Эрт дээр үеэс эрхэмлэн тэмдэглэсээр ирсэн Монголчуудын үндэсний баяр-Эрийн гурван наадам ЮНЕСКО-гийн соёлын өвд бүртгэгдлээ.Эрийн гурван наадам нь биеийн тамир спортын шинжтэй, зан үйлийн хэлбэртэй, ардын урлагийн зүйлсийг хослуулсан уламжлалт ёслол юм. Энэ баяр наадмын үед эр хүний хүч самбааг сорих бөхийн барилдаан, нум сум харвах эрдэм, хүлэг морины хурд сорих тэмцээн тусгай ёс журмын дагуу болдог. Спортын энэ гурван төрлийг үзүүүлэхдээ эртнээс уламжилж ирсэн дэг жаягийн дагуу тусгай хувцас өмсгөл хэрэглэн зан үйлийн хөдөлгөөн хийж магтаал шүлэг хэлдэг байна. Мөн шалгарч түрүүлсэн хүчит бөх, мэргэн харваач хурдан морьдод уран цэцэн хэллэг бүхий үгтэй цол чимэг олгодог юм. Эрийн гурван наадам нь тусгай болзол шаарддаггүй, оролцох хүсэлтэй хүн бүхнийг чөлөөтэй хамруулдаг туйлын ардчилсан хэлбэр агуулгатайгаараа онцлог юм. Энэхүү баяр ёслолыг эрт дээр үеэс уул усаа тахих, дайн тулаанд мордох, ялаад эргэж ирэх, төрийн тэргүүн суулгах, Цагаан сар, томхон найр хурим зэрэг тэмдэглэлт үйл явдлыг тохиолдуулан янз бүрийн сар улиралд хийж ирсэн уламжлалтай. Харин 1921 оноос хойш жил бүрийн 7-р сарын 11-нд Ардын хувьсгалын ялалтын өдрийг ёслон тэмдэглэж улсын баяр наадмыг хийх болсон нь зөвхөн цаг улирлын хувьд төдийгүй тэмдэглэлт үйл явдлын хувьд бүх ард түмний сэтгэлд нийцтэй, шинэ агуулгаар баяжсан төрийн ёслол болжээ.
No comments:
Post a Comment