Wednesday, November 17, 2010

Монгол үндэстний баяр дэлхийн өвд бүртгэгдлээ


Эрт дээр үеэс эрхэмлэн тэмдэглэсээр ирсэн Монголчуудын үндэсний баяр-Эрийн гурван наадам ЮНЕСКО-гийн соёлын өвд бүртгэгдлээ.Эрийн гурван наадам нь биеийн тамир спортын шинжтэй, зан үйлийн хэлбэртэй, ардын урлагийн зүйлсийг хослуулсан уламжлалт ёслол юм. Энэ баяр наадмын үед эр хүний хүч самбааг сорих бөхийн барилдаан, нум сум харвах эрдэм, хүлэг морины хурд сорих тэмцээн тусгай ёс журмын дагуу болдог. Спортын энэ гурван төрлийг үзүүүлэхдээ эртнээс уламжилж ирсэн дэг жаягийн дагуу тусгай хувцас өмсгөл хэрэглэн зан үйлийн хөдөлгөөн хийж магтаал шүлэг хэлдэг байна. Мөн шалгарч түрүүлсэн хүчит бөх, мэргэн харваач хурдан морьдод уран цэцэн хэллэг бүхий үгтэй цол чимэг олгодог юм. Эрийн гурван наадам нь тусгай болзол шаарддаггүй, оролцох хүсэлтэй хүн бүхнийг чөлөөтэй хамруулдаг туйлын ардчилсан хэлбэр агуулгатайгаараа онцлог юм. Энэхүү баяр ёслолыг эрт дээр үеэс уул усаа тахих, дайн тулаанд мордох, ялаад эргэж ирэх, төрийн тэргүүн суулгах, Цагаан сар, томхон найр хурим зэрэг тэмдэглэлт үйл явдлыг тохиолдуулан янз бүрийн сар улиралд хийж ирсэн уламжлалтай. Харин 1921 оноос хойш жил бүрийн 7-р сарын 11-нд Ардын хувьсгалын ялалтын өдрийг ёслон тэмдэглэж улсын баяр наадмыг хийх болсон нь зөвхөн цаг улирлын хувьд төдийгүй тэмдэглэлт үйл явдлын хувьд бүх ард түмний сэтгэлд нийцтэй, шинэ агуулгаар баяжсан төрийн ёслол болжээ.

Хөөмий ЮНЕСКО-д бүртгэгдлээ


Монголын ардын урлагийн өвөрмөц нэгэн төрөл болох хөөмийг ЮНЕСКО-гоос Хүн төрөлхтөний материаллаг бус соёлын өвд бүртгэлээ.
“Авиа дуурайх урлаг” хэмээн нэрлэгддэг хөөмий нь өгүүлэхүйн эрхтэний тусламжтайгаар дуулах онцгой чадварын үр дүнд бий болсноороо урлаг судлаачдын анхаарлыг ихээхэн татдаг төрөл юм. Хөөмий үүсэхэд Монгол үндэстний байгаль дэлхийгээ шүтдэг уламжлал ихээхэн нөлөөлснийг тэд нэгэн дуугаар баталдаг. Байгаль дэлхийгээсээ урам зориг, хүч тэнхээгээ олж авдаг ард түмэн зөвхөн байгалийн дуу авиаг дуурайх бус түүний мөн чанарт нэвтэрч чадсанаар энэхүү гайхамшигт урлагийг бий болгосон үздэг байна. Хөөмий нь хос авиагаар дуулагддаг цорын ганц уламжлалт урлаг юм. Энэ урлаг нь дотроо хархираа, исгэрээ, нармай, шахаа гэсэн дөрвөн онцгой төрөлд хуваагддаг бөгөөд тэдгээр нь хөгжмийн нийтийн хэл болох басс, баритон, тенор хоолойг төлөөлдөг билээ. Хөөмийг орчин үеийн хөгжмийн бүхий л урсгал, зэмсгийн аянд тохируулан аялах боломжтой ажээ.

Sunday, November 14, 2010

"Загас буруу наадуулдаг" ТВ


Монголын анхны хувийн чөлөөт телевиз гэдгээрээ ихэд бахархан нэрийн рекламаа гэрийн хойморт минь дуурсгадаг 25-р суваг телевиз эвийн хоёр загасыг хувийн юм шиг буруу “наадуулсаар” удлаа. 25-ын тоог холбон хийсэн логоныхоо дунд төрийн соёмбоны толгойг хавчуулмар болохдоо загасыг нь нар буруу “наадуулсан” нь хувийн чөлөөт гэдэг утгаа хуульчилж байгаагийнх уу, аль эсвэл алмай болгоомжгүйнх үү?




Монголын ард түмний эрх чөлөө, Монгол төрийн тусгаар тогтнолын бэлгэ тэмдэг болсон Соёмбоны:

-Гал нь мандан бадрах хөгжихийн бэлгэдэл.

