Дайду хотыг дайлаар мордов
Урин
салхи сэвэлзсэн хаврын намуухан үдэш бэлтгэлийн өмд цамц, саравчтай малгай,
аяллын үүргэвчээр ижилссэн оюутан залуус тал бүрээс такси хүлэглэн Хөххотын галт
тэрэгний төв буудал дээр цуглалаа. Монголын оюутны спортын “Универсиад-3” их
наадмын Азийн бүсийн тэмцээнд хүч сорихоор шигшигдсэн Хөххотын монгол оюутны
баг Бээжинг зорих аялалдаа дөрөөлж буй нь энэ.
Дөрвөн жилд нэг удаа зохиогддог, оюутны олимп хэмээн алдаршсан “Универсиад” их наадмын Азийн бүсийн тоглолт энэ жил Бээжинд, Европийн бүсийнх нь Москвад болж байгаа билээ.
Дөрвөн жилд нэг удаа зохиогддог, оюутны олимп хэмээн алдаршсан “Универсиад” их наадмын Азийн бүсийн тоглолт энэ жил Бээжинд, Европийн бүсийнх нь Москвад болж байгаа билээ.
Өвөрмонголын
таван их сургуульд суралцаж байгаа Монгол
улсын 2000 гаруй оюутнаас шилэгдсэн 33 тамирчин, багийн ахлагч, нэг сэтгүүлч
энэ удаагийн Универсиадад оролцохоор
Хөххотоос мордсон юм. Хөххот дахь Монгол оюутны холбооны дарга, Өвөрмонголын аж
үйлдвэрийн их сургуулийн магистрант Доржоор ахлуулсан Хөххотын шилдэг тамирчдын
багт багтан, шийдмэг алхаатай нь хөл нийлэх хувь тохиосонд ихэд олзуурхаж явсан
би вээр хоёр өдрийн дараа хоолойгоо сөөтөл балиашигдаж, хос хосоороо ирэх
медалиудаа тоолж суух юм гэж даанч төсөөлсөнгүй ээ. Энэ тухай хойно нэгэнт
дурдах тул түр алгасаад Хөххотын төв вокзал дээрээ буцаж ирцгээе.
Үүргээ ухамсарлаж,
үүргэвчээ үүрсэн тамирчид маань галт тэрэгний буудал дээр гар гараасаа атгалцан
танилцаж, бие биедээ амжилт ерөөгөөд Бээжинг дайлаар мордлоо. Азийн бүсийн
тэмцээн энэ удаа сагс, шатар, ширээний теннис гэсэн спортын гурван төрлөөр
явагдах ажээ. Сагсны эрэгтэй, эмэгтэй баг, сэлгээний тоглогчидтойгоо нийлээд 20
гаруй хүн гэдэг, тоо байнд нь зовниж толгой сэгсрэхээргүй дориун сонсогдоно.
Өвөрмонголын их сургуулийн оюутан, теннисний олон улсын хэмжээний мастер Л.Алтантулгыг
бид багийнхаа “Алтан гадас” хэмээн тооцож байсан боловч тэрээр олон улсын
тэмцээнд оролцох урилга өвөртлөн европийг зорьжээ.
Ингээд Алтантулгатай ач тач үзэлцдэг, Өвөрмонголын тариалангийн их сургуулийн
магистрант Маналсүрэнд теннисний бөмбөгийг “хашраах” даалгавар өгөв. Мөн төрөлд
оролцох Өвөрмонголын аж үйлдвэрийн их сургуулийн Сансар, Өвөрмонголын багшийн
их сургуулийн Баасанжаргал, Өвөрмонголын аж үйлдвэрийн их сургуулийн Тэмүүлэн
нарт “ханцуй шамлан хашраалцах” даалгаврыг хамтад нь үүрүүлэв. Харин оюун
ухааны спорт гэж өргөмжлөгддөг шатрын төрөлд оролцох тамирчдаа бид “Их
мастерууд” хэмээн анхнаас нь авгайлан хүндэтгэж, эвгүйтвэл эрүүдэн шүүх элдэв ял
зэмээс чөлөөлөв. Авхаалж самбаатай нь биш арга ухаантай нь хождогийг бодож
үүрэг хариуцлагыг нь сануулахын оронд үг дуугүй амжилт хүссэн юм. Шатрын төрөлд
Өвөрмонголын аж үйлдвэрийн их сургуулийн оюутан Ишигням, Энхболд, Өвөрмонголын
их сургуулийн оюутан Билгүүн, Гэрэлтуяа, Мөнхболд, Өвөрмонголын багшийн их сургуулийн докторант
Баярмагнай нар оролцохоор болжээ.
