Saturday, June 21, 2008

НУУЦЛАГ, ДОТНО ЕГИПЕТ ОРНООР

Тоосгоны зах, эсвэл бор ёотон...

“Онгоцонд яваа хүнийг амьдын ч тоонд, үхсэний ч тоонд оруулдаггүй” гэх үг нэг л ёозгүй сонсогдох авч эртний Египетийн их нийслэлийг зорьж яваа бидний хэсэг нөхөд аян замаа түүртэлгүй хороож, төсөөлөл, мөрөөдлийнхөө зүг яарч байлаа. Бээжингээс оройн 20 цагт ниссэн манай багийнхан Каирт өглөөний 6.30 цагт газардсан ч цагийн зөрүүнээс болж тэнгэрт 14 цаг аялжээ. Онгоцны цонхоор Кайр хот олон саарал тоосго шиг харагдах нь багад минь эмээгийн бор тагшинд хар цай дүүргэхэд уусч дүрсээ алддаг ёотонтой эгээ л адилхан санагдаж билээ. 20 сая гаруй хүнтэй энэ их хотод газрын өнгөтэй том жижиг бор саарал байшингууд завсар зайгүй эгнээстэй, эмх замбараа муутайхан уйтан давчуу гудамжуудад нь хормойгоо чирсэн египетчүүд хөлхөлдөж хорвоогийн амьдрал эрээнтэн байдаг нь гаднаас харсан хүнд бас л сонин зураг. Байнгын 40 хэмийн халуунд хар бараан өнгийн нүсэр хувцас, нүднээсээ бусдыг битүүлсэн гоо бүсгүйчүүл урт туушин өмсгөлтэй эрчүүл нааш цааш хөлхөх нь бидний хувьд үнэхээр харь, өөр ертөнц аж. Гэсэн хэдий ч Египетийн ард түмэн нэн найрсаг хүмүүс болох нь тэдний инээд алдсан харц, зөрж өнгөрөх гадныхны зүг элэгсэг нь аргагүй мэндчилэх сэлтээс шууд мэдрэгдэн, ахуйдаа зохицож аяндаа тайтгарсан сан.

Египетчүүд дээрээ гурван эзэнтэй

Тэдний толгой дээр гурван том эрх мэдэлтэн байх бөгөөд хамгийн дээд талд Аллах тэнгэр, түүний дор эртний их хаан, харин гурав дахь нь Египетийн нэгдүгээр хүн буюу ерөнхийлөгч Хосни Мубарак юм. Албан байгууллага, атар хөдөөгийн замын хажуу дахь том самбар гээд л хаанаас ч түүний асар том хөргүүдийг харж болно. Дээр үеийн орос Ладагаар орчин үеийн гадаадынхныг таван одтой буудалд нь хүргэхээр яваа найрсагхан египет жолоочийн энгэрийн халаасанд Мубарак ахын бурханчлагдсан хөрөг заларч явахад нэг их гайхах хэрэггүй. Бид ч бас 14 хоногийн сургалтын хугацаанд эрхэм Мубарактай хамт байснаа хэлэх хэрэгтэй. Египетийн том хэвлэл /хуучнаар манай “Үнэн” сонин гээд ойлгочиход болно/ Эль-Гомхуриа сонины газар дахь сургалтын танхимд тэрээр бас л биднийг угтаж, хичээж татуулсан инээмсэглэлт ихэмсэг хөргөөрөө Монголын чөлөөт хэвлэлийнхнийг “муухай харсаар” үдсэн юм. Хагас социалист эл оронд хэвлэлийн эрх чөлөө харьцангуй хумигдмал болох нь бидэнд хичээл зааж байсан докторуудын найрсаглан тайлбарлах зарим зүйлээс цухалзаж байсан. Египетийн сангаас буурай орнууд руу хандан хэрэгжүүлдэг хэмээн тунхагладаг ч үнэн хэрэгтээ улс орноо гадаадад сурталчлах үндсэн зорилготой сургалтын эл хөтөлбөрт хуучин социалист дэглэмд байсан СНГ-ийн гишүүн орнууд хамрагддаг байснаа сүүлийн жилүүдэд зөвхөн Монголтой “тулж ажиллаж” эхэлсэн тухай тэд ярьж байлаа. Өнөөдөр дэлхий нийт Ойрхи Дорнодын тухай мэдээ мэдээллийг зөвхөн АНУ-ын амнаас л сонсч, арабын ертөнцийн тухайд өрөөсгөл үзэл бодолтой байгааг засч залруулах үүднээс их гүрнүүдтэй илтээр холбоотон болоогүй, өөрсдийн бодлогоор бие даан хөгжиж байгаа “буурай” улсуудын хэвлэл мэдээллийнхэнтэй хамтран ажиллах бодол санаа эл сургалтын үеэр олонтаа цухалзах шиг болсон. Дээрх хугацаанд сэтгүүлзүйн болон ХАА-н чиглэлээр Монголоос нийт 750 хүн сургасан гэнэ. Египетийн нийгмийн байгууллаас социализм нэвт ханхлах хэдий ч эдийн засгаа зах зээлд хэдийнэ шилжүүлж, аялал жуулчлалыг тэргүүлэх чиглэлээ болгосон нь төрийн бодлогын бас л нэг ухаалаг давуу тал гэлтэй. Бид өөрсдийнхөө мэдэх хэмжээгээр л социализм хэмээн нэрлэж байгаа ч угтаа зөвхөн Египетийнх л гэмээр бие даасан, өвөрмөц хөгжлийн томъёололтой, алдаагаа ч гавъяа болгон ашиглаж чадах ухаалаг удирдагчидтай, сонин бүтэц бүхий нийгмийн байгуулал санагдсан. Энэ улсад үзэж харах зүйл элбэг. Агуу пирамид, сфинксээс эхлээд дэлхийн хамгийн урт гол Нил мөрөн Каир хотынх нь дундуур урсана. Нилийн эрэг дагасан жуулчдын хотхон, усан онгоцон дээрх ресторануудад нь орчин үеийн бүх үйлчилгээ байна. Аялал жуулчлалаас орох орлого нь тасралтгүй мөнгөний урсгал болон улсын сан хөмрөгийг зузаалж байдаг болохоор энэ талын үйлчилгээ нь түлхүү хөгжжээ. Алдарт Суэцийн сувгийнх нь түрээсийн жилийн орлого улсынх нь төсвийг бүрдүүлчихдэг гэсэн.
Шарм-Эль-Шейх

Кайраас 500 гаруй км-т Синайн байгалийн үзэсгэлэнт газарт байх Шарм-Эль-Шейх хот руу жуулчдын урсгал тасралтгүй хөвөрнө. Хоёр урсгалтай өргөн замаар уралдан довтлох машинуудаас нь л харахад тус улсын энэ бүс их хөлийн газар болох нь мэдрэгдэнэ. Кайрын нарийн гудамжуудад мөрөө хавчих нь холгүй чихэлдэн зөрдөг оросын Лада, Газ-24, Солонгосын жижиг автобуснууд, соната, элентранууд ард үлдэж дандаа орчин үеийн шил толь болсон хөнгөн тэргүүд, Хьюндайгийн том автобуснууд зөрж эхэлнэ. Шарм-Эль-Шейхийн байшин барилгууд ч Кайрын улигт саарал өнгөнөөс хагацаж цагаан цайвар өнгөөр сүлрэн угтана. Энд дэлхийн баячууд мөнгөө үрэхээр ирдэг. Улаан тэнгисийн эрэгт байх эл хотоос жуулчны баазууд салбарлан далайн эргээ даган цаашилжээ. Казино, диваажингийн усан сан, энэ улаан цөлд яаж байгуулав аа гэмээр цэцэрлэгт хүрээлэн, сүрлэн сүүдрэвчүүд, өнгө өнгийн цэцэгс гээд л нүд эрээлжлэм сонин сайхан зүйлс үргэлжлэх нь Газар дундын тэнгисийн эрэгт байх Алесандра хоттой эгээ л адилхан. Кайраас умард зүгт 300 орчим км-т орших Александра хотод бид мөн зочилсон билээ. Александра бол далайн эрэг дэх агуу цайз, түүхийн гэрч болсон барилга байгууламж, музей үзмэрээрээ имиджээ хийсэн Египетийн бас л нэгэн бахархал байсан юм. Харин Шарм-Эль-Шейх бол анагаах увдисаараа дэлхийд алдаршсан Улаан тэнгисийн эрэгт байрладаг давуу талаа ашиглан амралт сувиллыг түлхүү хөгжүүлсэн, хүмүүс жинхэнэ ядаргаагаа тайлахаар зорьж ирэх гайхалтай газар байв. Шарм-Эль-Шейхээс нааш Кайр орох замд тааралдах Синайн уулс нь ер бусын хэлбэр галбиртай, байгалийн пирамидууд байх бөгөөд архитектурчид энүүгээр явбал байгаль дахь уран барилгын эл цогцолборуудаас гайхамшигт санаа олж их хотод нүд баясгах зүйл олноор бүтээх байх даа гэж эрхгүй бодогдсон.

Үргэлжлэл бий

Thursday, May 22, 2008

АФАС ГУДАМЖНЫ ХИЙ ҮЗЭГДЭЛ

АФАС-1

…Ай бурхан минь, өлсөхийн ч зовлонгүй, цадахын ч зовлонгүй ямар таатай юм бэ! Биеэ орхин нисэж явахдаа ийнхүү баясаж үл бүтэхийн төвөгт сэтгэлээс ангижран хальжээ. Ийм жаргалтай, тэгээд бас ер бусын нисэлт байдаг тухай өмнө нь ер төсөөлж байсангүй. Тийн атлаа бусдад хэлэх сэн, үзүүлээд өгөх сөн гэх хүсэл ч төрсөнгүй. Хүсэхээ бүр мартжээ. Гагц хөвж, зөөлөн тийн хөвөхдөө нүдээ аньжээ. Үнэндээ тэр нүдтэй эсэхээ ч анзаарч мэдэхгүй байлаа. Юу ч бодохгүй хөвөөд л, нисээд л. Харин цутгалант харь тэнгисийн гүн аниргүй мандалд дөхөхдөө айдас гэмээр түгшингүй нэгэн мэдрэмж төржээ. Яг л зүрх базлах шиг. Гэвч буцаад дэвэх гар ч, бас хүсэл ч байсангүй. Зөнгөөрөө хязгааргүйд өндрөө алдан унаж, унах зуураа үйж байлаа. Гэвч хашгирсангүй. Үнэндээ тийм дуу хоолой түүнд нэгэнт үгүй болсон хойно хязгааргүйд айдас мэт доошилсоор. Харин тэртээ дээр өөрийнх нь адил биегүй хөвөрсөн нүүгэл сүнснүүд эмх замбараагүй, намуухан сүлжилдэн биесээ нэвтлэн одох нь үүлсийн нүүдэл мэт. Тэд ямар хувь тохиол, аль зүгийн салхиар хааш одож буйг хэн мэдэх билээ.
Энэ үес Афас гудамжны хий үзэгдэл хатагтай Г-ийн унтлаганы хувцсыг дэрлэн залхуутайяа зүүрмэглэж байлаа.

АФАС-2

-Надад их урамгүй байгаа ч би үүнийг танд хэлэх хэрэгтэй гэж шийдлээ. Би өөрийгөө хянаж чадахаа больсон… гэж бүсгүй яриагаа эхэллээ.
Хотын хамгийн хүндтэй хүмүүсийн нэг, хий судлаач эрхэм түүнийг анхааран сонсох зуураа “Манай хотын гайхамшигтай эмэгтэйчүүдийн нэг шүү дээ” хэмээн бодож байлаа. Гэвч тэр гайхамшигт бүсгүй нь хэдийнэ гайхамшгаа гээчихээд цөхөрч гүйцсэн хуурай үгсийг гамгүй унагаж байх юм. Байз, энэ гэхдээ хуурай үгс биш байна. Магадгүй тэр бүр догдолж орхиж. Анх удаа өөрийн цаазаа зөрчиж байгаа ч юм билүү? Нэлэмгэр бараан нөмрөгөө ичимдэг засаад бүсгүй үргэлжлүүллээ.
-Би өөрийгөө хэн ч биш хэн нэгнээс өөр гэж боддог байлаа. Гэтэл хэрэг дээрээ хэн ч биш болжээ… Профессор гайхалзан толгой сэгсрэхдээ “Энэ ч их хотын саарал амьдралд элбэг тохиолддог зуурдын хямрал даа” гэж бодож амжив.
-Бүх зүйлд итгэл алдарсан. Ингэхэд амьдрал минь ямар утгатайг ч мэдрэхээ болилоо. Үнэнийг хэлэхэд амьд явмааргүй... Тэглээ гээд үхээгүй л байна. Харин юунд итгэхээ мэдэхгүй юм. Афас гудамжинд нүүж ирснээс хойш бүр ч үгдэрлээ. Дурлал хүсэл юу ч алга…
Нээрээ л урамгүй яриа байна даа гэж профессор бодлоо. Харин тэр үйлчлүүлэгчийнхээ үгийг тасалж үүнийг хэлэх хүн биш.
-Та юунаас айдаг вэ хатагтай?
-Амьдрахаас-Худлаа даа. Та яг ингэж хэлэхдээ л мартагдахаас, дуусахаас айж байгаагаа мэдүүлчихлээ. Амьдралаас биш үхлээс айдаг юм байна та?
-Үгүй шүү. Би үхлийг аль хэдийнэ таньдаг болсон. Хүн танилаасаа хэзээ ч айдаггүй юм.
-Тэгвэл та сүнс мөнх гэдэгт итгэдэг үү?
-Бурхан минь, би танд хэлээд байна шүү дээ. Юун сүнс вэ! Би юунд ч итгэдэггүй.
-Таны итгэл дуусаагүй байна аа. Үгүйдээ л та надад итгээд ирж. Танд аврагдах хүсэл байна, тийм үү?
-Би үхэж чадахгүй байна шүү дээ?
-Амьдралаас авах ёстой юм чинь дутуу учраас л тэр.
-За яахав. Хүлээхийн тулд ядахдаа эм уух хэрэгтэй биз дээ?
-Одоо л зөв ярьж байна. Тэгэлгүй яах вэ хатагтай. Би танд туслах болно. Харин та ямар эм хүсэж байна?-Мартах. Бас царцах хэрэгтэй байна. Хүмүүсийг би үзэн яддаг болсон. Тэдэнд олзлогдмооргүй байна. Тэднийг дээрээс, бүр дээрээс нь хармаар байна. Ердөө л энэ.
-Ингэхэд та яг одоо тэднийг дээрээс нь харж байгаагаа мэдэж байна уу? -Эндээс гарангуутаа би тэдний дунд уначихна шүү дээ, тэр тайзан дээр нь.
-Хүн хүсэхгүйгээр унадаггүй юм. Та битгий хүс. Хүсдэгтээ л та тэнд байгаа юм. Хатагтай…
-Гайхалтай… гэж уурсан хэлэнгүүтээ бүсгүй ухасхийн гарч одлоо.
Салхи нь замхарч амжаагүй тасалгаанд профессор ганцаар үлдэхдээ юун тухай түрүүлж бодохоо мэдсэнгүй. Таатрын гайхамшигт хатагтай нарын нэг бардам зангаа таягдалгүй одсонд баярлах ч шиг. Гэсэн хэдий ч нэг л уйтай. “Энэ бүсгүй яагаад л хямраад байна даа” гэж бодох үес саяхан Афас гудамжны Соолог цамхагаас унаж нас барсан хөөрхий жаалхүү гэнэт санагдаж, Афас ч нээрээ л хачин гудамж шүү, нээрээ л хачин гэж бодлоо.
Хүүгийн оршуулга эхийнхтэй нь давхцаж хүмүүс нэг л хэсэг энэ тухай элдэв зүйлсийг ам мэдэн цуурцгаасан сан. Муу эхийг нь л хүүгээ аваад явчихлаа гэж ярьцгаасан даа. Таатрт Афас шиг хүйтэн чулуун гудамжууд бишгүй олон ч үргэлжид гайхал сэжгийг төрүүлж, үнэн худал нь үл мэдэгдэх жигтэй яриа хөөрөөний бай болсон нь ганцхан тэр л гудамж.
Профессорыг ийнхүү эрээн бараан бодлоо хөврүүлэн тамхиа татаж байх зуур хатагтай Г хөлсний тэргээр үүдэндээ ирж харуй бүрүй нөмөрсөн нэвсгэр үдэш дүнсгэр чулуун байшин руугаа шингэх мэт аниргүйхэн орж явчихлаа. Өндөр царсан хаалга торхийн нээгдэж, хуучны нүсэр тавилгатай сүүдэрт өрөөндөө яаралгүйхэн орж ирсэн тэрээр шууд л унтлагынхаа өрөө рүү зүглэн нэг гараараа гэрлээ асааж, нөгөө гартаа барьж явсан цүнхээ буйдан руу хайнгахан чулуудчихав.
-Ёо, ёо ёо! Нүүр, нүүр, миний нүүрэн дээр гэж цочмог хашгиран босч ирсэн Тэр хатагтайг шууд л багалзуурдан ноцолдсон боловч бүсгүй юу ч сонсоогүй мэт аажуухан эргэж том өрөө рүүгээ явлаа. Энэ явдал бараг л орой бүхэн давтагддаг ч ганц бие хатагтай өдрийн ажлаасаа өөрийг үл бодон тавлаг гэгч амарч тухлах нь түүнд дэндүү харгис ажээ. Энэ удаа ч хатагтай түүнийг анхаарсангүй.
Багалзуурдаад ч нэмэр болсонгүй шүү. Хоолойг нь шахаж байхад нөгөө тэнэг дуугаа аялж байна гээч. Юу болж байнаа энэ чинь. Уурандаа багтарч, дуугарч чадахгүй цөхөрсөн Тэр нөгөө буйдан дээрээ эргэж хэвтэн цурхиртал уйллаа. Бүр енгэнэтэл мэгших нь тэр. Харин хатагтай том өрөөндөө зурагт асаах сонсогдлоо. Удахгүй гал тогоонд нөгөө балиар бүрж амталсан хайриус загас нь шажигнан шарагдаж эхэлнэ дээ гэж бодоод Тэр бүр ч байж суух газраа олж ядан үсээ үгтээж байлаа. За энэ ч бүр дүүрсэн хэрэг. Шөнө тэр муу намайг яана гээч. Цочих бүхэндээ толгой, элэг, бөөр, бүр нөгөөдөхийг минь, ер хаа таарсан газраа л өшиглөнө. Адсага шиг хүүхний цочихын олныг ээ. Хүний орон дээр хүн өшиглөөд хэвтэж байдаг ямар аймшиггүй адгийн шаар вэ. Тэр хэлэх муу үгээ барж дуусаад нэг л мэдэхэд нөгөө л цөхөрч гүйцсэн ноомой, гансралт байдалдаа ороод хөшчихөж.
Хатагтайн унтах цаг болжээ. Нэлэмгэр нөмрөгөө хөврүүлсээр ор руу ирлээ. Одоо яая гэхэв дээ, үйл тавилан хойно. Тэр бас л сурснаараа зай тавьж түүнийг хэвтүүллээ. Тэгэхгүй бол дээр нь бүдүүн бөгсөө тавьж хэвтээд өгөх юм чинь. Тэгж ч байсан удаатай. Өөрийнхөө орон дээр ингэж атирч хунирч, дорд үзэгдэн хэвтэх ч гэж дээ. Дахиад л хамар нь шархираад ирлээ. Тэглээ гээд юу ч өөрчлөгддөггүй хойно, сэтгэлээ барихаар шийдэв. Сэтгэлээ барих гэдгийг энд л сурч байна даа. Хэзээ би муу эхнэрийнхээ үгэнд орж, ганц удаа ч болтугай хөөрхийг санаснаар нь байлгалаа даа? Шал балай юм. Яалаа ч гэж тэгэх юм бэ. Гэтэл энэ муу хүүхэн толгой дээр гарч гүйцлээ, Түй.
Хөөрхий Тэр гансралт хувь тавилангийн эрхээр Таатрын бөглүү шөнө нэг л мэдэхэд дайснаа тас тэврэн дугжирч байлаа. Нумарсан хар хөмсөг нь зангидаатай хэвээр ч зөвхөн эр хүнд л зохидог учир битүүлэг инээмсэглэл, гэмшсэн мэт ичимдэг далд үзэсгэлэн сүүдэрт нүүрийг нь чимжээ. Таатрын яг л ийм шөнө энэ царсан орон дээр эхнэр нь түүнийг бөөцийлөн ширтэх зуураа бүхнийг умартан дурлаж байсан тэр сайхан цаг саяхан. Эр хүний зоримог шулуун зан, хайр хар хосолсон ширүүхэн ширтэлтийнх нь өмнө сул дорой зогсдог ч нууцхан ийм л шөнөөр түүгээрээ бахархаж явсан мөнөөх бүсгүй Таатраас нүүн одож тэр л хайр хар шингэсэн нүсэр чулуун байшинд өнөөдөр ганц бие эрхэмсэг хатагтай эзэн суух болсон билээ.

