| Манай ангийнхан |
Tuesday, March 26, 2013
Автобус хүлээх зуур
Monday, March 25, 2013
Архи залгихгүй амьдарч чадахгүй нь үү Сэгсгээр...
Архидаж
айхтар заваараад байгаа юм алга л даа. Тэгэхдээ сүүлийн үед шоуны өдрүүд
олшроод, дараа нь шогшроод, шартсан үедээ шантраад “Архи залгихгүй амьдарч
чадахгүй нь үү Сэгсгээр” гэж хонгио толгой, ходоод гэдэстэйгээ хэрүүл хийгээд явж л байна. За тэр архидалт ч яахав байдаг л барааны саван, харааны шил, горооны зам.
Хамгийн гол нь уусан шалтгаан нь агуу л даа. Урвайгаад, унжигнаад эхлэхээр нь
усан нүдлэхгүй гэж гадуур зугаалан галт ус халбагдлаа ч гэх шиг. Хавар аа гэж...Saturday, March 23, 2013
Би юу барьж байснаа мартчихлаа, туслаач...
Хүүхэд эрсдэлтэй тоглоом
шүүрээд авангуут “Тэрийг хараа, ямар гоё юм бэ” гэж сатааруулаад гар дахийг нь
сэмхэн булаагаад авчихдагтай төстэй юм. Агаа нар хөөрхий нялхасаараа тоглон “Нэг
хүүхэн алтаар бөөлжиж байна, хар даа” гэх зуураа юу амжуулсан бол доо. Жирийн
иргэн миний гарт юу байсныг мартчихлаа, санаж байгаа хүн амьтан байна уу?
Friday, March 22, 2013
Алтаар баадгийн дэргэд бол юу ч биш л дээ
Амьд явсан хүн алтан бурханаар баадаг хүүхэн үзэх юм
байна л даа. Нэг их сонинсоод байх эд ч биш л дээ, монголчуудын хувьд. Дэлгүүрийн лангуун дээр давснаас өөр юмгүй ард
нийтээрээ гунихалсан хэцүү жилүүдэд төрийн тэргүүн нь хувийн үзмэрчээ улсын
мөнгөөр алтны хайгуулд нисдэг тэргээр мордуулахаас эхлээд юу эсийг үзсэн билээ
дээ бид. Яг тэр үед харь гаригийн хөлгөөр Улаанбаатар дээгүүр нисэж явсан Өвөрхангайн
арван жилийн сурагч Мөнгөнцэцэгтэй мөргөлдөж сүйрчихэлгүй амьд буцаж ирсэнд нь
Ерөнхийлөгчийн үзмэрчдээ учиргүй баярлаж билээ. Харин мань үзмэрч дараа нь нэрт
яруу найрагч О.Дашбалбар гуайн хамт Ромбу гэх гаригтай холбоо тогтоож Монголын
үндэсний телевизээр ард түмэндээ бэлэг барьсан. Үзмэрчийг дээд ертөнцтэй холбоо
тогтоож байх торгон мөчид Сэлэнгийн Төмөрбаатар гэдэг нөхөр доод ертөнцөөс
нэгэн алтан цөгц олсноо алдаж барьцаанд нь Монгол улс газрын хөрснөөс арчигдах
шахаж билээ. Хөөрхий муу эмээ минь “Тэр алтан цөгцийг авсан хүн нь гаргаж өгөөд
Монгол улсаа авраасай” хэмээн залбирч суусныг мартдаггүй юм. Тэгтэл алтаар
баадгийн дэргэд бол юу ч биш байх л даа, Өнөрмаа гэдэг бүсгүй өөрөөсөө гал
гарган жижигхэн Монгол улсаа түймэрдчих шахаж билээ. Өнөрмаагийн биоэнергийг
хэмжих гэсэн чинь мэргэжлийн аппаратных нь зүү шкалдаад хугарчихаа шахсан
хэмээн Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч нь зурагтаар нүдээ эргэлдүүлэн учирлаж
байсан юм даг. Хөөрхий дөө тэр чинь бараг 20-оод жилийн өмнөх явдал. 2013 онд алтаар баадгийн дэргэд бол юу ч биш байх л даа...
