-Цаг хэд болж байна? хэмээн асуухад Оросын яруу найрагч Осип Мандельштам: -Өнө мөнх! Гэж хариулсан байдаг. Гэвч ертөнцөд бүх юм өөрийн цаг хугацаатай. Уужуу тайван Монголчууд цаг хугацааны асар их үнэ цэнийг саяхнаас л мэдэрсэн. Гэхдээ мэдэрсэн гэдэг үгийг хашилтанд хийж ойлгоорой. Даяаршлын эрин үед дэлхий нийт техник техилогийн дэвшлийг даган асар хурдацтайгаар хөгжиж байна. Үр хүүхдээ үлгэрээр хүмүүжүүлж, уран зохиолын ном уншвал ухаантай хүн болно гэж сургаж байсан аав ээжүүд алдсан цаг хугацаандаа харамсаж эхэллээ. Үлгэр домог ярьж суух үед бидний мэдэхгүй газарт танихгүй хүмүүс хөгжлийн оньсыг тайлах гэж ухаанаа уралдуулж байсныг бид хожим нь мэдэв. Тэд мэдээж түрүүлжээ. Гэхдээ бид алдаагүй. Дэмий хямарч цаг хугацааг үрээгүй, үлгэрээ л ярин жаргаж суусан. Цаг нь ирэхэд даяаршлын давалгаанд Монгол улс өвөрмөц нэгэн долгио болон нэгдлээ. Үүнийг дагаад хөгжил дэвшил ч илт мэдрэгдээд ирэв. Харин далайн аялалд шуудрахад бидэнд завь хэрэгтэй боллоо. Хүн бүхэн өөртөө тохирсон сал урлах уу, эсвэл Монголчууд хэмээх хөлөг онгоцтой болох уу гэж тээнгэлзэж байтал чадалтай зарим нь завь олоод их далайд гарцгаалаа. Тэд ийнхүү түрүүлсэн ч хэзээ ямагт эргэн харж Монгол хэмээх нэгэн цул биетийг захгүй тэнгисийн мандлаас хайсаар байх болно. Тэднийг болон өөрсдийгөө аврахын тулд бид ч бас нэгийг бодохоос өөр аргагүйд хүрлээ. Гэвч нөгөө л монгол зангаараа тамын тогооноос хальж чадахгүй цаг алдсаар. Даяаршилд монгол зан хэрэггүйг бид яаж мэдэх вэ дээ. Ямар тэр даяаршил гээчийг санаачлагч нь ч биш. Ильичийн заасан замаар л социализмын гэрэлт ирээдүй өөд мацаж явсан юм чинь. Замаа алдчих гээд байвал намаа бараадаж заяа төөргөө ламдаа даатгаад адгах түгших юмгүй айван тайван амьдарч байлаа. Цөвүүн цаг ирэхэд нам нь ч лам нь ч хэрэг болсонгүй.
Одоо зөвхөн зөв сэтгэлгээнд, өөрөөр хэлбэл тархиндаа найдах л үлдлээ. Тарни уншиж явсан өдрүүд ард түүх болон үлдэнэ. Хойч үеийнхэн маань хошин драм үзээд биш түүхийн ном уншаад мушилзах байх. Тэдэндээ айдас түгшүүр биш инээмсэглэл бэлэглэж байгаа юм чинь санаа зовоод ч яахав. Харин одоо алдагдлын хязгаарыг тогтоох л үлдэв. Үүнийг зөвхөн эрх баригчид биш хувь хүн өөртөө тогтоох ёстой аж. Ингэсэн цагт улсын хөгжил цагийн урсгалыг сөрөн биетээр оршин тогтнодгийг өндөр хөгжсөн орнуудын түүх бэлхнээ нотолдог. Аливаа зүйл хэмжээ хязгаартай, өөрийн цаг хугацаатай байдгийг өмнө нэгэнтээ дурдсан. Хүн амьдралдаа алдаа хийхгүй байна гэж байхгүй. Гагцхүү алдаанд нь хязгаар хэрэгтэй. Тэрхүү хязгаарлалтыг өөртөө тогтоож сураагүй бол ахиц дэвшлийн тухай санах ч хэрэггүй гэдгийг нэрт сэтгэлзүйч Дейл Карнеги нэгэнтээ хэлсэн. Тэрээр үүнийхээ жишээ болгож Бенжамин Франклиний багын явдлыг уншигчдад дэлгэсэн юм. Долоохон настай жаалхүү шүгэлтэй болох юм сан гэж байдгаараа хүсэж дэлгүүрт очоод цуглуулсан бүх зоосоо лангуун дээр гаргаж тавьчихаад ямар үнэтэйг нь ч асуулгүй шүгэл авчээ. Мэдээж хүү шүгэлд илүү үнэ төлсөн байна.