АФАС-3

Бум бужигнаж түм түжигнэсэн зээлийн газар. Баргил байж ядан хөлөө сэлгэж зогсоно. Бороо орж байна. Тэрээр элэгдэж хуучирсан муу саравчтай улаан малгайгаа гартаа атгажээ. Үжирсэн сэмэрхий бор пальто, өсгий нь эргэсэн инээдэмтэй түнтгэр гутлаа хялавхийн харснаа мөнөөх л доогтой гуниглуу инээд уруул дээгүүр нь мишилзээд ирлээ. Гэвч тэр өөрийгөө өрөвдсөнгүй. Хэзээд л ийм байсан хойно, юундаа ч өрөвдөх билээ.

-Хөөе улаан малгайт аа, чи чинь яагаад дусагнаад унав аа? Тэсэхээ болив уу гэж зэргэлдээх булангаас дээрэнгүй дуу хадах нь тэр. Гайхсан ч үгүй. Улаан малгайт нэрэндээ дассан гэх нь ч хаашаа юм, гэхдээ л ажирсан шинжгүй мөнөөх л сонин гэгэлзүүр бодлоо үргэлжлүүлж авай. Харин дусагнахын хувьд ч хэдийнэ дусагначихаж. Өчигдөрхөн тэндэхийн үглээ Цахирам авгайн өвсөн шүүрээр балбуулж элдүүр нь ханасан өнөөх муу бөөр нуруу нь нэг л аятайхан тавираад явчих нь тэр. Харамсалтай нь дахиад л дусагначихлаа хөөрхий. Амьтанд ад үзэгдэхээс илүүтэй өөрт нь, хөөрхий жаахан бардамд нь хэзээ ч зохиж наалддаггүй аймшигт мэдрэмж дахин зурсхийсэн ч ажрахгүй байхаар шийдлээ. Өөр арга нэгэнт алга болжээ.
“Намар шиг хаврын өдөр” хэмээн хаа нэгтээгээс унш луу, эсвэл хэн нэгэн тийн ярьж ч байлуу, юутай ч яг энэ мэдрэмж энэ л үгээрээ бодлыг нь нэвтлэн орж ирэхдээ бяцхан гуниг төрүүлчихлээ. Өмнө нь иймэрхүү хөндүүр ч гэмээр соньхон мэдрэмж төрөх бүхэнд тун таатайхнаар бодол санаа нь чөлөөлөгдөх шиг болдог сон. Энэ удаа тэгсэнгүй. Нууцлаг баяр төрөөсэй гэж хүлээгээгүй ч байж мэднэ. Учир нь мөнөөх аймшигт зөн совин дотор сэтгэлийг нь мэрсээр тэр байтугайг анзаарах сөгөөгүй зогсож байлаа. Хайрлан санах юм юу ч үгүй хачин өдөр. Хэзээ ч цээжин дотроо ийм хөндий хоосон байж түүнийхээ төлөө тарчилж үзээгүй болохоор тэр хачин мэдрэмжнээсээ зугтах гэхдээ гуйлгын бадар болох даг дайр болсон муу бор уутаа өмнөө бариад чимээ шуугиан бараадан хүн урсгалын дунд шуугин орж явчихлаа.
Үргэлжилсэн урт лангууны дэргэдүүр гөлрөө өвчтэй хүн шиг дүйнгэтэн явсаар залхах тийшээ ч хандав. Яг энэ үед түүнд хулгай хийж үзмээр хүн бусын хачин хүсэл төрж улмаар бүр тэчъяадаж эхэллээ. Юу хулгайлах вэ? Үнэхээр хэрэг болчих юм л бол дээр сэн. Гэвч бодоод бодоод хулгайлчих юм санаанд нь орсонгүй. Уг нь бол хоосон гэдэс, хонгио толгойноос өөр юмгүй хүнд эдэлж хэрэглэхээс эхлээд идэж уух хэрэгцээ их л баймаар. Хачирхалтай нь хулгай хийхийг сэдсэн нь хоол шиг бодол байж. Энэ бодолгүйгээр өлсөх юм байна гэдгээ гэнэт мэдээд бүр гайхширч орхилоо. Тийнхүү удтал тээнгэлзэж мунгинасны эцэст Цахирам авгайн дэрсэн шүүрнээс өөр ухаан санаанд нь орж ирэх юм олдоогүйд ч болсон уу буцаад л дусагнасан мөнөөх газраа хүрээд ирлээ. Эргүү төлөг шиг зорилгогүй тэнэж явсаар бороо зогссоныг ч анзаарсангүй.
Өдрийн наран баруунаа хэлбийж туниа муутайхан туяагаа илч гэрэл хүссэн нүүрэн дээр нь тусгаж байхад харин мань хүн “Шүхэр, шүхэр л хулгайлдаг байж” хэмээн бодож байлаа. Магадгүй, өвлөөр ч, зунаар ч, бүр бороо гээч зүйл байдаггүй байсан ч шүхэр л хулгайлж мэдэх юм. Хулгайлсан шүхрээ өвгөнд өгч таарна. Өвгөн илт баярлахгүй ч бас голохгүй, зүгээр л хүнээс авдаг бэлэгний л нэгэн адилаар хүлээн авах байсан биз. Баргил энэ тухай бадаг бүдэгхэн төсөөллөө нэрж хэсэг тэнэгрэн зогссоны хойно ерөөсөө өвгөнтэй л уулзъя гэж шийдлээ. Өвгөнтэй уулзсаны дараа л тэр хулгай хийх тухай өнөөдрийн бодол хэрэгцээнээс нь үүдэлтэй юм байна гэдгийг мэдэв. Яагаадыг бүү мэд, нэг л мэдэхэд өвгөнтэй хэтэрхий илэн далангүй, бас их хэгжүүн бардам ярьж суулаа. Зээлийн газраас хоёр буудлын хойхно байх ядмагхан уушийн газарт өвгөн тэр хоёр хөөрөлдөж байв. Баргилд энэ өвгөнөөс өөр найз газар дээр байхгүй. Харин газар доорх оромжинд нь бол олон хүн бий. Тэд бүгд л Баргилын найзууд. Тун гайхалтай нь өвгөн хэзээ ч түүнд гар сунгахаас татгалздаггүй. Гэхдээ гуйгаагүй байхад нь сарвайна гэж үгүй. Баргил түүнээс цөөхөн л гуйсан. Өвгөн ч бүгдэд нь тусалсан. Эргүүлж авна гэхгүй. Өгөх ч юм байх биш. Өвгөн ч үүнийг сайн мэднэ. Гэхдээ Баргил өвгөнөөс онцгой үед л тусламж хүсдэг байлаа. Газар доор амьдрагсдын эгэл нэгэн төлөөлөгч гэдгээ сайн мэдэх ч тэдний увайгүй занг тэвчдэггүйг нь энэ гярхай өвгөн олж харсан ч байж мэдэх юм. Өвгөн энэ удаа ч мөн сайхан загналаа. Би чамд боломж олгоё, хэд хэрэгтэй юм бэ гэж палхийтэл асуугаад хариулахын ч завдал өгөлгүй яг л хэрэгтэйг нь тоо ёсоор /хэтэрхий их байлаа/ ширээн дээр тоолоод чулуудчих нь тэр.
-Хүн боломж болгоныг хайрлаж бөөцийлөн тордох ёстой юу хишигтээн?
-Чи юу гэж бодож байна, өөрийнхөөрөө л бол.
-Наад хариулт чинь үнэхээр хангалтгүй байна.
-Би л хувьдаа боломжийг бордох ёстой гэж боддог. Тордох ч ёстой. Ер нь нөгөө асуултыг чинь “тийм” гэж хариулах гээд байна л даа.
-Энэ чинь тааллаараа бол гэж хэлсэн дээрх үгтэй чинь зөрчилдөж байна.
-Чи ер нь адармаатай. Асуудлыг дандаа хүндрүүлж байдаг. Зовж таашаал авах хүсэлтэй хүн юм. Харин бусдыг өөр шигээ бүү зовоож бай гэж зөвлөмөөр байна.
-Лут дүгнэлээ. Уг нь танаас нэг л зүйлийг хүссэн юм. Өгснийг чинь зовлон гэж хүлээж авах уу, жаргал гэж хүлээж авах уу гэдгээ мэдэхгүй байсан учраас өөртөө хариулахын тулд танаас асуучихлаа, уучлаарай.
-Үүнээс хойш өөрөөсөө л асууж бай. Хүний хариулт чамд зохихгүй юм байна.
-...
-Би хүнд туслахдаа харамж горилж тусалдаггүй.
-...
-Зөвхөн өгөө аваа боддог хүнд бас дургүй.
Энэ удаа Баргил тэссэнгүй. Сүүлийн үед байнга бодогдоод дотор сэтгэлийг нь төнхөөд байсан нөгөөх зүйл нэг л мэдэхэд аман дээр нь гараад ирэв.
-Бурхан ч гэсэн наймаалцдаг.
-Арай ч тэгж гүжирдэж болохгүй байх шүү. Бурханыг хүртэл наймаачин болгочихдог айхтар хүн юмаа чи.
-Бурханд өгөх, надад өгөх хоёр чинь яг адилхан. Ер нь та бурханлиг хүн болохоор бурханыг бодож л надад өгсөн байлгүй.
-Бурханд өгсөн бол дээр байж.
-За тэр. Одоо л үнэнээ хэллээ. Энэ тусламжаас чинь татгалзлаа. Гэхдээ татгалзаж байгаагийнхаа төлөө авъя. Иймэрхүү зөвшөөрлийг л өөрөөсөө хүлээж байсан юм.
-Чи мөн хачин хүн ээ. Их нэрэлхүү юм. Та нар чинь уг нь нэрээ идчихсэн улс л байдаг сан. Ядахад наад үнэр танар үг яриа хоёр чинь зохихгүй байна. Ийм олон үг хэл бололгүй зүгээр л авчихсан бол дээр байсан юм сан.
-Ингээд л таны мөнгө жигшүүрт мөнгө болон хувирлаа шүү дээ. Анх сарвайж байхад чинь бурханы гараас хүртчих дөхсөн. Одоо харин хүний гараас авах боллоо. Гялайлаа.
-Бурханаар туслуулах дургүй юм биз дээ?
-Бурханд туслах л дуртай.
-Эхлээд өөртөө тусалчихдаг бэнчинтэй болоод бурханд тусалвал дээр дээ.
-Бурханд туслахад бэл бэнчин хэрэггүй ээ.
-Тэгвэл ертөнцийн бүх гуйлгачингууд бурханы анд нөхөд, үнэнч туслагчид нь болж чадах нь ээ?
-Бурхан зөвхөн мөнгөтэй хүнд боломж /зардаггүй/ худалддаггүй байлгүй.
-Мөнгөөр боломжийг худалдаж авдаг юм. Мөнгө гэдэг чинь өөрөө том боломж. Түүнийг ч гэсэн бурхан өгдөг.
-Бурхан тэгэхээр зөвхөн баячуудад л хайртай гэсэн үг үү?
-Ядууст ч бас хайртай.
-Тэгвэл яагаад тэдэнд мөнгөнөөсөө сарвайхгүй байгаа юм бэ?
-Тэд мөнгөөр шагнуулах гавъяагүй.
-Баячууд ямар гавъяа байгуулсан юм бэ?
-Бурхан л мэддэг байх.
-Сайхан л хэрэг байна. Бурхан гуай тэгэхээр ялгаварлан гадуурхагч болж таарах нь ээ?
-Харин зарим бурхан тийм байх юмаа. Яг одоо нэг нь өөдөөс хараад өөрийгөө бас зарим нэг этгээдийг ялгаварлан гадуурхаад сууж байх юм.
-Надтай ингэж яриад нэмэргүй дээ.
-Яая гэхэв.
-Мөнгөөрөө намайг худалдаад авчихсан гэж бодож байвал том эндүүрэл шүү. Би бурханд зарагдчихсан.
-Сайн л байна бурханы бараа минь. Бурхан чамайг яагаад худалдан авсныг ойлгохгүй л юм. Би л хувьдаа гуйлгачныг худалдан авахгүй.
-Би танаас “гуйж” байсан удаагүй. Бусдаас бол өөр хэрэг.
-Бурханаас гуйж цадсан болохоор надаас юугаа гуйхав дээ. Бурхан гуай тэгээд туслагч нартаа хэр гар сарвайх юм бэ дээ? Ойрд орлого давгүй юу?
-Муу байгаа. Тэнгэрийн царай, миний царай хоёр баргархан л өдрүүд байна.
-Ялгаварлан гадуурхахаа болихгүй бол ялгавартай өдрүүд үргэлжлэх л байх даа. Бурхан гуайд өргөх тахилаа жаахан нэмбэл яасан юм бэ?
-Нэмж байгаа.
-Мөнгөөр өргөөд үзвэл зүгээр сэн.
-Энэ мөнгийг бурханд биш өөртөө өгнөө, хувцаслана.
-Сайхан санаа. Бурхан хувцасанд чинь дурлаж мэднэ шүү. Заримдаа тэр их моод хөөцөлддөг юм.
-Та бас л өгсөн мөнгөө бурханы өргөл болгож орхилоо. Би түүнд мөнгө өгөхгүй гээд байна шүү.
-Надтай л адилхан бурханд мөнгө өргөх гэж байж юундаа өөр хэлээр ярьдаг юм бэ дээ. За тэр яахав. Үг олдлоо. Явах минь. Чамтай дэмийрч байхаар хэдэн бор цаасаа эргэх нь дээр байна. Бурхан багшид таалагдах юм олж эгэлдрэх гэж байгаа чинь сайхан санаа шүү залуу минь.
Баргил буцлаа. Амьдралдаа барьж үзээгүй их мөнгө атгачихаад явж байхад түүнд ямарч баяр хөөр төрсөнгүй. Газар дорх гэрийнхээ үүдэнд ирсэн ч яаран орохыг төвдсөнгүй. Тэр ямар нэг зүйл олж бодох гэсэн боловч ухаан санаа нь хов хоосон байлаа.

