Monday, January 19, 2009

Чингис хаан маань орос Кузнецов, герман Шмидт, англи Смит, араб Хаддад, испани Фернандес нартай амьдаа


Чингис хаан маань орос Кузнецов, герман Шмидт, англи Смит, араб Хаддад, испани Фернандес нартай амьдаа юм байна. Үүнийг сонсоод та бүхэн хачирхаж буй за. Хэл шинжлэлийн залуу доктор М.Саруул-Эрдэнийн “Сонирхолтой монгол хэл” номыг гүйлгэжээ суусан чинь харин ийм юм гараадахдлаа. Тэгээд л хов хүргэж байгаа нь энэ. Учрыг олж хужрыг тунгааваас:


“Дэлхийн олон хэлэнд хэлбэрээрээ бус утгаараа амьдаа болох нэр олон бий. Монголд Дархан нэртэй хүн байдаг. Тэгвэл оросын Кузнецов, германы Шмидт, английн Смит, арабын Хаддад, испаний Фернандес, унгарын Ковач, португалийн Феррейро хэмээх түгээмэл нэрс бүгд дархан гэдэг утгатай. Тэр ч байтугай их эзэн Чингис хааны маань жинхэнэ нэр ч Дархан гэдэг утгатай билээ. Тэмүүжин гэдэг нь одоогийнхоор бол Төмөрчин гэсэн үгийн хувирал юм. Эртний Монгол, Түрэг хэлэнд Төмрийг тэмур гэдэг байж. Үүн дээр мэргэжлийн нэр бүтээх -чин дагавар залгавал Тэмурчин гэсэн нэр бүтнэ. Тэмур язгуурын –р авиа гээгдсэнээр эгшгийн араас орох дүрмийг даган -чин нь жин болж Тэмүжин болсон байна” гэжээ.


Дашрамд хэлэхэд нэр судлаач Ж.Сэржээгийн арваад жилийн өмнө тооцоолсноор манайд 7600 орчим Наранцэцэг байгаагийн 350-аад нь Баатарын овогтой ажээ. Түүнээс хойш хэдэн Баатар охиндоо Наранцэцэг нэр өгсөн бол? Жинхэнэ овгоо сэргээснээр энэ байдал гайгүй болох болов уу. Аягүй бол энэ 350-ын 200 гаруй нь Боржигон овогт болчихсон ч байж мэднэ. Солонгосын нийт хүн амын 80-аад хувь нь Ким, Ли, Пак овогтой байдаг шиг юм болох вий дээ

Saturday, January 17, 2009

Дурсамжийн цаана...


Унаад өвдөөгүй, босоод гөвөөгүй

Угтаж очихдоо ч юу ч бодоогүй

Гандсан навч модондоо үлдэхэд

Ганцаараа гэнэт уйлж билээ...

Monday, January 5, 2009

low baterei...


Гэнэт цэнэг дуусаад... Байхгүй эд эрхтнүүд минь өвдөөд, эмнүүд эдгээх чадвараа алдаад, урагшаа хараад алхаж явсан зам маань гэнэт дуусаад, дуу хоолойгоо дотогш нь залгиад, тэрэндээ хахаж бүлхрээд, үхлийн айдас зөөлхөн илбээд, баларлаа даа харин ч нэг. За тэгээд л яаж шуухан цахилгаанд залгагдаж цэнэглэгдэх билээ гэж гашлаад эхэллээ шүү. Зорилго гэж нэг бага оврын цахилгаан үүсгүүр байх ёстой доо, тэр минь хаана байна гээд ухаад л байлаа ухаад л байлаа хог новшоо. Олддог юм биш. Тэгэхээр нь ядаж хоол унд хийгээд идчихдэг гэрийн нэг муу үүсгүүр баймаар юмаа гээд ах дүү амраг садан руугаа залгаад л байлаа яриад л байлаа, бас л олсонгүй. Дургүй ч хүрэх шинжтэй. Цэнэг дуусчихаар угаасаа мөнгө ч дуусчихдаг юм, мөнгө дуусахаар уур хүрээд явчихдаг юм. Цэнэг суусан үед исгэлэн, хөөстэй шар усанд сойхгүй бол бүр чадхийчих гээд байдаг болохоор мөнгөгүй болохоос үхтэлээ айдаг юм хойно. За тэгээд нэг арга бодохгүй л бол ямар ингээд л цэнэггүй, хэрэггүй нэг юм хэвтээд байлтай нь биш /аягүй бол гаргаад чулуудчих байлгүй/ гээд удтал эрж хайсны эцэст өнөөдөр нэг юм арга чарга олдсон юм байлгүй ганц зураастай болчихоод сууж байна. Пүүл болохоороо дараа бичимз. Ер нь жаахан муудаж байгаа юм байлгүй, баяраар л цэнэг суучих гээд байдаг болсон байна билээ шүү...

