Sunday, May 4, 2008

ААВАА ДУРСАХУЙ...


1999 оны 5-р сарын 5. Аав нас барлаа. Энэ өдрөөс эхлэн миний амьдрал урьд байгаагүй тийм гунигтай, эль хульхан болчихсон юм. Мэдээж хэрэг, би өдөржингөө л инээж баясаж, хүмүүсийн дунд аз жаргалтай байх боловч сэтгэл минь нэг л их санаа алдамтгай болчихсон. Би аавын хайртай охин байлаа. Хэн ч намайг өнөөдрийг хүртэл аав шиг минь ойлгож, бас миний төлөө тэгж зовниж чадаагүй юм. Миний аав бусдаас ялгарах юмгүй тийм л нэг, эгэлхэн аав байлаа. Ард үлдсэн 20 жил минь аавтай дурсамжаар дүүрэн учраас л одоо надад сайхан санагддаг. Энэ гэрэлт он жилүүдийн “хаалтын ажиллагаан дээр” би тун ч хэцүүхэн байсан даа. Оршуулгын өмнөх өдөр үдэлтийн үгээ бэлдэж чадаагүй болохоор яг хагацахын өмнөх тэр агшиндНамрын бороо зөөлөн шиврэхэд аав минь дуртайНасыг нь зөөж буцсаар л байгаа шувуудад хайртайӨөрөө үхэвч орчлон үлдэнэ гэж надад хайртайӨдрөөс өдөрт холдсоор л яваа аавдаа би хайртай...гээд л нулимстай хоолойгоор уншиж билээ. Энэ шүлгийг нэг удаа захиан дээрээ бичсэнээс хойш аав минь их дуртай болчихсон юм /Тэр үед хараахан дуу болж амжаагүй байсан юм/ Надаар дандаа уншуулж, би ч дуртай уншиж өгдөг байсан. Тэгээд л сүүлчийн удаа, үдэлтийн агшинд аавдаа уншиж өгсөн минь тэр. Даанч аав хайртай шүлгээ үүрд сонсохооргүй холд одчихсон байсан... Үүнийг гэнэт мэдрэхэд зүрх минь анх удаа тийм гаслантайгаар шимширч билээ. Энэ бол аавгүй хорвоод эдэлсэн хамгийн анхны зовлон минь байлаа. Аавтай байхдаа би ямагт хүүхэд байсан. Аавгүй болсон тэр өдөр л би том хүн болчихсон юм. Хүүхэд байх үеийн тэр жаргалтай тэнэгхэн насныхаа төлөө би өнөөдөр нулимсаа барж сууна. Тэнэг насны дурсамж нэгийг ярья л даа. ...Нэг удаа аав намайг эргэж ирээд бид хоёр хотын төвөөр баахан явсан юм. Аав, хөөрхий минь сүүлийн үеийн сонин болох Ганаа, Бямбаа хоёр нь сургуулиас гарах гээд санааг нь зовоож байгаа, Орхон /миний хойд ээж/ жаахан утгагүй зан гаргаж гомдоодог болсон тухай аядуухан ярьж явлаа. Тэгээд бид хоёр 4-н замын тэнд нэг гуанзанд орж хоол идсэн юм. Би аавыг мухрын нэг жижигхэн ширээнд суулгачихаад өөрөө хоол захиалахаар явахдаа “аав ямар хоол идмээр байна” гэж асуухад муу аав минь -Миний хүү