АФАС-4

Өндөр таазтай хавчиг өрөөний голд зориуд зассан том вандан, дээр нь мөнөөх бүсгүйн нас эцэслэхдээ гэрээсэлсэн нөгөө хачин, нисдэг таваг шиг далибагар, ер бусын этгээд авс юу юугүй хөдлөн хажуу тийшээ гулсан унах гэж байгаа ч юмуу эсвэл хана таазыг нэвтлэн хаа нэг тийшээ нисэн одох гэж байгаа юм шиг сонин сэтгэгдэл төрөхөөр тавигджээ. Магадгүй энэхүү сонин авс доторх “зорчигч”-тойгоо нисэн одож гэмээнэ хана таазны алинд ч өчүүхэн завсар, нүх сүв үлдэхгүй, энэ багир хүнд өрөө тэр чигтээ юу ч болоогүй мэт санаа алдан үлдэх байх даа гэж бодогдоно.

Яг энэ үед жаалхүү мөнөөх таваг шиг хачин авсны ирмэгт тулж ирснээ зохимжгүй муухнаар эхэр татах нь тэр. Өөрөө тэр дуунаасаа цочив уу гэмээр хачин хулгаснаа хуруу нь эв хавгүйхэн нэг сарвалзаад сая л нэг цээжний гүнээс нялх хонгорхноор санаа алдаад уйлж эхэллээ. Хүү хачин чимээгүй уйлах аж. Нулимс нь урсаад л, тэгснээ божгор муу гараараа гялсхийтэл шудраад авах ч эл өрөөнд түүнээс болж үүсэх анир огт мэдрэгдэхгүй нь хачин. Яагаад ч юм хүү шуухитнахгүй, чив чимээгүй уйлж байсан юм. Түүнийг хэн нэгэн энд байхыг нь олох юм бол гайхширч сандрахдаа таг хөшчих юмуу, аль эсвэл дуу алдан гүйж хүрээд гараас нь хөтлөн чирээд гарах байсан байх. Ашгүй энд тийм юм болсонгүй. Дөнгөж саяхан, хэдхэн өдрийн өмнө өөрийг нь хөтлөн дэлгүүр рүү явж байсан ээж нь “Баавгай ахаа, баавгай ахаа” гээд л дуу зааж өгөөгүй гэж үү? Дөнгөж саяхан л ээж хүү хоёр бие биедээ эрхэлж хэн хэн нь хэлээ хазан жаргацгааж байгаагүй билүү? Хүү аяархан дуулж эхэллээ. “Баавгай ахаа, баавгай ахаа...”.
Тэр хэзээ ч ганцаараа дуу дуулж байгаагүйгээ мэдлээ. Ээж нь дэргэд нь хүүгээ урамшуулан жоохон хүүхдийн хоолойгоор “Баавгай ахаа..” гээд дуулахгүй болохоор дуу нь ч нэг их үргэлжилж гавьсангүй. Гэнэт эхэлсэн шигээ гэнэт тасарчихлаа. Ээж нь хэзээ ч түүнтэй дахиад “Баавгай ахаа... Баавгай ахаа...” гээд дуулахгүй юм байна шүү дээ гэж мэдэнгүүтээ хүү аймаар гашуунаар уйлж, бүр суун тусаад л, яг л гудамжинд ээждээ эрхлээд өнхрөөд өгдөг шигээ ойчиж байгаад чангаар уйлж гарлаа. Хачирхалтай нь хэн ч орж ирсэнгүй. Аргадсангүй. Бас л нөгөө дуугаа гэнэт дуулахаа зогссон шиг уйлахаа ч зогслоо. Тэгээд л хэсэг зуур гайхшран манарч зогссоноо урамгүйхэн үүд рүү алхав. Жаалхүү босгондоо бүдрээд хаалга мөргөөд уначихлаа. Босч ирэлгүй хэсэг удав. Тэгснээ гэнэтхэн пүрштэй юм шиг ухасхийн босоод тэр эрчээрээ гүйж одлоо.
Нэг л мэдэхэд хүү байдгаараа хөөрчихсөн, ажил явдал болсон газрын аядуу намуун өнгө аясыг орвонгоор нь эргүүлж тэнгэрийн дуу мангасын буу гэгч шиг хашгирч онгирч явлаа. Хүн бүрийн хувцас хунар, үс гэзэгнээс татаж чангааж, хойлгын найрны хоол ундыг бэлдэж суусан эзэгтэй нарыг уулга алдуулж, заримыг нь бүр балтасхийтэл цочоож уушиг зүрхийг нь амаар нь гаргачих шахав. Тэгсэн ч хүү зогссонгүй, хашгираад л, гүйгээд л, замдаа дэвхцээд л, дуулаад л... “Тэгэхдээ “Баавгай ах”-ыгаа дуулсангүй, том хүний янз бүрийн дууг огцом чангаар, инээдтэй марзан аялж, хого хого инээгээд сүйд. “Энэ муу золиг чинь яаж байгаа юм бэ”, “Хаанаас гараад ирэв дээ, тоглож л явсан баймаар юм”, “Хүүхэд гэдэг амьтан мөн хачин шүү, өрөвдмөөр юм”, “Үгүй яадаг золиг вэ, наадахаа бариад ав” гээд л энд тэндгүй томчууд дуу хадааж эхэллээ дээ. Хүү гүйсэн чигтээ хаалганы цаана очоод нөгөөдүүл рүү хэлээ гаргаж -Чаддаг юм бол бариад ав л даа. Мангаруудаа, та нар бол энэ дэлхийн хамгийн мангар хүмүүс шүү за юу. Хөөё Ёрвооноо та яг далайн дээрэмчин шиг харагддаг ш дээ, тэрийгээ мэдэх үү, аан, мэдэх үү? Тэр Соожий аажаа яасан тарган юм бэ, наад өөхнөөсөө надад зарчих, мөнгө нь энэ байна гээд атга дүүрэн мөнгө сарвайх нь өөд болоочийн хойлгын ажилд хүмүүсийн хандивласан, эмээгийнх нь цэгцэлж амжаагүй мөнгөнүүд байх ажээ. Хүүд хэлэх хэлэхгүй юм гэж алга. Ёстой л хамрын дор хагархай гэдэг шиг бурж өгч байна. Сонссон улсууд уулга дуулга алдан хөөцөлдөх боловч барьж авч чадсангүй ээ. Хүү нэгэнт гудамж руу гараад гүйгээд алга болж. Ард нь үлдсэн хүмүүс “Энэ хүүгийн ухаан ээдэрчихэв үү дээ” хэмээн айж бишүүрхэх мэт хоорондоо үг солин гайхалзацгааж байх зуур жаалхүү харин Афас гудамжны Таатрын чөлөөгөөр “Манай ээж үхээгүй, ээж маань амьд байгаа юм байна. Намайг сэрээгээд өгчих л дөө тэгэх үү” гэж орилоод, дуу хадаагаад явж байлаа.
Энэ дуунаар мань хий үзэгдэл босон харайж, өглөө нь өрөөнийхөө хаалганд хатагтай Г-гийн нямбайлан өлгөсөн даавуун даашинзыг нэвтлэн хаалганыхаа гадна хэдийнэ гараад ирчихжээ. Жаалхүү гүйгээд л, цамцаа дэрвүүлэн гүйх зуураа хашгираад л, сүүлдээ хоолой нь цахиртаад хахаж цацан бүгшүүлж эхэллээ. Афас гудамжны хий үзэгдэл түүнийг гайхан харах боловч хүү сэхээ самбаагүй хашгирч ханиалгаж өчүүхэн ч сааталгүй алхана. Хүү гэнэт хажуудаа хэн нэгэнтэй яваа мэт ярьж гарлаа. “Би өвдөөгүй. Босгон дээр унаад ердөө өвдөөгүй. Эмээ надад хэлсэн. Хүн зүүдэндээ өвддөггүй гэж. Би аймаар зүүд зүүдлээд байна. Сэрнэ, заавал...” гээд л үглээд явах аж. Хүү гүйж эхэллээ. Таатрын өргөн чөлөө өнгөрч Бүрхэгийн жижиг гудамжаар өгсөн шууд Соолог цамхгийг зорих нь тэр. Хий үзэгдэл хүүгийн явдлыг гүйцэхээ болиод мөн л гүйж явлаа. Соолог цамхаг дээр гарч ирэхдээ хүү жигтэйхэн амьсгаадчихсан, тэр жижигхэн биедээ баймгүй эрчирч чангарсан урам зоригтой, эрс харцаар орчноо нэгжиж, яг л том хүн шиг хэнгэнэтэл санаа алдаад дараа нь өөрийгөө шоолов бололтой түсхийтэл инээд алдав. Хий үзэгдэл ч мөн дагаад инээд алдлаа. Харин хүү ажирсангүй. Тэгснээ гэнэтхэн өмднийхөө халааснаас замын цагдаагийн шүглийг дуурайлган хийсэн тоглоомон шүгэл гаргаж ирснээ тасхийтэл үлээчихэв.
Манай хий үзэгдэл өөрийн эрхгүй чихээ хоёр гараараа дарж “Яагаад сахилгагүйтээд байна даа, нөхөөр” гэж ээнэг дотнохноор асуулаа. Хүү чихгүй толгой шиг зогсож байсан ч мань хүн өөртөө баярлав. Тэр хэзээ ч аав байж үзээгүй хэрнээ сая яг л эцэг хүн шиг нэг их хайр дүүрэн дуугарчихсандаа өөртөө бантах ч шиг, тэгсэн атлаа нэг л сайхан санагдаад явчихлаа. Тэгээд хайр дүүрэн харцаа хүүгийн зүг эргүүлтэл, ээ бурхан минь... юу болсон гэж сананаа! Хүү яах ийхийн зуургүй дарцаглан хийсчих нь тэр. Тэр аймшигт Соолог цамхгаас шүү дээ. Тасхийтэл, өөрөөсөө цочтол хашгирсан боловч дуу нь сонстсонгүй ээ түүнд. Гайхахдаа уйлах гэсэн ч нулимс байдаггүй. Нэг л мэдэхэд хар хурдаараа Соолог цамхгийн шатыг алгасан харайлгаж явлаа. Бууж ирээд тэр юу үзэв ээ, Бурхан тэнгэр минь, нөгөө муу хүү... Яаж байгаа нь энэ вэ гэж хашгиравч нэгэнт оройтжээ. Гэвч хашгирсаар л. Аймшигтайяа цурхиран, хамаг биеэ базлан, өр цоортол халаглахыг нь харсан хэний ч элэг эмтэрч, энэ яваа насандаа мартахааргүй яс маханд нь хадагдан үлдмээр энэ зургийг хүмүүс үл хайхран бяцарч нас барсан хүүгийн дээрээс шавах аж. Гэвч хожим хүмүүс хүүг ээжтэй нь хамт оршуулахдаа ч, оршуулгын цувааны ард мань хий үзэгдэл толгойгоо ганзагалан амьгүй биеэ чирэн алхаж явахад нь ч анзаараагүй билээ.
Оршуулгын цуваа Афас гудамжны Таатрын чөлөөгөөр өнгөрөх үес хатагтай Г цонхныхоо нүсэр хөшгийг үл мэдэг хөдөлгөн гунигтайяа ширтэн зогсохыг хий үзэгдлээс бусад нь бас л хараагүй юм. Толгойгоо эсвэл дээш нь өргөж хязгааргүй тэнгэр рүү сунгаж, эсвэл ганзагалаад өөрийгөө бүрмөсөн мартан алхаж явах үест гэнэтхэн Тэр хатагтай Г-г хараад зогтусч, тэгэхэд л өөрийгөө хэнд ч хэрэггүй амьтан гэдгээ зүрхээ урагдтал мэдэрч энэ ертөнц болоод үзэн ядагч хүмүүстэйгээ салах ёс хийсэн. Гэхдээ өнөөдрийг хүртэл салаагүй л яваа нь гайхмаар. Учир нь тэр яаж салж хагацахаа мэддэггүй билээ. Хүслээр болдоггүй хяслант орчлон гээд л хүмүүсийг ярихад тэр ямар ихээр инээж, элгээ хөшөөж тэднийг шоолдог байлаа даа. Хачин юм шүү. Болдоггүй юм гэж байдаггүй гэж боддог залуу байсан билээ тэр. Гэтэл ертөнц гэдэг мэддэггүй юмаар дүүрэн ажээ. Үгүйдээ л гэхэд энэ муу хүүг хар л даа. Хэн түүний нууцыг мэдэх юм бэ, надаас өөр гэж үглэх тоолондоо Тэр мөнөөх хүүд харамсч өөрийн эрхгүй хөндий цээжний цаанаас хэнгэнэтэл нэг санаа алддаг билээ. Тэгэхдээ тэр хүүг сэрсэн болов уу гэж дандаа боддог юм. Сэрэхэд нь ээж нь дэргэд нь байсан байгаасай гэж бурхандаа залбирдаг болсон сон. Бурханд тэр өмнө нь хэзээ ч залбирч үзээгүй билээ.