Олуулаа хүчтэй
2013 оны дөрөвдүгээр
сарын 27-ны бямба гаригийн өглөө. Бээжин хотын тавдугаар тойрогт орших
Бээжингийн биеийн тамирын их сургуулийн хүрээлэнд Азийн оюутны их наадамд
оролцогсдод зориулан манай ЭСЯ-ныхны бэлтгэсэн тусгай зочид буудалд суниан
сэрлээ. Хөххотын хавар Бээжингийн зунаар солигдсон ч Дундад улсын аль ч хотын
их сургуулийн хүрээний нөгөө л дасал орчин биднийг угтсан юм. Өнгө өнгийн
хувцасаар ижилссэн баг тамирчид өөд сөөргөө гүйлдэн, сурдаг хот, улсынхаа
нэрээр бүртгэлдээ дараалж, өглөөний ундаа уусны дараа Биеийн тамирын их сургуулийн
Спортын ордонд ирцгээж нээлтийн ёслолд оролцлоо.
Азийн
бүсийн их наадмыг зохион байгуулах комиссын дарга, Монгол Улсаас БНХАУ-д
суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Сүхбаатар арга хэмжээг нээж үг хэлэв.
Тэрээр үгийнхээ эхэнд, Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр зохион байгуулж
байгаа эл их наадамд оролцохын тулд хувийн хөрөнгө зардлаараа, хамгийн гол нь
спортод тэмүүлсэн чин сэтгэлээрээ зорьж зүтгэж ирсэн бүх баг тамирчиддаа
баярлаж талархаж байгаагаа илэрхийлээд тэмцээнд амжилттай оролцохын ерөөл
дэвшүүллээ. Түүнчлэн Монголын оюутны спортын “Универсиад-3” их наадмын Азийн
бүсийн тэмцээнд оролцож буй нь та бүхний оюутан насны нэгэн бахархал, цаашдын
амьдралд чинь он жилээр дурсагдах гэгээн үйл явдал болно гэдэгт найдаж байна
гэлээ. Мөн ноён Элчин сайд энэ удаагийн оюутны спортын “Универсиад” их наадам
урьд урьдынхаас өргөн хүрээг хамарч байгааг онцлоод тэмцээнийг амжилттай зохион
байгуулахад дэмжлэг туслалцаа үзүүлсэн байгууллагуудад талархал илэрхийллээ.
Монголын оюутны спортын “Универсиад-3” их наадмын Азийн бүсийн тэмцээнийг Улаанбаатар
төмөр замын Бээжин дэх төлөөлөгчийн газар, МИАТ компани, Эрдэнэт үйлдвэр,
Энержи ресурс, МАК, Голомт банк зэрэг аж ахуйн нэгжүүд ивээн тэтгэж, Бээжин дэх
ЭСЯ, Хөххот дахь ЕКГ, Бээжингийн монгол оюутны холбоо зэрэг байгууллагууд
хамтран зохион байгуулжээ. Тэмцээнд Хятад, Япон, Өмнөд Солонгос, Хойд Солонгос,
Сингапур, Тайвань зэрэг орон, БНХАУ-ын
Бээжин, Шанхай, Далянь, Хөххотоос нийт 150 гаруй тамирчин
дээр дурдсан гурван төрлөөр оролцохоор ирсэн байв. Азийн орнуудад сурч буй
монгол оюутнуудын их наадмыг Олон улсын шүүгч доктор Д.Жаргалсайхан, Д.Энэбиш
нарын нэр хүндтэй шүүгчид шүүхээр болжээ. Ийнхүү Бээжингийн биеийн тамирын их
сургуулийн Спортын ордонд Монгол Улсын төрийн дуулал эгшиглэснээр тэмцээн албан
ёсоор эхэллээ.