Тэр АНУ-аас Францад суух Элчин сайд болчихоод байхдаа ч шүглэндээ илүү үнэ төлсөн тухай дурсаж шүглийн түүнд өгсөн баяр хөөрийг гутаасан юм хэмээн Карнеги харамсан бичжээ. Түүнийхээр бол Франклин хэдийгээр агуу амжилтад хүрсэн ч гэлээ шүгэлд төлсөн “үнэ”-дээ хязгаарлалт тавьж чадаагүйнхээ төлөө өөр олон гайхамшгаас хоцорсон ажээ. Нэг үгээр Франклин бидний мэддэгээс илүү агуу байж болох байжээ. Сэтгэл санааны амар тайвны агуу нууцуудын нэг бол аливаа зүйлийг зөв үнэлэх явдал бөгөөд өөрийн гэсэн алтан стандарт болох үнэт хэмжүүрийг олж чадвал сэтгэлийн зовлонгийн тавин хувиас салдаг ажээ. Тэгвэл бидний сэтгэлийг юу зовоож байна вэ? Өнөөдөр биднийг зовоож буй зүйл нь ядуу буурай Монгол орны маань бодит дүр ч биш, хөгжил рүү яарах адгуу хүсэл ч биш, зөвхөн сэтгэлийн зовиур аж. Энэ зовиуртаа хязгаар тавьсан тэр цагт л Монгол Улсын жинхэнэ хөгжил бидэн рүү нүүрээ харуулна гэдэгт би итгэдэг. Цаг урссаар, бид зовиурласаар л... Монголчуудын сэтгэлийн зовиур буюу алдагдлын хязгаар хаана дуусахыг ёстой цаг хугацаа л харуулах биз ээ.
Tuesday, November 27, 2007
ТАРНИД ИТГЭХ ҮҮ, ТАРХИНДАА ИТГЭХ ҮҮ?
ХОЦРОГДОЛ МОНГОЛЫГ АВАРНА
Их амжилт их эрсдлийг дагуулдаг хэмээн Далай лам нэгэнтээ айлдсан нь бий. Үсрэнгүй хөгжиж буй их гүрнүүдийн амсаж эхэлсэн зовлон барцадын дэргэд Монголын өнөөгийн амьдрал ёстой л диваажин мэт санагдах нь олонтаа. Дайны утаа, өлсгөлөн ядуурал, экологийн сүйрэл гэгчийг телевизийн мэдээгээр л хааяхан сонсч дэлхий ертөнц дээр хэцүүхэн юм болж байна даа гэж бодоод өнгөрдгөөс биш үзэж мэдэрсэн нь үгүй. Тиймдээ ч манайхан зовлон зохиож, сайн дураараа муу амьдарч яваа гэж боддог. Монголын нийгэмд ардчилал, ил тод байдал бий болсноор иргэн хүн үгээ хэлэх эрх чөлөөтэй болсон. Энэ бол хүний дээд эрх чөлөө. Аливаа юм хоёр талтай байдаг болохоор хүний өөдөөс үг хэлж сураагүй бидэнд энэ нь буруу ярихын эхлэл болсон. Хүн бүхэн улс төрөөр өвчилж хэлэх хэлэхгүйг ч хэлж үзлээ. Хүлээцтэй зарим нь буруу ярьсныг нь зөв ойлгож хүлээлээ. Бас өмнөх нийгмийн хүлээстэй сэтгэлгээнээсээ чөлөөлөгдөөгүй үлдсэн зарим нь нийгмийн хөгжлийг тэр чигээр нь үгүйсгэн муйхарлаж юуг ч хүлээн зөвшөөрөхгүй байхаар хатуу шийджээ. Нүдэн дээр нь сүндэрлэн босож байгаа хөгжил дэвшлийг зүрхшин харж, сүйрлийн өмнөх гялбаа мэтээр нүдээ буруулаад чихээ таглана. Гэвч