Thursday, May 22, 2008

АФАС ГУДАМЖНЫ ХИЙ ҮЗЭГДЭЛ

АФАС-1

…Ай бурхан минь, өлсөхийн ч зовлонгүй, цадахын ч зовлонгүй ямар таатай юм бэ! Биеэ орхин нисэж явахдаа ийнхүү баясаж үл бүтэхийн төвөгт сэтгэлээс ангижран хальжээ. Ийм жаргалтай, тэгээд бас ер бусын нисэлт байдаг тухай өмнө нь ер төсөөлж байсангүй. Тийн атлаа бусдад хэлэх сэн, үзүүлээд өгөх сөн гэх хүсэл ч төрсөнгүй. Хүсэхээ бүр мартжээ. Гагц хөвж, зөөлөн тийн хөвөхдөө нүдээ аньжээ. Үнэндээ тэр нүдтэй эсэхээ ч анзаарч мэдэхгүй байлаа. Юу ч бодохгүй хөвөөд л, нисээд л. Харин цутгалант харь тэнгисийн гүн аниргүй мандалд дөхөхдөө айдас гэмээр түгшингүй нэгэн мэдрэмж төржээ. Яг л зүрх базлах шиг. Гэвч буцаад дэвэх гар ч, бас хүсэл ч байсангүй. Зөнгөөрөө хязгааргүйд өндрөө алдан унаж, унах зуураа үйж байлаа. Гэвч хашгирсангүй. Үнэндээ тийм дуу хоолой түүнд нэгэнт үгүй болсон хойно хязгааргүйд айдас мэт доошилсоор. Харин тэртээ дээр өөрийнх нь адил биегүй хөвөрсөн нүүгэл сүнснүүд эмх замбараагүй, намуухан сүлжилдэн биесээ нэвтлэн одох нь үүлсийн нүүдэл мэт. Тэд ямар хувь тохиол, аль зүгийн салхиар хааш одож буйг хэн мэдэх билээ.
Энэ үес Афас гудамжны хий үзэгдэл хатагтай Г-ийн унтлаганы хувцсыг дэрлэн залхуутайяа зүүрмэглэж байлаа.

АФАС-2

-Надад их урамгүй байгаа ч би үүнийг танд хэлэх хэрэгтэй гэж шийдлээ. Би өөрийгөө хянаж чадахаа больсон… гэж бүсгүй яриагаа эхэллээ.
Хотын хамгийн хүндтэй хүмүүсийн нэг, хий судлаач эрхэм түүнийг анхааран сонсох зуураа “Манай хотын гайхамшигтай эмэгтэйчүүдийн нэг шүү дээ” хэмээн бодож байлаа. Гэвч тэр гайхамшигт бүсгүй нь хэдийнэ гайхамшгаа гээчихээд цөхөрч гүйцсэн хуурай үгсийг гамгүй унагаж байх юм. Байз, энэ гэхдээ хуурай үгс биш байна. Магадгүй тэр бүр догдолж орхиж. Анх удаа өөрийн цаазаа зөрчиж байгаа ч юм билүү? Нэлэмгэр бараан нөмрөгөө ичимдэг засаад бүсгүй үргэлжлүүллээ.
-Би өөрийгөө хэн ч биш хэн нэгнээс өөр гэж боддог байлаа. Гэтэл хэрэг дээрээ хэн ч биш болжээ… Профессор гайхалзан толгой сэгсрэхдээ “Энэ ч их хотын саарал амьдралд элбэг тохиолддог зуурдын хямрал даа” гэж бодож амжив.
-Бүх зүйлд итгэл алдарсан. Ингэхэд амьдрал минь ямар утгатайг ч мэдрэхээ болилоо. Үнэнийг хэлэхэд амьд явмааргүй... Тэглээ гээд үхээгүй л байна. Харин юунд итгэхээ мэдэхгүй юм. Афас гудамжинд нүүж ирснээс хойш бүр ч үгдэрлээ. Дурлал хүсэл юу ч алга…
Нээрээ л урамгүй яриа байна даа гэж профессор бодлоо. Харин тэр үйлчлүүлэгчийнхээ үгийг тасалж үүнийг хэлэх хүн биш.
-Та юунаас айдаг вэ хатагтай?
-Амьдрахаас-Худлаа даа. Та яг ингэж хэлэхдээ л мартагдахаас, дуусахаас айж байгаагаа мэдүүлчихлээ. Амьдралаас биш үхлээс айдаг юм байна та?
-Үгүй шүү. Би үхлийг аль хэдийнэ таньдаг болсон. Хүн танилаасаа хэзээ ч айдаггүй юм.
-Тэгвэл та сүнс мөнх гэдэгт итгэдэг үү?
-Бурхан минь, би танд хэлээд байна шүү дээ. Юун сүнс вэ! Би юунд ч итгэдэггүй.
-Таны итгэл дуусаагүй байна аа. Үгүйдээ л та надад итгээд ирж. Танд аврагдах хүсэл байна, тийм үү?
-Би үхэж чадахгүй байна шүү дээ?
-Амьдралаас авах ёстой юм чинь дутуу учраас л тэр.
-За яахав. Хүлээхийн тулд ядахдаа эм уух хэрэгтэй биз дээ?
-Одоо л зөв ярьж байна. Тэгэлгүй яах вэ хатагтай. Би танд туслах болно. Харин та ямар эм хүсэж байна?-Мартах. Бас царцах хэрэгтэй байна. Хүмүүсийг би үзэн яддаг болсон. Тэдэнд олзлогдмооргүй байна. Тэднийг дээрээс, бүр дээрээс нь хармаар байна. Ердөө л энэ.
-Ингэхэд та яг одоо тэднийг дээрээс нь харж байгаагаа мэдэж байна уу? -Эндээс гарангуутаа би тэдний дунд уначихна шүү дээ, тэр тайзан дээр нь.
-Хүн хүсэхгүйгээр унадаггүй юм. Та битгий хүс. Хүсдэгтээ л та тэнд байгаа юм. Хатагтай…
-Гайхалтай… гэж уурсан хэлэнгүүтээ бүсгүй ухасхийн гарч одлоо.
Салхи нь замхарч амжаагүй тасалгаанд профессор ганцаар үлдэхдээ юун тухай түрүүлж бодохоо мэдсэнгүй. Таатрын гайхамшигт хатагтай нарын нэг бардам зангаа таягдалгүй одсонд баярлах ч шиг. Гэсэн хэдий ч нэг л уйтай. “Энэ бүсгүй яагаад л хямраад байна даа” гэж бодох үес саяхан Афас гудамжны Соолог цамхагаас унаж нас барсан хөөрхий жаалхүү гэнэт санагдаж, Афас ч нээрээ л хачин гудамж шүү, нээрээ л хачин гэж бодлоо.
Хүүгийн оршуулга эхийнхтэй нь давхцаж хүмүүс нэг л хэсэг энэ тухай элдэв зүйлсийг ам мэдэн цуурцгаасан сан. Муу эхийг нь л хүүгээ аваад явчихлаа гэж ярьцгаасан даа. Таатрт Афас шиг хүйтэн чулуун гудамжууд бишгүй олон ч үргэлжид гайхал сэжгийг төрүүлж, үнэн худал нь үл мэдэгдэх жигтэй яриа хөөрөөний бай болсон нь ганцхан тэр л гудамж.
Профессорыг ийнхүү эрээн бараан бодлоо хөврүүлэн тамхиа татаж байх зуур хатагтай Г хөлсний тэргээр үүдэндээ ирж харуй бүрүй нөмөрсөн нэвсгэр үдэш дүнсгэр чулуун байшин руугаа шингэх мэт аниргүйхэн орж явчихлаа. Өндөр царсан хаалга торхийн нээгдэж, хуучны нүсэр тавилгатай сүүдэрт өрөөндөө яаралгүйхэн орж ирсэн тэрээр шууд л унтлагынхаа өрөө рүү зүглэн нэг гараараа гэрлээ асааж, нөгөө гартаа барьж явсан цүнхээ буйдан руу хайнгахан чулуудчихав.
-Ёо, ёо ёо! Нүүр, нүүр, миний нүүрэн дээр гэж цочмог хашгиран босч ирсэн Тэр хатагтайг шууд л багалзуурдан ноцолдсон боловч бүсгүй юу ч сонсоогүй мэт аажуухан эргэж том өрөө рүүгээ явлаа. Энэ явдал бараг л орой бүхэн давтагддаг ч ганц бие хатагтай өдрийн ажлаасаа өөрийг үл бодон тавлаг гэгч амарч тухлах нь түүнд дэндүү харгис ажээ. Энэ удаа ч хатагтай түүнийг анхаарсангүй.
Багалзуурдаад ч нэмэр болсонгүй шүү. Хоолойг нь шахаж байхад нөгөө тэнэг дуугаа аялж байна гээч. Юу болж байнаа энэ чинь. Уурандаа багтарч, дуугарч чадахгүй цөхөрсөн Тэр нөгөө буйдан дээрээ эргэж хэвтэн цурхиртал уйллаа. Бүр енгэнэтэл мэгших нь тэр. Харин хатагтай том өрөөндөө зурагт асаах сонсогдлоо. Удахгүй гал тогоонд нөгөө балиар бүрж амталсан хайриус загас нь шажигнан шарагдаж эхэлнэ дээ гэж бодоод Тэр бүр ч байж суух газраа олж ядан үсээ үгтээж байлаа. За энэ ч бүр дүүрсэн хэрэг. Шөнө тэр муу намайг яана гээч. Цочих бүхэндээ толгой, элэг, бөөр, бүр нөгөөдөхийг минь, ер хаа таарсан газраа л өшиглөнө. Адсага шиг хүүхний цочихын олныг ээ. Хүний орон дээр хүн өшиглөөд хэвтэж байдаг ямар аймшиггүй адгийн шаар вэ. Тэр хэлэх муу үгээ барж дуусаад нэг л мэдэхэд нөгөө л цөхөрч гүйцсэн ноомой, гансралт байдалдаа ороод хөшчихөж.
Хатагтайн унтах цаг болжээ. Нэлэмгэр нөмрөгөө хөврүүлсээр ор руу ирлээ. Одоо яая гэхэв дээ, үйл тавилан хойно. Тэр бас л сурснаараа зай тавьж түүнийг хэвтүүллээ. Тэгэхгүй бол дээр нь бүдүүн бөгсөө тавьж хэвтээд өгөх юм чинь. Тэгж ч байсан удаатай. Өөрийнхөө орон дээр ингэж атирч хунирч, дорд үзэгдэн хэвтэх ч гэж дээ. Дахиад л хамар нь шархираад ирлээ. Тэглээ гээд юу ч өөрчлөгддөггүй хойно, сэтгэлээ барихаар шийдэв. Сэтгэлээ барих гэдгийг энд л сурч байна даа. Хэзээ би муу эхнэрийнхээ үгэнд орж, ганц удаа ч болтугай хөөрхийг санаснаар нь байлгалаа даа? Шал балай юм. Яалаа ч гэж тэгэх юм бэ. Гэтэл энэ муу хүүхэн толгой дээр гарч гүйцлээ, Түй.
Хөөрхий Тэр гансралт хувь тавилангийн эрхээр Таатрын бөглүү шөнө нэг л мэдэхэд дайснаа тас тэврэн дугжирч байлаа. Нумарсан хар хөмсөг нь зангидаатай хэвээр ч зөвхөн эр хүнд л зохидог учир битүүлэг инээмсэглэл, гэмшсэн мэт ичимдэг далд үзэсгэлэн сүүдэрт нүүрийг нь чимжээ. Таатрын яг л ийм шөнө энэ царсан орон дээр эхнэр нь түүнийг бөөцийлөн ширтэх зуураа бүхнийг умартан дурлаж байсан тэр сайхан цаг саяхан. Эр хүний зоримог шулуун зан, хайр хар хосолсон ширүүхэн ширтэлтийнх нь өмнө сул дорой зогсдог ч нууцхан ийм л шөнөөр түүгээрээ бахархаж явсан мөнөөх бүсгүй Таатраас нүүн одож тэр л хайр хар шингэсэн нүсэр чулуун байшинд өнөөдөр ганц бие эрхэмсэг хатагтай эзэн суух болсон билээ.