Тэмцээнд
оролцогсдын ихэнх нь хувийн зардлаар
ирсэн болохоор багууд харьцангуй цөөн гишүүдтэй байв. Харин Хөххот дахь Ерөнхий
консулын газар өөрсдийн баг тамирчдынхаа зардлыг бүрэн хариуцахын хамт Ерөнхий
консулын газрын консул Ж.Баярбаатар, атташе Б.Оргилбаяр нар биечлэн ирж багаа
дэмжсэн нь Хөххотынхон Бээжингийн дэвжээнд амжилтаар “гулгихын” ташуур болсныг
энд онцгойлон тэмдэглэх нь зүйтэй биз ээ. Юутай ч Хөххотынхон ОЛУУЛАА ХҮЧТЭЙ
байсан.
Манай
багийн мандан бадрал хийгээд дахин сэргэлт
Наадмын эхний
өдрийн анхны алтан медалийг Өвөрмонголын аж
үйлдвэрийн их сургуулийн оюутан Э.Ишигням авч, багийнхныхаа урмыг хөгжөөлөө.
Шатрын эмэгтэй тамирчдыг төрөлд Ишигням маань алт аваад зогссонгүй, мөнгийг ч
мөн манайх авчээ. Манай багийн хамгийн даруухан гишүүн, нүдээрээ инээсэн
хөөрхөн охин Ц.Билгүүн мөнгөн медаль хүртэж, тэмцээний гараа амжилттай эхэллээ.
Хүрэл медалийг Шанхай хотын их
сургуулийн оюутан Э.Мандухай хүртжээ. Нэг төрөлд эхний
хоёр байрыг Хөххот авчихсанд бусад орноос ирсэн тамирчид их л урам муутай
харагдана. Гэвч тэмцээн уралдаан гэгч хожиж хожигддог жамтайгаас хойш яах
билээ. Энэ үед сагсан бөмбөгийн тамирчид маань Спортын ордныг доргиож байлаа.
Дундуураа хөшгөн хаалттай хоёр их зааланд охидын баг, хөвгүүдийн баг зэрэг
тоглож байсан юм. Нас, чац ойр, нуруу туруугаараа илт илүүрхэх сагсан бөмбөгийн
эрэгтэй тамирчдаас нүдээ салгаж ядан, адуу шиг пижигнэх тэднийхээ аатай
тоглолтод орж явчихаад байж байтал “Охид хожлоо” гэсээр манай балиашгууд хүрч
ирэв. Энэ өдөр ээлж дараалан “Охид хожлоо” хэмээн сонссоор, үнэхээр л тухайн
өдрийн орой нь Хөххотын охидын баг нэг ч хожигдолгүйгээр түрүүлж удаахь алтан
медалийг багтаа авчирсан юм. Хоёр, гуравдугаар байранд Бээжин, Далянь хотын
шигшээ багууд орлоо.
Хөвгүүдийн баг тоглосоор л. Мөн хожсоор. Энэ халуухан үед
даруухан орж ирээд хөвгүүдийн амжилтыг дөгөөн алга ташиж зогссон Маналсүрэн
маань “Теннисний алтыг манайх авсан шүү” гэж палхийтэл мэдэгдэл хийх нь тэр. Манайх гэдэг нь Маналсүрэн өөрөө шүү дээ.