улсын хөгжил урагшилсаар, бэрхшээл саадууд ч тохиолдож, түүнийг даван дэлхий ертөнцийн хөгжлийн жамаар хувьсал хийгдсээр л байгаа. Энэ бүхний эцэст дахиад л сонгуулийн сезон эхэлж хүмүүсийн өвчин ч дахилаа. Улсын хөгжилд саад болж буй бэрхшээл, удирдагчдын хий гишгэлтийг анан нойргүй хоноцгоож эхлэв. Үгүйсгэлийн үгүйсгэл үргэлжлэн нүдэнд харагдаж гарт баригдаж байсан бүхнээ хогийн сав руу шидэлж эхлэх нь тэр. Мянганы зам мянгуужингийн үлгэр гэх эрт урьдын үгс ч энд тэндээс дахин сонсогдож, саяхан л дээгүүр нь таатайяа зүүрмэглэн довтолж байсан шинэхэн цардмал зам руугаа шороо цацаж, ард түмний хоолыг хөрсөнд шингээсэн улсыг шоронд хийе гээд л цээжээ дэлдэхийг хараад гайхаж цочирдохын зуур Шархадны эмнэлэг ч нүдэнд харагдах шиг. За юутай ч сонгууль ойртсон нь мэдрэгдэж байна. Улс төрийн нам хүчнүүд ард түмнээсээ илүү дэмжлэг авахын төлөө “эцсийн цусаа дуустал” тэмцэх нь зүйн хэрэг. Ингэх ч ёстой. Гэхдээ нэг л зарчмыг, өөрөөр хэлбэл шударга өрсөлдөөнийг л баримтлах учиртай. Үүнийг тэд тоть мэт давтаж байгаа ч хэрэг дээрээ энэ хууль яг эсрэгээрээ үйлчилж эхэлснийг бид харж байна. Ямарч аргаар хамаагүй ялахыг зорьсон хүмүүс харыг цагаанаар, цагааныг хараар будаж, ард түмэн аль өнгийг “орги” болохыг ялгаж салгах гэж шоо хаян мэргэлж эхэллээ. Эцэст нь тэд сонголтоо хийнэ. Шооны буулт л бүхнийг шийднэ. Ингээд эцсийн үр дүн нь хэн сайн будагчин бэ гэдгийг шалгаруулснаар дуусах гэж үү? Будагны ард буй үнэн нь ард түмний өөрсдийнх нь өмч шүү дээ. Биднийг ийнхүү шавар будагтайгаа зууралдаж байх хооронд дэлхий ертөнцийн амьдрал жам ёсоороо урагшилсаар шинэ шинэ үүд хаалгыг нээсээр бараа нь улам алсарсаар л байна. Арайхийн сонголтоо хийгээд эргэхэд хоцрогдол маань төөрөгдөл болж нар жаргаж байх вий гэхээс түгшүүр төрөөд байх юм. Гэвч салаанаасаа хоцорч унтаад үлдсэн цэрэг дайнаас ганцаар амьд гарч болох л доо. Тэр дайнд оролцож чадаагүйдээ насан туршдаа харамсахгүй л бол алдах өөр юм түүнд байхгүй. Яг л эхэнд хэлсэнчлэн их гүрнүүдийн амсаж эдэлж буй зовлонгийн дэргэд хөнжилдөө хөлөө жийлцэх нь жижигхэн Монголын хувьд жирийн аз жаргал юм даа. Ийнхүү бодохуйд цээж уужирч санаа алдмаар болох юм. Ямартай ч бид амны хишигтэй улс аа. Энэ зурвасхан бодролоо яруу найрагч Ц.Хулангийн “Сайн хүнийг муу явахад би дургүй” гэсэн дулаан үгээр төгсгөе.
