Их амжилт их эрсдлийг дагуулдаг хэмээн Далай лам нэгэнтээ айлдсан нь бий. Үсрэнгүй хөгжиж буй их гүрнүүдийн амсаж эхэлсэн зовлон барцадын дэргэд Монголын өнөөгийн амьдрал ёстой л диваажин мэт санагдах нь олонтаа. Дайны утаа, өлсгөлөн ядуурал, экологийн сүйрэл гэгчийг телевизийн мэдээгээр л хааяхан сонсч дэлхий ертөнц дээр хэцүүхэн юм болж байна даа гэж бодоод өнгөрдгөөс биш үзэж мэдэрсэн нь үгүй. Тиймдээ ч манайхан зовлон зохиож, сайн дураараа муу амьдарч яваа гэж боддог. Монголын нийгэмд ардчилал, ил тод байдал бий болсноор иргэн хүн үгээ хэлэх эрх чөлөөтэй болсон. Энэ бол хүний дээд эрх чөлөө. Аливаа юм хоёр талтай байдаг болохоор хүний өөдөөс үг хэлж сураагүй бидэнд энэ нь буруу ярихын эхлэл болсон. Хүн бүхэн улс төрөөр өвчилж хэлэх хэлэхгүйг ч хэлж үзлээ. Хүлээцтэй зарим нь буруу ярьсныг нь зөв ойлгож хүлээлээ. Бас өмнөх нийгмийн хүлээстэй сэтгэлгээнээсээ чөлөөлөгдөөгүй үлдсэн зарим нь нийгмийн хөгжлийг тэр чигээр нь үгүйсгэн муйхарлаж юуг ч хүлээн зөвшөөрөхгүй байхаар хатуу шийджээ. Нүдэн дээр нь сүндэрлэн босож байгаа хөгжил дэвшлийг зүрхшин харж, сүйрлийн өмнөх гялбаа мэтээр нүдээ буруулаад чихээ таглана. Гэвч улсын хөгжил урагшилсаар, бэрхшээл саадууд ч тохиолдож, түүнийг даван дэлхий ертөнцийн хөгжлийн жамаар хувьсал хийгдсээр л байгаа. Энэ бүхний эцэст дахиад л сонгуулийн сезон эхэлж хүмүүсийн өвчин ч дахилаа. Улсын хөгжилд саад болж буй бэрхшээл, удирдагчдын хий гишгэлтийг анан нойргүй хоноцгоож эхлэв. Үгүйсгэлийн үгүйсгэл үргэлжлэн нүдэнд харагдаж гарт баригдаж байсан бүхнээ хогийн сав руу шидэлж эхлэх нь тэр. Мянганы зам мянгуужингийн үлгэр гэх эрт урьдын үгс ч энд тэндээс дахин сонсогдож, саяхан л дээгүүр нь таатайяа зүүрмэглэн довтолж байсан шинэхэн цардмал зам руугаа шороо цацаж, ард түмний хоолыг хөрсөнд шингээсэн улсыг шоронд хийе гээд л цээжээ дэлдэхийг хараад гайхаж цочирдохын зуур Шархадны эмнэлэг ч нүдэнд харагдах шиг. За юутай ч сонгууль ойртсон нь мэдрэгдэж байна. Улс төрийн нам хүчнүүд ард түмнээсээ илүү дэмжлэг авахын төлөө “эцсийн цусаа дуустал” тэмцэх нь зүйн хэрэг. Ингэх ч ёстой. Гэхдээ нэг л зарчмыг, өөрөөр хэлбэл шударга өрсөлдөөнийг л баримтлах учиртай. Үүнийг тэд тоть мэт давтаж байгаа ч хэрэг дээрээ энэ хууль яг эсрэгээрээ үйлчилж эхэлснийг бид харж байна. Ямарч аргаар хамаагүй ялахыг зорьсон хүмүүс харыг цагаанаар, цагааныг хараар будаж, ард түмэн аль өнгийг “орги” болохыг ялгаж салгах гэж шоо хаян мэргэлж эхэллээ. Эцэст нь тэд сонголтоо хийнэ. Шооны буулт л бүхнийг шийднэ. Ингээд эцсийн үр дүн нь хэн сайн будагчин бэ гэдгийг шалгаруулснаар дуусах гэж үү? Будагны ард буй үнэн нь ард түмний өөрсдийнх нь өмч шүү дээ. Биднийг ийнхүү шавар будагтайгаа зууралдаж байх хооронд дэлхий ертөнцийн амьдрал жам ёсоороо урагшилсаар шинэ шинэ үүд хаалгыг нээсээр бараа нь улам алсарсаар л байна. Арайхийн сонголтоо хийгээд эргэхэд хоцрогдол маань төөрөгдөл болж нар жаргаж байх вий гэхээс түгшүүр төрөөд байх юм. Гэвч салаанаасаа хоцорч унтаад үлдсэн цэрэг дайнаас ганцаар амьд гарч болох л доо. Тэр дайнд оролцож чадаагүйдээ насан туршдаа харамсахгүй л бол алдах өөр юм түүнд байхгүй. Яг л эхэнд хэлсэнчлэн их гүрнүүдийн амсаж эдэлж буй зовлонгийн дэргэд хөнжилдөө хөлөө жийлцэх нь жижигхэн Монголын хувьд жирийн аз жаргал юм даа. Ийнхүү бодохуйд цээж уужирч санаа алдмаар болох юм. Ямартай ч бид амны хишигтэй улс аа. Энэ зурвасхан бодролоо яруу найрагч Ц.Хулангийн “Сайн хүнийг муу явахад би дургүй” гэсэн дулаан үгээр төгсгөе.
No comments:
Post a Comment