Эрэгтэй теннисний төрөлд эвгүй нөхдүүдтэй үзэж тарж байхыг нь хальт нэг харчихаад сагс руу
сандран харайж ирсэн би Маналсүрэнгийн хэнэггүйхэн хэлсэн “Алт”-нд хахаад, нэг
л мэдэхэд аваргынхаа гарыг атгаад хөшчихөж. Ингээд манайх гурван алтыг өдөрт нь
бөөндөж багаараа алтан медалийн эзэд болчих нь тэр. Ширээний теннисийн ганцаарчилсан тоглолтын
эрэгтэйчүүдийн төрөлд ийнхүү Өвөрмонголын Тариалангийн их сургуулийн Механик
инженерийн сургуулийн магистр Б.Маналсүрэн түрүүлж, хоёр, гуравдугаар
байранд БНСУ-ын Дэгү хотын их сургуулийн оюутан Г.Амартүвшин, Бээжин хотын
Газрын тосны их сургуулийн оюутан Г.Эрдэнэ-очир нар шалгарав. Ширээний
теннисийн эмэгтэйчүүдийн ганцаарчилсан тоглолтын төрөлд Бээжин хотын Умардын техникийн
их сургуулийн оюутан Б.Билэгжаргал аварга болж, хоёр, гуравдугаар байранд
Бээжин хотын Олон улсын худалдаа, эдийн засгийн их сургуулийн оюутан
Г.Дэлгэрцэцэг, Даляний оюутны шигшээ багийн тамирчин Б.Одончимэг нар
шалгарч мөнгө, хүрэл медалийн эзэд болов.
“Ажлаа эрт дуусгасан” охид маань хөвгүүдээ дэмжээд
Спортын ордныг нураах нь ээ. Хөххот хамаг медалийг хамаад эхлэнгүүт бүх балиашгууд
айлын талд урвачихаж. Эхний тоглолтууд дээр эвсэж нэгдээд сүйд байсан нөхөд
одоо Хөххоттой л тоглож байвал аль ч баг байсан шүгэлээ хадааж, шүлсээ
үсэргэхэд бэлэн болцгоочихсон, суудал дээрээсээ өндөлзөн орилолдоцгоож байх аж.
Азийн наадмыг ингэж нэгэн цул болтол нь зангидаж чадсан Хөхотын тамирчдаараа
бахархахдаа хэлэх үг олдохгүй, дэмий л охидынхоо дунд хүч нэмэн орилж зогслоо.
Хоолойгоо сөөтөл ориловч нэгийн эсрэг нэгдмэл дуу хоолойгоор түрэх нийт
балиашгийн нүргээн дундаас өөрийнхөө дууг олж сонсох аргагүй. Ийнхүү чих
дөжрөөсөн нүргээн дунд тоглолт өндөрлөхөд зааланд байсан бүх хүн Тайваний
багийг бүчин авахыг үзвээс тэд ялсан бололтой. Тэдний сүүлийн хоёр үеийн
тоглолтын бүх бөмбөг нь манай багийн алдааны торгууль байсан билээ. Ийнхүү
тэмцээний эхний өдрийн тоглолт шөнийн 00 цаг өнгөрөөн өндөрлөж тамирчид
буудалдаа ирж амарцгаалаа. Олон улсын шүүгчид Монголын оюутны спортын
“Универсиад-3” их наадмын Европийн бүсийн тоглолтыг шүүхээр маргааш нь Москва
нисэх байсан тул тоглолтуудыг ийнхүү “бөөнджээ”.
Маргааш нь Хөххотын багийнхны дахин сэргэлтийн өдөр
байсан юм. Ширээний
теннисийн хос тоглолтод Бээжин хотын шигшээ багийн тамирчин Г.Эрдэнэ-Очир,
Б.Билэгжаргал нар аваргалж, Хөххотын багийн Б.Маналсүрэн, П.Баасанжаргал
нар мөнгөн медаль хүртлээ. Японы оюутны шигшээ багийн тамирчид хүрэл медалийн
эзэд боллоо. Шатрын эрэгтэйчүүдийн тэмцээнд БНСУ-ын Их сургуулийн оюутан
Ц.Билгүүн түрүүлж, БНСУ-ын Үндэсний их сургуулийн докторантур И.Отгонбат,
ӨМӨЗО-ны Их сургуулийн оюутан Л.Баярмагнай нар мөнгө, хүрэл медаль
хүртэв. Мөн сагсан бөмбөгийн эрэгтэйчүүдээс Бээжин хотын баг түрүүлж, хоёр,
гуравдугаар байранд Тайваны Тайбэй хот, ӨМӨЗО-ны Хөххотын шигшээ баг шалгарч
мөнгө, хүрэл медаль хүртсэн юм. Ийнхүү манай багт ахиад гурван медаль
нэмэгдлээ.
