эрхэм уншигчид минь эвшээчихэж магадгүй тул /уртын урт жагсаалт гарна/ Уламжлалт анагаахын шинжлэх ухаан, технологи үйлдвэрлэлийн корпорацийн эрдмийн зөвлөлийн гишүүн, Эрүүл мэндийн удирдлагын академийн гишүүн, Улсын нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын зөвлөлийн гишүүн, Эрүүл мэндийг дэмжих “Туяа” холбооны тэргүүн, Загасны аж ахуй эрхлэгчдийн холбооны тэргүүн гэх мэтхэнээр хязгаарлая.
Туяа хаана хаана “асаж” явсан бэ?
Туяа гэдэг эрхэм энэ хүний асаасан гэрлүүдийн талаар өмнө хальт дурдсаныг минь санаж байгаа эрхэм уншигчиддаа одоо бас сонин содон түүх намтар дэлгэюү гэж бодлоо. Мөнөөх асаалттай лаа улс төр хэмээх том тогооны доторх “бүтээгдэхүүн” атлаа гадна нь мөнөөх тогоог халааж явжээ. Түүний үүх түүхээс сонирхжээ суухад тэр улс төрийн дотор нь мөртөө гадаа нь, гадаа нь мөртөө дотор нь буцалж явсан байх юм. Бас л хүнийх нь онцлог, мөнөөх л этгээд өөрийн бодлынх нь илрэл байх даа. Энэ дашрамд хэлэхэд Туяа гэдэг бол айхтар өөрийн бодолтой, түүндээ ч хатуу чанд ханддаг бүсгүй. Аав ээжийнхээ нам /МАХН/-д албан ёсоор гишүүн болж орсон нь 1990 оны цагаан морин жилийн явдал аа. Ардчилсан хувьсгалын нүргээн орон даяар өрнөж байхад мань хүн мөнөөх л “этгээд” зангаараа үг дуугүйхэн МАХН руугаа яваад оччихсон байгаа юм. Түүний улс төрийн амьдрал эндээс эхэлсэн санагддаг. Тэрээр өдгөө МАХН-ын Бага хурлын гишүүн, МАСЭХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн, 2006 оны 6-р сараас Хэнтий аймгийн Хэрлэн сумын МАХН-ын хорооны даргаар сонгогдон ажиллаж байна. Бас болоогүй ээ манай хүн 2000 оны сонгуульд Хэнтийд У.Хүрэлсүхтэй, 2004 онд Д.Арвинтай өрсөлдөн асаж явсан. Зургаахан хүний саналаар ялагдсан ч “зургаахан” гэж уймраад явахгүй хүн л дээ. Цагийн юм цагтаа сайхан л гэж ярина. Алдсандаа харамсаад оносондоо омогшоод явдаггүй хачин “гүжирмэг” зантай. Саяхан тэрээр “Өнөөдрийн монгол” сонины “Улс төрч эмэгтэй ярьж байна” буланд ярилцлага өгсөн харагдана лээ. Шинэчлэл гэдэг шинэ гутал өмсөөд тайлахтай адилгүй гэсэн гарчигтай. Энэ л үзэл бодол түүнээр намын шинэчлэл яриулж, “Жигүүр”-лүүлж, эцэст нь эвлэрэл, эв нэгдлийн нэгэн сэтгэлээр асуудлыг тайлуулахад тусалсан. Туяа гэдэг хүн улс төр дотор, тэр тусмаа улс төрийн Нам дотроо ийнхүү асчээ. Өөр хаана хаана асч явсныг нь ахиулаад жаахан сонирхоё л доо. Бага ангийнх нь буурал багш А.Таравжавын зөгнөснөөр нээрээ их хол “асчээ”. Оюуны бүтээлийнх нь түрүү болох мэргэжлийн чиглэлийн арав гаруй өгүүлэл нь Англи, Орос, Хятад, Монгол, Пакистан, Япон, Америк, Солонгос зэрэг улсын шинжлэх ухааны сэтгүүлүүдэд хэвлэгдэж олны хүртээл, оюуны тэжээл, анагаах эмчлэх арга туршлага болсон байх жишээтэй. Анагаах ухааны доктор, Химийн шинжлэх ухааны доктор, Бельги улсад гранд доктор, профессор цол хүртсэн нь мөнөөх даруухан цоролзож байгаа лааны илч гэрлийг заасан термометр үзүүлэлт юм болов уу гэж бодлоо. “…Монголын уламжлалт анагаах ухааны шинжлэх ухааны үндэслэлийг тогтоож, орчин үеийн анагаах ухаантай зэрэгцүүлэн хөгжүүлэх асуудлыг бодитойгоор судлах нь зөвхөн манай орноор хязгаарлахгүй ОХУ, БНХАУ зэрэг хөрш зэргэлдээ орны олон монгол үндэстэнүүдэд хамаарах бөгөөд энэхүү ажлыг амжилттай хийж гүйцэтгэж хэрэгжүүлэх, эрдэм шинжилгээний ажлыг удирдан зохион байгуулахад Б.