АФАС-3

Бум бужигнаж түм түжигнэсэн зээлийн газар. Баргил байж ядан хөлөө сэлгэж зогсоно. Бороо орж байна. Тэрээр элэгдэж хуучирсан муу саравчтай улаан малгайгаа гартаа атгажээ. Үжирсэн сэмэрхий бор пальто, өсгий нь эргэсэн инээдэмтэй түнтгэр гутлаа хялавхийн харснаа мөнөөх л доогтой гуниглуу инээд уруул дээгүүр нь мишилзээд ирлээ. Гэвч тэр өөрийгөө өрөвдсөнгүй. Хэзээд л ийм байсан хойно, юундаа ч өрөвдөх билээ.

-Хөөе улаан малгайт аа, чи чинь яагаад дусагнаад унав аа? Тэсэхээ болив уу гэж зэргэлдээх булангаас дээрэнгүй дуу хадах нь тэр. Гайхсан ч үгүй. Улаан малгайт нэрэндээ дассан гэх нь ч хаашаа юм, гэхдээ л ажирсан шинжгүй мөнөөх л сонин гэгэлзүүр бодлоо үргэлжлүүлж авай. Харин дусагнахын хувьд ч хэдийнэ дусагначихаж. Өчигдөрхөн тэндэхийн үглээ Цахирам авгайн өвсөн шүүрээр балбуулж элдүүр нь ханасан өнөөх муу бөөр нуруу нь нэг л аятайхан тавираад явчих нь тэр. Харамсалтай нь дахиад л дусагначихлаа хөөрхий. Амьтанд ад үзэгдэхээс илүүтэй өөрт нь, хөөрхий жаахан бардамд нь хэзээ ч зохиж наалддаггүй аймшигт мэдрэмж дахин зурсхийсэн ч ажрахгүй байхаар шийдлээ. Өөр арга нэгэнт алга болжээ.
“Намар шиг хаврын өдөр” хэмээн хаа нэгтээгээс унш луу, эсвэл хэн нэгэн тийн ярьж ч байлуу, юутай ч яг энэ мэдрэмж энэ л үгээрээ бодлыг нь нэвтлэн орж ирэхдээ бяцхан гуниг төрүүлчихлээ. Өмнө нь иймэрхүү хөндүүр ч гэмээр соньхон мэдрэмж төрөх бүхэнд тун таатайхнаар бодол санаа нь чөлөөлөгдөх шиг болдог сон. Энэ удаа тэгсэнгүй. Нууцлаг баяр төрөөсэй гэж хүлээгээгүй ч байж мэднэ. Учир нь мөнөөх аймшигт зөн совин дотор сэтгэлийг нь мэрсээр тэр байтугайг анзаарах сөгөөгүй зогсож байлаа. Хайрлан санах юм юу ч үгүй хачин өдөр. Хэзээ ч цээжин дотроо ийм хөндий хоосон байж түүнийхээ төлөө тарчилж үзээгүй болохоор тэр хачин мэдрэмжнээсээ зугтах гэхдээ гуйлгын бадар болох даг дайр болсон муу бор уутаа өмнөө бариад чимээ шуугиан бараадан хүн урсгалын дунд шуугин орж явчихлаа.
Үргэлжилсэн урт лангууны дэргэдүүр гөлрөө өвчтэй хүн шиг дүйнгэтэн явсаар залхах тийшээ ч хандав. Яг энэ үед түүнд хулгай хийж үзмээр хүн бусын хачин хүсэл төрж улмаар бүр тэчъяадаж эхэллээ. Юу хулгайлах вэ? Үнэхээр хэрэг болчих юм л бол дээр сэн. Гэвч бодоод бодоод хулгайлчих юм санаанд нь орсонгүй. Уг нь бол хоосон гэдэс, хонгио толгойноос өөр юмгүй хүнд эдэлж хэрэглэхээс эхлээд идэж уух хэрэгцээ их л баймаар. Хачирхалтай нь хулгай хийхийг сэдсэн нь хоол шиг бодол байж. Энэ бодолгүйгээр өлсөх юм байна гэдгээ гэнэт мэдээд бүр гайхширч орхилоо. Тийнхүү удтал тээнгэлзэж мунгинасны эцэст Цахирам авгайн дэрсэн шүүрнээс өөр ухаан санаанд нь орж ирэх юм олдоогүйд ч болсон уу буцаад л дусагнасан мөнөөх газраа хүрээд ирлээ. Эргүү төлөг шиг зорилгогүй тэнэж явсаар бороо зогссоныг ч анзаарсангүй.
Өдрийн наран баруунаа хэлбийж туниа муутайхан туяагаа илч гэрэл хүссэн нүүрэн дээр нь тусгаж байхад харин мань хүн “Шүхэр, шүхэр л хулгайлдаг байж” хэмээн бодож байлаа. Магадгүй, өвлөөр ч, зунаар ч, бүр бороо гээч зүйл байдаггүй байсан ч шүхэр л хулгайлж мэдэх юм. Хулгайлсан шүхрээ өвгөнд өгч таарна. Өвгөн илт баярлахгүй ч бас голохгүй, зүгээр л хүнээс авдаг бэлэгний л нэгэн адилаар хүлээн авах байсан биз. Баргил энэ тухай бадаг бүдэгхэн төсөөллөө нэрж хэсэг тэнэгрэн зогссоны хойно ерөөсөө өвгөнтэй л уулзъя гэж шийдлээ. Өвгөнтэй уулзсаны дараа л тэр хулгай хийх тухай өнөөдрийн бодол хэрэгцээнээс нь үүдэлтэй юм байна гэдгийг мэдэв. Яагаадыг бүү мэд, нэг л мэдэхэд өвгөнтэй хэтэрхий илэн далангүй, бас их хэгжүүн бардам ярьж суулаа. Зээлийн газраас хоёр буудлын хойхно байх ядмагхан уушийн газарт өвгөн тэр хоёр хөөрөлдөж байв. Баргилд энэ өвгөнөөс өөр найз газар дээр байхгүй. Харин газар доорх оромжинд нь бол олон хүн бий. Тэд бүгд л Баргилын найзууд. Тун гайхалтай нь өвгөн хэзээ ч түүнд гар сунгахаас татгалздаггүй. Гэхдээ гуйгаагүй байхад нь сарвайна гэж үгүй. Баргил түүнээс цөөхөн л гуйсан. Өвгөн ч бүгдэд нь тусалсан. Эргүүлж авна гэхгүй. Өгөх ч юм байх биш. Өвгөн ч үүнийг сайн мэднэ. Гэхдээ Баргил өвгөнөөс онцгой үед л тусламж хүсдэг байлаа. Газар доор амьдрагсдын эгэл нэгэн төлөөлөгч гэдгээ сайн мэдэх ч тэдний увайгүй занг тэвчдэггүйг нь энэ гярхай өвгөн олж харсан ч байж мэдэх юм. Өвгөн энэ удаа ч мөн сайхан загналаа. Би чамд боломж олгоё, хэд хэрэгтэй юм бэ гэж палхийтэл асуугаад хариулахын ч завдал өгөлгүй яг л хэрэгтэйг нь тоо ёсоор /хэтэрхий их байлаа/ ширээн дээр тоолоод чулуудчих нь тэр.