Thursday, March 21, 2013
Алив наашаа суу, ангийнхныхаа хочийг шивнэе
Арван жилийн ангийнхныхаа тухай бичиж байгаа дурсамжийн номын "Хоргүй нөхөрлөлийн тэмдэг хоч хэмээх алдар" бүлгээс товчлон хүргэж байна. 20 жил өнгөрч "нууцын зэрэглэл"-ээс гарсан гэж үзэж байгаа тул ангийнхны хочийг задруулсан хэрэгт унаж аавын хаалга татахгүй болов уу хэмээн найдна.
Sunday, February 24, 2013
Хацрын хонхор бурханы бэлэг үү?
-Инээхдээ хацар нь хонхойдог залуутай гэрлэж насаараа гижигдэж амьдрахыг.
-Вахахаха /Гадуур хувцасаа шүүрч аван өмсөж эхлэв/
-Хүүш чи хаачих гэж байгаа юм бэ?
-Гоо сайханд очиж хацартаа хонхорхой хийлгэчихээд ирье.
-Вахаха.
Бурхнаас өгдөг бэлгийг бусдад худалддаг болсон гоо сайхны мэс засалчдын орлогод атаархсаар шар айргаа шартахгүй юм шиг залгилж суув, хацар нь төмбөгөр хоёр товариш.
Friday, February 15, 2013
Thursday, February 14, 2013
Цаг хугацаа өнгөрөх тусам тодрох, цайлган багын гэрэлт дурсамжууд
Арван жил үерхсэн
Ариухан дурсамжаа мөнхлөн
Амьдралд хэзээ ч салахгүй
Анд найзууд болсон...
Ийм нэг дуу уруул
сэрвэгнүүлэн сэтгэл гижигдсээр нэгэн долоо хоногийг үдэв. Хөл хөнгөрч сэтгэл сэнсрээд
хүний өөрийн найзуудыг нэгэн сэтгэлийн үзүүрт улаан бүч шиг зангидаад ийнхүү
догдлон долгилсон шалтгаан тун энгийн. Өндөрхааны арван жил хэмээх өндөрхөн босготой
намхан сургуулийн маань 85-ны найрын тов нэгэнт зарлагдаад тэр л гурван давхар
“өндөөр” цагаан байшинд гуниггүй хонгор насаа орхиж амьдралын их аянд дөрөөлсөн
анд нар маань амьсгаа өндөртэй “утас цохиж” эхэлснээс энэхүү бяцхан дурсамжийг
тэрлэгч бээр дурласан охин шиг дуу аялан гэгэлзэж суугаа хэрэг. Хоёр нийгмийн
дунд холигдож солигдсоор шинэ мянганы босгыг алхсан манай үеийнхэн хольцгүй шижир
сэтгэлээр он жилүүдийг өртөөлөн үерхсээр өнөөдөрт ирсэн нь эртний сайхан
ерөөлөөр учирч эгнэгт салахгүй тавилангаар гагнагдсан бидний л аз гэлтэй. Энэ азаар биднийг шагнагч нь
Өндөрхааны арван жилийн нэгдүгээр дунд сургууль.
Wednesday, February 13, 2013
Мөнх бусын өмнө хүмүүс бие биенээ хайрлахгүй байж яаж болох билээ дээ...
Хайрын өдөр хайртай холбоотой нэг дурсамж тавьчихъя
даа.1997 оны 2-р сарын 14-ны өдөр би эмчдээ анхны захидлаа бичиж байсан юм.
Тэгэхэд би хайрын “Хонгорзул” сонинд ажилладаг байлаа. Тэр үед Монголд
Валентины өдрийг тэмдэглэдэг хүн тийм олон байгаагүй байх аа. Манай сонины
охид, залуус л баахан онгироотож Уншигч редак-цийн уулзалт, найр наадам
санаачилж хөл болдог байв. Тэр өдрийн орой ажлаа тарж харьчихаад сэтгэл
гэгэлзээд хачин. Хорин насаа угтсан хонгор гэнэн үе шүү дээ. 10-р ангидаа
аймгийнхаа нэг мэс засалчид дурлачихсан гэж байгаа.
