Загалмайтны шашны зүрх болсон Генуя хотоос Ромын пап ламын захидлыг өвөртөлсөн хоёр гэлэн Азийн гүн дайд дахь татарууд гэж нэрлэгдсэн Монголчуудын төрөлх нутаг тийш хөлгийн жолоо залжээ. Эзэнт гүрний зарлиг тушаал гуравхан хоногийн хугацаанд өртөө өртөө дамжин салхи мэт довтолгон гүрний өнцөг булан бүрт хүрдэг байсан хоёр тивийг дамнан тогтсон хэдэн мянган бээр уртаас урт замаар хоёр жил гаруй зовж зүдэн байж сая нэг Төв Азийн тэгш өндөрлөгт хүрчээ. Тэднийг энэ нүүдэлчдийн өвөрмөц ахуй байдал, зан заншил, нэн хүчирхэг байдал зэрэг нь үнэхээр алмайруулж байлаа. Бүдүүлэг гэж тооцогдож байсан энэ нүүдэлчид маш олон талаараа тухайн үеийн өрнөдийнхний гайхшралыг төрүүлж байсан юм. Цэргийн зохион байгуулалт, байлдах ур чадвар, тэсвэр хатуужил, төрийн тогтолцоо, өртөө улаа, худалдаа наймааны аюулгүй найдвартай зам, бас бусад бүх шашныг ижил тэгш эрхтэй хэмээн зарлан тунхагласан байдал Европчуудын хувьд цоо шинэ зүйл байлаа. Чухам тэр л үед Европчууд тэрс буруу номтон гэж мянга мянган хүнийг хотын төв талбайдаа шашны шүүхээр оруулж цаазалж, амьдаар нь шатааж байсан билээ. Ийм нөхцөл байдал улс хийгээд шашны оршин тогтнох боломж гэж үздэг байсныг бодож үзэхэд Монголчуудын эл байдал папын элчcийг үнэхээр цочин гайхахад хүргэсэн нь дамжиггүй юм. Монголчуудын эзэлсэн нутагт Монголын хүчирхгийг хүлээн зөвшөөрсөн олон шашин олон үндэстний эв нэгдэл бүхий Монголын Пактори буюу Монголын энх гэдэг ойлголт хэдийнэ буй болсон байлаа. Нүүдэлчид бусдын адил хэзээ ч суурьших шинжгүй, хуучны нүүдэл ахуйгаа түшсэн хэв заншилтай байлаа. Гэвч чухам энэ үеэс л бүх монголын хувьд хотжин суурьших анхны үйл явц хэдийн эхэлчихээд байсан юм....Дэлхийн чихийг дэлдийлгэсэн Хаан хотыг Хубилай Бээжинд цогцлоож байсан бол Дундад азийн Хүлэгүгийн улс мавритани уран барилгын гайхамшигт дурсгал болсон хотуудыг босгож, Бат хаан цоо шинэ ур хийц бүхий Сарай хотыг Оросын өмнөд нутагт өрнө дорны урчуудаар бүтээлгэж байлаа. Эзэнт гүрний хамаг тансаг, хүчирхгийн бэлгэдэл болсон Их Хар хорум хотыг Өгөөдэй хаан хорин жилийн дараа байгуулсан юм. Түүний дараа дараагийн хаад энэ үйлсийг үргэлжлүүлэн ертөнцийн бүхий л хүний харааг булаам баян тансаг, гайхамшигт хотыг нүүдэлчдийн эх нутгийн голт зүрхэнд асаасан юм. Үүнээс жаахан хожим боловч чухам л энэ нүүдэлчин Монголчуудын угсааны хаан Энэтхэгийн Агра хотод ертөнцийн долоон гайхамшгийн нэг Таж Махалын сүмийг хайртай хатандаа зориулан үнэнч хайр дурлалын бэлгэдэл болгон цогцлоон бүтээж байлаа. Суурин соёл иргэншилд төдийлөн таашаалтай ханддаггүй Монголчууд аажмаар суурин соёл иргэншлийн амин зүрх болсон хот байгуулалтад аажим боловч ихээхэн далайцтайгаар татагдах болсон юм. Папын захидлыг өвөртөлсөн Карпино, Жувейни гэх хоёр гэлэн Төв Азийн нутаг дэвсгэрийн дөнгөж зах руу орж явтал нэгэн гайхалтай зүйлтэй таарчээ. Тэдний