-Хүн боломж болгоныг хайрлаж бөөцийлөн тордох ёстой юу хишигтээн?
-Чи юу гэж бодож байна, өөрийнхөөрөө л бол.
-Наад хариулт чинь үнэхээр хангалтгүй байна.
-Би л хувьдаа боломжийг бордох ёстой гэж боддог. Тордох ч ёстой. Ер нь нөгөө асуултыг чинь “тийм” гэж хариулах гээд байна л даа.
-Энэ чинь тааллаараа бол гэж хэлсэн дээрх үгтэй чинь зөрчилдөж байна.
-Чи ер нь адармаатай. Асуудлыг дандаа хүндрүүлж байдаг. Зовж таашаал авах хүсэлтэй хүн юм. Харин бусдыг өөр шигээ бүү зовоож бай гэж зөвлөмөөр байна.
-Лут дүгнэлээ. Уг нь танаас нэг л зүйлийг хүссэн юм. Өгснийг чинь зовлон гэж хүлээж авах уу, жаргал гэж хүлээж авах уу гэдгээ мэдэхгүй байсан учраас өөртөө хариулахын тулд танаас асуучихлаа, уучлаарай.
-Үүнээс хойш өөрөөсөө л асууж бай. Хүний хариулт чамд зохихгүй юм байна.
-...
-Би хүнд туслахдаа харамж горилж тусалдаггүй.
-...
-Зөвхөн өгөө аваа боддог хүнд бас дургүй.
Энэ удаа Баргил тэссэнгүй. Сүүлийн үед байнга бодогдоод дотор сэтгэлийг нь төнхөөд байсан нөгөөх зүйл нэг л мэдэхэд аман дээр нь гараад ирэв.
-Бурхан ч гэсэн наймаалцдаг.
-Арай ч тэгж гүжирдэж болохгүй байх шүү. Бурханыг хүртэл наймаачин болгочихдог айхтар хүн юмаа чи.
-Бурханд өгөх, надад өгөх хоёр чинь яг адилхан. Ер нь та бурханлиг хүн болохоор бурханыг бодож л надад өгсөн байлгүй.
-Бурханд өгсөн бол дээр байж.
-За тэр. Одоо л үнэнээ хэллээ. Энэ тусламжаас чинь татгалзлаа. Гэхдээ татгалзаж байгаагийнхаа төлөө авъя. Иймэрхүү зөвшөөрлийг л өөрөөсөө хүлээж байсан юм.
-Чи мөн хачин хүн ээ. Их нэрэлхүү юм. Та нар чинь уг нь нэрээ идчихсэн улс л байдаг сан. Ядахад наад үнэр танар үг яриа хоёр чинь зохихгүй байна. Ийм олон үг хэл бололгүй зүгээр л авчихсан бол дээр байсан юм сан.
-Ингээд л таны мөнгө жигшүүрт мөнгө болон хувирлаа шүү дээ. Анх сарвайж байхад чинь бурханы гараас хүртчих дөхсөн. Одоо харин хүний гараас авах боллоо. Гялайлаа.
-Бурханаар туслуулах дургүй юм биз дээ?
-Бурханд туслах л дуртай.
-Эхлээд өөртөө тусалчихдаг бэнчинтэй болоод бурханд тусалвал дээр дээ.
-Бурханд туслахад бэл бэнчин хэрэггүй ээ.
-Тэгвэл ертөнцийн бүх гуйлгачингууд бурханы анд нөхөд, үнэнч туслагчид нь болж чадах нь ээ?
-Бурхан зөвхөн мөнгөтэй хүнд боломж /зардаггүй/ худалддаггүй байлгүй.
-Мөнгөөр боломжийг худалдаж авдаг юм. Мөнгө гэдэг чинь өөрөө том боломж. Түүнийг ч гэсэн бурхан өгдөг.
-Бурхан тэгэхээр зөвхөн баячуудад л хайртай гэсэн үг үү?
-Ядууст ч бас хайртай.
-Тэгвэл яагаад тэдэнд мөнгөнөөсөө сарвайхгүй байгаа юм бэ?
-Тэд мөнгөөр шагнуулах гавъяагүй.
-Баячууд ямар гавъяа байгуулсан юм бэ?
-Бурхан л мэддэг байх.
-Сайхан л хэрэг байна. Бурхан гуай тэгэхээр ялгаварлан гадуурхагч болж таарах нь ээ?
-Харин зарим бурхан тийм байх юмаа. Яг одоо нэг нь өөдөөс хараад өөрийгөө бас зарим нэг этгээдийг ялгаварлан гадуурхаад сууж байх юм.
-Надтай ингэж яриад нэмэргүй дээ.
-Яая гэхэв.
-Мөнгөөрөө намайг худалдаад авчихсан гэж бодож байвал том эндүүрэл шүү. Би бурханд зарагдчихсан.
-Сайн л байна бурханы бараа минь. Бурхан чамайг яагаад худалдан авсныг ойлгохгүй л юм. Би л хувьдаа гуйлгачныг худалдан авахгүй.
-Би танаас “гуйж” байсан удаагүй. Бусдаас бол өөр хэрэг.
-Бурханаас гуйж цадсан болохоор надаас юугаа гуйхав дээ. Бурхан гуай тэгээд туслагч нартаа хэр гар сарвайх юм бэ дээ? Ойрд орлого давгүй юу?
-Муу байгаа. Тэнгэрийн царай, миний царай хоёр баргархан л өдрүүд байна.
-Ялгаварлан гадуурхахаа болихгүй бол ялгавартай өдрүүд үргэлжлэх л байх даа. Бурхан гуайд өргөх тахилаа жаахан нэмбэл яасан юм бэ?
-Нэмж байгаа.
-Мөнгөөр өргөөд үзвэл зүгээр сэн.
-Энэ мөнгийг бурханд биш өөртөө өгнөө, хувцаслана.
-Сайхан санаа. Бурхан хувцасанд чинь дурлаж мэднэ шүү. Заримдаа тэр их моод хөөцөлддөг юм.
-Та бас л өгсөн мөнгөө бурханы өргөл болгож орхилоо. Би түүнд мөнгө өгөхгүй гээд байна шүү.
-Надтай л адилхан бурханд мөнгө өргөх гэж байж юундаа өөр хэлээр ярьдаг юм бэ дээ. За тэр яахав. Үг олдлоо. Явах минь. Чамтай дэмийрч байхаар хэдэн бор цаасаа эргэх нь дээр байна. Бурхан багшид таалагдах юм олж эгэлдрэх гэж байгаа чинь сайхан санаа шүү залуу минь.
Баргил буцлаа. Амьдралдаа барьж үзээгүй их мөнгө атгачихаад явж байхад түүнд ямарч баяр хөөр төрсөнгүй. Газар дорх гэрийнхээ үүдэнд ирсэн ч яаран орохыг төвдсөнгүй. Тэр ямар нэг зүйл олж бодох гэсэн боловч ухаан санаа нь хов хоосон байлаа.