Анх удаа эмчдээ захидал бичдэг юмаа. “Сайн байна уу ... эмч
ээ? Өнөөдөр хоёрдугаар сарын 14, Гэгээн валентины өдөр. Гадаа өвөл болчихсон,
харин миний сэтгэл зунаараа...” гээд л ундруулж өгдөг юм. Тэгэхдээ хайртай
гэдэг үгийг огт бичээгүй. Энэ өдрөөс хойш эмчдээ олон жил олон олон захидал
бичсэн мөртөө хайртай гэдэг үгийг нэг ч бичээгүй. Гадаа хавар болж байна, зун
болж байна, өвөл болж байна, намар болж байна, би тийм юмны тухай бодож байна
гээд л дандаа л мэдрэмжээ бичдэг байж. Хамгийн хөгийн нь буцах хаяггүй
захидлууд. Хэн бичээд байгааг нь хэдэн жил асууж сураглаж явсан гэнэ лээ миний
эмч.
Эмчдээ дурласан шиг ахин нэг ч хүнд тэгж дурлаагүй би
өнөөг хүртэл. Тэнэг хайртай байсан. Заримдаа шандуурч шаналах үедээ бурхантай
их найз болчихно. Уг нь бол ясны атиест хүн шүү дээ нөхөр Сэгсэр. Бурхантай
найзлах үедээ түүнээс их сонин зүйлс гуйж гувшина. “Бурхан минь надад хагалгаа
хийлгэх өвчин хайрлаач” гэх жишээний. Эмчийнхээ гар дээр л очиж байвал үхсэн ч
хамаагүй байж. Тэр үед бурхан надад тусалж хагалгаа хийлгэх өвчин хайрласан бол
өвдөлт маань жинхэнэ кайф байх байсан л даа. Бурхан нэг удаа гарыг минь хугалж
өгсөн ч найзууд маань эмчид минь хүргэлгүй гэмтэлд хүргээд шохойдуулчихсан юм
даг. Би аймаар харамсаж байж билээ, гэмтлийн шохой тасарчихгүй яав даа гээд хэхэ.
Насаараа хайрласан, дурласан тэр хүн маань намайг мэдэлгүй байсаар эндээс
явчихсан даа. Ийм нэгэн хайрын түүхтэй хүн дээ танай найз Сэгсгэр...
Tuesday, February 5, 2013
Баянзүрх хайрханд бараалхаж “мөлхсөн” аялал
Хүний мөр тасраагүй Хүн чулууны хонхорт ажиллаж амьдарч
яваа энэ он цагууд минь миний амьдралын онцгой содон дурсамж болон үлдэхээ ч
магадгүй. Хүний амьдралд юу тохиолдохыг хэн ч таадаггүй шүү дээ. Сонинбаяр анд
маань нэгэнтээ “Өвгөд нь цөөрсөн Өндөрхаандаа өвгөн болоод очно би” хэмээн ярьж
байхыг сонсоод Цэцэн ханы цэнхэр нутагтаа харьж буцах тийм цаг нээрээ л ирэх
байх шүү хэмээн бодолхийлж билээ. Энэ багахан уянгын халилыг эс өгүүлэн өгүүлэх
минь, би гэдэг хүн дөрвөн уулын дундах эртний түүхт нийслэл хотдоо амьдраад
нэлээдгүй он жилийг үдсэн атал хэрмэн дөрвөн хайрхныхаа нэгээс илүүд хөлийн
мөрөө хүргэж үзээгүй хүн байж. Богд уулынхаа Цэцээ гүний оргилд бол өмнө
олонтаа гарч явжээ. Харин Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан руугаа зүглэж
байсангүй. Зүглэх байтугай хараа талбин нухацтай удаахнаар ширтэж ч байгаагүй
байх юм. Их хотын амьдрал гэдэг хөгжил дэвшлийн хурдтай хөл нийлэн жирийхийн
тухайд сэтгэлд өег, далд бардамналыг төрүүлэх боловч уул ус, эх дэлхийтэйгээ хүйн
холбоотой монгол хүний дотоод сэтгэлийн нарийн сэжмийг сэмэлж, мэдрэмжийн
харааг мохоодог юмуу гэлтэй. Өнгөрөгч амралтын өдөр баатар эрийн сахиус
шүншигтэй Баянзүрх хайрхныхаа оргил дээр зогсож байхдаа би ийнхүү бодож амжсан
юм.