Tuesday, May 20, 2008

ТАКСИНЫ ЖОЛООЧИД ГӨВҮҮЛЧИХЛЭЭ


За хө өнөөдөр чинь харин намтар түүхтэйхэн шиг эхэлж байна шүү. Таксины жолоочид зодуулж нүдүүлсэн шиг ажил дээрээ ирдэг юм байна би гэдэг хүн. Гадны хүнээр гар хүрүүлснээ тэмдэглэж арынхаа бааранд аяга кофе, нэжгээд тамхи угсруулчихаад ажил дээрээ орж ирлээ. Одоо л нэг овоо зүгшрэх маягтай болчихоод гар хурууны салганаа жаал намдмар аядаад сууж байна даа хө. За тэгэхээр ийм юм болсон юм аа. "Од" кинотеатрын хажуугаас Сүхбаатарын талбайн баруун үзүүрт байх ажил дээрээ ирэх гэж нэг такси барьдаг юм байна. Таксины жолооч шаал хөдөөний нэг "гар" орж суусан цагаас эхлээд л орчлон хорвоогийн юм хамж шимж бураад, дуугай яваад байсан чинь харин бүр давраад онгод нь орсон бөө шиг сүүлдээ бүр п---гээр эхэлсэн хараалыг өгүүлбэр бүртээ хавчуулаад эхлэнгүүт нь тэсвэр тэвчээрийн хүлээс тас үсрэнэ биз дээ. "Чи ямар их юм ярьдаг юм бэ" гээд аваад хаячихлаа шүү. Тэгсэн харин мань хүн п---гээ шууд над руу хандуулаад шүлстэйгээ цуг үсэргэчихдэг юм. За за дүүрсэн хэрэг, 500 метр хүрэхтэй үгүйтэй зам үлдчихээд байхад харайж буугаад яахав гэж шийдээд нүдээ таг аниад шүдээ тас зуучихлаа. Амнаасаа ахиад хий ч гаргасангүй. За тэгээд ашгүй ажлын үүдэн дээр нэг юм ирээд 1000 төгрөгөө гаргаад иртэл 5000 гэдэг юм даа харин ч гэж /гарч өгсөн байгаа биз/. Өгнө өгөхгүй гэж хэсэг зууралдсаны эцэст тас гээд л явчихсан чинь мөрөн дундуур татаад авдаг байгаа. Далан дундуураа татуулсан ÷игээрээ л бас л амнаасаа хий гаргалгүй үсрээд буучихаж байгаа хүнийг та нар яах юм айн? Ийм л юм болсон юм даа. Өөр юу ч болоогүй... хэ хэ хэ

Wednesday, May 7, 2008

Их Ялалтын ойд


МАНА УУЛ МАНАЙХ БАЙСАН

Zarlaagui dainy orshil
Мөнх тэнгэр энх цагийн өнгөөр цэлмэж дарийн утаа ханхалж байсан Дорнын талд өнөөдөр цэцэг ургажээ. Гэсэн хэдий ч баяр гунигийн нулимс хаталгүй 68 жилийн босго давав. Өнөөдөр ялалтын баяр хэмээн тэмдэглэж байгаа Халхын голын 68 жилийн түүхт ойд амьд гэрчүүд нь очиж чадалгүй хэвтэртээ тойлуулж байгаа нь сэтгэлд нэн эмзэг. Цагаатсан түүхийн хуудсыг энх цагийн салхи сэвэлзүүлж байгаа энэ баярын өдрүүдэд хөндүүр бяцхан дурсамж сөхмөөр санагдлаа. Халхын голын байлдааны талаар нүдэнд харагдтал ярьсан нэгэн буурлын тухай эргэн санахул тэр дайн өнөөдрийн бидэнд мартагдах учиргүй үйл явдал байсныг дахин хэлэх зорилго агуулсан юм. "Мана уул манайх байсан…" гэх харууслыг үл дурдаад Халхын голын байлдаанаас эргэж ирээгүй, ирсэн нь гавьяагүй үлдсэн хэсэг журамт хүмүүсийн тухай баримт түшин дурсъя. Халхын голын байлдааныг 1939 оны есдүгээр сарын 16-нд ЗХУ, Японы Засгийн газар хоорондын тохиролцоогоор зогсоосон түүхтэй. Харин энэ өдрөөс арваад хоногийн өмнө Мана уулын орчимд Япон цэргүүд гэнэт ороод ирсэн гэдэг. Тэр цэргийн хүчийг устгах, хөөн зайлуулах тушаал аваад 22 дугаар морьт хороо Мана уулын хавьд 100 гаруй км марш хийж очжээ. Гэхдээ цаг агаарын байдлаас шалтгаалаад хугацаанаасаа нэг хоног хоцорч хүрсэн байна. Гэвч Япончууд ард талаасаа хүч татсаны улмаас 22 дугаар морьт хороо Нөмрөгийн гол хүртэл ухарсан байна. Яг энэ үед хэлэлцээр ёсоор дайны гал зогсож, хил дээр буун дуу гаргаж болохгүй гэсэн тушаал иржээ. Ингээд Мана уул Япончуудад эзлэгдсэн чигтээ хилийн цаана үлдсэн түүхтэй. Үүнийг л урвасанд тооцож хээрийн шүүхээр тус хорооны дарга, их бууны батарейн захирагч, комиссар гуравт нь ялын дээд хэмжээ оноосон байна. Хорооны дарга Бадарч нь "Би ямарч буруу хэрэг хийгээгүй" гээд амь гуйлгүй үрэгдэж, нөгөө хоёр нь амь өршөөгдсөн байдаг. Сүүлдээ 22 дугаар морьт хороонд алба хаасан хүмүүс айгаад тэр хороонд алба хааснаа хав дарж гай ч үгүй гавъяа ч үгүй үлджээ. Энэ тухай баримт материал ч олдохоо больсон гэнэ. Үүний араас нэлээд анхаарал тавин хөөцөлдсөн хүн бол Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний ажилтан, доктор Д.Гомбосүрэн гуай. Тэрээр хожим хойно Оросын архивын материалууд дээр ажиллаж байх үедээ үйл явдал хэрхэн өрнөсөн тухай үнэн баримтыг үзээд хөрсөнд нойрссон алдартнууддаа харуусан энэлж байсан тухай өөрөө ярьсан байдаг юм билээ. Халхын голын байлдаанд өдөрт дунджаар 580-600 хүн амь үрэгдэж байсан бөгөөд бүрэн бус мэдээгээр нийт 130 гаруй мянган хүн амь насаа алджээ. Түүхт ялалтын 65 жилийн ойд зориулан хийлгэсэн хэвлэлийн бага хуралд оролцсон судлаач эрдэмтэд энэхүү баримтыг сая анх удаа дурдсан юм. Дайнд оролцогч талуудын гаргасан хохирлын талаарх тоо баримт зөрчилтэй байдаг ч манай судлаачдын дэвшүүлж байгаа дээрх тоо үнэнд нэлээд ойртсон хэмээн ахмад дайчид нотолж байгаа юм. Япон улсын зүгээс манай улсыг өдөөн хатгаж эхэлсэн 1935 оноос хойшх 10 жилийн хугацаанд тухайн үеийн ханшаар 321 сая төгрөгийг хожим нь манай улс Японоос нэхэмжилж байжээ. Халхын голын байлдааны ялалтын ойг 1959 оноос хойш тэгш тоотой жилүүдэд тэмдэглэж ирсэн. 1980-аад оны дунд үе хүртэл Монгол-Зөвлөлтийн ард түмний найрамдлыг бэхжүүлэх хүрээнд тэмдэглэдэг байв. Орос улсад өөрчлөн байгуулалт, ил тод байдал, ардчилал эхэлснээр зөвхөн Монгол Орос хоёр улсын хэмжээнд бус уг байлдаанд оролцсон улс орнууд тэмдэглэх болжээ. 1989 оноос хойш Орос, Япон улсад тус бүр нэг, манай улсад хоёр удаа Халхын голын ялалтын ойг тэмдэглэж, гурван орны түүхч эрдэмтэд, төлөөлөгчид оролцсон эрдэм шинжилгээний хурал хийлгэсэн байна.

Tuesday, May 6, 2008

БЯМБА, НЯМД ТӨРӨГСӨД СОНГУУЛЬД ЯЛААСАЙ...


Сонгуульд нэр дэвшигч ням гаригт төрсөн бол та түүнийг сонгоход их алдахгүй. Учир нь ням гаригт төрөгсөд олон нийтэд баяр баясгалан авчрах чадвартай, бүтээлч, гэгээлэг хүмүүс байдаг. Харин бямбад төрсөн хүн хатуу зарчимч, ах захаа мэддэг, уламжлалыг баримталдаг бөгөөд улсын хөрөнгөнд гар дүрэхээс хамгийн их болгоомжилдог хүмүүс байна. Тэд хуулийнхан буюу эдийн засагчид, цэргийнхэн байх нь элбэг. Пүрэвт төрсөн хүмүүс идвэл ч идсэн шиг иддэг, хийвэл ч хийсэн шиг хийх далайцтай сэтгэлгээний эзэд байдаг. Баасанд төрөгсдийг бусдаас илүү ганган хээнцэр байдлаар нь таних бололцоотой. Тэд тав тухыг эрхэмлэдэг хүмүүс юм. Хүсвэл бусдад ч тухтай амьдрах нөхцлийг бүрдүүлж чадна. Мягтар гаригт төрсөн хүний од энэ жил гийж буй, сонгогдох магадлал өндөртэй ч тэд хувиа бодох, түрэмгийлэх занг түлхүү гаргах хандлагатай. Даваад төрсөн хүмүүс илүү хүнлэг, зөөлөн, олны төлөө буян үйлдэх сэтгэлтэй, тийм ч зорилготой хорвоод ирсэн улс байдаг. Лхагвад төрсөн хүмүүс хийхээсээ илүү ярих магадлалтай. Тэдний сайн тал нь хуучин үзэл бодолтойгоо улиг болтол зууралдаггүй...
Зурхай судлалд 20 орчим жилийн амьдралаа зориулж, “Зүүдээ тайлцгаая”, Тасалгааны цэцэгсийн найрсал”, “Хүний далд шинжүүд”, “Эрдэс чулуулгийн ертөнцийн нууц шидүүд”, Хүмүүн ургамлын хаант улсад”, “Тасалгааны ургамлын нууцууд” зэрэг сонирхолтой ном зохиол туурвисан Елена Мазовагийн “Төрсөн өдрийн төөрөг” хэмээх номонд ийн бичжээ. Уг номыг сэтгүүлч, яруу найрагч Б.Одгэрэл монгол хэлнээ хөрвүүлснээ саяхан хэвлүүлсэн байна. Төрсөн өдөртөө тохиосон гаригаар өөрийн ирээдүйг мэдэж болох, өөрийн ажил хэргийг яаж төлөвлөснөөр дээд зэргийн ашигтай ажиллах, таны хүүхэд хэн болж өсөх хийгээд тэднийг хэрхэн хүмүүжүүлэх нь зохистой тухай, таны гэр бүлийн аз жаргалтай байх нөхцөл боломж, хань нөхрөө хэрхэн ойлгох тухай олон асуултынхаа хариуг эл эл номоос олж болох юм. Мөн энэхүү ном нь гаргийн долоон өдрийн таны амьдралд нөлөөлдөг нөлөөллийн энгийн бөгөөд гайхалтай тогтолцооны тухай танд хэлж өгөх болно. Тэрчлэн та “Төрсөн өдрийн төөрөг”-ийг уншсанаар өөрийн болон ойр дотныхон, найз нөхдийнхөө ирээдүйг зөгнөн хэлж чадахаас гадна тэдэндээ төрсөн өдрөөр нь өгөх төгс бэлэг болж чадах юм. Зурхай бол мэргэ төлөг бус ши нжлэх ухаан гэдэг нь нэгэнт батлагдсан зүйл учраас та эргэлзэлгүйгээр номоо уншаад ирэх өдрүүдээрээ баталж болох билээ.
Нийтийн тээврээр зорчигсод болон сурагчдад зориулж бяцхан наргиантай байдлаар гаргасан долоо хоногийн прогнозыг та бүхэнд сонирхуулъя. Лхагва гаригт зорчигчид автобус унаанд “туулйачлахад” хялбар байдаг. Кондукторын зүгээс ч өршөөлтэй хандана. Харин бямба гаригт тэр талаар санахын ч хэрэггүй. Мягмарт кондукторын зүгээс ширүүн дайралтад өртөж мэднэ. Ням гаригт төрсөн хүмүүс харилцан найрсаг байж аливаа хүндрэлийг инээдэм наргиа байдлаар өнгөрүүлж чадна. Даваад хүмүүс бие биедээ энэрэнгүй зөөлөн хандана. Баасанд суудал олж суусан нэгэн бусдад тавьж өгөх талаар бодохыг ч хүсэхгүй. Зогсож яваа хүмүүс суухыг маш их хүснэ. Пүрэвт ялихгүй маргааныг цагдаагаар ч шийдүүлж мэднэ шүү. Бямбад сурагчид хичээлээ давтаад нэг суувал босохоо мэдэхгүй байх вий. Даваа, баасанд хичээл дээрээ ч цонхоор харж мөрөөдөлд умбах магадлалтай. Лхагвад анги даа мэдэмхийрэх, уралдаж гар өргөх хандлагатай. Эсвэл бүр хичээлдээ хоцрох, сэмхэн таслах ч хүсэл төрөх вий. Пүрэвт бүгдээрээ эрдэмтэд шиг царайлна. Нямд хичээл номыг жинхэнэ сони рхолтой бөгөөд хэрэгтэй зүйл гэж гэнэт ухаарна.

Monday, May 5, 2008

МЭДРЭМЖ...


Цас бороо холилдон бударсан ертөнцийн буйдад

Цаг агаарын мэдээ сэрэл хүслээс шалтгаалж

Амьдрал хэцэн дээр тохсон хэврэг бөс мэт

Амьсгалах чимээ нь чихний дэргэдүүр өнгөрөхөд

Мөнөөх эртний моддын мөчрөөс солонго татаж

Мөнгөлөг дуут шувуун цээжний гүнээс алдармой

Sunday, May 4, 2008

ААВАА ДУРСАХУЙ...


1999 оны 5-р сарын 5. Аав нас барлаа. Энэ өдрөөс эхлэн миний амьдрал урьд байгаагүй тийм гунигтай, эль хульхан болчихсон юм. Мэдээж хэрэг, би өдөржингөө л инээж баясаж, хүмүүсийн дунд аз жаргалтай байх боловч сэтгэл минь нэг л их санаа алдамтгай болчихсон. Би аавын хайртай охин байлаа. Хэн ч намайг өнөөдрийг хүртэл аав шиг минь ойлгож, бас миний төлөө тэгж зовниж чадаагүй юм. Миний аав бусдаас ялгарах юмгүй тийм л нэг, эгэлхэн аав байлаа. Ард үлдсэн 20 жил минь аавтай дурсамжаар дүүрэн учраас л одоо надад сайхан санагддаг. Энэ гэрэлт он жилүүдийн “хаалтын ажиллагаан дээр” би тун ч хэцүүхэн байсан даа. Оршуулгын өмнөх өдөр үдэлтийн үгээ бэлдэж чадаагүй болохоор яг хагацахын өмнөх тэр агшиндНамрын бороо зөөлөн шиврэхэд аав минь дуртайНасыг нь зөөж буцсаар л байгаа шувуудад хайртайӨөрөө үхэвч орчлон үлдэнэ гэж надад хайртайӨдрөөс өдөрт холдсоор л яваа аавдаа би хайртай...гээд л нулимстай хоолойгоор уншиж билээ. Энэ шүлгийг нэг удаа захиан дээрээ бичсэнээс хойш аав минь их дуртай болчихсон юм /Тэр үед хараахан дуу болж амжаагүй байсан юм/ Надаар дандаа уншуулж, би ч дуртай уншиж өгдөг байсан. Тэгээд л сүүлчийн удаа, үдэлтийн агшинд аавдаа уншиж өгсөн минь тэр. Даанч аав хайртай шүлгээ үүрд сонсохооргүй холд одчихсон байсан... Үүнийг гэнэт мэдрэхэд зүрх минь анх удаа тийм гаслантайгаар шимширч билээ. Энэ бол аавгүй хорвоод эдэлсэн хамгийн анхны зовлон минь байлаа. Аавтай байхдаа би ямагт хүүхэд байсан. Аавгүй болсон тэр өдөр л би том хүн болчихсон юм. Хүүхэд байх үеийн тэр жаргалтай тэнэгхэн насныхаа төлөө би өнөөдөр нулимсаа барж сууна. Тэнэг насны дурсамж нэгийг ярья л даа. ...Нэг удаа аав намайг эргэж ирээд бид хоёр хотын төвөөр баахан явсан юм. Аав, хөөрхий минь сүүлийн үеийн сонин болох Ганаа, Бямбаа хоёр нь сургуулиас гарах гээд санааг нь зовоож байгаа, Орхон /миний хойд ээж/ жаахан утгагүй зан гаргаж гомдоодог болсон тухай аядуухан ярьж явлаа. Тэгээд бид хоёр 4-н замын тэнд нэг гуанзанд орж хоол идсэн юм. Би аавыг мухрын нэг жижигхэн ширээнд суулгачихаад өөрөө хоол захиалахаар явахдаа “аав ямар хоол идмээр байна” гэж асуухад муу аав минь -Миний хүү өөрөө л мэд. Юу ч яахав дээ гэж билээ. Тэгэхэд би арван хуушуур, хоёр аяга халуун цайтай авчирч тавьсан санагдана. Тэр үед энэ бүхэн тэгээд л өнгөрсөн боловч одоо эргэн санах бүхэндээ би өөртөө гомддог юм. Тэгэхэд би мөнгөтэй байсан мөртөө муу аавдаа нэг аятайхан шинэ, магадгүй урьд нь идэж байгаагүй тийм хоолыг нь аваад өгчихгүй яав даа гэж бодохоос хүн юмыг ямагт хожимдож санадаг юм байна даа гэж бодсон. Дэлхийгээс явчихсан аавыгаа нэг л өдөр эргээд эргээд ирэх юм шиг, урт холын аянаас ядрангуй мөнөөх л дүрээрээ ороод ирэх юм шиг санах юм. Тэгээд хэзээ ч ирэхгүй болсныг нь ухаарах бүртээ хамрын угаар шархирч, өр өвдөх юм даа. Амьд ахуйд нь санаагүй, амжаагүй бүхэн өнөөдөр надад хамгийн хүнд ял болж элгийг минь нухаж байна. Ганц ч өдөр аавыгаа ойлгох сон гэж хичээж байсангүй. Аавын минь бодож хүсэж явсан бүхэн өөртэй нь хамт халин одож... Гоё ганган бэлэг, үнэтэй чамин архи харагдахад аль анддаа бэлэглэх вэ гэж бодож явснаас бус аавыгаа нэг баярлуулчих юм сан гэж бодож байсан нь ховор. Хамгийн сүүлд би 1999 оны өвөл гараа хугалчихаад аймгийн төв рүү гэртээ харихдаа жижиг шилтэй нэг хөөрхөн гадаад архи авч очсон юм. Үүнийг Даваа эмчдээ /миний анхны хайр/ өгөх гэж байгаа юм гэж аавдаа хэлээд хоёр хоног гэртээ байлгаж байгаад гурав дахь өдөр нь түүнд аваачаад өгчихсөн. Тэгэх нь надад тааламжтай байсан хэдий ч муу аавдаа “Хүү нь танд авчирлаа” гээд өгчихсөн бол хөөрхий яаж баярлах байсан бол? Даваа эмч нэгэн цагт талархаад л өнгөрнө. Харин аав минь үүний төлөө насан туршдаа баярлаж үлдэх ч байсан юм билүү. Архиндаа биш л дээ. Миний аав архичин хүн байгаагүй... Бодохоос л нулимс бөмбөрөх ийм дурдатгалууд тун олон. “Сайн байна уу, миний хайртай ааваа” гээд л захиагаа эхэлдэг байсан тэр өдрүүд үнэхээр л аз жаргалтай байж. Ээжийн энэрэл хайраар дутан гуньж, мөнгө төгрөг, ахуй амьдралын аар саархнаар гачигдах тийм үе бишгүй л байдаг. Тэр бүхний төлөө би санаа алдаж зовлон гэж нэрлэдэг байлаа. Аавтай он жилүүд энэ зовлон надад хүнд л санагддаг сан. Гэтэл өнөөдөр орь зүрхэндээ ганцаардал нэрж сэтгэлээ, захидлаа хаяглах хүнгүй шимширч сууна. Гэвч ганц л юманд итгэж байна. Энэ ч бас... зовлон биш ээ...