АФАС-4

Өндөр таазтай хавчиг өрөөний голд зориуд зассан том вандан, дээр нь мөнөөх бүсгүйн нас эцэслэхдээ гэрээсэлсэн нөгөө хачин, нисдэг таваг шиг далибагар, ер бусын этгээд авс юу юугүй хөдлөн хажуу тийшээ гулсан унах гэж байгаа ч юмуу эсвэл хана таазыг нэвтлэн хаа нэг тийшээ нисэн одох гэж байгаа юм шиг сонин сэтгэгдэл төрөхөөр тавигджээ. Магадгүй энэхүү сонин авс доторх “зорчигч”-тойгоо нисэн одож гэмээнэ хана таазны алинд ч өчүүхэн завсар, нүх сүв үлдэхгүй, энэ багир хүнд өрөө тэр чигтээ юу ч болоогүй мэт санаа алдан үлдэх байх даа гэж бодогдоно.

Яг энэ үед жаалхүү мөнөөх таваг шиг хачин авсны ирмэгт тулж ирснээ зохимжгүй муухнаар эхэр татах нь тэр. Өөрөө тэр дуунаасаа цочив уу гэмээр хачин хулгаснаа хуруу нь эв хавгүйхэн нэг сарвалзаад сая л нэг цээжний гүнээс нялх хонгорхноор санаа алдаад уйлж эхэллээ. Хүү хачин чимээгүй уйлах аж. Нулимс нь урсаад л, тэгснээ божгор муу гараараа гялсхийтэл шудраад авах ч эл өрөөнд түүнээс болж үүсэх анир огт мэдрэгдэхгүй нь хачин. Яагаад ч юм хүү шуухитнахгүй, чив чимээгүй уйлж байсан юм. Түүнийг хэн нэгэн энд байхыг нь олох юм бол гайхширч сандрахдаа таг хөшчих юмуу, аль эсвэл дуу алдан гүйж хүрээд гараас нь хөтлөн чирээд гарах байсан байх. Ашгүй энд тийм юм болсонгүй. Дөнгөж саяхан, хэдхэн өдрийн өмнө өөрийг нь хөтлөн дэлгүүр рүү явж байсан ээж нь “Баавгай ахаа, баавгай ахаа” гээд л дуу зааж өгөөгүй гэж үү? Дөнгөж саяхан л ээж хүү хоёр бие биедээ эрхэлж хэн хэн нь хэлээ хазан жаргацгааж байгаагүй билүү? Хүү аяархан дуулж эхэллээ. “Баавгай ахаа, баавгай ахаа...”.
Тэр хэзээ ч ганцаараа дуу дуулж байгаагүйгээ мэдлээ. Ээж нь дэргэд нь хүүгээ урамшуулан жоохон хүүхдийн хоолойгоор “Баавгай ахаа..” гээд дуулахгүй болохоор дуу нь ч нэг их үргэлжилж гавьсангүй. Гэнэт эхэлсэн шигээ гэнэт тасарчихлаа. Ээж нь хэзээ ч түүнтэй дахиад “Баавгай ахаа... Баавгай ахаа...” гээд дуулахгүй юм байна шүү дээ гэж мэдэнгүүтээ хүү аймаар гашуунаар уйлж, бүр суун тусаад л, яг л гудамжинд ээждээ эрхлээд өнхрөөд өгдөг шигээ ойчиж байгаад чангаар уйлж гарлаа. Хачирхалтай нь хэн ч орж ирсэнгүй. Аргадсангүй. Бас л нөгөө дуугаа гэнэт дуулахаа зогссон шиг уйлахаа ч зогслоо. Тэгээд л хэсэг зуур гайхшран манарч зогссоноо урамгүйхэн үүд рүү алхав. Жаалхүү босгондоо бүдрээд хаалга мөргөөд уначихлаа. Босч ирэлгүй хэсэг удав. Тэгснээ гэнэтхэн пүрштэй юм шиг ухасхийн босоод тэр эрчээрээ гүйж одлоо.
Нэг л мэдэхэд хүү байдгаараа хөөрчихсөн, ажил явдал болсон газрын аядуу намуун өнгө аясыг орвонгоор нь эргүүлж тэнгэрийн дуу мангасын буу гэгч шиг хашгирч онгирч явлаа. Хүн бүрийн хувцас хунар, үс гэзэгнээс татаж чангааж, хойлгын найрны хоол ундыг бэлдэж суусан эзэгтэй нарыг уулга алдуулж, заримыг нь бүр балтасхийтэл цочоож уушиг зүрхийг нь амаар нь гаргачих шахав. Тэгсэн ч хүү зогссонгүй, хашгираад л, гүйгээд л, замдаа дэвхцээд л, дуулаад л... “Тэгэхдээ “Баавгай ах”-ыгаа дуулсангүй, том хүний янз бүрийн дууг огцом чангаар, инээдтэй марзан аялж, хого хого инээгээд сүйд. “Энэ муу золиг чинь яаж байгаа юм бэ”, “Хаанаас гараад ирэв дээ, тоглож л явсан баймаар юм”, “Хүүхэд гэдэг амьтан мөн хачин шүү, өрөвдмөөр юм”, “Үгүй яадаг золиг вэ, наадахаа бариад ав” гээд л энд тэндгүй томчууд дуу хадааж эхэллээ дээ. Хүү гүйсэн чигтээ хаалганы цаана очоод нөгөөдүүл рүү хэлээ гаргаж -Чаддаг юм бол бариад ав л даа. Мангаруудаа, та нар бол энэ дэлхийн хамгийн мангар хүмүүс шүү за юу. Хөөё Ёрвооноо та яг далайн дээрэмчин шиг харагддаг ш дээ, тэрийгээ мэдэх үү, аан, мэдэх үү? Тэр Соожий аажаа яасан тарган юм бэ, наад өөхнөөсөө надад зарчих, мөнгө нь энэ байна гээд атга дүүрэн мөнгө сарвайх нь өөд болоочийн хойлгын ажилд хүмүүсийн хандивласан, эмээгийнх нь цэгцэлж амжаагүй мөнгөнүүд байх ажээ. Хүүд хэлэх хэлэхгүй юм гэж алга. Ёстой л хамрын дор хагархай гэдэг шиг бурж өгч байна. Сонссон улсууд уулга дуулга алдан хөөцөлдөх боловч барьж авч чадсангүй ээ. Хүү нэгэнт гудамж руу гараад гүйгээд алга болж. Ард нь үлдсэн хүмүүс “Энэ хүүгийн ухаан ээдэрчихэв үү дээ” хэмээн айж бишүүрхэх мэт хоорондоо үг солин гайхалзацгааж байх зуур жаалхүү харин Афас гудамжны Таатрын чөлөөгөөр “Манай ээж үхээгүй, ээж маань амьд байгаа юм байна. Намайг сэрээгээд өгчих л дөө тэгэх үү” гэж орилоод, дуу хадаагаад явж байлаа.