Thursday, January 17, 2013
Хөөе Сэгсгэр ээ, хэлээ залгичихаа юу
Өөрсдөө солиорчихоод
бусдыг эмчлэх гэж яваа хүмүүстэй л тааралдаад байх юм. Тэд маань ийм л үгнүүд
хэлдэг.
-Сэгсгэр ээ, чиний наад
яваад байгаа зам чинь нэг л биш. Амьдралаа өөд нь татаач, юугаа хүлээгээд
байдаг юм...
-Хөөе Сэгсгэр ээ, хэлээ
залгичихаа юу чи...
-Архи уухгүй ч гэх шиг,
маяглаад бай Сэгсгэр ээ...
-За чи ч бүр эвшээж байх
шив дээ, их эрдэмтэн... үнэхээр өөр байна аа, мань мэтийгээ бодвол. Аян замдаа
сайн яваарай, чи их хол явна шүү...
Би ч гэсэн бусадтай
ярилцах хэрэгтэй л байна шүү дээ. Тэгэхдээ арван жилийнхээ дурсамжийг арав
хорин жил давтаж биш, анд нөхдийнхөө дутагдлыг давсалж хужирлан баясаж биш, унаж яваа нэгнээ
нэмж түлхэн сайрхаж биш, ууж идсэн паянгаа улс амьтанд гайхуулж биш, улс эх орноо
муучилж зүхэн ухаантан царайлж биш, утаатай нийслэл хотдоо хордож үхэхээ зарлан үглэж биш...
Өөр ярих юм байлгүй л яахав дээ. Харин
яагаад бүгдээрээ ярихгүй байгааг л гайхаж байна. Надад л лав ярих юм зөндөө байна.
Тэгэхдээ яривал онигоо болчих байх л даа...
Thursday, January 10, 2013
Хайртай
Хайргүй хачин харцаар орчныг сүлбэн хаачихаа мэдэхгүй суухад
Хайргүй орчлонгийн цас тэргүүн дээр будраад тэндээ хайлах шиг
Хайргүй нам гүм зүрхийг минь зүсэхдээ намайг эс ойлгоод
Хайргүй авсанд минь оруулах хүртэл хайртай шүү чамдаа... хайртай....
Tuesday, January 8, 2013
“Болор цом” үзэхгүй гээд байхад даа...
Өчигдрөөс эхлээд л утас
тасралтгүй тачигнаастай. “Сайн уу Сэгсгэр ээ, *Болор цом* үзэх үү?”. Үгүй гэм
дээ үгүй, үзэхгүй гэсээр байгаад ам цангачихлаа байна бүр. Ингэхэд энэ улсууд
намайг “Болор цом” үзээд явж байхыг хэзээ хараа вэ? 1999 онд аймгийн даргын аймаар
уур уцаараас болж Гэмтлийн эмнэлгээс оргон барин байж шохойтой гартай харайж
орсноос хойш “Болор цом” гээчийг театр чуулгат нь очиж үзэж үзээгүй хүн шүү дээ
хөөрхий. “Болор цом”-оос боломжоороо л хол явдаг нөхөр. Тэгэхдээ энэ чинь, зав
чөлөө нь байгаад тасалбарынх нь үнийг дийлж байвал үзчихэд ер нь бол яахав дээ,
болохгүй юм ер байхгүй. Тэгэхдээ л үзье гэж боддоггүй юм, нэхх сонин... Monday, January 7, 2013
Би Брюс Лиг хулгайлаагүй
-Сэгсгэр ээ, чи миний Брюсь Ли-г харсан уу?