Sunday, January 4, 2009


Хэлээгүй үгс цас болон бударнам

Хэн ч намайг ийм дотно үнсэж байгаагүй...

Friday, January 2, 2009

Галавсайг зүүдлээд...


Ёстой сонин инээдтэймаа. Урд шөнө Галавсайг зүүдлээд. Нэг тожийсон хар залуу байдаг юм байна лээ шд /Би хэзээ ч тэгж төсөөлж байгаагүй/. Бас зүүдэнд ортол нь ч бодож үзээгүйм байна. Хамгийн гол нь нэг давхар нийтийн байрны цонхон дор буу халаад суугаад байгаам маньтай нь. Тэгээд би жаахан урам хугараал, яасан сонин юм бэ, ийм Галавсай байхдаа яахав дээ л гэж бодоод байгаан. /Юу хүлээж байсан юм болоо би одоо хэ хэ хэ/. Тэгсэн надад нэг богоон угсардаг үйлдвэрийн тухай яриад байгаам. Тэгээд бусдыг нь мартчихсан. Нэг л хачин инээдтэй байсан шүү. Учраа л лав олоогүй.... Танихгүй хүнээ зүүдэлчихдэг л юм байна, гачин юм их байхымаа

Tuesday, December 30, 2008

Шинэ жилийн толст


Цэнгэл баяр аз жаргалын төлөө


Цэнхэр дуу инээд нулимсны төлөө


Ахин дахин уулзаж учрахын төлөө


Амьд яваа хоног өдрүүдийн төлөө


Хундага дарс энэлэл тайтгарлын төлөө


Хуучин шинэ зөн мөрөөдлийн төлөө


Ертөнцөд хүн болж төрсний төлөө


Ер бусаар хайрлан дурлахын төлөө


Шүлэг дуу гэгээн өдрийн төлөө


Шүүдэрт зөрөг гэрэлт андын төлөө


Ирэх өдрүүд үл мартагдахын төлөө


Итгэл дээр цэцэг ургахын төлөө... энэ хундагыг тогтооё


Thursday, December 25, 2008

Уйтгар...


Санаа амрахгүй л байна даа...

Гадаа цас ороод эхэлчихсэн

Гацуураа чимэглэцгээчихсэн

Ганцаардлаа юугаар чимэх билээ?

Анх удаа шуурганаар

Аз жаргалыг хүслээ

Санаа амрахгүй л байна даа...

Monday, December 22, 2008

Мартагдлын цаанаас...


Танил бүрхэг өвлийн өдөр хэн ч над руу цас шидсэнгүй
Хацар норгоод газарт бутрах тийм л энхрийллийг би хүссэн
Хавар цагийн зөөлөн гуниг дотоод сэтгэлд минь өлгийтэй хэвээр
Хариг он тооллын гүнд булшлагднам, Цасан шуурга исгэрнэ
Өө, одоо надад инээмсгэлэл зохихгүй, цас шидэх хэрэггүй
Өсөж торнисон гэрийн дулаан миний улиралд хайрагдчихсан
Өвөл минь би чиний цас, хунгарласан гунигийг минь хөлдөө
Өөдөөс нь алхаж, исгэрэх дуунд чинь шууръя. Цагаахан даль цэцэг шиг хүсэл алга болжээ...