-Дөлний гурван хәл нь ард тvмний өнгөрсөн, одоо, ирээдvйн хөгжил цэцэглэлтийг бэлгэддэг

-Дөлний доор байрлах нар, cap нь мөнх тэнгэрийг төлөелсөн батжин мөнхрөхийн бэлгэдэл. Дөл, нар, cap нийлээд Монгол улс vvрд мандан бадрахыг төлөөлнө,

-Гурвалжин дvрс нь жад сумны гилбэрийг дvрсэлсэн бөгөөд vзvvр нь доош чиглэсэн нь дайсныг дарах гэсэн далд утгатай

-Тэгш өнцөгт дvрс тэмдэгт нь хуягийн ялтсыг дvрсэлсэн. Шулуун шударга, бөх бат журамтай гэсэн утга илэрхийлдэг.

-Арга билгийн хоёр загас нь өдөр шөнийн цагт нүдээ аньдаггvй, vр мөн ихтэй амьтан хэмээн сонор соргог, өнөр өтгөн байхыг бэлгэддэг.

-Соёмбын хажуу талын босоо дөрвөлжин тэмдэгтээр хэрмийг дvрсэлдэг бөгөөд Монголын ард тvмэн эв нэгдэлтэй, төмөр хэрмээс ч бат бөх гэсэн утга санааг хадгалдаг ажээ.

Tuesday, October 26, 2010

Итгэхээ больсон

Цоожтой байшинд аз жаргал бий гэж Цонхигор дүр минь итгэдэг байсан Түлхүүрийнх нь нүхээр шагайх бүхэндээ Түүний сайхныг биширдэг байсан Эзэнгүй байшинд нэг л өдөр Эрхэмсэг ноён буцаж ирсэн Хаалга үүдээ цэлийтэл нээж Харьж ирснээ тэр зарласан Цоожтой байшинд аз жаргал бий гэж Цонхигор дүр минь итгэхээ больсон...

Tuesday, October 19, 2010

Нарантуул


...нэгэн өдөр миний хонгорхон Туул санаа алдан утсаар ярилаа. “Сэгсээхэй минь гадаа цас хаялж байна. Том том ширхэгтэй... Хоёулаа ийм олон өдөр уулзахгүй явж яаж чадав аа. Би талбай хөндлөн алхаад чам руу очлоо шүү” гээд утсаа тавьчихлаа. Юм бичээд сууж байсан би компьюторынхоо нээлттэй хуудсан дээр энэхэн мөрүүдийг тэрлэж билээ. Нарантуул яаманд би ...-д ажилладаг, цас бороо орсон өдөр бид Сүхбаатарын талбайд албатай юм шиг нэгнийгээ хүлээдэг.


Нарантуул минь, навчны судал, цасны амьсгал минь
Намираа бороо, сүүлчийн болзоо, ирэх өдрүүд минь
Аргадахад үг дутах этгээд гунигийн гэрч минь
Асуухад хариулт нь олдохгүй зэлүүд өдрүүдийн анд минь
Ренбрандтын урлан, эцэж цуцаагүй бийрийн ганц зураас минь
Рерихийн хүсэл их нууцын эрэлд хамт зорчсон зоригт минь
Амсарт нь уруулын хээтэй дарсны хундага, дарвуулт хөгжим минь
Амсахгүй олон амтыг нэгэн тагшинд зуурч зүрхээ тэжээгч минь
Намар хаварт өмсгөлөө гандааж өврөө жиндүүлэгч минь
Нас зүсийг огоорон одож хүслээ гүйцээгч минь
Торомгор нүд, нумарсан хөмсөгт, инээд цалгиагч минь
Тоолшгүй олон өдрүүдийг хамтдаа туулсан анд минь
Удаан мартах, удаад ч мартахгүй хэцүү тавилант минь
Урагшаа алхахдаа нүдээ аньж замаа туулдаг заншилт минь
Учирлаад хэрэггүй, гэмшээд барахгүй гэрэл гэгээт минь
Улаан гэрлээр зорчигч, зүүдэндээ итгэгч зүггүй минь
Лаврин үдшээр сэтгэлээ гоодоход чинь толь чамд хэрэг болбол
Лавай сарны сүүмгэр туяанд хамтдаа сууж зүрхийг чинь чагная даа, анд минь