-Хараагүй шд. Чи цааш нь хийгээгүй юмуу?
-Харин би эрээд бүр олдоггүй ээ. Бид хоёрын хамтын жижиг цүнхэн дотор нэг л
Брюс Ли байна шд.
-Тийм, наадах чинь миний Брюс Ли шд. Чинийхыг хоёулаа олъё...
Нэг зун аймгийн баруун урд байх “Хэрлэн” зусланд амарч байхдаа манай
параллель ангийн Эсээ бид хоёр нэг танихгүй зурагчин ахаас Брюсь Лигийн
жижигхээн хар цагаан зургийг арав арван төгрөгөөр худалдаж авсан юм. Дөрөвдүгээр
ангид байсан нөхдүүд л дээ. Тэр үед чинь Брюс Лигийн зураггүй хүүхэд бол хүн
биш байлаа шүү дээ. Нөгөө ангид С.Эрдэнэцэцэг, Ц.Эрдэнэцэцэг гээд хоёр охин
байдгийн С нь тэр удаа надтай зуслангийн нэг ээлжинд таарч бид хоёр гайгүй зузаан
найзууд болцгоогоод байсан үе. Бид хоёр Эсээгийнхээ Брюсь Лиг эрж өдөржингөө
түүний хамаг чемодан, ном дэвтрийг онгичсон боловч олсонгүй. Ингээд Эсээ маань
Брюсь Лигээ хулгайд алдчихлаа гээд жаахан урам муутайхан байсан ч хоёулаа тун
удахгүй инээж хөхрөлдөн хөтлөлцөөд гүйж явсан юм. Зуслан буух болоод Эсээ бид
хоёр юм хумаа хамтдаа эмхэлж цэгцэлж байтал миний чемодан дотроос нөгөө муу
алга болсон Брюс Ли гараад ирэх нь тэр. Яг үүнтэй зэрэгцэн би өөрийнхөө Брюс
Лиг түрүүлээд чемодандаа хямгадсан минь гэнэт санагдлаа. Эсээгийн нүд шууд 50
мөнгө болж байгаа юм чинь. Би ч бантсандаа чемоданаа хааж орхилоо. Хэдий
тайлбарламаар байсан боловч юу ч хэлж чадсангүй. Өөрийнхөө Брюс Лиг
хямгадчихаад Эсээгийн Брюс Лиг хайлцаж байхдаа юу бодож байсан хүн бэ тэнэг муу
Сэгсгэр. Найз маань нөгөө хамтын цүнхэнд байсан Брюс Лиг надад өгөөд “Чи ч
гэсэн энгийгээ хямгад. Аягүй бол бас алга болчихно шүү” гэснийг яана. Би яагаад
өөрийнхийгөө хямгадаж далд хийснээ таг мартчихсан юм бол гэж хичнээн бодоод ойлгосонгүй.
Хулгайчийг илчилсэн нэг хүн автобусаар аймаг орох замын туршид тун ёозгүй,
гүнээ жигшсэн харц чулуудаж, хулмаганаж бантсан муу Сэгсгэр өөдөөс нь харж
чадахгүй дальдчсаар ирсэн билээ. Тэрнээс хойш Эсээ найз маань надтай
дуугараагүй. 10 төгстөлөө бид хоёр нэг нэгнээ танихгүй мэт явсан. Нэг сургууль
юм чинь байнга тааралдана. Тааралдах бүрт надад нэг тийм тамтай мэдрэмж төрдөг
сөн. Эсээ маань хожим эмч болсон гэсэн. Бид уулзалгүй олон жил болжээ. Сургууль
төгссөнөөс хойш тааралдаагүй. Одоо Эсээтэйгээ нэг сайндах юм сан даа.
Subscribe to:
Posts (Atom)