Friday, December 12, 2008

Хөх Монголын нийслэл Улаанбаатарын тухайд цухасхан...


Загалмайтны шашны зүрх болсон Генуя хотоос Ромын пап ламын захидлыг өвөртөлсөн хоёр гэлэн Азийн гүн дайд дахь татарууд гэж нэрлэгдсэн Монголчуудын төрөлх нутаг тийш хөлгийн жолоо залжээ. Эзэнт гүрний зарлиг тушаал гуравхан хоногийн хугацаанд өртөө өртөө дамжин салхи мэт довтолгон гүрний өнцөг булан бүрт хүрдэг байсан хоёр тивийг дамнан тогтсон хэдэн мянган бээр уртаас урт замаар хоёр жил гаруй зовж зүдэн байж сая нэг Төв Азийн тэгш өндөрлөгт хүрчээ. Тэднийг энэ нүүдэлчдийн өвөрмөц ахуй байдал, зан заншил, нэн хүчирхэг байдал зэрэг нь үнэхээр алмайруулж байлаа. Бүдүүлэг гэж тооцогдож байсан энэ нүүдэлчид маш олон талаараа тухайн үеийн өрнөдийнхний гайхшралыг төрүүлж байсан юм. Цэргийн зохион байгуулалт, байлдах ур чадвар, тэсвэр хатуужил, төрийн тогтолцоо, өртөө улаа, худалдаа наймааны аюулгүй найдвартай зам, бас бусад бүх шашныг ижил тэгш эрхтэй хэмээн зарлан тунхагласан байдал Европчуудын хувьд цоо шинэ зүйл байлаа. Чухам тэр л үед Европчууд тэрс буруу номтон гэж мянга мянган хүнийг хотын төв талбайдаа шашны шүүхээр оруулж цаазалж, амьдаар нь шатааж байсан билээ. Ийм нөхцөл байдал улс хийгээд шашны оршин тогтнох боломж гэж үздэг байсныг бодож үзэхэд Монголчуудын эл байдал папын элчcийг үнэхээр цочин гайхахад хүргэсэн нь дамжиггүй юм. Монголчуудын эзэлсэн нутагт Монголын хүчирхгийг хүлээн зөвшөөрсөн олон шашин олон үндэстний эв нэгдэл бүхий Монголын Пактори буюу Монголын энх гэдэг ойлголт хэдийнэ буй болсон байлаа. Нүүдэлчид бусдын адил хэзээ ч суурьших шинжгүй, хуучны нүүдэл ахуйгаа түшсэн хэв заншилтай байлаа. Гэвч чухам энэ үеэс л бүх монголын хувьд хотжин суурьших анхны үйл явц хэдийн эхэлчихээд байсан юм....Дэлхийн чихийг дэлдийлгэсэн Хаан хотыг Хубилай Бээжинд цогцлоож байсан бол Дундад азийн Хүлэгүгийн улс мавритани уран барилгын гайхамшигт дурсгал болсон хотуудыг босгож, Бат хаан цоо шинэ ур хийц бүхий Сарай хотыг Оросын өмнөд нутагт өрнө дорны урчуудаар бүтээлгэж байлаа. Эзэнт гүрний хамаг тансаг, хүчирхгийн бэлгэдэл болсон Их Хар хорум хотыг Өгөөдэй хаан хорин жилийн дараа байгуулсан юм. Түүний дараа дараагийн хаад энэ үйлсийг үргэлжлүүлэн ертөнцийн бүхий л хүний харааг булаам баян тансаг, гайхамшигт хотыг нүүдэлчдийн эх нутгийн голт зүрхэнд асаасан юм. Үүнээс жаахан хожим боловч чухам л энэ нүүдэлчин Монголчуудын угсааны хаан Энэтхэгийн Агра хотод ертөнцийн долоон гайхамшгийн нэг Таж Махалын сүмийг хайртай хатандаа зориулан үнэнч хайр дурлалын бэлгэдэл болгон цогцлоон бүтээж байлаа. Суурин соёл иргэншилд төдийлөн таашаалтай ханддаггүй Монголчууд аажмаар суурин соёл иргэншлийн амин зүрх болсон хот байгуулалтад аажим боловч ихээхэн далайцтайгаар татагдах болсон юм. Папын захидлыг өвөртөлсөн Карпино, Жувейни гэх хоёр гэлэн