Monday, September 20, 2010

2-р ангидаа жирэмсэн болсон би

Ангийнхандаа “Арас яс” гэдэг хочтой мань Сэгсгэр хоёрдугаар ангид байхдаа цүдийтлээ гүзээлдэг юм байна. Өдрөөс өдөрт гүзээ минь түрээд, Сэгсгэр аниа ч шаналаад эхэллээ дээ. Миний гүзээ болоод шаналгааг минь надаас өөр хэн ч тоохгүй байсан нь хачин юм шүү. Олон хоног дээлтэйгээ хатсаны эцэст “Би жирэмсэн болжээ” гэдэг онош өөрөө өөртөө тавилаа. Тэр үед чинь эрэгтэй хүүхдийн гараас барьчихвал л жирэмсэн болдог гэдэг гүн бат итгэлтэй явлаа шүү дээ.
Одоо нөхөр Сэгсгэр гүзээ түрэн томрох хүүхдийнхээ эцгийг тогтоох их ажилтай боллоо. Биеийн тамирын хичээл дээр хэний гараас барилаа, хажуу хашааны хэнтэй яалаа ийлээ гээд л бодож гардаг юм. Эцэг нь тогтоогдсонгүй ээ. Ингээд мөнөөх үндсэн шаналгаагаа л тэврээд үлдлээ дээ хөөрхий. Одоо энэ хүүхдийг яавал алга болгох вэ гэдэг ганц том шаналгаа үлдэж байгаа юм. Тэгээд л арга хэмжээ авч эхэллээ. Манай эмээ найз лам өвгөнөөсөө рашаан утлага авчраад л агаа бид хоёрын сайртай гарыг орой болгон угаалгах компанит ажлаа ид өрнүүлж байсан үе. Усан дээр жоохон рашаан дусаагаад угаалгадаг юм. Би гэж буруу номтон тэр рашаанаар нь угаахгүй утахгүй гээд оройдоо бөөн дайн дажин болно. Орон доогуур ороод хэвтчихнэ. Эмээ таягаараа түлхэж төнхөж аргаа бараад Агаагаар баривчлуулан гаргаж ирээд хүч хэрэглэн байж гарыг нь норгосон болж, гардан тулаанд хүч мөхөсдсөн Сэгсгэрийн нус нулимсаар “Рашаалах” арга хэмжээ өндөрлөдөг сөн. Тэгсэн хөөрхий муу Сэгсгэр жирэмсэн болоод өнөөх рашаан утлаганд нугасгүй орлоо. Нар үнэн жаргав уу худлаа далдрав уу л “Эмээ хэдүүлээ рашаанаараа гар нүүрээ угаах уу? Эмээ би төмпөнгөө оруулаад ирэх үү?” Эмээгийн нар гарч байна гэж юухэв. Миний охин ийм л мундаг даа, ёстой сайн гээд л шүүгээ авдар хоёроо тэмтрээстэй. Харин муу Сэгсгэрийг гэдсэн доторх хүүхдээ гаргахгүй арга хэмжээ авч байна гэж яаж санахав дээ зайлуул. Эмээ минь рашаанаар угаах болохоор л “За миний хүүхдүүд их сайн юм боддог юм шүү. Ийм тийм хүслээ бүтээсэй гээд л залбирч угаана шүү дээ” гээд л захидаг байсан юм. Би ч рашаанаараа гараа угаангаа “Ганжуур өвөө минь, гэдсэн доторх хүүхдийг минь одоо биш том болсон хойно минь гаргаж өгөөрэй” гэж дотроо шившихийг юу гэж мартахав. Ингээд хэсэг хугацаа өнгөрөхөд миний гүзээ нэмж томрохоо зогслоо, эмээгийн баяр хөөр ч нэмэгдлээ, би ч чин сүжигт нэгэн боллоо. Ганжуур өвөөгийн өгсөн рашаан маш сайн рашаан. Миний нөгөө хүүхэд одоо болтол гарч ирээгүй л байгаа. Одоо гараад ирвэл би ангийнхнаасаа ичихгүй ээ...

Friday, September 17, 2010

Уруулын будагтай танилцсан түүх

Би уруулын будаг түрхэж үзэхийг маш их хүсдэг байлаа. Аав, агаа , эмээтэйгээ амьдардаг Сэгсгэрт уруулын будаг түрхэх хувь тохиолгүй долоон нас хүрчихсэн хэрэг. Тэгтэл холын хамаатны нэг ганган эгч манайд зочилдог юм байна. Цонхны тавцан дээгүүр будаг шунх, тос, харандаа гээд л хамаг сайхнаа өрж орхичихоод аймгийн төвөөр зугаалахаар явчихлаа шүү. Сэгсгэр нөгөө гоё чамин уруулын будгийг ширтээд л суугаад байдаг. Шийдвэр гаргаж чаддаггүй ээ. Эмээ намайг хүний юманд зөвшөөрөлгүй хүрэхийг хориглодог. Нэг ойртсоноо л холдоод байгаа. Тэсч ядаад эмээг гадуурх ажлаа амжуулах зуур нөгөө сайхан юмыг чинь ч бариад авлаа шүү . Тэгсэн будаг нь тээр дор харагдаад байдаг. Яаж дээш нь болгохыг эмэгтэй хүний совингоороо шууд л тааж байгаа юм чинь. Будаг ч гозойгооод гараад ирлээ. Сэгсгэр гялс манс уруулдаа түрхээд л хаясан. Толинд ч харж амжаагүй байхад эмээ ороод ирэх нь тэр.
" - Хөөе яаж байгаа золиг вэ. Эгчийнхээ будаг шудганд гар хүрээд үзээрэй чи ..." . Сэгсгэр буруу харж хошуугаа шудрангаа

" -За эмээ, би хүрээгүй... " .