өөрөө л мэд. Юу ч яахав дээ гэж билээ. Тэгэхэд би арван хуушуур, хоёр аяга халуун цайтай авчирч тавьсан санагдана. Тэр үед энэ бүхэн тэгээд л өнгөрсөн боловч одоо эргэн санах бүхэндээ би өөртөө гомддог юм. Тэгэхэд би мөнгөтэй байсан мөртөө муу аавдаа нэг аятайхан шинэ, магадгүй урьд нь идэж байгаагүй тийм хоолыг нь аваад өгчихгүй яав даа гэж бодохоос хүн юмыг ямагт хожимдож санадаг юм байна даа гэж бодсон. Дэлхийгээс явчихсан аавыгаа нэг л өдөр эргээд эргээд ирэх юм шиг, урт холын аянаас ядрангуй мөнөөх л дүрээрээ ороод ирэх юм шиг санах юм. Тэгээд хэзээ ч ирэхгүй болсныг нь ухаарах бүртээ хамрын угаар шархирч, өр өвдөх юм даа. Амьд ахуйд нь санаагүй, амжаагүй бүхэн өнөөдөр надад хамгийн хүнд ял болж элгийг минь нухаж байна. Ганц ч өдөр аавыгаа ойлгох сон гэж хичээж байсангүй. Аавын минь бодож хүсэж явсан бүхэн өөртэй нь хамт халин одож... Гоё ганган бэлэг, үнэтэй чамин архи харагдахад аль анддаа бэлэглэх вэ гэж бодож явснаас бус аавыгаа нэг баярлуулчих юм сан гэж бодож байсан нь ховор. Хамгийн сүүлд би 1999 оны өвөл гараа хугалчихаад аймгийн төв рүү гэртээ харихдаа жижиг шилтэй нэг хөөрхөн гадаад архи авч очсон юм. Үүнийг Даваа эмчдээ /миний анхны хайр/ өгөх гэж байгаа юм гэж аавдаа хэлээд хоёр хоног гэртээ байлгаж байгаад гурав дахь өдөр нь түүнд аваачаад өгчихсөн. Тэгэх нь надад тааламжтай байсан хэдий ч муу аавдаа “Хүү нь танд авчирлаа” гээд өгчихсөн бол хөөрхий яаж баярлах байсан бол? Даваа эмч нэгэн цагт талархаад л өнгөрнө. Харин аав минь үүний төлөө насан туршдаа баярлаж үлдэх ч байсан юм билүү. Архиндаа биш л дээ. Миний аав архичин хүн байгаагүй... Бодохоос л нулимс бөмбөрөх ийм дурдатгалууд тун олон. “Сайн байна уу, миний хайртай ааваа” гээд л захиагаа эхэлдэг байсан тэр өдрүүд үнэхээр л аз жаргалтай байж. Ээжийн энэрэл хайраар дутан гуньж, мөнгө төгрөг, ахуй амьдралын аар саархнаар гачигдах тийм үе бишгүй л байдаг. Тэр бүхний төлөө би санаа алдаж зовлон гэж нэрлэдэг байлаа. Аавтай он жилүүд энэ зовлон надад хүнд л санагддаг сан. Гэтэл өнөөдөр орь зүрхэндээ ганцаардал нэрж сэтгэлээ, захидлаа хаяглах хүнгүй шимширч сууна. Гэвч ганц л юманд итгэж байна. Энэ ч бас... зовлон биш ээ...