Биеийн тамир мандтугай
Манай багийн
эмч Баярмагнай /Өвөрмонголын анагаахын их сургуулийн оюутан/ тоглолтын
завсарлагаар тамирчиддаа массаж хийн тэвдэх нь гамшгийн үеийн улаан загалмайн
тусламжийг санагдуулж, Багийн ахлагч-оюутны холбооны дарга Доржоо үгээ
хямгадан, нүдээ бэлчээн тоглолтын талбайг хянамгай гэгч “камердах” бөгөөд
байдал бишидсэн үед шүүгчдийн ширээний хажуунаас гэнэт ургаад гараад ирэх нь эгээ
л далдын хар малгайтыг санагдуулам. Өөр бас нэг илбийн малгайг нь оюутны
холбооны Галаа өмсөж, тайлж явсныг энд бас дурдууштай. Сагсны талбайд биш
миссийн тэмцээний тайзан дээр зогсож баймаар сайхан охид Амарзаяа, Анхмаа,
Болороо, Сайханаа, Өгөөмөр нар эр зоригийн спортын талбарт эршүүдээрээ
гайхагдмаар аж. Мөн Насаа, Жаргал, Болороо, Гэрэлээ, Мөөгий нараар бахархахгүй
байхын аргагүй. Тоглолтын явцад тасхийж унаад пүрштэй юм шиг ухасхийж босон үргэлжлүүлж
тоглох тэднийг харж цочирдох нь өөрөө үзвэр байлаа. Энхэр танхилхан энэ охидыг
хүртэл эршүүд болгож хувиргадаг спорт гэгч зүйл өөрөө ид шид ажээ. Энэ л үед
“Биеийн тамир мандутгай” гэж хашгирмаар санагдаж билээ. Манай сагсны хөвгүүд
бол тэр чигээрээ бахархал. Багшийн дээдийн Өсөхөөгийн гарт бөмбөг очсон л бол
харцаа шууд шийд рүү шилжүүлэх хэрэгтэй. Тэгэхгүй бол гоё юмнаас хоцорно. Бат-Оргилын
бүжиг, Батхүүгийн жүжиг, Баяраагийн дамжуулалт, Анхбаярын аархал, нөгөө
Өсөхөөгийн хурд, нөхөр Билгүүний хууралт, Гантулгын гараа, Гансэлэмийн хараа,
Эрдэнэжаргалын эрмэлзэл гээд л үзүүштэй харууштай баялаг тоглолт гаргана. Сагсныхнаас
бусад нь бие биенээ танихгүй, сагсныхан ч бусдыгаа танихгүй тийм л хэдэн нөхөд
хоёрхон хоногийн өмнө Хөххотын галт тэрэгний буудал дээр бүрэгхэн мэндчлэн
уулзаж байсан бол одоо хэдийнэ атгасан гар шиг баг болчихжээ манайхан. Энэ л
үед тэмцээний нээлтэн дээр Элчин сайдын хэлж байсан үг дахин нэгэнтээ
санагдлаа. “Монголын оюутны спортын “Универсиад-3” их наадмын Азийн
бүсийн тэмцээнд оролцож буй нь та бүхний оюутан насны нэгэн бахархал, цаашдын
амьдралд чинь он жилээр дурсагдах гэгээн үйл явдал болно гэдэгт найдаж байна”.
Тийм ээ, нэгэн өдөр танилцсан тэд насан туршаа нөхөрлөх биз ээ. Амжилтаараа
андалсан нэг багийн тамирчдын атгасан гарын илч маргааш маргаашид мартагдахгүй.
Биеийн тамир мандтугай.
3 comments:
Бээжингийн тэр нэгэн биеийн тамир спортын танхимд би байсан мэт сэтгэл хөөрөн байж уншив. Ямар сайхан уншууртай аян замын тэмдэглэл вэ гэхээс илүү ямар сайн үг сонголт, утга найруулгын уран холбоо вэ хэмээн гайхан шогширч сууна. Магад ганц явсан сэтгүүлч нь та өөрөө байсан буюу?
Баярлалаа Фрэнк. Би оюутан хөөн ккк
Баярлалаа Фрэнк. Би оюутан хөөн ккк
Post a Comment