“Цагаан сар” өнгөрч хөл хөлхөөн багасаад, эмээ агаа бид гурвыг тоодог хүн ховордоод, хаврын урт өдрүүд налайгаад ирэхийн үес Сэгсгэрийн сэтгэл доноголзоод эмээгийнхээ ханцуйнаас үг сүггүй дугтчаад эхэлдэг сэн. -Эмээж /эмээ ээж гэж байгаа юм/ гурвуулаа Давхар дэлгүүр явъя л даа. Та агаад гутал авч өгнө гээ биз дээ, агаад гутлыг нь авъя л даа /Агаагаар далимдуулаад өөртөө бас гоё юм авахуулчих санаа дотроо агуулаастай/. Нэлээд хэдэн өдөр дугтчуулж дугтчуулж эмээ маань агааг хичээлд нь явуулчихаад Сэгсгэрийгээ хөтлөөд Давхар дэлгүүр рүү хийсгэнэ дээ. Давхар дэлгүүр гэдэг нь тэр үед аймгийн төвдөө л Их дэлгүүр нь байсан юм. Эмээ авдраасаа дээл хувцасаа гаргаж хэрдээ л хөл болно. Шоопинг хийхийн өмнөх сэтгэлзүйн бэлтгэл бол лут аа лут. Муу Сэгсгэрийнхээ үсийг жавхайтал сүлжиж гоёж гоодоод сүйд болно. За тэгээд л том жижиг хоёр майга Давхар дэлгүүр хүртэл ам хуурайгүй гунганалдсаар орж явчихна даа.
Thursday, March 10, 2011
Wednesday, March 9, 2011
Цэцэнсод
Цэцэнсодын блог гэж нэг сонин ертөнц бий. Өгүүллэг, шүлэг бичдэг, өвөрмөц сэтгэлгээтэй залуу. Харин би түүнийг танихгүй, зөвхөн блог руу нь зочилдог байлаа. Сохор зураачийн тухай өгүүллэгийнх нь дор сэтгэгдэл болгон түүний нэрээр энэ шүлгийг бичээд үлдээсэн юм. Хожим нь бид танилцахаар нэг удаа уулзсан. Таалагдсан.
Цагаан өнгө ховхрон унахад
Цайр түрхэж сэлбэхээ болиод
Эдгэж эхэлсэн шархаа илбэн
Эмнэлгийн орон дээр үхмээр санагдахад
Цаг мөрний хөвөөн дээр
Цавчилгүй харуулдах хүлээлт мэт
Энэлэн манарах хөхөмдөг үдшийн
Эгшигт санааширал дөтлөн ирэхэд
Намрын зөрөгт навчис хуралдаад
Намайг хэдийнэ цаазалсан байнам
Сохор хүслийн мөрийг тэмтчин
Солиором орчилд нүдээ мартахад
Од сарны бүдэг чимээ
Огт оргүйн гүнд хангинах нь сонстоод
Даралтат хөгжим ганцаардан хашгирахад
Даруул дороос нь чамайг оллоо
Subscribe to:
Posts (Atom)