-За сайн. Миний Сэгсгэр ч дуулгавартай охин доо. Алив эмээдээ тус болоод хэдэн зүү сүвлээд орхи. Эмээ дээлээ оёно оо.

Орой нь айлын эгч дуу аялсаар орж ирээд эмээтэй баахан хууч хөөрлөө. Сэгсгэр бүлх залгиастай. Ганган эгчийн гар нүд хочрыг л харуулдаад байгаа. Хэзээ цонхны тавцан руу очиж будгаа үзэх бол. Тэгээд л хөмсгөө зангидан " Хэн миний будгаар хошуугаа будсан, айн " гээд л над руу харах байх даа гээд л хүлээгээстэй. Тэгсэн эгч будгандаа ойртдог ч үгүй. Хоол ундаа идээд унтаж амрах юм боллоо. Сэгсгэр бүлхэндээ хахаастай. Маргааш нь айлын эгч нөгөө гоё будгаа ч авлаа даа. Тэгээд л будгаа эргүүлэн гаргаж ирээд юу ч болоогүй юм шиг уруулаа будчихаад л дуугаа аялаад, эргэж харан намайг сайхан эелдэг инээмсэглэлээр шагнаад л яваад өгч билээ. Будаг нь яг л миний өчигдрийн онгойлгоход ямар байсан тэр чигээрээ. Айлын эгч юу ч мэдээгүй. Сэгсгэрийн санаа нэг их амарч өөрийн эрхгүй хөл нь хөнгөрөөд

-" Эмээ, би юу хийх вэ? Муужгайндаа хоол өгчих үү. Тэгэх үү яах вэ эмээ " . Эмээ Сэгсгэрийгээ татаж үнсэнгээ

" Миний охин ч сайн охин доо. Тэг ээ миний хүү, муужгайдаа өнөөх шөлнөөсөө жаахныг хийгээд өг... " .

-" Эмээ, та уруулын будаг яагаад түрхдэггүй юм бэ " . Эмээ сөрвөсхийтэл нэг том харснаа

-Юу гэж байгаа Зомо вэ. Би уруулын будгаар яадаг юм ...

-" Эмээ, би уруулын будагтай болох юм сан... " .

-" Миний хүүхнийг том болохоор аав нь аваад өгнө өө. Одоо болохгүй. Жаахан хүүхэд уруул буддаггүй юм

" -Жаахан хүүхэд уруулаа будвал яах уу эмээ?

-Хош яасан их үгтэй зомо вэ? Одоо олон юм шалгаахаа болиод наад муу амьтнаа нэг наранд гаргаадах. Муур ч ёстой муухай залхуу золиг юмаа. Алив гараад өгч үз та хоёр...

Ингээд л уруулын будаг гэдэг юмаар өвчилж өгсөн дөө. Айл гэрцэхдээ хүртэл ээж нь болж уруулаа будаад л. Уруулын будагтай танилцсан түүх гэвэл ийм л байна даа. Хэхэ

Sunday, August 22, 2010

Намрын хавар...


Шаргал талбайд ногоон ургамал ургахад
Шандуурсан сэтгэл Н үсгийг Х-гээр, М үсгийг В-гээр солиод
Үсэгнүүдийн дунд миний улирал цэцэглэж
Үзэгдэх орчин хязгаарлагдмалд ургамал минь гэрэлтсээр...