/Аав минь тэнгэр болоод өнөөдөр яг есөн жил болж байна/

15 comments:

Anonymous said...

Таван жилийн өмнө би аавыгаа алдаж билээ. Гашуудах өөрийгөө зэмлэхийн их уй бүрхээд барьж байсан нулимас минь газар дээрээс нь хөдлөх тэр л агшинд асгарч гарсаан.
Нэг л тийм уйтайхан намрын саарал өдөр, бороо бүтэн өдөржин шаагиад...
Амьдад нь хайрлаж хүндэлж явсан гэх олны дунд суухдаа аав минь надад хийгээгүй зүйлээ хийгээрэй хэмээн гэрээслэж үлдээснийг ухаарсандаа нүднээс асгах усаа тэвчиж өдий хүрэв. Хүн хүний зовлонг өөр дээрээ ирэхээс нааш ойлгодоггүй гэдэг. Энүүхэн буйддаа чи бид хоёр аавын хайранд өлгийтэй өсөөд, аавгүй өтлөхийн заяаг даахаар үлдсэндээ адилхан мэт.
Найз зорисондоо хүрч, өвгөдийн эхлүүлсэн үйлсийг үргэлжлүүлж яваарай хө.

Anonymous said...

Өө нэг юм гарах гэж байгаад анзаарав, найзыгаа холбоосондоо нэмсэнд талархавч адуу мэт зүсэлж толбот болгочиж хэхэхэ

Anonymous said...

Эрхэм анд Хөхөөдөө их баярлалаа. Нээрээ сайхан үг шүү. Амьдралыг бидэнд бэлэглээд бидэнд үлдээгээд явсан аав нар минь тэнгэрийн оронд ч тэнүүхэн төрхөөрөө завилж суугаа гэдэгт итгэнэм. Өгөхийн жаргалаар дутах биш үргэлжлүүлэхийн хувиар тэтгэж амьдрах болноо, тэр үнэн. Тэд тэндээс биднийг харж байга гэдэгт би бас итгэдэг юм аа...

Жич: Толбот анд минь та Сэгсгэрийн блог нээгдсэн өдөр л хоймор тухалсан шүү дээ. Хаана сууж байгаагаа ч мэддэггүй хайхрамжгүй хачин хүн ээ хэ хэ. Нэээх сэгсийсэн нөхөр хойгуур урдуур чинь гүйгээд байхад хардаггүй юмуу

Arsun said...

Ай, сэтгэл хөндөв. Аав минь хүндээр өвчилж аравдугаар анги төгсөх жил тавдугаар сарын арван долоонд бурхан болов. Би сургуулиа орхихоор шийдэн харина, аав минь ятгаад буцаадагсан. Өөрөө үхэвч орчлонд үлдэнэ гэж надад хайртай байсаан аав минь.

Anonymous said...

Амьдрал хатуу хэзээ нэгэн цагт энэ өдөр надад ирнэ,.одоо л жаахан ухаалаг байж аав ээжийгээ жаахан ч болов баярлуулахсан л гэж бодох юм,миний өнөөдрийн жаргаж цэнгэх ч яахав маргааш нөгөөдөр ч надад боломж олдоно харин аав ээжийгээ жаргаах цагаас минь хасагдаад л байгаа марталгүй дандаа бодож явахсан.

Миний сэгсгэр агаа аав тань таныг харсаар дандаа тантай хамт байгаа шүү таны сэтгэл зүрхэнд.

peakfinder said...

Minii aav ongorood dorvon jil boljee. Chinii bichleg minii bodliig helchih shig sanagdav. Magadgui eej aaviin hair aguu bolohooroo ur huuheddee ijil tusdag baij ch boloh.

ganga said...

Zandaa naiz aa, buh aav nart neg ijil aguu chanar baidag baih. Hol ch oir ch, ene horvood uu ter divaajind uu yalgaagui aav bolgond tiim neg uujuu taivan nomor noolog baidag. Manai aav odoo er dohoj baigaa saihan ovgon bii. Aav maani chamd ch ohin shigee handanaa. Chi ene bichlegeeree hun bolgond aavii ni sanuulj ogson bolohoor aavuud chamd talarhaj baigaa. Bayarlalaa. Evluulj nom bolgooroi gej aav maani ooriinhoo aaviin tuhai material ogson yumsan. Bi gedeg hun eldev shaldav yumand usreed barij avaagui l baina. Linken deerh chinii neriig harah burdee, tanai blogt zochloh burtee oortoo sanulj baigaaad duusgahiig hicheenee.

Оогий said...

Bi aawiigaa barag xen gedgiig tanij amjaagui baixad ...
Namaig xuzuun deeree suulgaad minii gants oxin geed yawdag baisan ni l sanagddag.
Xuuxdiin oi toond aawiin maani turx zurgan deereexees taashgui budeg badag uldsen baidagt ...

