Monday, March 25, 2013

Архи залгихгүй амьдарч чадахгүй нь үү Сэгсгээр...



Архидаж айхтар заваараад байгаа юм алга л даа. Тэгэхдээ сүүлийн үед шоуны өдрүүд олшроод, дараа нь шогшроод, шартсан үедээ шантраад “Архи залгихгүй амьдарч чадахгүй нь үү Сэгсгээр” гэж хонгио толгой, ходоод гэдэстэйгээ хэрүүл хийгээд явж л байна. За тэр архидалт ч яахав байдаг л барааны саван, харааны шил, горооны зам. Хамгийн гол нь уусан шалтгаан нь агуу л даа. Урвайгаад, унжигнаад эхлэхээр нь усан нүдлэхгүй гэж гадуур зугаалан галт ус халбагдлаа ч гэх шиг. Хавар аа гэж...

 Нээрээ архидалт гэснээс тэртээ 2000 онд Вийкэнд ч билүү нэг амралт зугааны сонин дээр “Залуу яруу найрагчдаас хамгийн архичин нь Сэгсгэр, Лхамноржмаа хоёр” гээд биччихсэн байж билээ. Яруу найрагчаа ч алд даа. Тэгээд бас болоогүй ээ, муу Лхамаатайгаа архидах нь байтугай аятайхан аяга кофе аваад уучих ч мөнгөгүй, архи пиво амсаж үзээгүй ядуу оюутан байлаа шүү дээ тэгэхэд. Эвтэйхэн танилцчихаж ч амжаагүй, мэндийн зөрөөтэй үе. Харин хожим нь үеийн нөхрийн /Үеийн нөхөр л бичээ байлгүй дээ тийм завхарсан юмыг. Одоо болтол эзнийг нь олоогүй дэг/ ерөөлөөр Лхамаа бид хоёр мөн ч олон савж мөрөөдөл гунигаа ярьж дээ. Билэгтэй ерөөлийг бичиж үлдээсэн тэр нөхрийн адислалаар баарны мөнгө маань барагдалгүй өнөөдөрт ирсэн байх юм. Балгаж дундарч баларч ширгэлээ ч сэргээгдэх эрчим хүчний нөлөөгөөр сэгсрэгдээгүй юм шиг олдож байдаг баарны мөнгө ч дүүрч. Харин сүүлийн үед хагартлаа баяжиж хамаа намаагүй цацах их мөнгөтэй болохын дон шүглээд байна аа. Нэг л өдөр нэрээ мартталаа баяжчих юм шиг санагдаад байх юм. Санаанд багтаад байгаа юм ч болдог л хорвоо доо. Харин сажилж очвол хол юм тийм ээ. Гүйдэг юм билүү? Гүрээний судас, бүрээний шамсаа, хөлийн шөрмөс, хөлдүү булчин минь дийлдэг л байгаа даа...

1 comment:

Эртний анд. said...

Одоо л том хүн болох нь дээ ккк