Төв Азийн нутаг дэвсгэрийн дөнгөж зах руу орж явтал нэгэн гайхалтай зүйлтэй таарчээ. Тэдний өмнөөс уудам хөндий дүүрэн бүхэл бүтэн хот нүүж явлаа. Нүдэндээ итгэмгүй. Мянга мянган үхэр тэргэн дээр ачаалсан жижиг том үй олон нүүдэлчид. Хот бүхэлдээ аянчдын нүдний өмнө нүүдэллэн айсуй гэнэ. Энэ бол өрнөдийхний хувьд хэзээ ч харж байгаагүй цоо шинэ зүйл байсан юм. Харин нүүдэлчдийн хувьд энгийн л нэг амьдралын хэвшил. Тэдний хувьд хот гэдэг зонхилогч ноёд жанжнаа тойрон хүрээлсэн албат иргэдийн их нүүдэл. Ийм явдаг хот жилдээ хоёроос гурван удаа байнга нутаг сэлгэн нүүдэллэнэ. Аянчид нүүдэлчдийн энэ байдлыг тэмдэглэлдээ бичиж үлдээсэн нь бидний хувьд эртний нүүдэл хотын чухал судлагдахуун мэдээлэл болсон юм. Монголчуудын суурьшил эхэн үедээ ийм л байдалтай байж. Яваандаа улс гүрэн хүчирхэгжихийн хэрээр тодорхой тогтоосон нэг газраас удирдан залах шаардлага гарч суурьшиж эхэлжээ. Эхэндээ энэ үзэгдлийг олон монгол ноёд таалсангүй. Урьдын адил явдаг хотдоо тааваар суугаад өвсний соргог, усны тунгалгийг эрэлхийлэн нүүдэллэхийг илүүд үзэж байсан. Гэвч дэлхийн талыг атгасан монголчууд хүссэн ч хүсээгүй ч суурьшин амьдрахаас өөр аргагүйд хүрсэн билээ. Төв азийн тэгш өндөрлөгт эзэнт гүрнээ байгуулж хүчирхэгжиж явсан Хүннү, Уйгар, Кидан, Түрэг угсаатан өөр өөрийн хот балгадыг байгуулан суурьшихыг хичээж байсан ч чухамдаа Их Монгол улсын үед л энэ нь биеллээ олсон гэхэд хилсдүүлэг болохгүй. Энэ л үед Монголчууд ертөнцийн найман зовхис дөрвөн зүгт гайхамшигт хот балгадыг бариулж, өөрийн нутагтаа их хааны дөрвөн хатан болон их хааны өвөл зуны басхүү нийслэл хотоо байгуулж Хар Хорум гэж нэрлэсэн юм. Монголчуудын хамгийн далайцтай хот байгуулалт энэ цаг үед үлэмж хүчирхэгжсэн. Өнөөгийн малталтаар Хар хорум хот тухайн үедээ асар том байсан бөгөөд хот байгуулалт төлөвлөлт нь тэр үеийн хамгийн дэвшилтэт арга хэлбэрийг сонгож байсныг нотолдог юм. Цэвэр бохир усны шугам, хотын доторх цэцэрлэгжилт, дүүргүүд нь хэчнээн нарийн зохион байгуулалттай болохыг одоо ч илрүүлсээр байгаа. Бидний үед харамсалтай нь үлдэж хоцроогүй ч тухайн үедээ дэлхийн нийслэл хот гэдэг алдар нэрийг хүртэхүйц эрхтэй баян тансаг хот байжээ. Хубилай хааны байгуулсан Хаан хот буюу өнөөгийн Бээжин хотын эртний байгууламж судлаачдын сэтгэлийг ихээхэн хөдөлгөдгийн адил Хар хорум ч гэсэн тийм хот байжээ. Олон удаагийн дайн тулаан, харийн довтолгооноос болж балгас болсон хэдий ч энэ хот бол монголчуудын хот байгуулан суурьшиж ирсний хамгийн гайхалтай дурсгал билээ. ...