Энэ дуунаар мань хий үзэгдэл босон харайж, өглөө нь өрөөнийхөө хаалганд хатагтай Г-гийн нямбайлан өлгөсөн даавуун даашинзыг нэвтлэн хаалганыхаа гадна хэдийнэ гараад ирчихжээ. Жаалхүү гүйгээд л, цамцаа дэрвүүлэн гүйх зуураа хашгираад л, сүүлдээ хоолой нь цахиртаад хахаж цацан бүгшүүлж эхэллээ. Афас гудамжны хий үзэгдэл түүнийг гайхан харах боловч хүү сэхээ самбаагүй хашгирч ханиалгаж өчүүхэн ч сааталгүй алхана. Хүү гэнэт хажуудаа хэн нэгэнтэй яваа мэт ярьж гарлаа. “Би өвдөөгүй. Босгон дээр унаад ердөө өвдөөгүй. Эмээ надад хэлсэн. Хүн зүүдэндээ өвддөггүй гэж. Би аймаар зүүд зүүдлээд байна. Сэрнэ, заавал...” гээд л үглээд явах аж. Хүү гүйж эхэллээ. Таатрын өргөн чөлөө өнгөрч Бүрхэгийн жижиг гудамжаар өгсөн шууд Соолог цамхгийг зорих нь тэр. Хий үзэгдэл хүүгийн явдлыг гүйцэхээ болиод мөн л гүйж явлаа. Соолог цамхаг дээр гарч ирэхдээ хүү жигтэйхэн амьсгаадчихсан, тэр жижигхэн биедээ баймгүй эрчирч чангарсан урам зоригтой, эрс харцаар орчноо нэгжиж, яг л том хүн шиг хэнгэнэтэл санаа алдаад дараа нь өөрийгөө шоолов бололтой түсхийтэл инээд алдав. Хий үзэгдэл ч мөн дагаад инээд алдлаа. Харин хүү ажирсангүй. Тэгснээ гэнэтхэн өмднийхөө халааснаас замын цагдаагийн шүглийг дуурайлган хийсэн тоглоомон шүгэл гаргаж ирснээ тасхийтэл үлээчихэв.
Манай хий үзэгдэл өөрийн эрхгүй чихээ хоёр гараараа дарж “Яагаад сахилгагүйтээд байна даа, нөхөөр” гэж ээнэг дотнохноор асуулаа. Хүү чихгүй толгой шиг зогсож байсан ч мань хүн өөртөө баярлав. Тэр хэзээ ч аав байж үзээгүй хэрнээ сая яг л эцэг хүн шиг нэг их хайр дүүрэн дуугарчихсандаа өөртөө бантах ч шиг, тэгсэн атлаа нэг л сайхан санагдаад явчихлаа. Тэгээд хайр дүүрэн харцаа хүүгийн зүг эргүүлтэл, ээ бурхан минь... юу болсон гэж сананаа! Хүү яах ийхийн зуургүй дарцаглан хийсчих нь тэр. Тэр аймшигт Соолог цамхгаас шүү дээ. Тасхийтэл, өөрөөсөө цочтол хашгирсан боловч дуу нь сонстсонгүй ээ түүнд. Гайхахдаа уйлах гэсэн ч нулимс байдаггүй. Нэг л мэдэхэд хар хурдаараа Соолог цамхгийн шатыг алгасан харайлгаж явлаа. Бууж ирээд тэр юу үзэв ээ, Бурхан тэнгэр минь, нөгөө муу хүү... Яаж байгаа нь энэ вэ гэж хашгиравч нэгэнт оройтжээ. Гэвч хашгирсаар л. Аймшигтайяа цурхиран, хамаг биеэ базлан, өр цоортол халаглахыг нь харсан хэний ч элэг эмтэрч, энэ яваа насандаа мартахааргүй яс маханд нь хадагдан үлдмээр энэ зургийг хүмүүс үл хайхран бяцарч нас барсан хүүгийн дээрээс шавах аж. Гэвч хожим хүмүүс хүүг ээжтэй нь хамт оршуулахдаа ч, оршуулгын цувааны ард мань хий үзэгдэл толгойгоо ганзагалан амьгүй биеэ чирэн алхаж явахад нь ч анзаараагүй билээ.
Оршуулгын цуваа Афас гудамжны Таатрын чөлөөгөөр өнгөрөх үес хатагтай Г цонхныхоо нүсэр хөшгийг үл мэдэг хөдөлгөн гунигтайяа ширтэн зогсохыг хий үзэгдлээс бусад нь бас л хараагүй юм. Толгойгоо эсвэл дээш нь өргөж хязгааргүй тэнгэр рүү сунгаж, эсвэл ганзагалаад өөрийгөө бүрмөсөн мартан алхаж явах үест гэнэтхэн Тэр хатагтай Г-г хараад зогтусч, тэгэхэд л өөрийгөө хэнд ч хэрэггүй амьтан гэдгээ зүрхээ урагдтал мэдэрч энэ ертөнц болоод үзэн ядагч хүмүүстэйгээ салах ёс хийсэн. Гэхдээ өнөөдрийг хүртэл салаагүй л яваа нь гайхмаар. Учир нь тэр яаж салж хагацахаа мэддэггүй билээ. Хүслээр болдоггүй хяслант орчлон гээд л хүмүүсийг ярихад тэр ямар ихээр инээж, элгээ хөшөөж тэднийг шоолдог байлаа даа. Хачин юм шүү. Болдоггүй юм гэж байдаггүй гэж боддог залуу байсан билээ тэр. Гэтэл ертөнц гэдэг мэддэггүй юмаар дүүрэн ажээ. Үгүйдээ л гэхэд энэ муу хүүг хар л даа. Хэн түүний нууцыг мэдэх юм бэ, надаас өөр гэж үглэх тоолондоо Тэр мөнөөх хүүд харамсч өөрийн эрхгүй хөндий цээжний цаанаас хэнгэнэтэл нэг санаа алддаг билээ. Тэгэхдээ тэр хүүг сэрсэн болов уу гэж дандаа боддог юм. Сэрэхэд нь ээж нь дэргэд нь байсан байгаасай гэж бурхандаа залбирдаг болсон сон. Бурханд тэр өмнө нь хэзээ ч залбирч үзээгүй билээ.