/Аав минь тэнгэр болоод өнөөдөр яг есөн жил болж байна/

Thursday, May 1, 2008

НУТГАА САНААД БАЙНА


Сүүн урсгалт Хэрлэн мэлмий дагуулж бөмбөрнө

Сүйхэн цагаан уй элгэн дотуур өнхөрнө...

Tuesday, April 22, 2008

АЙДГАА АВДАРТАА ХИЙЕ, АВДАР НАЙДВАРТАЙ БИЗ...?


Эртний хүмүүс ваар савыг анх урлахдаа дэлхийн соёл иргэншлийн түүхнээ тэмдэглэгдэх агуу дэвшил хийснээ ч мэдсэнгүй, тэрхүү бүтээл нь хожмын түүхэнд хараар бичигдэх гай гамшгийн эхлэл болно гэдгийг ч зөгнөөгүй юм.

…Вааранд хадгалсан элдэв жимс хадгалалтын явцад эсэж задраад бага хэмжээний спирттэй ундаа болсныг хүмүүс анх мэдэж уусан нь арван тамтай архи хэмээх ундаа бий болохын эхлэл байлаа. Хүмүүс өдөржин ажиллаж, биеийн хүнд хөдөлмөр хийж ирээд дээрх ундааг уухад алжаал тайлагдан, түр зуурын сэргэлт өгч байгааг анзаарч, уул ундаанд ид шидтэй зүйл байна хэмээн ойлгон улмаар янз бүрийн аргаар бэлтгэн ахуй амьдралдаа өргөн хэрэглэдэг болжээ. Энэ цагаас л хүн төрөлхтөн зовлонг зоосоороо худалдан авч эхэлсэн гэдэг. Гэвч тэр үеийн согтууруулах ундаа 10-20 хувийн спирттэй байжээ. Манай тооллын 6-7-р зууны үед Арабууд дарс нэрж спирт гарган авсан нь хүн төрөлхтөнийг шидэт ундааныхаа хар цагаан талыг ялгахад хүчтэй нөлөө үзүүлсэн гэдэг.

Архи, мансууруулах бодис болон сэтгэцэд нөлөөт бодисуудыг хортойгоор хэрэглэх явдал ХХ зууны эцэст бүх дэлхийг хамарч ДЭМБ-ын сүүлийн үеийн судалгаагаар архинд донтох болон сэтгэцэд нөлөөт бодисын хамааралтай өвчтөний тоо 500 саяд хүрчээ. Дэлхийн өндөр хөгжилтэй 15 оронд сүүлийн 40 жилд хийсэн судалгааны дүнгээс үзэхэд архинд донтох өвчний тархалт 10-20 дахин нэмэгдсэн байна.

Монгол Улсад архинд донтох өвчин сүүлийн 15 жилд хоёр дахин өссөн бөгөөд насанд хүрэгчдийн 51,2 хувь нь архийг байнга хэтрүүлэн хэрэглэж байгаагийн 20-оод хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Энэ нь нийгмийн чанартай үзэгдэл юм. Шилжилтийн үеийн эдийн засаг, ахуйгаас үүдсэн бэрхшээл нь хувь хүний сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж гутранги үзлийг төлөвшүүлж энэ нь эргээд нийгэмд хортойгоор нөлөөлдгийг өнгөрсөн үеийн түүх бэлхнээ нотолдог. Манайд өнөөдөр энэ л байдал давтагдаж нийгэм бүхэлдээ хямралд орж архидалт хавтгайрч, этгээд үзэлтэн, анархистууд "дотоод"-оосоо гадагшаа хальж нийгмийг донсолгох болов. Энэ эвдэрсэн сэтгэхүйг яах билээ гэдэг асуудал одоо хууль хяналтын байгууллагынхны толгойны өвчин болж нийгмийг эрүүлжүүлэх талаар ам өрсөн "сэтгэцгээх" боловч төдийлөн үр дүнд хүрэхгүй байна. Архичдаасаа айж сэрэмжлэхээрээ Багахангай руу албадан эмчилгээнд ачуулж, аль эсвэл хазгай гишгэлтийг нь анаж байгаад төмөр торны цаана суулгах л хоёр аргатай. Согтуу хүн хазгай гишгэхгүй байна ч гэж юу байхав. Энэ нь ч амжилттай үр дүнд хүрч, оны эцсийн тайлан тооцоо нь телевизийн мэдээнээс хүмүүсийн тархинд шууд кайф болон очиж байна. Шөнийн хотоор зүрхээ зүсүүлэн, орчин тойрноо хялалзан явдаг бидний хувьд энэ нь кайф байхаас ч яахав. Айдгаа авдартаа хийж амар амгаланг мэдэрсэн хүмүүс энэ амар амгалангийнхаа төлөө залбирч айдсыг нь манаж байгаа шоронгийн хуягуудад найдах л үлдэнэ.

Харин торонд орсон нөгөөдүүл юу болж байгааг бид мэдэхгүй, мэдэхийг ч хүсэхгүй. Манай хүмүүнлэг ардчилсан нийгэм согтуурах донтой этгээдийг захиргааны журмаар албадан эмчилж, эсвэл үйлдлийнх нь төлөө шоронд хийж байгаад бид баярлаад л. Тайзан дээрх үйл явдлын өрнөл энэ. Үзэгчид ч уйджээ. Гэтэл өөр өнцгөөс харсан шинэ үзэгдлүүд гарч эхэллээ. Ардчилсан нийгмийн зарчмаар өөрсдийгөө тунхагласан энэ хүмүүс бол архичид өөрсдөө байлаа. Тэд ч бас хорт зуршлаасаа салахыг хүсчээ. Амьдралын хатуу хүтүү, сэтгэл санааны энэлэл шаналлыг биеэр амссан учраас тэд өөрсөддөө тохиромжтой шинэ аргыг сонгон хэрэглэсэн нь архаг архичдын Аминчлахуй /АА/ цуглаан байв. Монголд анхны АА цуглааныг 1998 онд Мөнхбат, Ганбат нар "Бид "нэртэйгээр байгуулж, архинд донтох өвчтэй хүмүүсийг татан оролцуулж эхэлжээ. Архаг архичдыг албадан эмчлэх ажиллагаа компаничилсан шинжтэй, эмнэлгийн үйлчилгээ, анагаах аргазүй илт үгүйлэгдсэн, орчин нөхцөл нь дорой шинжтэй байсан бол Архичид аминчлахуй цуглаан нь тэдний дунд жинхэнэ амьд халуун уур амьсгалыг бүрдүүлж, архины асуудлыг бие сэтгэлээрээ ойлгож түүнээсээ салахыг зорьсон чин хүслийн үндсэн дээр нэгдсэнээрээ онцлог юм. Сэтгэлзүйн энэ эмчилгээг 1950-иад оноос дэлхийн улс орнууд амжилттай туршиж АА-гийн шугамаар хоёр сая гаруй хүн архинаас бүрмөсөн гарчээ.

Алкогол Аноним /АА/ гэдэг нь өөрсдийнхөө зовлон бэрхшээлийг хамтран шийдвэрлэхийн тулд мөн архинд донтох гэдэг нэртэй эртнээс илэрхий, нууцлаг энэ өвчнөөс эдгэрэхийг хичээж байгаа бусаддаа туслахаар хамтран нэгдсэн хэдэн зуун мянган эрэгтэй, эмэгтэй гишүүдийг эгнээндээ нэгтгэсэн нөхөрлөл юм. "Архичид аминчлахуй" нийгэмлэг анх 1935 онд АНУ-ын Охайо мужийн Акрон хотод нэгэн нэрд гарсан мэс засалч Нью-Йорк хотын нэгэн бизнесментэй уулзсанаар үүсэл сууриа тавьсан түүхтэй. Тэд хоёулаа найдвараа алдсан архичид байсан боловч тэдэнд АА нөхөрлөлийн үндэслэгчид болох хувь тавилан тохиожээ. АА-гийн 12 алхам бол архичны амьдралын хэвшилд орж түүнийг архинд донтох хүслээс нь алхам алхмаар чөлөөлж аз жаргалтай, ашиг тустай хүн болгодог хүн чанараараа оюун санааны нийтлэг зарчмуудын цогц юм. Архидалт мансуурлын эсрэг ассоциаци, Сэтгэц эмгэг мансуурал судлалын төвийн Наркологийн сайн дурын эмчилгээний алба АА хөдөлгөөнийг нийтийн дунд дэлгэрүүлж архигүй орчны хүрээг өргөтгөх, энэ ажилд төрийн бус байгууллагын хүч бололцоо, сүлжээг дэмжин ажиллаж байна. Одоогийн байдлаар Монголын АА хөдөлгөөн бүх аймаг, дүүрэгт салбар төвүүдтэй болж эдгээр цуглаанд нийт 1600 гаруй хүн хамрагдан эрүүл саруул амьдрал руу тэмүүлж буй судалгаа гарчээ. Архинд донтох өвчин болон бусад мансуурах донг эмчлэх, урьдчилан сэргийлэх ажилд хөгжилтэй орнууд үндэсний бүтээгдхүүний орлогын гурваас доошгүй хувийг зориулдаг нийлэг жишиг хэдийнэ бий болжээ. Харин манай улсын хувьд энэ тогтолцоо хараахан төлөвшөөгүй, архичид зөвхөн сэтгэлийн тэвчээр, бусдыгаа хүндэтгэх, бие биедээ итгэх илтгэл найдвараараа цуглаанаа үргэлжүүлж зөвхөн өөрсдийнхөө ухамсар дээр оршин тогтнож байна. Энэ бол манайхны хувьд гавъяа, бусад улс орны туршлагатай харьцуулахад тэр болгон байдаггүй зүйл. АА хөдөлгөөн ийнхүү хүрээгээ тэлж эрүүл хүмүүсийн тоог нэмсээр байна. Харин харамсалтай нь тэднийг эргээд эрүүлээр хүлээн авах нийгмийн сэтгэлгээ дутагдаж байна. Баар, кафе-д орвол кофе, ундаанаас өөр зүйл авсангүй, орлого оруулсангүй гээд хөөгөөд гаргана, хуучин танилууд нь үгийн өө сэв бүхэнд өнгөрсөн амьдралаар нь дарамтална. Энэ бол монгол сэтгэлгээ. Засарч буй архичдыг эргүүлж түлхэх, тэднийг дахин халтирахд хүчтэй нөлөөлж буй энэ сэтгэлгээг бид засаж залруулна гэж байхгүй бололтой. Тийм болохоор архичдаас арав дахин илүү тэвчээрийг л шаардах үлдлээ. Тэр цагт бид биш цаг хугацаа тэднийг дүгнэх биз ээ

Monday, April 21, 2008

Зүгээр л мэдрэмж...


Гадаа харанхуй, сэтгэл бүгчим
Гарыг минь барихад даарсан
Сэтгэл харанхуй, айдас үргэж
Сэрүүн, бүгчим агшныг үдсэн
Хуй салхи минь яв даа
Худлаа инээж чадахгүй би
Хуурай сайр шиг сэтгэлтэй
Ганцаардах хааяа сайхан байдаг
Шөнө дундын оёг мэдрэмж
Гүн шигүү ойн зөрөг
Энд сар тусахыг хүлээж
Эмгэн моддыг түшмээр байна