Их Монгол улс задран бутарч зүг бүрийн Монголчуудын цөөнх хэсэг нь Төв азийн тэгш өндөрлөгтөө эргэн ирж байлаа. Гэвч тэд гар амар хөл хөсөр жаргасангүй. Төр засгийн эрх мэдлийн төлөөх тэмцэл улам ч гаарч, зон олон хөлд нь нэрвэгдэж байлаа. Түүхэнд энэ үеийг бага хаадын үе гэж гуниглан бичдэг. “Одтой тэнгэр орчиж олон улс байлдаж...” гэх нууц товчооны тэмдэглэл жинхэнэ биеллээ олж байсан юм. Хэдийгээр Их Монголын нэр сүр, хүчирхэг байдлыг дахин буй болгох гэсэн олон удаагийн оролдлого гарч байсан ч үр дүнд хүрэхгүй байлаа. Монголчууд Батмөнх даян хааны үед хоромхон зуурт ч гэсэн эв нэгдлээ хадгалж чадсан боловч түүний дараагаас бутарч дахин сэхэл авсангүй. Цаг үе ээдрээтэй хэцүү бэрх байлаа. Өмнө зүгээс манжууд Монголын тусгаар байдлыг эвдэхийг санаархаж эхлэв. Монголчууд шашны доор нэгдэх гэсэн оролдлого хийхийг хичээлээ. Чухам энэ л үед Түшээт хан Чахундорж өөрийн таван настай хөвгүүн Занабазарыг Монголын анхдугаар Богдод Монгол уулын өвөр, Бага Монгол уулын арын Ширээ цагаан нуурын хөвөөнд өргөмжлөв. Ингээд Автай сайн ханы авчирсан Чингис хааны асаасан анхны голомтыг галтай зултай нь хамт авчирч тусгайлан зассан тахилгын гэрт байрлуулав. Ингэж монгол түмний гал голомт Ширээ цагаан нуурт бадамлав. Шар бөсийн орд гэж түүхнээ алдаршсан энэ орд ийнхүү Монгол түмний гал голомт ариун газар хэмээн нэрлэгдсэн билээ. Өнөөгийн Монгол улсын их нийслэл хотын үүх түүх ийнхүү Чингис хааны асааж, Өэлүн эхийн үлээн хөгжөөсөн ариун галаас бадамлан гурван зуун 368-дахь жилтэйгээ золгон байна. Зургаан жаран илүү насалж буй нийслэл хот маань энэ зуур олон арван удаа нүүдэллэсний эцэст өнөөгийн Хан уулын ар хормой, хатан тунамал Туулаараа эмжээрлүүлэн оршин тогтносон билээ. Салхины эх нь дээр, усны тунгалаг нь дээр, уулсын нөмөр нь, ургамлын шимтэй нь дээр хэмээн шинжсэн Хүн чулууны энэ хөндий язгуурын нүүдэлчдийн хэзээний амин сүнс болсон нутаг байлаа. Хүрэл зэвсгийн үеэс энд нүүдэлчид нутаглаж утаат тулгандаа аргил саргил галаа асаан эргэл боргил цайгаа чанан, сүү идээнийхээ дээжийг өргөн барьдаг байж. Дотооддоо эв нэгдэлгүйн улмаас хамаг улсаа хагацаасан Түрэгийн мэргэн Тоньюк жанжин гомдол ухаарлынхаа үгийг энэ нутгийн хад асган дээр сийлэн үлдээсэн байна. Чингисийн өмнөх үеийн хамгийн хүчирхэг хаан Хэрэйдийн Тоорил ван чухамдаа энэ л Туулын хар шугуйд их улсынхаа хот балгадыг босгож байжээ. Манжийн цэрэгт ялагдсан Галданбошигт хаан чухам л Хан уулын битүү ширэнгэ ой модонд амь нас юугаа даатган гансарч явсан нь эдүгээ монгол хүн бүрийн сэтгэл зүрхэнд уяатай бий. Харийн түрэмгийлэгчдээс эх нутгаа чөлөөлж яруу алдраа дуурьсгасан Сүх жанжны цэргийн их уухайг энэ буурал газар шороо мартаагүй. Буурал түүхийн нугачаа болгонд Монгол түмнийхээ гомдол гуниг, өөдлөн дэвшихийн дуу цуурайг хадгалсан Хан уул, Хатан Туул минь ирээдүйн Монгол түмний бахархал, хөгжил дэвшлийг ширхэг чулуу, дусал ус, сэвэлзэх салхиныхаа эрчлээнд сийлэн үлдээх биз ээ. Монгол түмний заяа буян өндөр байж монгол төрийн сүлд их хааны асааж, хатан эхийн үлээн хөгжөөсөн гал мэт үргэлж өөдрөг байж монгол түмний их нийслэл Улаанбаатар минь хөгжин дэвжих болтугай.