Tuesday, May 20, 2008

ТАКСИНЫ ЖОЛООЧИД ГӨВҮҮЛЧИХЛЭЭ


За хө өнөөдөр чинь харин намтар түүхтэйхэн шиг эхэлж байна шүү. Таксины жолоочид зодуулж нүдүүлсэн шиг ажил дээрээ ирдэг юм байна би гэдэг хүн. Гадны хүнээр гар хүрүүлснээ тэмдэглэж арынхаа бааранд аяга кофе, нэжгээд тамхи угсруулчихаад ажил дээрээ орж ирлээ. Одоо л нэг овоо зүгшрэх маягтай болчихоод гар хурууны салганаа жаал намдмар аядаад сууж байна даа хө. За тэгэхээр ийм юм болсон юм аа. "Од" кинотеатрын хажуугаас Сүхбаатарын талбайн баруун үзүүрт байх ажил дээрээ ирэх гэж нэг такси барьдаг юм байна. Таксины жолооч шаал хөдөөний нэг "гар" орж суусан цагаас эхлээд л орчлон хорвоогийн юм хамж шимж бураад, дуугай яваад байсан чинь харин бүр давраад онгод нь орсон бөө шиг сүүлдээ бүр п---гээр эхэлсэн хараалыг өгүүлбэр бүртээ хавчуулаад эхлэнгүүт нь тэсвэр тэвчээрийн хүлээс тас үсрэнэ биз дээ. "Чи ямар их юм ярьдаг юм бэ" гээд аваад хаячихлаа шүү. Тэгсэн харин мань хүн п---гээ шууд над руу хандуулаад шүлстэйгээ цуг үсэргэчихдэг юм. За за дүүрсэн хэрэг, 500 метр хүрэхтэй үгүйтэй зам үлдчихээд байхад харайж буугаад яахав гэж шийдээд нүдээ таг аниад шүдээ тас зуучихлаа. Амнаасаа ахиад хий ч гаргасангүй. За тэгээд ашгүй ажлын үүдэн дээр нэг юм ирээд 1000 төгрөгөө гаргаад иртэл 5000 гэдэг юм даа харин ч гэж /гарч өгсөн байгаа биз/. Өгнө өгөхгүй гэж хэсэг зууралдсаны эцэст тас гээд л явчихсан чинь мөрөн дундуур татаад авдаг байгаа. Далан дундуураа татуулсан ÷игээрээ л бас л амнаасаа хий гаргалгүй үсрээд буучихаж байгаа хүнийг та нар яах юм айн? Ийм л юм болсон юм даа. Өөр юу ч болоогүй... хэ хэ хэ

Wednesday, May 7, 2008

Их Ялалтын ойд


МАНА УУЛ МАНАЙХ БАЙСАН

Zarlaagui dainy orshil
Мөнх тэнгэр энх цагийн өнгөөр цэлмэж дарийн утаа ханхалж байсан Дорнын талд өнөөдөр цэцэг ургажээ. Гэсэн хэдий ч баяр гунигийн нулимс хаталгүй 68 жилийн босго давав. Өнөөдөр ялалтын баяр хэмээн тэмдэглэж байгаа Халхын голын 68 жилийн түүхт ойд амьд гэрчүүд нь очиж чадалгүй хэвтэртээ тойлуулж байгаа нь сэтгэлд нэн эмзэг. Цагаатсан түүхийн хуудсыг энх цагийн салхи сэвэлзүүлж байгаа энэ баярын өдрүүдэд хөндүүр бяцхан дурсамж сөхмөөр санагдлаа. Халхын голын байлдааны талаар нүдэнд харагдтал ярьсан нэгэн буурлын тухай эргэн санахул тэр дайн өнөөдрийн бидэнд мартагдах учиргүй үйл явдал байсныг дахин хэлэх зорилго агуулсан юм. "Мана уул манайх байсан…" гэх харууслыг үл дурдаад Халхын голын байлдаанаас эргэж ирээгүй, ирсэн нь гавьяагүй үлдсэн хэсэг журамт хүмүүсийн тухай баримт түшин дурсъя. Халхын голын байлдааныг 1939 оны есдүгээр сарын 16-нд ЗХУ, Японы Засгийн газар хоорондын тохиролцоогоор зогсоосон түүхтэй. Харин энэ өдрөөс арваад хоногийн өмнө Мана уулын орчимд Япон цэргүүд гэнэт ороод ирсэн гэдэг. Тэр цэргийн хүчийг устгах, хөөн зайлуулах тушаал аваад 22 дугаар морьт хороо Мана уулын хавьд 100 гаруй км марш хийж очжээ. Гэхдээ цаг агаарын байдлаас шалтгаалаад хугацаанаасаа нэг хоног хоцорч хүрсэн байна. Гэвч Япончууд ард талаасаа хүч татсаны улмаас 22 дугаар морьт хороо Нөмрөгийн гол хүртэл ухарсан байна. Яг энэ үед хэлэлцээр ёсоор дайны гал зогсож, хил дээр буун дуу гаргаж болохгүй гэсэн тушаал иржээ. Ингээд Мана уул Япончуудад эзлэгдсэн чигтээ хилийн цаана үлдсэн түүхтэй. Үүнийг л урвасанд тооцож хээрийн шүүхээр тус хорооны дарга, их бууны батарейн захирагч, комиссар гуравт нь ялын дээд хэмжээ оноосон байна. Хорооны дарга Бадарч нь "Би ямарч буруу хэрэг хийгээгүй" гээд амь гуйлгүй үрэгдэж, нөгөө хоёр нь амь өршөөгдсөн байдаг. Сүүлдээ 22 дугаар морьт хороонд алба хаасан хүмүүс айгаад тэр хороонд алба хааснаа хав дарж гай ч үгүй гавъяа ч үгүй үлджээ. Энэ тухай баримт материал ч олдохоо больсон гэнэ. Үүний араас нэлээд анхаарал тавин хөөцөлдсөн хүн бол Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний ажилтан, доктор Д.Гомбосүрэн гуай. Тэрээр хожим хойно Оросын архивын материалууд дээр ажиллаж байх үедээ үйл явдал хэрхэн өрнөсөн тухай үнэн баримтыг үзээд хөрсөнд нойрссон алдартнууддаа харуусан энэлж байсан тухай өөрөө ярьсан байдаг юм билээ. Халхын голын байлдаанд өдөрт дунджаар 580-600 хүн амь үрэгдэж байсан бөгөөд бүрэн бус мэдээгээр нийт 130 гаруй мянган хүн амь насаа алджээ. Түүхт ялалтын 65 жилийн ойд зориулан хийлгэсэн хэвлэлийн бага хуралд оролцсон судлаач эрдэмтэд энэхүү баримтыг сая анх удаа дурдсан юм. Дайнд оролцогч талуудын гаргасан хохирлын талаарх тоо баримт зөрчилтэй байдаг ч манай судлаачдын дэвшүүлж байгаа дээрх тоо үнэнд нэлээд ойртсон хэмээн ахмад дайчид нотолж байгаа юм. Япон улсын зүгээс манай улсыг өдөөн хатгаж эхэлсэн 1935 оноос хойшх 10 жилийн хугацаанд тухайн үеийн ханшаар 321 сая төгрөгийг хожим нь манай улс Японоос нэхэмжилж байжээ. Халхын голын байлдааны ялалтын ойг 1959 оноос хойш тэгш тоотой жилүүдэд тэмдэглэж ирсэн. 1980-аад оны дунд үе хүртэл Монгол-Зөвлөлтийн ард түмний найрамдлыг бэхжүүлэх хүрээнд тэмдэглэдэг байв. Орос улсад өөрчлөн байгуулалт, ил тод байдал, ардчилал эхэлснээр зөвхөн Монгол Орос хоёр улсын хэмжээнд бус уг байлдаанд оролцсон улс орнууд тэмдэглэх болжээ. 1989 оноос хойш Орос, Япон улсад тус бүр нэг, манай улсад хоёр удаа Халхын голын ялалтын ойг тэмдэглэж, гурван орны түүхч эрдэмтэд, төлөөлөгчид оролцсон эрдэм шинжилгээний хурал хийлгэсэн байна.