Tuesday, April 15, 2008

МУЛДАШЕВТАЙ ХИЙСЭН ЯРИЛЦЛАГА

Энерги гэдэг үг дөнгөж саяхныг хүртэл зөвхөн физикийн шинжлэх ухаанд л хэрэглэгддэг байлаа. Гэтэл өнөөдөр сайн муу энергитэй хүн гээд л амтай бүхэн ярьж бичиж, эл үг бидний амьдралыг тодорхойлогч чухал хэрэглэгдэхүүн болжээ. Нам засгийн шийдвэрээр энэ үгийг хэрэглэхээр тунхагласан бол ингэж өргөн хэрэглээ болтлоо нэлээн юм туулах байсан биз. Зөвхөн энэ жишээнээс л харахад та бид ухамсраар бус “өгөгдлөөр” амьдраад байгаа юм биш үү? За энэ ч яахав үндсэн сэдвээсээ халиад өөрийн үзлээ тунхаглаад уналаа. Хамгийн гол нь та бүхэндээ амласан нөгөө гайхал Мулдашевийн ярилцлагыг эвлүүлэн сийрүүлжээ суутал энэ мэт соньхон мэдрэмжүүд сэтгэлд төрөгдсөн хэрэг л дээ. Манай шинжлэх ухаан амьдралын зөвхөн гадна өнгө, өөрөөр хэлбэл хүний сайн сайхны төлөө, хэрэглээний төлөө улайрч тэр түвшинд л хөгжсөний үрээр хүн гэдэг амьтан өөрийгөө танихаа больтлоо “гоёж” амжсан ч дотоод сэтгэлийнхээ агуу их хүч чадлаас амсах нь бүү хэл өнгийж ч амжаагүйн харгайгаар “ганган 00” болчихоод байна. Иймээс дэлхий ертөнцөөрөө хүний дотоод мөн чанарыг сонирхох дэвшилтэт хандлага нэгэнт цаг үеийнхээ шаардлагаар ч гэх үү бий боллоо. Эрдэмтэд дорныг сонирхож эхэллээ. Дорнын гүн ухаан, буддизм бол шинжлэх ухаан бус шинжилчихсэн ухаан гэдгийг бид саяхнаас л мэдэрч байгаа. Монголчууд дорнын улсын хувьд их мэдлэгийн цөм дунд төлжсөн хэрсүү ухаант ард түмэн билээ. Эртний энэ мэдлэг мартагдаж шинжлэх ухаан рүү буцаж алхдагийн даваан дээр шинжлэх ухаан “шинжилчихсэн ухаан” рүү эргэж байгаад баярланам. За ингээд олныг үл нуршин Мулдашевтай хөөрөлдсөнөө толилуулъя. Тэгэхдээ бас нэг хүлцэл өчих зүйл байнаа. Өмнөх бичлэгтэй утга агуулга давхцаж буй олон зүйл байгааг хүлцэнэ үү.
-Мулдашевийн баг Монголыг зорих болсон шалтгаан маш сонин байна. Юу таныг нааш нь хөтлөв өө?
-Эхлээд би танд энэ глобусыг үзүүлье. Би голчоор нь хадаас хатгасан байгаа биз дээ? Энэ хадаасны наад бөөр нь Номхон далайн Пасхи арал, харин цаад тал нь Монгол Алтайд таарч байна. Энэ сонирхолтой биш гэж үү? Пасхи арал дээрх олон зуун тоннын жинтэй цул чулуун баримлуудыг тэртээ “бүдүүлэг” үед хүн төрөлхтөн өөрсдийн гараар бүтээж чадсан гэдэгт би үнэндээ эргэлздэг. Яг үнэндээ бол итгэдэггүй. Энэ аварга хүн чулуун хөшөөнүүд миний судалгаанд онцгой байр суурь эзэлдгийг та бүхэн мэднэ. Бүх судалгаа шинжилгээ маань яван явсаар доод тив буюу Шамбалын орон гэгч зүйлд тулж ирээд байна. Би энэ “газрыг” олох их эрэл хайгуулд хөтлөгдсөөр өнөөдөр энд /Монголд/ ирчихээд сууж байгаа нь энэ.
-Миний бодоход Доод тив ч бай, Шамбалын орон ч бай тэр газарт бодол сэтгэлийн /сэтгэлгээний биш шүү/ хүчээр, магадгүй бясалгалаар дамжин хүрэх юм шиг санагдах юм?
-Яг үнэн. Энэ бол мэдээж бодитоор оршин буй хот тосгон биш. Бясалгал бол тэнд биднийг хүргэх хөсөг байх л даа. Хүн төрөлхтөний мэдлэг өнөөдөр үнэхээр балчир байна.
-Тэгэхдээ домог үлгэр зэрэг аман зохиолуудад эдгээр нь бодитоор дурдагдсаар л ирсэн. Үлгэр үнэн болох цаг ирж байгаа юм биш үү?
-Үлгэр бол зохиол биш эртний мэдлэгийг өнөө бидний үед тээж ирсэн маш үнэт мэдээллийн аман хэлбэр гэж би ойлгодог. Тэр тусмаа дорнын ард түмэн үлгэрээ хүртэл урлагийн түвшинд хүргэж, утга санаагаа нарийн нягт боодол, давхар давхар сонин содон сэрэхүйгээр нууцалж чадсан нь гайхмаар. Нэг талаасаа урлагийн цэвэр сонгодог бүтээл, нөгөө талаасаа мэдлэгийн ариун цогц гэмээр юмуу даа. Монголын үлгэр домгийг сүүлийн үед би бас нэлээд сонирхож байгаа. Монгол бол эртний мэдлэгтэй ард түмэн гэдгийг би хүлээн зөвшөөрнөө.
-Шамбалын орныг Монголоос хайх болсон нь бас л нэг шалтгаантай байгаа даа?
-Би Пасхид хийсэн судалгааныхаа дараа шууд Монгол Алтайд ирсэн. Дэлхийн нэг бөөрөөс нөгөө бөөрөнд шууд шилжин судалгаагаа хийж байна. Учир нь Пасхи арал дээр цоорхой таваг шиг олон хар нүхнүүд байдаг. Ёроолгүй, эцэс төгсгөлгүй тийм нүхнүүд. Энэ газрын яг эсрэг талд юу байгаа бол гэх бодол нааш нь намайг авчирсан. Гэтэл энд намайг юу хүлээж байсан гэж санана. Таамаглаж төсөөлж байсан тэр зүйлээ Алтайгаас олоод маш их балмагдсан шүү. Энэ бол Доод тивийн судалгаанд үнэтэй хувь нэмэр оруулах онцгой зүйл байлаа. Монгол Алтайд миний эрж хайж байгаа тэр хар нүх байна. Тэдгээр нь зүгээр л нэг нүх биш биш Доод тивтэй холбогддог ариун дагшин газар юм.
-Та Шамбалыг оюун санааны зэрэгцээ ертөнц-мэдлэгийн цогцолбор, тэр харагддаггүй, бясалгалаар л дамжин хүрч болох тухайд санал нийлсэн шүү дээ. Тэгээд хар нүх хайгаад байгааг чинь юу гэж ойлгох вэ? Миний хувьд таны яриад байгаа хар нүх гэдэг чинь бас л нөгөө бодит, нэг үгээр хэлбэл шатаар уруудаад л орчих байшин барилгархуу санагдаад байх юм?
- Энэ бол бодит зүйл өөрөөр хэлбэл таны яриад байгаа хаалга гэвэл бас андуу ташаа болох биз ээ. Тэгэхдээ магадгүй энэ нь Доод тивтэй холбогдох хаалга ч байж болох талтай. Дэлхийн хаанаас ч Доод тив буюу Шамбалтай холбогдож болох ч цөөхөн ариун газар байдаг. Тэдгээр нь хүний оюун санааны хүчийг төвлөрүүлж, биежүүлж байдаг. Даяанчид, их бясалгагчид яагаад уулын агуй сэлтийг сонгодог вэ гэдгийг бодъё л доо. За яахав, тайван газар, олны хөлөөс хол гэх байдлаар ойлгож болох ч үнэндээ байгалийн “амин цэг” гэж бас байдаг байх л даа. Тэрийг тэр их билэгт хүмүүс мэдэрдэг биз. Үүнийг одоогоор дэлгэрэнгүй тайлбарлахад эрт байна аа. Энэ тухайд миний үзэл хандлага их өөр. Юутай ч танай эндээс хайснаа олсон. Иймэрхүү ариун газарт өндөр мэдрэгчтэй дижитал аппаратад дүрс нь гардаг Нүдэн хүн буюу энергин биетүүд “амьдардаг”. Энэ бол оюун ухааны асар өндөр чадамжтай, хүний бодол сэтгэхүйд нөлөөлж ч чаддаг амьд амьтан.
-Ийм “амьтдыг” өмнө нь хаанаас олж байсан бэ? Тэднийг яагаад заавал амьд гэж үзээд байгаа юм бэ? Химичид, физикчид үүнийг хамгийн энгийнээр тайлбарлачихаж чадна шүү дээ?
-Пасхид энэ амьтан байсан. Бас цөөн хэдэн ариун газарт тааралдаж байсан. Гэхдээ ийм олноор нь үзэж байсангүй. /дижитал аппаратаар авсан үй олон дүрснүүд үзүүллээ/. Тэд маш хурдан байрлалаа солин хөдөлдөг болох нь зурагнаас харагдаж байна. Тэр биетүүд ухаалаг, ариун газрын хамгаалагчид. Бид одоогоор түүнийг бүрэн таньж мэдээгүй байгаа учраас их болгоомжтой хандаж байгаа. Энергин биетүүдийг судлахад дөрвөн давхар бөмбөлгөн хэлбэртэйгээс гадна дундаа буюу биеийнхээ төв хэсэгт чагт маягийн зүйлтэй. Энэ нь хас тэмдгийг санагдуулж байна. Хас тэмдгийг утга учрыг Монголчууд сайн мэднэ. Гитлер Шамбалыг хайж байсан, бас хас тэмдгийг бэлгэ тэмдгээ болгосон. Гэхдээ тэр хас тэмдгийг буруу харуулж хэрэглэснээр бүх үйл ажиллагаа нь буруу зүгт чиглэгдэж буруудсан.
-Та Доод тив гэж нэрлээд байгаа тэр зүйлээ тодруулж хэлнэ үү. Монголчууд Доод тив гэгчийг үлгэр домогтоо олонтаа өгүүлдэг ч энэ нь Шамбалын /Бурханы ариун газар, диваажин/ орон биш харин ч бүр эсрэгээрээ буюу Там гэх ойлголттой ойр төсөөлөгддөг.
-Доод тив гэж нэрлэх нь хэр зохимжтойг би мэдэхгүй байна. Гэхдээ энэ бол там биш харин бурхадын орон гэж ойлгох нь илүү зохимжтой байх. Судалгаа маань бүрэн дүгнэлтэд хүрчихээгүй байгаа болохоор энэ тухайд одоохондоо хувийн төсөөллөөсөө хуваалцахад эрт байна. Би бас дашрамд хэлэхэд хиргисүүр хэмээх эртний байгууламжуудыг давхар судалж эхэлсэн. Зарим хиргисүүр хүний гараар бүтээсэн гэхэд эргэлзмээр асар их чулуун овоолготой байх бөгөөд дор нь юу ч байхгүй байх тохиолдол олон. Энэ нь магадгүй Доод тивтэй холбогдох, үүд хаалганых нь тэмдэглэгээ ч байж болох юм. Хиргисүүрийн чулууд нь хүний цуглуулсан овоолго биш харин дороос нь түлхэж гаргасан зүйл ч байж болох талтай. Орос Алтайд байсан Улаан хааны албат хэмээх шувуун хүний сүг зураг энд Монгол Алтайд бидний олж илрүүлсэн тэрхүү шүтлэгт агуйн хананд биднийг угтсан нь бас л гайхширмаар сонин хэрэг шүү. Үүнийг бид Доод тивээс гарч ирсэн амьтан гэж үздэг. Бид нэгэн мэдээллийн дагуу орос /Горный/ Алтайд бас судалгаа хийсэн юм. Тэндээс мөн л эцэс төгсгөлгүй гүн цооног олдсон. Дотор талыг нь пааландсан юм шиг тэгшхэн тийм нүх байсан. Би дэлхийн 50 оронд судалгаа хийсэн. Миний ирж буй 51 дэх орон-Монгол улсад ийм сонирхолтой “бэлэг” намайг хүлээж авсанд их бэлгэшээж байна даа.Тэрээр өөрийг нь угтан авч Монголд /Ховдод/ байх бүхий л хугацаанд нь түшиг болсон Монголын психотроникийн хүрээлэнгийнхэнд талархлаа илэрхийлээд Монгол нутагт байдаг байгалийн сонин содон байгууламжууд, Дорноговийн шүтлэгт уул ус, тэндэхийн Шамбал нэрт газарт судалгаа хийхийг маш их хүсэж байгаагаа хэлсэн. Мөн ирнэ гэж амлсан. Судалгааны аяллын төлөвлөгөөгөө өмнөх жилд нь гаргачихдаг учраас энэ жилдээ хараахан амжихгүй, гэхдээ ойрын жилүүдэд заавал Монголд дахин хөл тавих хэрэгтэй гэдгээ догдлон ярьж байсан юм.

Wednesday, April 9, 2008

ДООД ТИВИЙН ҮҮДИЙГ МОНГОЛООС ОЛСОН УУ?

Доод тив хэмээх шашны ойлголтыг шинжлэх ухаанаар батлахыг зорьж байгаа Оросын эрдэмтэн Эрнст Мулдашев Монгол Алтайд хийсэн судалгааныхаа төгсгөлд маш сони рхолтой дүгнэлт гаргасан юм. Түүний үзэж байгаагаар Доод тив буюу Шамбалын орон нь хүн төрөлхтөний генийн санг хадгалж байгаа зэрэгцээ ертөнц юм байна. Хүн мичнээс үүссэн гэх шинжлэх ухааны тулгуур үзлийг няцааж байгаа энэ эрдэмтний “Хүн мичнээс үүсээгүй”, “Бурхадын хотын эрэлд” хэмээх судалгааны бүтээлүүд нь цувралаар хэвлэгдэж дэлхий нийтэд шуугиан тарьж байгаа билээ. Мулдашевийн баг 2006 оны 8-р сарын 28-наас 9-р сарын 2-ныг хүртэл Монгол Алтайд судалгаа шинжилгээ хийгээд нийслэлд хөл тавилгүй Ховд аймгаас буцсан юм. Тэднийг Монголд байх хугацаанд нь зорьж очин уулзах бололцоо олдсонд миний бие ихэд баяртай байдаг. Мулдашевийн зохиол бүтээлүүдийг монгол хэлнээ хөрвүүлэн уншигч олны хүртээл болгосон Монголын психотроникийн хүрээлэнгийн эрхэм нөхөдтэй хамт Ховд аймгийг зорьсон минь дорх нийтлэлийг бичих боломжийг олгосон билээ. Ингээд тухайн үед бичиж тэмдэглэж авснаа сийрүүлэн эрхэм блогчиддоо хүргэсү.

Мулдашев Номхон далайн Пасхи аралд хийсэн судалгааныхаа дараа Монголд шууд хүрэлцэн ирсэн гэдгээ хэлээд Пасхи арал нь дэлхийн нөгөө бөөрөн дээр Монгол Алтайн яг эсрэг талд оршин буйг тэмдэглэсэн глобусыг надад харуулсан юм. Хүний гараар бүтээгдсэн эсэхэд нь эргэлзэн дэлхий дахинаараа маргасаар байдаг олон зуун тоннын жинтэй цул чулуун хүмүүс “оршин суудаг” эл арал дээр цоорхой таваг шиг олон хар нүхнүүд байдаг юм байна. Тиймээс Мулдашеийн багийнхан дэлхийн нөгөө бөөрөнд Пасхи аралын яг эсрэг талд нь оршин буй газарт тийм хар нүх бий эсэхийг хайхаар иржээ. Хачирхалтай нь хайсан мөнөөх зүйлээ Монгол Алтайн нэгэн агуйгаас илрүүлсэн гэдгээ тэд догдлон ярьж байлаа. Тэд уг газрынхаа нэрийг мэдээлэхийг хүсээгүй бөгөөд үүнийгээ мухар сүсэгт ухвар мөчид хүмүүсийн буруу үйл ажиллагаанаас тэрхүү ариун газар сэвтэх вий гэсэн болгоомжлолтой холбон тайлбарласан юм. Нутгийнхны ярьж байгаагаар уг газар нь Ховд аймгийн Манхан сумын нутаг дахь Гурван цэнхэрийн агуй байж магадгүй байна. Агуйн хананаас өрөмдөж гаргасан мэт үзүүргүй хар нүх олжээ. Мөн агуйн үүдэнд ёроолгүй гүн цооног байсныг илрүүлжээ. Энэ цооног саяхныг хүртэл байсан бөгөөд зах зээлийн нийгэмд шилжсэн 1990-ээд оны эхээр орон нутгийн захиргаа тус агуйг жуулчдад үзүүлэх зорилгоор сэргээж засах үед уулнаас нуринги унаж агуйн үүдний цооног нүхийг даржээ. Буруу харсан амтай энэ агуйн үүдэнд нар жаргах үед шувуу олноор ирдгээс 10 машин орчим сангасын хоригдлуудаар ачуулж цэвэрлэж байсан түүхтэй юм байна. Тэд агуйн хананы нарийн цооног нүхнээс гарч ирсэн гэх ээнергин биетүүдийн зургийг бидэнд үзүүлсэн нь ихээхэн сонирхол татсан юм. Тэр нь дэлхийн цөөхөн ариун газарт байдаг, зөвхөн өндөр мэдрэгчтэй тусгай аппаратаар л дүрсийг нь авч болдог хэмээн тэд ярьж байлаа. “Нүдэн хүн” хэмээн нэрлэж буй тэрхүү биет нь томоохон тавагны хэмжээтэйгээс эхлээд бүр цэг хүртэл олон янз байх бөгөөд гэрлэн толбоны зарим нь зурган дээр их тод гарчээ. Эдгээр нь маш хурдан байрлалаа солин хөдөлдөг болох нь ч мөн зурагнаас харагдаж байв. Үүнийг тэд хүн төрөлхтөний генийн санг хадгалан байгаа зэрэгцээ ертөнцөөс гарч ирж буй энергин биет хэмээн тайлбарлаж байсан бөгөөд тэдгээр нь сэтгэн бодох асар өндөр чадвартай төдийгүй хүний зөв, буруу бодол санааг шүүж шууд хариу үйлдэл үзүүлдэг хэмээн нотолж байлаа. Мөн агуйд тэдний танил “Шувуун хүн”-ий зураг байсан нь эл газар яавч жирийн биш хэмээх бодлыг нь бүр бататгажээ. Далайн гахайтай төстэй урт шөмбөгөр хошуутай, далавчны оронд гар маягийн зүйлтэй, сарьсан хөлтэй, Шувуун хүн хэмээн нэрлэж буй эл дүрс нь Доод тивээс гарч ирсэн амьтан бөгөөд Пасхи арал дээрх хар нүхний дэргэд мөн зураг нь байжээ. Мөн нэг газар ёроолгүй хар нүх байна гэсэн мэдээллийн адгуу Горный Алтайд тэдний багийг очиход яг иймэрхүү агуйд мөнөөх нүх байсан бөгөөд агуйн үүдэнд дээрх зураг бас л тааралдаж. Түүнийг нутгийнхан “Улаан хааны албат” хэмээн нэрлэж газар дор байдаг Галын хааны илч хэмээсэн нь ихээхэн сонирхол татсан төдийгүй Монголчууд ч галын бурханаа дээдэлж түүнийг амьтайд үзэн шүтдэг нь сонин хэмээн ярьж байв. Эрнст Рифгатович Мулдашев бол дэлхийд нэрд гарсан эрдэмтэн бөгөөд анагаах ухаанд хүний эд эсийг нөхөн сэргээх мэс заслыг үндэслэгч, нүд шилжүүлэн суулгах мэс заслыг дэлхийд анх удаа амжилттай хийсэн Оросын гавъяат эмч, анагаах ухааны доктор профессор хүн юм. Тэрээр үйлдвэрлэлд зохион нэвтрүүлсэн нүдний нөхөн суулгавар эд “Аллоплат”-ынхаа цаад учрыг одоо хүртэл гүйцэд мэддэггүй ч хүний амьгүй эд эсээс гарган авдаг энэ материал дахин амилж хүний бие цогцыг бүтээх байгалийн гүн нарийн механизтайг ойлгон, физикч, молекулын биологич зэрэг олон эрдэмтэнтэй хамтран ажиллахын сацуу шашин, эзотерик мэдлэгийн үндсийг ч бас судалдаг аж. Мулдашев Гималай, Түвд, Египетэд таван удаа шинжилгээний аян зохион явуулж нөхөн сэргээх мэс заслын асуудлуудыг гүнзгийрүүлэн судлах явцдаа гүн ухаан, түүхийн дуулиант олон нээлт гаргажээ. Үгүйсгэж эсрэгцүүлсэн утгатай миний олон асуултын хариуд тэр зөвхөн “Бидний оюун ухаан бол эртний мэдлэгийн дэргэд өчүүхэн зүйл юм” гэдгийг тодотгож, хүн бичнээс биш бич хүнээс үүссэн гэдгийг л би баттай хэлж чадах байна гэсэн юм. Мөн тэрээр хэлэхдээ, биднийг Түвдэд явах үед нэгэн лам буддизм бол шашин биш, энэ бол мэдлэгийн ариун цогцолбор гэж хэлсэн. Тэгэхээр мэдлэгийн энэ агуу цогцыг хадгалж ирсэн Монголын ард түмнийг асар их хүндэлж байна. Ойрын жилүүдэд танай оронд заавал ирж “их юм олно”. Энэ аялал маань дахин ирэхээс аргагүй том зүйлийн үүдийг аяндаа нээгээд өгчихлөө гэж байлаа...