Wednesday, August 18, 2010

Үхтэлээ амьд явахаар шийдсэн

Миний нүд байнгын асуудалтай, өвдөж зовоодог болохоор би сохрохоос их айдаг. Хэрэв сохрох л юм бол шууд амиа хорлоно гэж боддог байлаа. Харах бол миний хамгийн сайхан мэдрэмж юм байна л даа. Харж чадахаа болих л юм бол амьдрал утгагүй гэж бодож байсан юм. Харин одоо бол дөрвөн мөчгүй, хараа, сонсголгүй байсан ч /түй түй, мод тогшив/ миний ухаан санаа эрүүл саруул байгаа бүх цагт би амьд явмаар, үхтэлээ амьд явмаар байна. Яагаад гэвэл би “Үхэл бол төгсгөл биш” гэдгийг мэддэг болсон. Амьд байна гэдэг миний хувьд гайхамшигтай боломж. Хүссэн бүхнээ хийж чадахаас гадна, хүрч хүрэлцэж бүгдийг бодитоор оршин байгааг мэдэрч чадах учраас тэр. Саяхан би хагалгаанд орохдоо норкозны зүүд зүүдэлсэн юм. Өмнө нь бас нэг удаа тиймэрхүү /тэгэхдээ арай өөр/ зүүд зүүдэлж байсан л даа. Энэ зүүдийг хэн нэгэнд ярьж өгмөөр байвч юутай зүйрлэж, хэрхэн илэрхийлэхээ мэдэхгүй байна. Бидний мэддэг бүх зүйлээс өөр, тэгээд бас юу ч бодож ухамсарлах боломжгүй, биегүй, тэгэхдээ маш зовиуртай эцэс төгсгөлгүй нэг зүйлийн дотор яг нэг давтамжаар эргэлдээд байсан. Нэг их аймшигтай биш мөртөө маш их зовиуртай байсан. Яагаад гэвэл түүнийг хянах, бас ухамсарлах ямарч боломжгүй, энэ амьдралын бүх ой дурдатгалаа мартчихсан, биегүй, мэдрэмжгүй, яахаа мэдэхгүй маш хурдтай эргэлдээд байсан болохоор тэрэн шиг там байгаагүй. Цаг хугацааны мэдрэмж ч бүр арилан одсон байсан. Эргээд сэрэхэд, амьдрал дээр амьд байгаагаа мэдэхэд тийм гэхийн аргагүй цалгисан их баяр төрсөн. Амьдралдаа тэгж их баярлаж үзээгүй санагдана. Тэгээд хүн үхсэн ч оюун санаа үхдэггүй юм байна гэж бодоод аймаар их айсан. Амьдрал дээр амьд байх шиг сайхан зүйл, хязгааргүй боломж ерөөсөө байхгүйд итгэсэн.

Догдолсон би...


Намрын зэлүүд өдрүүдийг хамтдаа туулъя...

Thursday, August 12, 2010

Эмнэлэгт...



Цонхны цаана,

миний сэтгэлийн гадаа

бороо
орж байна...

Tuesday, August 10, 2010

Онон голыг Оросууд боомилох нь ээ


Эзэн Чингисийн ундалж өссөн, их "Нууц товчооны" судас болсон Онон голд аюул нүүрлээд байна. ОХУ-аас хил даван ирж цутгадаг Ашинга хэмээх жижиг голд Оросууд уурхайн бохироо урсгаснаас Оросын хилээс Биндэр сумын нутаг хүртэл 100 орчим км газар Онон голын ус бохирдон ногооноороо эргэлдэж байгаа гэнэ. Монголд бохирдоогүй үлдээд байгаа цорын ганц гол, Төрийн соёрхолт яруу найрагч Нямбуугийн Нямдоржийн "Онон хатан ижий" ийнхүү сэвтлээ. Их Монголын түүхийг өнөө үед тээн ирсэн Онон голыг Амар мөрний ундарга хэмээн ярилцдаг билээ.

Monday, June 14, 2010

...mm...


Мэдэж байна уу гуниглахыг минь
Мэргэ төлгө шиг амьдрахыг минь
Насалж төөрсөн харгуй замаар
Наашлахдаа цаашлахыг минь
Хүсэж байна уу амьдрахыг минь

Хүйтэн амьсгалд дулаацахыг минь
Хүний явсан зам мөрөөр
Хүнийрхэж алхахыг минь

Мэдэж байна уу...