өмнөөс уудам хөндий дүүрэн бүхэл бүтэн хот нүүж явлаа. Нүдэндээ итгэмгүй. Мянга мянган үхэр тэргэн дээр ачаалсан жижиг том үй олон нүүдэлчид. Хот бүхэлдээ аянчдын нүдний өмнө нүүдэллэн айсуй гэнэ. Энэ бол өрнөдийхний хувьд хэзээ ч харж байгаагүй цоо шинэ зүйл байсан юм. Харин нүүдэлчдийн хувьд энгийн л нэг амьдралын хэвшил. Тэдний хувьд хот гэдэг зонхилогч ноёд жанжнаа тойрон хүрээлсэн албат иргэдийн их нүүдэл. Ийм явдаг хот жилдээ хоёроос гурван удаа байнга нутаг сэлгэн нүүдэллэнэ. Аянчид нүүдэлчдийн энэ байдлыг тэмдэглэлдээ бичиж үлдээсэн нь бидний хувьд эртний нүүдэл хотын чухал судлагдахуун мэдээлэл болсон юм. Монголчуудын суурьшил эхэн үедээ ийм л байдалтай байж. Яваандаа улс гүрэн хүчирхэгжихийн хэрээр тодорхой тогтоосон нэг газраас удирдан залах шаардлага гарч суурьшиж эхэлжээ. Эхэндээ энэ үзэгдлийг олон монгол ноёд таалсангүй. Урьдын адил явдаг хотдоо тааваар суугаад өвсний соргог, усны тунгалгийг эрэлхийлэн нүүдэллэхийг илүүд үзэж байсан. Гэвч дэлхийн талыг атгасан монголчууд хүссэн ч хүсээгүй ч суурьшин амьдрахаас өөр аргагүйд хүрсэн билээ. Төв азийн тэгш өндөрлөгт эзэнт гүрнээ байгуулж хүчирхэгжиж явсан Хүннү, Уйгар, Кидан, Түрэг угсаатан өөр өөрийн хот балгадыг байгуулан суурьшихыг хичээж байсан ч чухамдаа Их Монгол улсын үед л энэ нь биеллээ олсон гэхэд хилсдүүлэг болохгүй. Энэ л үед Монголчууд ертөнцийн найман зовхис дөрвөн зүгт гайхамшигт хот балгадыг бариулж, өөрийн нутагтаа их хааны дөрвөн хатан болон их хааны өвөл зуны басхүү нийслэл хотоо байгуулж Хар Хорум гэж нэрлэсэн юм. Монголчуудын хамгийн далайцтай хот байгуулалт энэ цаг үед үлэмж хүчирхэгжсэн. Өнөөгийн малталтаар Хар хорум хот тухайн үедээ асар том байсан бөгөөд хот байгуулалт төлөвлөлт нь тэр үеийн хамгийн дэвшилтэт арга хэлбэрийг сонгож байсныг нотолдог юм. Цэвэр бохир усны шугам, хотын доторх цэцэрлэгжилт, дүүргүүд нь хэчнээн нарийн зохион байгуулалттай болохыг одоо ч илрүүлсээр байгаа. Бидний үед харамсалтай нь үлдэж хоцроогүй ч тухайн үедээ дэлхийн нийслэл хот гэдэг алдар нэрийг хүртэхүйц эрхтэй баян тансаг хот байжээ. Хубилай хааны байгуулсан Хаан хот буюу өнөөгийн Бээжин хотын эртний байгууламж судлаачдын сэтгэлийг ихээхэн хөдөлгөдгийн адил Хар хорум ч гэсэн тийм хот байжээ. Олон удаагийн дайн тулаан, харийн довтолгооноос болж балгас болсон хэдий ч энэ хот бол монголчуудын хот байгуулан суурьшиж ирсний хамгийн гайхалтай дурсгал билээ. ...