Туяа нь оюуны чадавхи, улс төр, хэлний боловсрол, аливаад үнэнч шударга ажил хэрэгч чанар, зохион байгуулах чадвартай болохыг тодорхойлов” гэсэн ШУА-ийн ерөнхийлөгч Б.Чадраа академичийн тодорхойлолт ч мөнөөх “асаалттай” хүний гэрлийн өнгөний нэгэн хэсэг буюу. Нэгэнтээ дээр хэлсэнчлэн юмны учрал гэдэг сонин шүү. Хошин урлагийн Туяа, зохиолч Туяа хоёр ам нийлэн магтаж гардаг юм даа харин, манай хүнийг. Гурван амьдаа яаж байгаад уулзчихсан нь бас сонин түүх. “Хөх хотын Туяа” гэгдэж, бүр энэ нэрээрээ сонин сэтгүүлийн хуудас чимж явсан ерээд онд амьдаануудыг нөгөө хэлж ирдэггүй хийсч ирдэг аюулт өвчин учруулж аюулыг хамтдаа туулсан байх юм. Ер нь Туяа л амийг минь аварсан гээд хоолой цахиртуулах хүмүүс олон юм билээ. Дашрамд бас нэг явдал санаанд харваад ирлээ. Хэнтийн 10 жилд насаараа ажилласан ахмад багш, манай аавын ангийнх нь багш Г.Дашцэрэн гуай ярьсан юм. Тэгэхэд би Туяа гэдэг бүсгүйг таньдаг ч үгүй, нэрийг нь л дуулж сонсоод явж байсан үе. “…Хоосорч харанхуйлсан орон зайг хайраар нөхөн цэлмээж, өнчирсөн сэтгэлийг минь ухаанаараа ундаалж жаргаасан хүн бол яах аргагүй Бадарчийн Туяа юм” гэж ахмад багш Г.Дашцэрэн хэлж билээ. Хайрт ханиа, хоёрын хоёр хөөрхөн охиноо онгоцны ослоор үүрд алдчихаад, үхэл хагацлын үүл мананд умбаж, өнчрөл гансралын үнэгэн харанхуйд шургачиж, амьдрал утгагүйд санагдан, ээдүү баадуухан явах үед нь Дашцэрэн багшид бяцхан сурагч Туяагаас нэгэн захидал иржээ. Тухайн үед хэн ч санаж чадаагүй өрөвч хэрсүү ухаан гаргаж бичсэн “Би таны охин болъё. Сайн хүн болж таныг жаргааж явж чадна” гэсэн үгтэй захиа Дашцэрэн гуайг хөл дээр нь дахин босгосон гэдэг. Миний ухааны чагтыг чангалж өгсөн хүн гэж одоо багш нь нулимстай дурсаж суудаг юм. Туяад өөрт нь ч ийм харанхуй өдөр тохиолдож байсаан. 10 гаруйхан настай бага охиныг нь Хятадад согтуу жолооч амийг нь бүрэлгэчихэд халуун бүлийн таван салгуу амины аргамж хайр тасарч үлдсэн дөрөв нь үгээр хэлшгүй гансарч энэлсэн үе бий. Хөөрхий балчир охиных нь “Ээж ээ, би бүх Хятадын хятад хэлний олимпиадад 2-р байрт шалгарлаа”, “Англи хэлний улсын олимпиадад түрүүлчихлээ” гээд л түмэн уулсын цаанаас утсаар цуурай хадаан ярих дуу одоо ч чихэнд нь дуулдаж хавар намрын будангуйрсан өдрүүдэд өрцөн цаанаа нулимс зангируулж алхдаг гэсээн. Гэхдээ л ухааны чагтаа сулруулахгүй гэж урам итгэлээр өөрийгөө сэлбэж явдаг хүн. “Аз жаргал гэдэг бол таны амьдралыг үзэх үзэл юм” гэдэг танил үг амнаас нь бас нэгэнтээ унаад авна билээ.
Өвчнийг бус шалтгааныг нь эмчлэх...