Жич: Уг материалын үргэлжлэл болох зарим нэг тодруулга, Мулдашевтэй хийсэн ярилцлагыг блогтоо үргэлжлүүлэн тавих болно.

Tuesday, April 8, 2008

СЭТГЭЛ ҮНЭРТЭНЭ...


Хүний тухай бичих дуртай би. Сайхан хүний тухай чадан ядан тэрлэснээ хүнд уншуулах бас их дуртай. Сайхан хүний тухай бичих сайхан байдаг. Сэтгэлээ шагначихдаг юм. Саяхан би нэг хүний тухайд иймэрхүү хөрөг таталбар тэрлэлээ. Санаа оноогоо нэмэрлээрэй андууд аа.

Хүнд үйлдвэрийн салбарт тэргүүлэгч том компанийг удирдаад, эрчүүдийг командлаад, тэднийхээ амьдрал ахуйг нуруун дээрээ үүрч явна гэдэг бүсгүй хүнд байтугай эр хүнд ч ахдах ачаа гэдэг нь тодорхой. Харин Гарамжав хатагтай үүнд туйлдах нь бүү хэл харин ч өнгөжин гялалзаж улам ихийг бүтээх хүсэлд ноцож явна. “Монполимет компани өөрийн гэсэн байр суурьтай болсон. Байшин барьдаг хүн барилгын материал үйлдвэрлэхсэн гэж боддог, Нэг төслийг амжилттай хийсэн бизнесийн багийхан дараачийн төслөө хийх судалгаанд ордог. Энэ бол бизнес, амьдралын бичигдээгүй хууль. Манай компанийханд барилгын материалын үйлдвэр байгуулах, хүнд хэрэгцээт амин дэмийн импорт, худаг усны хайгуул өрөмдлөгийн компани байгуулах зэрэг зорьсон зорилго их байна. Бизнесийн цар хүрээний өргөжилтийг би шунал гэж огтхон ч боддоггүй. Энэ бол бүтээлч хүмүүсийн мөн чанар гэж ойлгодог. Хүнд амжилтанд хүрэхэд хэдэн чухал зарчим байдаг. Нэгдүгээрт хүнд шантаршгүй ажилсаг зан чанар байх хэрэгтэй. Хоёрдугаарт хүн болж төрснийх зүрхэнд нь хайр үргэлж ундарч байх хэрэгтэй. Энэ хайр үргэлж хүний зүрхэнд асч, агуу их хайр сэтгэлийг бие биедээ авч, өгч байх хэрэгтэй, Амьд байгаагаа мэдрэх, хүн гэдгээ мэдрүүлэх гайхамшигтай онцлог. Дараа нь хүн боловсролтой байх хэрэгтэй. Энэ гурвыг мөрдсөн цагт амжилт дагуулна” гэж энэ бүсгүй ярьсан. Уул уурхайн салбарын тэргүүлэгч компанийн нэг “Монполимет”-ийнхэн өнгөрсөн жил л гэхэд улсад хоёр тэрбум 400 сая төгрөгийн татвар төлжээ. Тэднийх сүүлийн гурван жил дараалан тэргүүний нөхөн сэргээгч компаниар шалгарсан. Байгаль орчноо нөхөн сэргээх нь уул уурхайн ажлын салшгүй нэгэн технологийн хэсэг гэж үздэг Гарамжав захирал байгалийн нөхөн сэргээлтийг ажлынхаа үндсэн зарчим болгосноор хангай дэлхийнхээ хайр хишгийг хүртэж ажил нь ийнхүү урагштай явдаг ч байж болох юм. 1995 оноос эхэлж уулын ажил явуулсан газартаа өнөөдрийг хүртэл техникийн нөхөн сэргээлтийг 100%, биологийн нөхөн сэргээлтийн ажлыг сүүлийн 5 жил хийн туршиж байгаа гэх. Тэдний хиймэл нууранд хун нутагшиж, Давхар хайрхан уулын өвөрт зассан ширээ толгод нь ногоорч эхэлжээ. Ургамал хөрснөөс биш сэтгэлээс ургадаг гэх түүний нөгөөх л хатуу философи үр жимсээ өгч эхэлсэн нь энэ. Сүүлийн жилүүдэд байгаль орчноо анх байсан хэвэнд нь оруулаад зогсохгүй, тухайн нутаг орны ард иргэдэд амьдрал ахуйд нь ач холбогдлоо өгөх хэмжээнд сайжруулж өгөхийг зорьж байна гэж ярина лээ. Чийглэг багатай, ихэвчлэн хайргархаг шавранцар хөрстэй, сүүлийн жилүүдийн агаарын хуурайшилтаас болж хөрсний давхаргын чийглэг багасч, үржил шим муутай болсон ямар ч нөхцөлд зохицон ургадаг Сибирийн цагаан улиас, чацарганы мод, нутгийн бургас зэргийг олноор тариалж, ургуулж ойн зурвас бий болгожээ. Нөхөн сэргээлтийнхээ хэсгийн хүн хүч, техник технологийг жилээс жилд сайжруулж байгаа тус компанийнхан өндөр хүчин чадалтай САТЕРФИЛЛЕР, КОМАЦУ-ийн техникүүд, замын грейдэрээр тэгшилгээгээ хийлгэдэг юм билээ. Түүний өрсөлдөгчид нь бүгд эрчүүд. Тэд түүнийг эр хүнээс дутахгүй эмэгтэй гэдэг. Гарамжавт эмэгтэй хүнд баймгүй эрч хүч, зориг тэвчээр, алсын хараа, эр хүнд байхгүй хатан сэтгэл, хайр элбэрэл... цөм байдаг болохоор түүнийг зөвхөн эр хүнтэй харьцуулах нь хангалтгүй санагддаг юм. Монполимет ХХК-ны ерөнхий захирал, Монгол улс, ОХУ-ын уул уурхайн салбарын тэргүүний ажилтан, техникийн ухааны магистр, Монгол улсын шилдэг эмэгтэй удирдагч Ц.Гарамжав гэж ийм нэгэн “монголжин” бий.



Сэтгэлийн галбир


Саяхны нэгэн өдөр Монголын шилдэг улс төрч эмэгтэйчүүдийг шалгаруулах ёслолын үеэр нүдээ гартал гоодсон цэцэг хуар шиг эмэгтэйчүүд дундаас ажил хэрэгч даруухан хувцас, бүрэгхэн инээмсэглэлээрээ сондгойрсон сэтгэлд дулаан энэ бүсгүйтэй танилцах завшаан олдсон юм. Алтаар гоёдоггүй амжилтаар гоёдог энэ хүн уул уурхайн салбарыг мэргэжлийн хүний хувьд бүх л эрдэс бодисыг нь ажлын объект, хүн төрөлхтөний амьдралд туслагч чухал ашигт малтмалууд гэж үздэг. Цэргийн техник түрээслэн “монпулемёт” гэж хочлогдон хөлсөө шударч явахдаа ч, хамгийн сүүлийн үеийн технологитой, уул уурхайн мэргэжлийн компанийг байгуулж хөгжүүлнэ гэсэн хатуу зорилготой урагшилж явжээ.…1990-ээд он улс орны, нийгэм эдийн засгийн байдал өөрчлөгдөн социалист нийгмийн байгууламжаас зах зээлийн нийгэм рүү шилжих шилжилтийн үе байлаа. Улс ардын аж ахуй, социализмын материал техникийн бааз гэдэг ойлголтууд бүгд чөлөөт зах зээлийн бизнес, менежмент, хоршоо, пүүс компани гэх мэт цоо шинэ нэр томъёогоор солигдож, төрийн өмчит байгууллагууд бүтэц бүрэлдэхүүнээрээ задарч эхэлсэн тэр үед уул уурхайн салбарт ажиллаж байсан 30 гаруй мянган мэргэжлийн ажилчид ч бас ажилгүй болсон. Энэ үед хэсэг нөхдийн хамт анх “Хөрс судлалын пүүс” байгуулж, 1992 онд “Монполимет” ХХК-ийг инженер хайгуул, судалгаа хийх зорилгоор үүсгэн байгуулжээ. Хүн мэддэг, чаддаг ажлаараа хоолоо олох сайхан. Социализмын үед уул уурхайн салбарт олон эмэгтэйчүүд мэргэжил эзэмшсэн. Зарим нь ажиллаж байна, зарим нь өөр мэргэжлээр мэргэшээд банк, гаалийн салбарын ажилтнууд болчихоод явж байгаа.. Гарамжав гэдэг энэ хүн үндсэн мэргэжлээ орхиогүй цөөхөн хүмүүсийн нэг. Хувь тавилан түүнийг анхнаас нь л уул уурхай хэмээх эл нүсэр салбар руу чулуудсан. МУИС-ийн Уул уурхайн сургуулийг инженер, гидрогеологичоор төгссөн мань хүн шууд л Улсын барилгын зургийн төв институт гэдэг том байгууллага, хамт олны дунд мэргэжилтэн болж ирсэн. Дараа нь Москвагийн их сургуулийн уул уурхайн факультетийг Инженер геологч, хөрс судлаачаар, Италийн Ром хотод Олон улсын ашигт малтмалын гэрээ эрхзүйн мэргэжилтнээр тус тус суралцаж мэдлэг мэргэжлээ зузаатгаад авсан. Монголын уул уурхайн салбар зах зээлийн шуурганд унахад хамт унаж босоход нь хамт босож хал дол үзэн хат суусан Гарамжав бүсгүй өнөөдөр хариуцлагатай уул уурхайн тухайд бодлоо чилээж сууна. Уул уурхай нь Монгол улсын хөгжлийг тодорхойлогч салбарын хувьд бид өндөр үүрэг хариуцлага хүлээж байдаг. Тэр ч хэрээрээ төрийн зүгээс нарийн нандин, нэг үгээр хэлэхэд ухаалаг бодлого хэрэгтэй байгаа. “Нээлттэй” гэдэг үгийн сэжүүрээр хүн болгон хүрз шуудай үүрээд орвол Монгол нутаг минь оготны нүхээр дүүрч, эх дэлхий, газар ус минь амь тавина гэж ярьсан тэрбээр амьдрал хөдөлмөрийн амаргүй их замын бартааг бууж алдах биш, цаг наргүй хөдөлмөр, сэтгэлийн их зориг хатуужил, уужим ухаанаар залж явж эршүүжсэн нэгэн.Монголд уул уурхайн салбарын бизнес 1990-ээд оны эхнээс л бүх нийтэд нээлттэй болсон билээ. Дөнгөж үүсээд үйл ажиллагаагаа явуулахад олон бэрхшээл, ялангуяа санхүүжилт олдохгүй, сайн техник технологийг авч чадахгүй үе зөндөө байсан гэдэг. Анх компаниа байгуулахад тэдэнд уул уурхайн техник төхөөрөмж, өрмийн машин юу ч байгаагүй. Гэрийнхээ эд хогшлоос авахуулаад өөрийнхөө ээмэг, бөгжийг хүртэл зарж, нөхдийнхөө дэмжлэг хүчийг авч байж ганц орос трактор, ганц нэг хэрэгтэй төхөөрөмжтэй болоод магнай хагартал баярлаж явсан гэх. Энэ үед түүнд байхгүйн зовлонгоос илүүтэй мэдэхгүйн зовлон гэж нэг хэцүү юм байжээ. Өртэй хүн өөдөлдөггүй гэдэг “алтан” сургаалиар хүмүүжсэн Гармаагийн үеийнхэн зах зээлийн хуулийг ойлгож ядан мунгинаж байх үедээ улсаас зээл авна гэхээр л санаанд нь багтаж өгөхгүй, нэг их айдас түгшүүр төрж байсан гэдэг. Аргаа барахдаа эргэлтийн хэдэн цаастай болохын тулд хөнгөн цагааны хайлш энэ тэрхэн цуглуулж ганц машин болгож аваад урд хөршийг зорьж гурил будаагаар солин орж ирж байснаа ч тэр ярьдаг. “Энэ чинь ичиж нэрэлхэх юм биш шүү дээ, 1990-ээд он гэдэг чинь монголчуудаас амьдрах ухааны шалгалт авч байсан аймаар хүнд үе. Бүгд л хоногийн хоолоо залгуулахын төлөө ганзага үүрээд явж байсан” гэж Гарамжав захирал өдгөө дурсан ярихаас нэрэлхдэггүй. Харин Монгол оронд маань өнөөдөр олон төрлийн бизнес хөгжих нөхцөл байгаад тэр олзуурхдаг. Одоо бол эзэн хичээвэл заяа хичээх сайхан цаг ирээд байгаа. Тухайн үед эзэн хичээгээд ч эрэг мөргөдөг хэцүү хатуу үе зөндөө байсан гэж дурсана билээ. ...1995 онд Сэлэнгийн Хүдэрт хайгуул хийж мөнгөө хөрсөнд шингээсэн. Улсын судалгаатай ордуудад “гар хүрэхгүй” гэсэн мөнөөх л коммунист зангийнх нь хар гай, нөгөөтэйгүүр зовлонгоо мартаж зорилготой амьдрахын тулд ажлын хүндийг барьж авах гэсэн оролдлого нь ийнхүү амжилтгүй байдлаар дууссан ч шантарсангүй. Харин ч туршилга, сургамж өгсөнд нь баярласан. Дараа дараагийн олон эрсдэлд бэлэн болж хатуужсан. Бүр хожим нь Заамарт нөөц нь дууссан том компанийн гуйлтаар ажилчдыг нь эвдэрхий техниктэй нь уурхай руугаа фронтоор нь оруулж гэнэдэн, их хэмжээний хөрөнгө мөнгөөр эвдэрч задарсан техникүүдийг нь “үнэгүй” тордож өгчихөөд хаягдсан удаатай. Тэр унаж сурсныхаа ачаар босож бас сурсан. Заамарт олборлолт явуулж байсан “Эрдэс” улсын үйлдвэрийн газраас бага хэмжээний газар түрээсэлж олборлосон алтаа өгч ялимгүй ашиг олж байх зуураа техник хэрэгслээ сайжруулж ажлын сайн фронттой болох хэрэгтэй гэдэг бодлоор толгойгоо гашилгаж явжээ. Тэр үед Монголд уул уурхай хөгжиж байгаа сургаар техникүүдээ санал болгохоор ирсэн САТ, Комацу-гийн нөхөд манай “пулемётчин”-д өөрийн брэндийн экскаватор, бульдозруудаа лизингээр өгөхөөр болжээ. Хүчирхэг техниктэй болсныхоо хэргийг бүтээж “Эрдэс”-ийн хувьчлалаас нэг тонн нөөцтэй хэсгийг эзэмшихээр ч болов. Тэр унаад босохдоо ухаан нэмсээр ажил амьдралын “цагаан толгой”-д тайлагдан, одоо ирэх өдрүүдээ хаа нэгтэйгээс хүлээх бус өөрийн гар сэтгэлээр бүтээж түүнийг нь бусад хүмүүс шимтэн уншаад эхэлчихжээ.