Их Монгол улс задран бутарч зүг бүрийн Монголчуудын цөөнх хэсэг нь Төв азийн тэгш өндөрлөгтөө эргэн ирж байлаа. Гэвч тэд гар амар хөл хөсөр жаргасангүй. Төр засгийн эрх мэдлийн төлөөх тэмцэл улам ч гаарч, зон олон хөлд нь нэрвэгдэж байлаа. Түүхэнд энэ үеийг бага хаадын үе гэж гуниглан бичдэг. “Одтой тэнгэр орчиж олон улс байлдаж...” гэх нууц товчооны тэмдэглэл жинхэнэ биеллээ олж байсан юм. Хэдийгээр Их Монголын нэр сүр, хүчирхэг байдлыг дахин буй болгох гэсэн олон удаагийн оролдлого гарч байсан ч үр дүнд хүрэхгүй байлаа. Монголчууд Батмөнх даян хааны үед хоромхон зуурт ч гэсэн эв нэгдлээ хадгалж чадсан боловч түүний дараагаас бутарч дахин сэхэл авсангүй. Цаг үе ээдрээтэй хэцүү бэрх байлаа. Өмнө зүгээс манжууд Монголын тусгаар байдлыг эвдэхийг санаархаж эхлэв. Монголчууд шашны доор нэгдэх гэсэн оролдлого хийхийг хичээлээ. Чухам энэ л үед Түшээт хан Чахундорж өөрийн таван настай хөвгүүн Занабазарыг Монголын анхдугаар Богдод Монгол уулын өвөр, Бага Монгол уулын арын Ширээ цагаан нуурын хөвөөнд өргөмжлөв. Ингээд Автай сайн ханы авчирсан Чингис хааны асаасан анхны голомтыг галтай зултай нь хамт авчирч тусгайлан зассан тахилгын гэрт байрлуулав. Ингэж монгол түмний гал голомт Ширээ цагаан нуурт бадамлав. Шар бөсийн орд гэж түүхнээ алдаршсан энэ орд ийнхүү Монгол түмний гал голомт ариун газар хэмээн нэрлэгдсэн билээ. Өнөөгийн Монгол улсын их нийслэл хотын үүх түүх ийнхүү Чингис хааны асааж, Өэлүн эхийн үлээн хөгжөөсөн ариун галаас бадамлан гурван зуун 368-дахь жилтэйгээ золгон байна. Зургаан жаран илүү насалж буй нийслэл хот маань энэ зуур олон арван удаа нүүдэллэсний эцэст өнөөгийн Хан уулын ар хормой, хатан тунамал Туулаараа эмжээрлүүлэн оршин тогтносон билээ. Салхины эх нь дээр, усны тунгалаг нь дээр, уулсын нөмөр нь, ургамлын шимтэй нь дээр хэмээн шинжсэн Хүн чулууны энэ хөндий язгуурын нүүдэлчдийн хэзээний амин сүнс болсон нутаг байлаа. Хүрэл зэвсгийн үеэс энд нүүдэлчид нутаглаж утаат тулгандаа аргил саргил галаа асаан эргэл боргил цайгаа чанан, сүү идээнийхээ дээжийг өргөн барьдаг байж. Дотооддоо эв нэгдэлгүйн улмаас хамаг улсаа хагацаасан Түрэгийн мэргэн Тоньюк жанжин гомдол ухаарлынхаа үгийг энэ нутгийн хад асган дээр сийлэн үлдээсэн байна. Чингисийн өмнөх үеийн хамгийн хүчирхэг хаан Хэрэйдийн Тоорил ван чухамдаа энэ л Туулын хар шугуйд их улсынхаа хот балгадыг босгож байжээ. Манжийн цэрэгт ялагдсан Галданбошигт хаан чухам л Хан уулын битүү ширэнгэ ой модонд амь нас юугаа даатган гансарч явсан нь эдүгээ монгол хүн бүрийн сэтгэл зүрхэнд уяатай бий. Харийн түрэмгийлэгчдээс эх нутгаа чөлөөлж яруу алдраа дуурьсгасан Сүх жанжны цэргийн их уухайг энэ буурал газар шороо мартаагүй. Буурал түүхийн нугачаа болгонд Монгол түмнийхээ гомдол гуниг, өөдлөн дэвшихийн дуу цуурайг хадгалсан Хан уул, Хатан Туул минь ирээдүйн Монгол түмний бахархал, хөгжил дэвшлийг ширхэг чулуу, дусал ус, сэвэлзэх салхиныхаа эрчлээнд сийлэн үлдээх биз ээ. Монгол түмний заяа буян өндөр байж монгол төрийн сүлд их хааны асааж, хатан эхийн үлээн хөгжөөсөн гал мэт үргэлж өөдрөг байж монгол түмний их нийслэл Улаанбаатар минь хөгжин дэвжих болтугай.
2 comments:
Хурай хурай...
Нээрээ өөдрөг сайхан бичлэг байна шүү. Хурай хурай. Тэр ерөөл бат орших болтугай.
Post a Comment