ИТГЭЛ ХАМГИЙН СҮҮЛД ҮХДЭГ
"Жаргахын цагтаа санадаггүй ижийгээ зовохын цагт хамгийн түрүүн дууддаг" хэмээн яруу найрагч нэгэнтээ гэмшин бичиглэсэн нь буй. Арга барагдан хүчин мөхөсдсөн үед бурханаас аврал хүсдэггүй хэн байх вэ. Гэтэл хийсч ирдэг хүний зовлонгоор бизнес хийж хэтэвчээ зузаалахын зэрэгцээ нөгөө хүнийхээ сэтгэлийн зовиурыг улам зузаатгаад явуулдаг "бурханы итгэмжит төлөөлөгчид" олон. Ахиухан таван цаас сарвайвал амьдаар нь хойдохыг нь уншчихаж чадах эрхэм хуврагууд руу бид зовлонгоо тэврээд гүйлдэж байна гэхэд нэг их хатуудахгүй л болов уу. Төрөл арилжсан төрөл төрөгсдийнхөө "алтан савыг нээлгэхээр" очихдоо эмгэнэлтэй гэхээсээ инээдэмтэй байдалд орох нь олонтаа. Бараг л
-Аав чинь үхчихсэн үү. Ашгүйдээ, мөнгөө... гэх нь холгүй. Жаргал зовлон ээлжлэх амьдралд урам алдрах үе олон ч итгэлээ үхэхийг би хармааргүй байна. Итгэл хамгийн сүүлд үхдэг юм гэнэ билээ.
Thursday, November 22, 2007
МОНГОЛЧУУД ДЭЛХИЙН ТАВЦАНД НУТГАРХААСАЙ
Хүний ухамсар гэдэг үгийг нэг их хэрэглэдэг байв даа бид, хэдэн жилийн өмнө. Энэ хуучин үгийг одоо жинхэнэ сэтгэлгээнд нь суулгаж ойлговол нөгөө их мөрөөдөөд байгаа хөгжил дэвшил маань биднээс тийм ч их холгүй мэт. Хувь хүний ухамсар доройтож нийгэм бүхэлдээ цөвүүн байдалтай болсон нь гаднын ямар нэг хүчин зүйлээс биш зөвхөн монгол хүний ууч өгөөмөр сэтгэл "цагийн өнгөөр" хомсдож буйтай холбоотой гэж бодном. Эмч хүн өвчтөнийг ганцхан эм тарианы хүчээр эдгээдэггүй. Хамгийн гол нь энэрлийн хүч хэрэгтэй. Өнөөдөр энэ сэтгэл үгүй болсноос эдгэрдэггүй өвчний тоо нэмэгдсээр байгаа гэж би боддог. Хуульчид ч мөн ялгаагүй, ер нь аль ч мэргэжлийнхэн ажилдаа яс махнаасаа хандахаа больж мөнгө, эд зүйл, нэр хүндтэй нь харьцдаг болсон. Өөрөөр хэлбэл зөвхөн шуналаар л ханддаг гэсэн үг.