Tuesday, May 6, 2008

БЯМБА, НЯМД ТӨРӨГСӨД СОНГУУЛЬД ЯЛААСАЙ...


Сонгуульд нэр дэвшигч ням гаригт төрсөн бол та түүнийг сонгоход их алдахгүй. Учир нь ням гаригт төрөгсөд олон нийтэд баяр баясгалан авчрах чадвартай, бүтээлч, гэгээлэг хүмүүс байдаг. Харин бямбад төрсөн хүн хатуу зарчимч, ах захаа мэддэг, уламжлалыг баримталдаг бөгөөд улсын хөрөнгөнд гар дүрэхээс хамгийн их болгоомжилдог хүмүүс байна. Тэд хуулийнхан буюу эдийн засагчид, цэргийнхэн байх нь элбэг. Пүрэвт төрсөн хүмүүс идвэл ч идсэн шиг иддэг, хийвэл ч хийсэн шиг хийх далайцтай сэтгэлгээний эзэд байдаг. Баасанд төрөгсдийг бусдаас илүү ганган хээнцэр байдлаар нь таних бололцоотой. Тэд тав тухыг эрхэмлэдэг хүмүүс юм. Хүсвэл бусдад ч тухтай амьдрах нөхцлийг бүрдүүлж чадна. Мягтар гаригт төрсөн хүний од энэ жил гийж буй, сонгогдох магадлал өндөртэй ч тэд хувиа бодох, түрэмгийлэх занг түлхүү гаргах хандлагатай. Даваад төрсөн хүмүүс илүү хүнлэг, зөөлөн, олны төлөө буян үйлдэх сэтгэлтэй, тийм ч зорилготой хорвоод ирсэн улс байдаг. Лхагвад төрсөн хүмүүс хийхээсээ илүү ярих магадлалтай. Тэдний сайн тал нь хуучин үзэл бодолтойгоо улиг болтол зууралдаггүй...
Зурхай судлалд 20 орчим жилийн амьдралаа зориулж, “Зүүдээ тайлцгаая”, Тасалгааны цэцэгсийн найрсал”, “Хүний далд шинжүүд”, “Эрдэс чулуулгийн ертөнцийн нууц шидүүд”, Хүмүүн ургамлын хаант улсад”, “Тасалгааны ургамлын нууцууд” зэрэг сонирхолтой ном зохиол туурвисан Елена Мазовагийн “Төрсөн өдрийн төөрөг” хэмээх номонд ийн бичжээ. Уг номыг сэтгүүлч, яруу найрагч Б.Одгэрэл монгол хэлнээ хөрвүүлснээ саяхан хэвлүүлсэн байна. Төрсөн өдөртөө тохиосон гаригаар өөрийн ирээдүйг мэдэж болох, өөрийн ажил хэргийг яаж төлөвлөснөөр дээд зэргийн ашигтай ажиллах, таны хүүхэд хэн болж өсөх хийгээд тэднийг хэрхэн хүмүүжүүлэх нь зохистой тухай, таны гэр бүлийн аз жаргалтай байх нөхцөл боломж, хань нөхрөө хэрхэн ойлгох тухай олон асуултынхаа хариуг эл эл номоос олж болох юм. Мөн энэхүү ном нь гаргийн долоон өдрийн таны амьдралд нөлөөлдөг нөлөөллийн энгийн бөгөөд гайхалтай тогтолцооны тухай танд хэлж өгөх болно. Тэрчлэн та “Төрсөн өдрийн төөрөг”-ийг уншсанаар өөрийн болон ойр дотныхон, найз нөхдийнхөө ирээдүйг зөгнөн хэлж чадахаас гадна тэдэндээ төрсөн өдрөөр нь өгөх төгс бэлэг болж чадах юм. Зурхай бол мэргэ төлөг бус ши нжлэх ухаан гэдэг нь нэгэнт батлагдсан зүйл учраас та эргэлзэлгүйгээр номоо уншаад ирэх өдрүүдээрээ баталж болох билээ.
Нийтийн тээврээр зорчигсод болон сурагчдад зориулж бяцхан наргиантай байдлаар гаргасан долоо хоногийн прогнозыг та бүхэнд сонирхуулъя. Лхагва гаригт зорчигчид автобус унаанд “туулйачлахад” хялбар байдаг. Кондукторын зүгээс ч өршөөлтэй хандана. Харин бямба гаригт тэр талаар санахын ч хэрэггүй. Мягмарт кондукторын зүгээс ширүүн дайралтад өртөж мэднэ. Ням гаригт төрсөн хүмүүс харилцан найрсаг байж аливаа хүндрэлийг инээдэм наргиа байдлаар өнгөрүүлж чадна. Даваад хүмүүс бие биедээ энэрэнгүй зөөлөн хандана. Баасанд суудал олж суусан нэгэн бусдад тавьж өгөх талаар бодохыг ч хүсэхгүй. Зогсож яваа хүмүүс суухыг маш их хүснэ. Пүрэвт ялихгүй маргааныг цагдаагаар ч шийдүүлж мэднэ шүү. Бямбад сурагчид хичээлээ давтаад нэг суувал босохоо мэдэхгүй байх вий. Даваа, баасанд хичээл дээрээ ч цонхоор харж мөрөөдөлд умбах магадлалтай. Лхагвад анги даа мэдэмхийрэх, уралдаж гар өргөх хандлагатай. Эсвэл бүр хичээлдээ хоцрох, сэмхэн таслах ч хүсэл төрөх вий. Пүрэвт бүгдээрээ эрдэмтэд шиг царайлна. Нямд хичээл номыг жинхэнэ сони рхолтой бөгөөд хэрэгтэй зүйл гэж гэнэт ухаарна.