Sunday, June 6, 2010

Дөрвөн цагийн номоос найман улирлын салхи үнэртнэ


Монголын утга зохиолын ертөнцөд өөрсдийгөө хэдийнэ тунхаглаж амжаад байгаа “2000-аад оыхон” хэмээх шинэ үеийнхний төлөөлөл болох “Хөх мэдрэхүй” утга зохиолын нэгдлийн залуус “Дөрвөн цагийн ном” хэмээх цувралынхаа эхнийхийг “Хавар” нэртэйгээр хэвлүүллээ. Өвөрмөц содон сэтгэлгээ бүхий илт мэдрэмжлэг шүлгүүдээрээ утга зохиолын хүрээнийхэнд нэгэн шинэ давалгаа болон гарч ирсэн Ц.Дэлгэрмаа, О.Элбэгтөгс, Б.Баясгалан, Ж.Оргил, Ш.Хатанбүүвжйбаатар, Н.Нарангэрэл, М.Хангал, Я.Баяраа нарын найман залуу гишүүнтэй “Хөх мэдрэхүй” бүлгэмийн анхны хамтын бүтээл болох “Хөх мэдрэхүйн шүлгийн цоморлиг” номын хурим Дүрслэх урлагийн музейн “Улаан гэр” танхимд болсон юм. Яруу найргийн “Хөх мэдрэхүй” бүлгэмийн гишүүд бүгдээрээ өмнө нь өөрсдийн бие даасан нэг нэг номоо гаргасан бөгөөд тэд ес дэх номоо хамтын бүтээл болгон эмхэтгэсэн нь зохиолч, уран бүтээлчдийн анхаарлыг ихээхэн татаж байлаа. Цаашид улирал бүрт цуврал маягаар хэвлэгдэх “Дөрвөн цагийн ном” нь тус бүлгэмийн уран бүтээлийн тайлан болон уншигчдын гар дээр очиж байх юм байна. “Хөх мэдрэхүйн шүлгийн цомирлог” номын хуримд манай утга зохиолын үе үеийн төлөөлөгчид хүрэлцэн ирж залуу яруу найрагчдын цаашдын уран бүтээлд амжилт хүсэхийн хамт утга зохиолын талаарх хувийн санал бодол, дүгнэлтүүдээ илэн далангүй ярьж, Монголын утга зохиолд яруу найргийн нэгэн шинэ үе төрж байгаад баяртай байгаагаа илэрхийлцгээж байсан юм. Утга зохиолын ертөнц үе үеийнхний хүч түрсэн түрлэг давалгаагаар сэлбэгдэж өнөөдөрт ирсэн ч шинэ үеийнхэн хэмээн нэрлэгдэж байгаа Хөх мэдрэхүйнхэн шиг ийм нэгдмэл, бүтээлч, даруу төлөв залуусаар дутаж байсан юм гэдгийг Монголын утга зохиолын 90-ээд оныхны дунд “Хүрээ хөвгүүд” гэх нэрээрээр алдаршсан нэгдлийнхэн нэгэн дуугаар тодотгож байлаа.

Tuesday, May 18, 2010

Дэлхийн хамгийн эртний хүн Монголоос олдсон уу?


“Mongolanthropus” хэмээх нэрээр дэлхийн шинжлэх ухаанд нэрлэгдээд байгаа Homo erectus-ын толгойн ясны үлдэгдэл нь Монгол орны нэн эртний түүхийн шинжлэлд чухал олдвор болсон ба тэр нь он цагийн хувьд магадгүй Бээжингийн хэмээн нэрлэгдсэн хүний яснаас ч өмнөх үед холбогдож болох талаар урьдчилсан дүгнэлт гараад байна.
Хэрвээ энэ таамаглал албан ёсоор батлагдвал Монгол улсын нутаг дэвсгэр дээр эртний хүн амьдарч эхэлсэн хэмээн үздэг он тооллыг түүнээс ч өмнө болгон урагшлуулах бөгөөд Төв Азид, тэр тусмаа Монгол нутагт дэлхийн анхны хүмүүс амьдарч байсныг нотлох томоохон нээлт болох юм. Эртний хүний толгойн ясны энэхүү үлдэгдэл нь Хэнтий аймгийн Норовлин сумын нутаг дахь Салхитын хөндий хэмээх газраас 2006 онд олдсон билээ. Тухайн олдворын талаар ШУА-ын Археологийн хүрээлэнгийн захирал, доктор Д.Цэвээндорж судлаач Ц.Амгалантөгсийн хамт “Нэн эртний монгол хүн буюу Mongolanthropus” хэмээх судалгааны бүтээл бичиж дэлхий дээрх нэн эртний хүний талаарх судалгаанд Монголын талаас үнэтэй хувь нэмрээ оруулсан байна.
Хятад улсаас олдож “Бээжингийн” хэмээн нэрлэгдсэн эртний хүний яс одоогоор олдоод байгаа археологийн дурсгалаас дэлхийн хамгийн эртний хүнд тооцогддог юм.

Wednesday, April 28, 2010

Хөндүүр

Өглөө ажилдаа ирсэн чинь манай төв хаалганы хажууханд цусаа гоожуулсан нэг муу хөөрхий нохой хөлөө хэмлээд хэвтэж байх юм. Муусайн нохойны алуурчид дутуу буудаад сэглэчихсэн бололтой юм. Яах аргагүй сумны нүх ээ тэр шарх нь. Цус нь годгодоод байгаа юм чинь. Харж жаахан шимширч зогссоноо гэнэт сэхээ орж ажил руугаа гүйгээд орлоо. Өрөөндөө орж гадуур хувцасаа тайлчихаад, компьютераа асааж, цүнхээ чулуудчихаад /цагаа бүртгүүлж байгаа байдал/ ажлынхаа гуанзнаас жаахан идэх юм аваад Idea-гаа хань бараа болгоод гараад иртэл нөгөө муу амьтан чинь алга. Өр алдчихсан юм шиг жигтэйхэн харамсав.