Өвчтөн нь эмчийн өмнө өвчнийхөө зовиурын тухай биш авах өгөх наймаа, ардын жүжигчин, төрийн шагналт аль эсвэл нэр нь түгсэн бизнесийнхээ тухай л түрүүлж ам нээдэг. Хамгийн муу жишээг л татахад хүчирхийлүүлсэн эмэгтэй тухайн үед хамгийн ойр байгаа цагдаагийн хэсэгт хандаж нөгөө нэг 10 жилийн ч боловсролгүй, погоон зүүсэн нөхөр өөдөөс нь за хаана, хэнд яалгасан гэнээ... гээд л уулздаг. Гэмт хэргийн золиос болсон тэр золгүй хүн шат шатны шүүхэд нөгөө л зовлонт хэцүү балгаа тоочих болно. Хувийн нууц, эмзэглэл, нэр төрөө хамгаалах талаар ёстой бодоод ч нэмэргүй. Хохирсныхоо төлөөсөнд дахин дахин хохирч, бүр илүү шархтаад л үлдэнэ. Ийм харь, энэрэлгүй сэтгэл л хүнийг хүн биш болгож, нийгэм хөжлийнхөө хөшүүргэн дээр гацчихаад байгаа нь харагддаг. Өндөр хөгжилтэй гэж бидний бахархаад байдаг тэр улс орнуудын хөгжлийн гол механизм нь хүндээ чиглэсэн төрийн бодлого байдаг. Манайхан хүн төвтэй хөгжлийн бодлого явуулж байгаа гэх боловч төр засаг нь ард түмнийхээ сайн сайхны төлөө чин сэтгэлээр зовж, монгол хүн монгол хүнээрээ бахархаж эхэлсэн нь өнөөдөртөө харагдахгүй л байна.
Аливаа сонгодог юм хамгийн хялбархнаас л эхэлдэг. Цөөхөн монголчууд бие биедээ санаа тавьж, монгол хүн гэх хүчирхэг мэдрэмжээрээ дэлхийн улс түмнүүдийн дунд нутгархдаг болчиход л мөнөөх гацчихаад байгаа хөшүүрэг эргэн, хөгжил дэвшил рүү хүнд даацаараа алхаж эхэлмээр санагдана. Монгол хүн амьдралын урсгалаа ярихдаа үнэнээ дандаа нуудаг. Хүмүүс бүгд хуурамч, тийм байгаасай гэх сэтгэлээрээ гоёчлон ярьдаг. Жинхэнэ аминчлал гэгч юм бидний бусдад хандах хандлагад байдаггүй учраас тэр нуусан үнэн болох зовлонгоосоо ангижирч чаддаггүй. Бусдад тайлан тавих гэж байгаа биш хөгжлийн төлөө асуудал дэвшүүлж байгаагийн хувьд үнэнээ, сайхан муухай ч гэлээ өнөөдрөө хүлээн зөвшөөрөх сэтгэлийн бядтай байхыг сануулах гэсэн юм. Нэгэнт зөвшөөрчихсөн үнэн тухайн цаг үедээ л үлддэг. Одоо бид шинэ замаар урагшаа алхахыг л хүсэж байна. Дэлхийн тавцанд Монголын эзлэх томоохон зай биднийг хүлээж байна. Тэнд хөгжил дэвшил, хүний сайн сайхны төлөө зориулагдсан бүх юм бий. Одоо зөвхөн хөдлөх л үлдлээ. Хүлэгдсэн бие хөшиж орхивол итгэл найдвар тун багахан үлдэх нь мэдээж. Гутринги үзлийн үл үзэгдэх нарийхан хүлгийг тас татах хүчийг бие биедээ өгөх нартай цэлмэг өдрүүдийг бурхан бидэнд илгээсээр байхад аминч бодлын бяцхан ертөнцдөө тус тусдаа амьдарсаар бид бурхныг бухимдуулж хүчлээд ч тасрахгүй төмөр хүлгэнд орчих вий дээ гэж санаа зовохын эрхэнд энэ жижигхэн санааг Таны уудам бодолд ивлээ. Маргааш минь хүлэггүй сэтгэлгээний цэвэр агаараар амьсгална гэдэгт бас итгэлээ.