ZAYA said...

Аав, ээжээ алдана гэдэг аймшигтай. Юутай ч зүйрлэшгүй хэцүү юм шүү дээ, тээ.
Сайн зул өргөж байгаарай.

Anonymous said...

Арсунд: Сэрэх мартахын зуур, зуур хономгүй орчлон шүү дээ...

Эрхцаст: Баярлалаа ухаалаг бяцхан дүү минь. Зөв бодолтой хүнийг бурхан ямагт шагнадаг байх аа.

Пийк-т: Тэдний минь сэтгэлийн өглөг энэ амьдралыг дулаацуулж гэрэл гэрэл болж байдаг шүү дээ. Сэтгэгдлээ үлдээсэнд их баярлалаа


Гангад: Хайрт Гангаа, тэр номыг заавал хийгээрэй. Үйлс бүтээлээс илүү сэтгэлийн өглөг болох болно. Ер нь хүн юу бүтээж байгаагаасаа илүү хэрхэн сэтгэж, хандаж байгаагаар л үр дүн нь тодорхойлогддог байх аа. Бурхан биднийг ямагт шалгаж, бас даалгавар өгч, хэрэгжүүлэх эсэхийг маань нүдээ цавчихгүй ширтэж байдаг...

Оогийд: Баярлалаа

Tsoomii said...

zandaagiin bloggoor orson ni sain bolloo, hairtai aaviigaa nudendee haran haran ,uguulber ug geehgui umshaad neg medehed duuschihjee, hicheene shuu Zandaa, aavuud urgelj bidentei hamt baigaa

Дeстини said...

Би гэдэг хүн одоог хүртэл аавдаа "эрхлэн тунисаар". Энд нүүж ирсний дараахан, ажил амьдралдаа түүртэн их ядарч билээ, тэр үед аав минь зүүдэнд орж ирсэн, намайг эргээд явсан мэт санагдаж их олзуурхсан, бас их тайвшрал авч билээ.

Anonymous said...

Tsoom-d; Bayarlalaa Tsoomoo, sanan dursahad ch setgel tetgeh saihan hanhar aavuud mini dee... Hatuu zuulun, havsarga salhitai olon udruuded setgeliin numur bolj irsen bilee ted mini

Destiny-d; Setgegdlee uldeesend ih bayarlalaa. Aavuud bidniig harj l bgaa gedegt bi itgedeg shuu.

Bi Mongolooroo goydog said...

ҮНЭХЭЭР СЭТГЭЛ ХӨДӨЛЧИХЛӨӨ. НУЛИМСТАЙ НҮДЭЭР Л УНШЛАА. 16 ЖИЛИЙН ӨМНӨ ТЭНГЭРТ ГАРСАН ААВ МИНЬ НҮДЭНД ХАРАГДААД,,, МИНИЙ ААВ ХҮНИЙ ХАЙЛАН БАЙЛАА.БИ Ч БАС ААВЫН ОХИН БАЙЛАА. ЯГ ОДОО МИНИЙ ШИРЭЭНИЙ ДЭЭР ААВЫН УЙГАРЖИН МОНГОЛООР ТАТАЛГАН БИЧСЭН "БИ МОНГОЛ ХҮН" ШҮЛЭГ НЬ ЖААЗТАЙГАА БАЙНА. ААВЫГАА САНАХ БҮРТЭЭ ТЭРИЙГ УНШДАГ ЮМАА. МИНИЙ ААВ МОНГОЛОО ГЭСЭН СЭТГЭЛТЭЙ ЭХ ОРОНЧ ЖИНХЭНЭ МОНГОЛ ЭР ХҮН БАЙЛАА.МИНИЙ БЛОГООР ЗОЧЛООРОЙ. ТАЛАГДАНА ГЭДЭГТ НАЙДАЖ БАЙНА ШҮҮ.

Segsger said...

Ih bayarlalaa naizaa