Тэгээд л нөгөө муу Сэгсгэр чинь бас л эмээгээ бодоод шанаагаа тулаад суучихлаа. Манай эмээ гэж хавиар нэг хашгичиж, гудамжны хүүхдүүдийн нэрийг хольж дуудаж далласан янзын хүн байдаг сан. Эцэг эх нь ажилдаа явцгаачихсан, эзэнгүй хэдэн халтар нөхдүүд байх миний найзууд гэж. Эмээ өдөртөө нэг тогоо дүүрэн тарагтай будаа эргэлдүүлж, хөөе хэнээ нааш ир, хэний дүү ээ хүрээд ир гэж хүүхэд будаалж, гарахад нь гарт нь алдарт “Гурав”-аа атгуулаад гаргах. Тэр ээ, энэ ээ, эмээгээсээ ирж “Гурав”-аа ав гэж дуудна. Тэр “гурав” гээд байгаа юм нь манай эмээгийн барьсан талхны нэг зүсэм, 2 боорцог, 2 ёотон. Би жаахан байхдаа тэр “Гурав”-аас нь үхтэлээ ичнэ. Айлд орохоор аав ээжүүд нь чихэр өгдөг байхад манай эмээ барьсан талх, ёотон савайгаад балай юмаа, энийгээ өгөхгүй байж болдоггүй юм байх даа гээд л шаналах. Харин энэ санаагаа хэлчих юм бол “Цөг муу Зомо. Чи мэддэг юмуу, би мэддэг юмуу” гээд л хангинах тул чимээгүйхэн хөмхийгөө зууна.

Жил бүрийн Ханш нээдэг өдөр өвөөгийн газрыг эргэж ирчихээд л нөгөө алдарт будаагаа бүр үзэм жимстэй “албан ёсны” амтат зоог болгож чаначихаад л сургуулиасаа тараад харьж яваа хүүхдүүдийг хүртэл гудамжнаас дуудаж даллаж авчраад л аягатай будаа бариулаад суулгачихна. За энэ үед ч нөгөө муу Сэгсгэрийн нүүрний арьс шамраад унана даа. Гүйгээд гарах гэхээр дэргэдээ зарах гээд тавихгүй, хүүхдүүдтэй чаг чаг гээд булуу халах зуур нь үүд рүү ухасхийхэд л “Хөөе чи хаачих нь вэ зомо, Байж бай чи, энэ хүүхдүүдэд юмыг нь өг” гээд л гэдрэг суулгачихна. Тэр “Юмыг нь өг” гэдгээс нь би уг нь бултах санаатай ухасхийж байгаа царай нь тэр. Өгөх юм нь юу вэ гэхээр 60 мөнгөний цэнхэр цаастай тал печень, 11 хорийн чихэр 5 ширхэг, 12 мөнгөний нэг дэвтэр. Ядаж печенийг нь бүтнээр нь өгчихгүй дундуур нь хутгаар цаастай нь хамт таллаж хуваагаад өгч байгаа юм. Би ч ичиж бүтэж үхэх шахна. За ингээд л Ханш нээсэн өдрийн арга хэмжээ дуучихсахгүй ээ, үргэлжилнэ. Адууны шөлөн дотор шар будаа хаяад буцалгаж буцалгаж 5-ын бидонд уудлаад агаа бид хоёрт бариулаад гаргана даа. Золбин нохой муур хооллохоор явуулж байгаа нь тэр. Агаа 5-ын бидонтой халуун шөлөө барьчихсан, би нэг муу бөөр нь хонхойчихсон шар төмпөн чирчихсэн “Гөлөөг гөлөг” гэж чанга чанга орилоод л гудамж метрлэж өгнө. Сүүлдээ хоёулаа жоохон тэгж явж байгаад залхангуутаа залхуурч шууд айлын хашаа, амбаарын ёроол руу нөгөө шар будаатай шөлийг нь асгаж орхичихоод харина. Яав миний хүүнүүд, нохойгоо хооллочихов уу гэсээр угтахад нь “Тэгсээн, аягүй олон нохой ирлээ” л гэнэ. Ингэж хэлэхээр эмээ учиргүй баярлаад нөгөө хүүхдүүдэд тарааж байсан чихрээсээ атгаад л шагнана мань хоёрыгоо.

Хүүхэд настай минь хамт бүдгэрэн үлдсэн энэ багахан дурсамжийг өнөө өглөө манай байгууллагын гадаа гасалж угтсан шархтай нохой сэдрээж орхилоо. Одоо ч гэсэн хөөрхий амьтны шархны хөндүүр нь сэтгэл хөндсөөр...


Wednesday, April 21, 2010

Эрхэм Арсунд


Мөнгө гэж юу байдгийг мэдэхгүй хүнтэй

Мөрийцөх надад сайхан байсан...