Яагаад заавал ардын эмнэлэг рүү зүтгэсэн хүн бэ та гэж асуучихаад ёстой гайхалтай хариу сонсдог байгаа. Ардын эмнэлэг бол өвчний шалтгааныг эмчлэхэд анхаардаг... Үнэхээр Туяад яг зохисон салбар юм байна гэдгийг мэдэрч суулаа. Туяа гэдэг эрэлчин энэ амьдралын турш эрж, эрснээ олохоороо их баярлаж, амьдрал нь чөлөө зайгүй хайгуулд чиглэгдсэн. Энэ ч утгаараа завтай байж үзээгүй хүн. Хүний хамгийн сонгодог шагнал бол эрснээ олох явдал гэж тэр ярьдаг. Эрж үзээгүй хүн олж ч бас үзээгүй байдаг, тэр хэрээрээ амьдралын жинхэнэ амтыг дутуу мэдэрдэг гэж хоёр охиноо сургадаг гэнэ лээ. Охид нь ээжийнхээ мэргэжлийг өвлөж байгаа. Азтай охид. Дэргэдээ ийм мундаг багштай, бас өөрсдөө эрэхгүй их олзтой, одоо Туяа гэдэг хүний олоогүйг олох эрэлдээ тэд гарна. Том охин Т.Ариунтуяа БНХАУ-д АУДС дүүргэж эх орондоо ирэнгүүтээ Удирдлагын академид Бизнесийн удирдлагын мэргэжлээр төгссөн гэж байгаа. Харин дүү Т.Ариунсолонго нь ээжийнхээ гаргасан зам мөрөөр эргэлт буцалтгүй тэмүүлчихсэн. Өөрөөр хэлбэл МУИС-ийг Химич, химийн багш мэргэжлээр төгсөөд дараа нь эмчийн сургууль /ЭМШУИС/-д орчихсон. Бас л өөрийнхөө шийдвэрээр. Нээрээ шийдвэр гэснээс эдний эмэгтэйчүүд шийдвэр гаргахдаа лут юм билээ. Өөрсдөө л шийдчихдэг, шийдвэртээ үнэнч гэсэн. Магадгүй, бага насанд нь домог шиг сонсогддог байсан ээжийнх нь намтар замнал тэдэнд ч бас нөлөөгөө үзүүлчихсэн хэрэг байх. Ээжийг нь амьд бурхан шиг шүтдэг хүмүүс орон гэрээр нь орж гарч, аврагдлаа баярлалаа гэх үгсийг гамгүй унагаж байснаас тэд ээжийнхээ мэргэжлийг өвлөхөөр зорьсон ч юм билүү. Юутай ч “Эмчийнхэн” гэдэг овог зохиолгосон ч болох /бяцхан наргиа шүү/ ховорхон гэр бүл юм. ....За тэгж байтал энд заавал дурдахгүй бол болохгүй нэгэн асуудал яах аргагүй үйлээ дагаад босоод ирдэг юм байна. Намайг энэхүү бяцхан бодрол /хөрөг/-оо тэрлэж дуусах тэр мөчид бас л зөн совингийн салхиар нэгэн хүн миний бодол санааг зад дайраад ороод ирэх нь тэр. Энэ бол энэхүү хөргийн эхэнд ерөөл тавилангаар дурдагдаад өнгөрсөн мөнөөх агуу их Хайдав академич маань байлаа. “За хүүхээ, Туяагийн тухай юм бичиж байна гэж дууллаа, ганц нэг үгэн өргөл өргөхгүй бол горьгүй хүн байгаа юм багш нь” гэв ээ. Тэр их хүний амнаас “багш нь” гэх энгүүхэн атлаа их хүндэтгэлтэй үг дуулчихсандаа урамшсан би бээр өөрийн эрхгүй шүлэнгэтэв ээ. Хайдав гуай ярьж байна аа. “За тэгэхэээр ийм шүү миний хүү. Манай Туяа чинь байнаа, их чухал хүн байгаа юм миний хувьд. Тэр улс төр мөр яах вэ, тэрнээс чинь чухал юм хэлэх гээд байна шүү өвөө нь. Энэ хүн чинь шинжлэх ухаан гээч айхтар зүйлд шунаад дурлаад ороод ирсэн хүүхэд. Энэ чинь өөрөө их бэрх зүйл. Санаан зоргоор, хэн дуртай хүний хийдэг ч ажил биш. Шинжлэх ухаан гэдэг чинь өөрөө хүнээс их юм шаарддаг, хамаг шим шүүсийг нь шахчихдаг тийм хачин эд. Би Туяаг өөрөө анх “олж авсан” хүн байгаа юм. Энэ далимд хэлэхэд өвгөн