Хүний үнэр


Нийгмийн хариуцлага нь бидний гол асуудал. Ерөөсөө бид зах зээлийн нийгэм гэхээсээ илүү “хүний нийгэмд” амьдарч байгаагаа ухаарах ёстой гэж Гарамжав ярьдаг. Үндсэн болон гэрээт 500-аад хүнийг ажлын байраар хангасан тус компани 2008-2010 онуудад шинээр 300-аад ажлын байр бий болгох зорилттой төсийн ажлаа эхлээд байна. Тэднийх байгуулагдсан цагаасаа л спорт, урлагийг дэмжин, өндөр настан, хүүхэд, эмэгтэйчүүдийн байгууллагуудад тусалж, Төв аймгийн Заамар, Булган аймгийн Бүрэгхангай сумдын ард иргэдийн ногоо тарих, малжих, жижиг дунд бизнес эрхлэх төслүүдийг дэмжиж ирсэн. 1967 онд баригдаад өнөөдрийг хүртэл их засвар хийгдээгүй байсан Заамар сумын төвийн 700 хүүхэдтэй дунд сургуулийн дотуур байр, хичээлийн байранд их засвар хийж, орчин үеийн тохилог нөхцөлтэй болгож хүүхдүүдийн суралцах, амьдрах нөхцлийг сайжруулж өгснөөс гадна энэ ондоо багтаад тус сургуульд англи хэлний танхим, компьютерийн танхимуудыг иж бүрнээр байгуулж өгөхөөр төлөвлөчихсөн байгаа. Мөн тэд 2006 онд Заамар сумын төвийн дулаан хангамжийг сольж сайжруулсан. Компаний ажилчдын нийгмийн асуудал жилээс жилд сайжирч байгаа нь нүдэнд илхэн харагддаг. Анхны 100-аад хүн бараг бүгдээрээ дундаас доош амьдралтай байсан бол өнөөдөр үндсэн ажиллагсдын ихэнх хувь нь дундаас дээш амьжиргаатай болж, олон залуучууд лизингийн нөхцлөөр байр сууцтай болж, олон хүн амьдралын нөхцлөө дээшлүүлээд байна. Энэ бүхэн нь тус компанийхны нэг баг болж, цаг наргүй зүтгэж, хөдөлмөрлөж, олон бэрхшээлийг хамт олноороо туулж тууштай ажилласны үр дүн билээ. 2002 оноос тэд барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн чиглэлд үйл ажиллагаагаа явуулж эхлээд байгаа. 2006 онд орчин үеийн шаардлагад нийцсэн, 96 айлын орон сууц барьж ашиглалтанд оруулсан нь хэрэглэгчдийн эрх ашгийг хангасан “Шилдэг барилга”-аар шалгарсан гээд тоочоод байвал олон юм бий. Энэ бүхэн нь компаний зүгээс нийгмийн хариуцлагатай ажиллаж байгаагийн нэг хэлбэр гэхээс аргагүй. Бурханаас хүмүүс зөвхөн өөрийнхөө сайн сайхныг гуйдгийг тэр ер ойлгодоггүй. Ертөнц дээр юунаас ч хамааралгүй зүйл гэж нэгээхэн ч байдаггүй учраас зөвхөн намайг сайн сайхан байлгаач гэж гуйх нь зүй бус юм. Учир нь чамайг сайн сайхан байлгахад энэ ертөнцийн бүх л зүйл нөлөөлдөг. Тэгэхээр манай бурханы сургаальд байдаг “Эх болсон зургаан зүйл, хамаг амьтны тусын тулд” гэх залбирал ямар агуу болох нь харагдаж байгаа биз дээ гэж ярих. Хэтэрхий гүдэс шулуун яриатай, амьдрал нэвт ханхалсан эгэл борог төрхтэй, ажлынхаа цагт харам энэ бүсгүй ХҮНД ХАЙРТАЙ ХҮН. Өөрийгөө өмчилсөн, өмчөөрөө бахархсан өнөөгийн бидний үед хүнд хайртай хүн ховор болжээ. Харин түүнээс сэтгэл үнэртдэг. Яриад л суугаад баймаар, ярихгүй ч суугаад л баймаар нэг тийм сонин мэдрэмж төрсөн. Хувь, хувьсгалын бүх л сэдвээр оройжин “буу халсан” ч тэднийхээс гараад явж байхад ганцхан андынхаа тухай удаан ярилцсан мэт бас л хэлж боломгүй нэг мэдрэмж төрж билээ. Бүх л яриа хөөрөө маань тархи, зүрхээр бус сэтгэл санаагаар шүүгдэж гадагшилсных юм болов уу даа.

Saturday, April 5, 2008

ТА МӨНГӨТЭЙ БОЛОХЫГ ХҮСЧ БАЙНА УУ...?

Бодо Шефферийн номоос таалагдсан хэсгүүдээ түүвэрлэн эрхэм блогчиддоо хүргэж байна




Бодо Шефер

Санхүүгийн эрх чөлөөнд хүрэх зам




1, Таны туйлын хүслэн юу вэ? Чи их удаан эрлээ. Одоо эрлээ орхиод олж сур
Хайнз Көрнер, Ёохаанес


 Мөнгө гэж бидний түүнд өгч буй үнэлэмжийн хэмжээгээр үнэ цэнэтэй байх бөгөөд, санхүүгийн асуудалд орсон тэр л үед дэндүү их утга учиртай болдог,

 Бидний үзэл бодол, зорилго хоёр нь хоорондоо тохирохгүй бол бид байрнаасаа хөдөлж чадахгүй,

 Өөдрөг үзэл юмсын давуу, сайн талыг харуулдаг бол өөртөө итгэх итгэл нь юмсын сүүдэртэй талыг ч даван туулах үнэмшлийг өгдөг.

 Өөрийн үнэ цэнийг мэдэх буюу өөртөө итгэх гэдэг нь өнгөрүүлсэн амьдралынхаа туршлагаас өөрийн хүч чадлыг мэдэрч, түүндээ тулгуурлаж чаддаг болохыг хэлнэ, Өөртөө итгэлтэй хүн юунд ч баригдаж сааталгүй, ямар ч эсэргүүцлийг дийлж гарахаа мэддэг, мөн түүнийгээ ч өөртөө олон удаа нотлон харуулсан байдаг.

 Таны сэтгэн бодох хэв маяг чинь таныг өнөөдөр ийм л хэмжээнд байлгаж байна, Ийм нэгэн хэвийн сэтгэлгээ нь таныг дуртай байхыг хүсдэг тэр газарт чинь хэзээ ч хүргэхгүй,

 Амжилт бол өөрийн авьяас, боломжийнхоо хязгаарт хүрч хамгийн шилдэг нь байхыг хэлнэ. Харин аз бол хэн болсон чинь таньд таалагдахыг хэлнэ,

 Санхүүгийн салбар дахь бэрхшээл нь амьдралын бусад бүх салбаруудад сүүдрээ тусгадаг, Таа өөрийгөө бүх л амьдралынхаа турш мөнгөний машин болгох уу, эсвэл өөрийн мөнгөний машинтай болох уу гэдгээ шийд,

 Өөрийн хамгийн дуртай хоббиг сонгон авч түүгээрээ мөнгө хий,

 Хэн бүхэл өдөржингөө ажиллана, түүнд мөнгө хийх цаг олдохгүй,

 Аль үзэл бодолдоо хөтлөгдөх эсэх талаар ухамсартай шийдвэр гаргасан тэр үед л өөрийнхөө амьдралыг хяналтандаа авч чадна.

 Та амьдралдаа юу ч хийлээ гэсэн үр дүн нь юуны түрүүнд таны мөрөөдөл, зорилго, үзэл бодол, стратеги дөрвөөс л хамаарах ба энэ дөрвийн зохицлыг бүрдүүлээгүй байхад ямар ч хатуу зарчмуудыг баримтлаад тус болохгүй,


2. Хариуцлага гэж юу вэ? Хэнд та бурууг тохно Түүнд эрх мэдлээ алдана,
Доктор Вэйн Дер

 Таньд тохиолдсон үйл явдал бүрт та хариуцлага хүлээх бус, зөвхөн тэр тохиолдолыг хэрхэн хүлээн авч, ямар хариу үйлдэл хийснийхээ төлөө л хариуцлага хүлээнэ, Хэнд буруугаа бусдад тохно, тэр түүнд эрх мэдлээ алддаг,

 Таны өчигдөр гаргасан шийдвэр өнөөдрийг тань тодорхойлно. Харин өнөөдөр гаргах шийдвэр чинь таны ирээдүйг тодорхойлно,

 Юу хүсэхээ бид шийдэх учраас хожим юутай байхаа ч мөн бид шийднэ.

 Бидэнд хяналтын хүрээгээ тэлэх 4 боломж байна.1. Тухлаг бүсээс гарч бай,2. Бэрхшээлийг боломж гэж хар, нөгөөтэйгүүр: “Энэ бэрхшээлд дахин орохгүй байхын тулд би ямар нөхцлийг бүрдүүлэх ёстой вэ?” гэж өөрөөсөө асуу.3. Өөртөө зөв асуулт тавьж сур.4. Хувийн ертөнцөө байнга тохируул, таны хяналтын хүрээ ч мөн адил тэлнэ.

 Нас ахих тусам хүн хийж чадахгүй бүхнийхээ хойноос харамсах болдог.

 Хариуцлагагүй амьдрах нь өөрийгөө хүчин мөхөсдсөн золгүй золиос болгон харуулдаг: Ингэснээр та үргэлж бусдын тоглоомыг бөмбөг болж, бусдын бичсэн ном, дүрмийн дагуу амьдрах болно.

 Хариуцлагыг зоригтой хүлээж ав. Хариуцлагыг хүлээж байгаа цагт бидний буруу сэтгэлийн хөдлөл, муу чанарууд хүчээ алддаг.

 Ирэх долоон жилд хичнээн мөнгө хуримтлуулах нь өөр хэний ч бус, гагцхүү таны хариуцлагаас л шалтгаална.

3. Сая гайхамшиг гэж үү? Ихэнх хүмүүс нэг жилд хийж чадах зүйлээ хэт үнэлдэг атлаа 10 жилд хийж чадах зүйлээ ямагт дутуу үнэлдэг
Жиим Роон.

Эрмэлзлийн хүч
 Сэтгэл хөдөлгөм өөрчлөлтүүд бүх таван түвшинд явагддаг. Үйлдэл, арга техник, хувийн зан чанарын хөгжил, ертөнцийг үзэх үзэл, өөрийн адилтгал.

 Та нэг бол боломж дотроос эрсдэлийг харж чадна, эсвэл эрсдэл дотроос боломжийг харж бас чадна. Саятан хүн саятай хүнээс илүү гайхамшгийг бүтээхэд бэлэн байдаг.

 Өөрийн үнэлэмж багатай хүмүүс ямар ч эрсдэлгүй байхад ч өрсдийгөө хамгаалсаар байдаг.

 Гайхамшгийг бүтээхийн тулд эрсдэл хүлээхэд бэлэн бай. Хэрэв та ямар нэгэн алхам хийхийн өмнө ямарч айдас төрөхгүй байгаа бол энэ нь таны хийхээр төлөвлөж байгаа алхам танд нэг размераар багадаж байгааг илтгэнэ.

 Азыг нарийн авч үзэх юм бол ихэнх тохиолдолд олон жил бэлтгэсэний үр дүнгээс өөр юу ч биш.

 Бид хир азтай байх нь бидний хариуцлагаас хамаарна. Бас амьдралдаа хир олон гайхамшгийг бүтээх нь мөн л бидний хариуцлагаас хамаарна.


4. Хүмүүс яагаад чинээлэг болдоггүй вэ? Алдахгүйн тулд тоглох, хожихын тулд тоглох Хоёрын хооронд том ялгаа бий.


 Том зорилтууд нь жижгээсээ хамаагүй бодиттой байдаг. Ямар ч бэрхшээл түүний үзэгдэх хүрээг халхалж үл чадна.

 Амжилттай яваа хүмүүс өөрийгөө “ Би ЁСТОЙ! ” төлөвт оруулах хэрэгтэй гэдгийг үргэлж ойлгодог. Тэд зорилгодоо хүрэхгүй л бол хэзээ ч аз жаргалтай болохгүй.

 Хэрэв та өөртөө хязгаар тавих юм бол тэр хязгаартаа тулах нь гарцаагүй.

 Та зөвхөн бүтэлгүйтэлийнхээ төдийгүй, мөн амжилтынхаа төлөө ч хариуцлага хүлээх ёстой. Хэрэв та оргил үр дүнгээ давтагдашгүй зүйл гэж өөртөө ятгах юм бол өөрийн үнэлэмж хийгээд боломжоо хорлон сүйтгэгч нь та өөрөө байх болно.

 Хэн өөрийгөө 110% дайчилна, түүнд ямарч шалтаг тавих шааардлагагүй бөгөөд тэрээр гарцаагүй амжилт олно.

 Таны авьяас чадварыг өөрийн туршлагаар ил гаргах сургагч танд хэрэгтэй.

 Өөрийн сул тал дээр түрүүлж төвлөрдөг хүн баялагийг бүтээж чадахгүй.

 Олонхи хүмүүс өөрийн сул талаа устгах гэж итгэл муутай оролдсоор, амьдралын дур хүслээ алдаж, баялагт хүрэх боломжоо үрэн таран хийдэг.

 Чинээлэг аж байдлын төлөө таны төлөх үнэ бол цаг юм. Гэвч энэ нь чинээлэг байдалд хүрсний дараа танд олдох цагтай харьцуулахад өчүүхэн зүйл. Чинээлэг байдал нь танд амьдралынхаа утга учрыг санаа зовох зүйлгүй, тайван бодож эрэгцүүлэх нөхцлийг бүрдүүлнэ.


5, Мөнгөний талаарх таны үнэн бодол юу вэ?Хүний одоогийн бодит байдал нь түүнийИтгэл үнэмшлийн тусгал юм. Энтони Робенс, Зарчим ба Хүч Чадал

 Ул суурьтай авч үзвэл таны өөртөө энэ зөв, энэ сайн гэж итгэсэн тэр л зүйлүүд өнөөдөр таных болсон.

 Чинээлэг байдалд суралцах хамгийн сайн урьдчилсан нөхцөл бол мөнгөтэй харьцах чөлөөтэй явдал юм.

 Ихэнх хүмүүсийн хувьд санхүүгийн хангалуун байдлыг сөрөг үр дагавартай холбон үзэх нь, санхүүгийн эрх чөлөөг эерэг үр дагавартай холбож үздэггтэй харьцуулахад илүү хүчтэй байдаг.

 Таны мөнгөтэй харьцах сэтгэлгээнд таны өссөн орчны санхүүгийн байдал нь өөрийн тань ажиглаж, сонсож дуулсан тэр бүх зүйлүүд шиг хүчтэй нөлөөлсөн.

 Хэрэв та өөрийн санхүүгийн байдлыг үр дүнтэй бүтэмжтэй өөрчлөхийг хүсч байгаа бол тохиромжгүй үзэл бодлуудаа өөрчлөх хэрэгтэй.

 Өөрийн итгэл үнэмшлийг мэдэхгүйгээр эсвэл өөрчлөхгүйгээр баян болохыг хүсэх нь салхины өөдөс нулимж байгаатай адилхан.

 Хүмүүсийн танд өгч байгаа зөвлөгөө нь танд зам заахын хажуугар бас хязгаар тогтоож байдаг.

 Зөвлөгөө нь ихэвчлэн тухайн зөвлөгөө өгөгчийн өөрийнх нь явцгүй байдлыг зөвтгөж, өнгөлөн далдалсан шинжтэй байдаг.

 Та хэрэгтэй зөвлөгөөгөө өөрийн эргэн тойрноос бус, харин өөрийн хаана байхыг хүсэж байгааа тэр газраасаа л эр.

 Таны үнэхээр хүсч байгаа зүйлүүдийг олж авахад тустай итгэл үнэмшлүүдийг хөгжүүлэх нь маш чухал.

 Ямар ч итгэл үнэмшлийг 30 минутанд өөрчилж чадна.

 Бидний хэн нь ч урьд нь өөрийн үзэл бодол, хандлагыг өөрчлөж байсан. Тэр үед санаамсаргүй, эсвэл бодлогогүй болж өнгөрсөн зүйлүүд л таны итгэл үнэмшлийг төлөвшүүлж байсан бол өнөөдөр хүссэн итгэл үнэмшлийг ухамсартайгаар зориуд суулгаж болно.

 Таны итгэл үнэмшилд тавигдах шийдвэрлэх үндсэн шалгуур бол: “ Энэ нь таны зорилгодоо хүрэх замд хир тустай вэ? ” гэсэн асуулт юм.

 Санхүүгийн зорилгодоо хүрэхэд танд дараах 3 итгэл үнэмшил хэрэгтэй:1, Юмс өөрчлөгдөх ёстой.2, Би өөрчлөгдөх ёстой3, Би юмсыг өөрчилж чадна. Ямар нэг зүйлийг “ Би ЁСТОЙ! ” гэж хийхэд хөшүүрэг хэрэгтэй. Хөшүүрэг гэдэг нь хэрэв та ямар нэг зүйлийг хийхгүй бол том зовлонг мэдэрч эсвэл түүнийг хийснээр маш их баяр хөөр олж авах нөхцлийг хэлнэ. Хөшүүргийг дараах аргаар зохиомлоор үүсгэж болно.Та зорилгодоо хүрэхгүй тохиолдлыг зовлонтой холбож, зорилгодоо хүрэх тохиолдлыг баяр баясгалантай холбож үз.

 Томоохон үйл бүтээсэн хүмүүс, өөрсдийн агуу зорилгын өмнө зогсохдоо 90 хувьд нь яагаад, үлдсэн 10 хувьд нь яаж гэсэн асуултанд төвлөрдөг байжээ.