Thursday, April 15, 2010

Ноён уулын булшнаас домгийн “амьтад” олджээ


Монгол улсын Төв аймгийн нутаг дахь Ноён уулын булшнаас эртний домгийн нэг эвэрт гөрөөс, Грек Римийн домогт бурхадын дүрс бүхий чимэглэл олдсон нь судлаачдын сонирхлыг ихээхэн татаж байна. Хүннүгийн язгууртны эл булшийг одоогоос 2000 жилийн өмнөх үед холбогдоно хэмээн археологичид урьдчилсан байдлаар тооцоолоод байгаа юм. Булшнаас гарсан 200 гаруй олдвор нь Евроазийн тал нутгийн эртний нүүдэлчдийн соёл, түүхийг тодруулахаас гадна тухайн үеийн олон улсын харилцаа холбоо, он тоолол, төрийн бодлого зэрэг түүхийн олон зангилаа асуудлыг сэргээн судлахад чухал ач холбогдолтой ажээ. Далайн түвшнээс дээш 1373 метрийн өндөрт байрлах 18 x 19 ам дөрвөлжин чулуун хашлага бүхий энэ булш нь хагас цэвдэгт хөрсөнд байсан учир харьцангуй сайн хадгалагджээ. Бунхны дээд талд тухайн язгуртны эдэлж байсан дээрээ шүхэр бүхий сүйх тэргийг 30 орчим адууны толгойн хамт хойлоглон тавьж , бунхныг таван үе дараалсан хаалт чулуугаар хашсан нь сонирхолтой. Ихэнх олдвор нь бунханы дотор талд, баруун зүүн хана, мөн шалан дээрээс илэрсэн бөгөөд малтлагын үр дүнд мөнгөөр хөөлгөн урласан аргаль , янгир, домгийн нэг эвэрт бодь гөрөөс, алтаар шарсан луу, мөн эртний Грек , Римийн хийц маягаар үйлдсэн эрэгтэй , эмэгтэй нүцгэн хүний дурс бүхий чимэглэл зэрэг нийт 30 гаруй мөнгөн эдлэл, хүрэл чимэглэл, домгийн шувууны дүрс бүхий эсгий, хивсний тасархай, торго, давуу эдлэлийн хэсгүүд , мөн гадна ёролдоо хятад бичээс бүхий хээтэй аяга, төмөр толь ,дэнгийн суурь, алтан ялтасны хэсэг, хаш эдлэлийн үлдэгдэл, товруутай хазаарын чимэглэл , бүсний товруу, төмөр ялтаст арал, боолттой гэзэг, төмөр, модон эдлэл гэх мэт эртний Хүннүчүүдийн урлаг, оюун санаа, тухайн үеийн гадаад харилцаа холбоог нэхэн судлахад чухал түлхэц болохуйц ,гайхамшигт ховор 200 гаруй олдвор илэрсэн байна.

Хүннүгийн язгууртнууд Монголын археологчдын өөдөөс салаавч гаргажээ

Археологийн салбарт салаавч судлал хэмээх нэгэн салбар судалгаа үүсээд байна. Дундговь аймгийн нутаг дахь Бага газрын чулуу хэмээх газарт байсан Хүннүгийн үеийн булшинд малтлага хийсэн археологичдын нүдийг бүлтийлгэсэн содон олдвор гарсан нь салаавч. Гарыг нь салаавч гарган оршуулсан олон булш байжээ. Эндээс үүдэн салаавч нь эсрэг биш харин ч эерэг утгатай байж болзошгүй гэсэн дүгнэлтэд хүрээд байгаа юм байна. Судлаачдын урьдчилан таамаглаж байгаагаар салаавч үзүүлэх нь мэндлэх хүндлэх ёсны нэг хэсэг байж магадгүй гэнэ. Одоо ч салаавч гарган мэндэлдэг ёс Африкийн зарим омгуудад байдаг ажээ.

Tuesday, April 13, 2010

Монголчуудын үсийг Халимагууд халимаг болгожээ


Ардын хувьсгал ялсны дараа Монголд “соёлын үрийг тарихаар” ирсэн оросууд дотор халимаг үндэстнүүд цөөнгүй байжээ. Тэд гаргууд сайн үсчингүүд байсан бөгөөд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн үсийг жижиглэн тайрч, засдаг байснаас тайрмал засалтыг “халимаг” хэмээн нэрлэх болсон байна. Соёлын хувьсгалаас өмнө Монголчууд эр эмгүй урт гэзэгтэй, уламжлалт зан заншилтай холбоотойгоор үсэндээ мэс хүргэхийг цээрлэдэг байсан юм. Харин Монгол дахь соёлын хувьсгалыг гардан гүйцэтгэсэн орос сургагчид энэхүү цээрлэх ёсыг халж орчин үеийн хөгжил рүү хөтөлсөн гэдэг. Гэхдээ тэдний зарим нь хэт хувьсгалжин, үндэсний уламжлалт соёлыг уландаа гишгиж, хувь хүний эрхэнд халдан хүчээр үсийг засаж, хусаж байсан баримтууд түүхэнд үлджээ. Юутай ч үс засалтын нэг хэлбэр болох “халимаг” гэх үгний гарал нь үс зассан эзэн болох Халимагчуудтай холбоотой нь хэл шинжлэлийн сонин баримт юм.