ах нь их нүдтэй хүн шүү. МУИС-ийн Химийн ангид ямар хүүхэд онц сурч байна гээд л нөгөө, чи миний номыг уншсан бол сайн мэдэж байгаа, айхтар эрлийнхээ замд энэ хүүхдийг олоод авсан юм. Тэр үед чинь Ардын эмнэлгийн хүрээлэн гэж байлаа шүү дээ. Тэрэндээ л татаад авсан юм. Яах арга байхгүй хэцүү нягт нямбай хүүхэд байлаа. Олон л хүүхэд байсан санагддаг юм. Тасралтгүй, өнөөг хүртэл шинжлэх ухаан, энэ муу өвгөн багш хоёртоо үнэнч яваа нь наад хүн чинь. Энэ чинь дардан зам биш ээ. Шинжлэх ухаан гэдэг чинь өөрөө их айхтар зүйл. Замдаа манай хүн хойд, урд хоёр хөршийнхөө хэлийг, эмийнхээ хэл /түвд/-тэй эзэмшихээд одоо надаар заалгахаа байгаад заадаг болчихоод байгаа юм. Гоё шүү миний хүү ээ, надад одоо наад хүн чинь хамаг л шинэ содон мэдээллийг авчирч өгч байна шүү дээ. Нас яваад нүд юм харахаа больж байна. Тэгсэн мөрт л манай салбар /уламжлалт анагаах ухаан/-ын сонин сайхан, дэлхий ертөнцөөр ярьж хөөрч байгаа юмыг бас олоод дуулчих санаатай байдаг хүн багш нь. Наад хүн чинь сүүлийн үед энэ ажлыг маань гардан гүйцэтгэдэг болоод байгаа шүү дээ. Тэнд ингэж байна гэнэ багшаа, энд ингэж байна гээд утсаар ярих юм, уулзаад хэлэх юм. Миний шавь Туяа чинь хол ч явах хүн, хол ч явчихаад байна...” Өвгөн багш ийнхүү нэгэн амьсгаагаар урсгаж гардаг юм байна. Уг нь бүгдийг бичмээр, сонсоод л баймаар сайхан өег дулаан яриа хөөрөө байлаа. Үнэхээр хүндэтгэл төрлөө шүү эцэст нь. Энэ бүсгүйн буянаар нөгөө гайхал номын баатартайгаа би гэдэг хүн ийм сайхан ярьж хөөрч суух гэж. Юмны учрал гэдэг хачин гэдэг үгээ дахиад л хэлэхээс аргагүй боллоо. Туяагийн бичиг цаасан дотроос Хэнтий аймгийн төв хэвлэл “Урагшаа” сонины нэлээд дээр үеийн бололтой /Он сар нь байхгүй юм/ шарласан хуудас олж үзсэн маань бас л Хайдав академичийн шавиа магтсан, ирэх цагийн сэхээтнүүдэд учирлаж аргадсан, бараг л дэгсдүүлээд хэлэхэд “Туяа шиг бай л даа” гэх ухааны юм юмтай сонин сайхан ярилцлага байх юм. Таны ард таныг үргэлжлүүлчих хэн байна гэх асуултыг сурвалжлагч тавьжээ. Харин мань Хайдав гуай маань Өндөрхаан уулын оройг холч ширтэн хэсэг таг бодлогоширсноо “Одоо Туяа л юм даа” гэсэн байх юм. Сурвалжлагч тэр хоёр эрхэм академичийн уугуул нутгийн нар салхинд зугаацан явах зуураа их юм ярьжээ. Сайхан хүний сэтгэлийн нүнжиг он жилийн салхинд үл замхран бодлынхоо алс руу хараачилж байдгийг энэхүү ярилцлага бас харуулжээ. Туяа гэдэг хүн энэ их нүнжгийг даагаад явах сэтгэлийн бядтай, ахиулаад харах холч хараатай нэгэн гэх итгэл сэтгэлд улам зузаараад ирэв. Юутай ч сайн сайхны зүг харсан харцанд саар цагийн будан тогтдоггүй бололтой. Энэ бяцхан хөрөг талалбараа яруу найрагч Ц.Хулангийн “Сайн хүнийг муу явахад би дургүй” гэдэг сэтгэлийн нандин үгээр өндөрлөе. Ирэх өдрүүдийн гэгээнд итгэнэм.
1 comment:
сэтгэл хөдлөв, бодуул сэтгэлд ассан галын илч чинь мэдрэгдсийм байлгүй
Post a Comment