Monday, May 5, 2008

МЭДРЭМЖ...


Цас бороо холилдон бударсан ертөнцийн буйдад

Цаг агаарын мэдээ сэрэл хүслээс шалтгаалж

Амьдрал хэцэн дээр тохсон хэврэг бөс мэт

Амьсгалах чимээ нь чихний дэргэдүүр өнгөрөхөд

Мөнөөх эртний моддын мөчрөөс солонго татаж

Мөнгөлөг дуут шувуун цээжний гүнээс алдармой

Sunday, May 4, 2008

ААВАА ДУРСАХУЙ...


1999 оны 5-р сарын 5. Аав нас барлаа. Энэ өдрөөс эхлэн миний амьдрал урьд байгаагүй тийм гунигтай, эль хульхан болчихсон юм. Мэдээж хэрэг, би өдөржингөө л инээж баясаж, хүмүүсийн дунд аз жаргалтай байх боловч сэтгэл минь нэг л их санаа алдамтгай болчихсон. Би аавын хайртай охин байлаа. Хэн ч намайг өнөөдрийг хүртэл аав шиг минь ойлгож, бас миний төлөө тэгж зовниж чадаагүй юм. Миний аав бусдаас ялгарах юмгүй тийм л нэг, эгэлхэн аав байлаа. Ард үлдсэн 20 жил минь аавтай дурсамжаар дүүрэн учраас л одоо надад сайхан санагддаг. Энэ гэрэлт он жилүүдийн “хаалтын ажиллагаан дээр” би тун ч хэцүүхэн байсан даа. Оршуулгын өмнөх өдөр үдэлтийн үгээ бэлдэж чадаагүй болохоор яг хагацахын өмнөх тэр агшиндНамрын бороо зөөлөн шиврэхэд аав минь дуртайНасыг нь зөөж буцсаар л байгаа шувуудад хайртайӨөрөө үхэвч орчлон үлдэнэ гэж надад хайртайӨдрөөс өдөрт холдсоор л яваа аавдаа би хайртай...гээд л нулимстай хоолойгоор уншиж билээ. Энэ шүлгийг нэг удаа захиан дээрээ бичсэнээс хойш аав минь их дуртай болчихсон юм /Тэр үед хараахан дуу болж амжаагүй байсан юм/ Надаар дандаа уншуулж, би ч дуртай уншиж өгдөг байсан. Тэгээд л сүүлчийн удаа, үдэлтийн агшинд аавдаа уншиж өгсөн минь тэр. Даанч аав хайртай шүлгээ үүрд сонсохооргүй холд одчихсон байсан... Үүнийг гэнэт мэдрэхэд зүрх минь анх удаа тийм гаслантайгаар шимширч билээ. Энэ бол аавгүй хорвоод эдэлсэн хамгийн анхны зовлон минь байлаа. Аавтай байхдаа би ямагт хүүхэд байсан. Аавгүй болсон тэр өдөр л би том хүн болчихсон юм. Хүүхэд байх үеийн тэр жаргалтай тэнэгхэн насныхаа төлөө би өнөөдөр нулимсаа барж сууна. Тэнэг насны дурсамж нэгийг ярья л даа. ...Нэг удаа аав намайг эргэж ирээд бид хоёр хотын төвөөр баахан явсан юм. Аав, хөөрхий минь сүүлийн үеийн сонин болох Ганаа, Бямбаа хоёр нь сургуулиас гарах гээд санааг нь зовоож байгаа, Орхон /миний хойд ээж/ жаахан утгагүй зан гаргаж гомдоодог болсон тухай аядуухан ярьж явлаа. Тэгээд бид хоёр 4-н замын тэнд нэг гуанзанд орж хоол идсэн юм. Би аавыг мухрын нэг жижигхэн ширээнд суулгачихаад өөрөө хоол захиалахаар явахдаа “аав ямар хоол идмээр байна” гэж асуухад муу аав минь -Миний хүү өөрөө л мэд. Юу ч яахав дээ гэж билээ. Тэгэхэд би арван хуушуур, хоёр аяга халуун цайтай авчирч тавьсан санагдана. Тэр үед энэ бүхэн тэгээд л өнгөрсөн боловч одоо эргэн санах бүхэндээ би өөртөө гомддог юм. Тэгэхэд би мөнгөтэй байсан мөртөө муу аавдаа нэг аятайхан шинэ, магадгүй урьд нь идэж байгаагүй тийм хоолыг нь аваад өгчихгүй яав даа гэж бодохоос хүн юмыг ямагт хожимдож санадаг юм байна даа гэж бодсон. Дэлхийгээс явчихсан аавыгаа нэг л өдөр эргээд эргээд ирэх юм шиг, урт холын аянаас ядрангуй мөнөөх л дүрээрээ ороод ирэх юм шиг санах юм. Тэгээд хэзээ ч ирэхгүй болсныг нь ухаарах бүртээ хамрын угаар шархирч, өр өвдөх юм даа. Амьд ахуйд нь санаагүй, амжаагүй бүхэн өнөөдөр надад хамгийн хүнд ял болж элгийг минь нухаж байна. Ганц ч өдөр аавыгаа ойлгох сон гэж хичээж байсангүй. Аавын минь бодож хүсэж явсан бүхэн өөртэй нь хамт халин одож... Гоё ганган бэлэг, үнэтэй чамин архи харагдахад аль анддаа бэлэглэх вэ гэж бодож явснаас бус аавыгаа нэг баярлуулчих юм сан гэж бодож байсан нь ховор. Хамгийн сүүлд би 1999 оны өвөл гараа хугалчихаад аймгийн төв рүү гэртээ харихдаа жижиг шилтэй нэг хөөрхөн гадаад архи авч очсон юм. Үүнийг Даваа эмчдээ /миний анхны хайр/ өгөх гэж байгаа юм гэж аавдаа хэлээд хоёр хоног гэртээ байлгаж байгаад гурав дахь өдөр нь түүнд аваачаад өгчихсөн. Тэгэх нь надад тааламжтай байсан хэдий ч муу аавдаа “Хүү нь танд авчирлаа” гээд өгчихсөн бол хөөрхий яаж баярлах байсан бол? Даваа эмч нэгэн цагт талархаад л өнгөрнө. Харин аав минь үүний төлөө насан туршдаа баярлаж үлдэх ч байсан юм билүү. Архиндаа биш л дээ. Миний аав архичин хүн байгаагүй... Бодохоос л нулимс бөмбөрөх ийм дурдатгалууд тун олон. “Сайн байна уу, миний хайртай ааваа” гээд л захиагаа эхэлдэг байсан тэр өдрүүд үнэхээр л аз жаргалтай байж. Ээжийн энэрэл хайраар дутан гуньж, мөнгө төгрөг, ахуй амьдралын аар саархнаар гачигдах тийм үе бишгүй л байдаг. Тэр бүхний төлөө би санаа алдаж зовлон гэж нэрлэдэг байлаа. Аавтай он жилүүд энэ зовлон надад хүнд л санагддаг сан. Гэтэл өнөөдөр орь зүрхэндээ ганцаардал нэрж сэтгэлээ, захидлаа хаяглах хүнгүй шимширч сууна. Гэвч ганц л юманд итгэж байна. Энэ ч бас... зовлон биш ээ...

/Аав минь тэнгэр болоод өнөөдөр яг есөн жил болж байна/

Thursday, May 1, 2008

НУТГАА САНААД БАЙНА


Сүүн урсгалт Хэрлэн мэлмий дагуулж бөмбөрнө

Сүйхэн цагаан уй элгэн дотуур өнхөрнө...