Thursday, December 11, 2008

ЧИНИЙ БЭЛЭГЛЭСЭН ЕРТӨНЦӨД

...Өдөржин ганцаар сууж залхаад хувцасаа өмсөж гадагшаа гарлаа. Орой болчихсон болоод ч тэр үү, гудамж эль хульхан. Хааяахан зөрж өнгөрөх хүмүүсийн царайнаас би ганцхан зүйлийг олж харж байлаа. Энэ бол орон гэртээ яарсан, оройтсондоо эвгүйрхсэн тийм л нэг танил дүр зураг. Яагаад ч юм бэ, би хэрэгтэй юм шиг хүн бүхний нүүр царайг алгалсалгүй анзаарч, өөртөө хэрэгтэй нэг л юмыг тэднээс нэхээд байлаа. Эцэстээ энэ нь надад ямарч утга учиргүй санагдахад налж зогссон гэрлийн шонгоо орхиж машины зам дагуу бяцхан зөргөөр орон хоёр байшингийн цаана орших нэгэн жижиг хүнсний мухлагийг зорив.
Азаар зорьж ирсэн газар минь намайг найрсаглан угтаж хэдхэн мөчийн дараа би ирсэн замаараа урьдынхаасаа арай л илүү урам зоригтой алхаж явлаа. Халаасанд байсан цөөн хэдэн үрчгэр төгрөг минь харин ч үнэ цэнэтэй хувиллаа сонгож давхарлаж өмссөн даавуун хүрэмний дотоод энгэрт сэтгэл зугаацуулж явна. Нээрээ би юунд архи худалдаж авав аа? Сонин юм. Үнэндээ мэдэх юм алга. Би анх гэрээсээ гарахдаа үүнд л лав зориогүй. За яахав. Хэнд хамаатай юм. Ууна. Согтоно л биз...
Гэнэт сэтгэл хувьсхийж би ч яриан бодлоосоо сэрж орхих нь тэр. Эргэлдэн хийсэх навчис над дээр ганц нэгээрээ бударч байх юм. Аа, одоо л саналаа. Намар болчихсон байна шүү дээ. Өчигдөр манай ангийн Гээг санаа алдаад л уйтгарлаж суусан. Цонхны цаадах ертөнц сонин шүү гэж хэлэхэд нь би юу ч ойлгоогүй билүү? Нээрээ өчигдөр намар ирчихсэн байж шүү. Ийн бодох зуур дахиад л бөөн гуниг нөмрөөд авлаа. /Өөрийн эрхгүй л шүүрс алдчихлаа/. Цээжин цаана навчис шажигнан... Тийм ээ, ийм л намрыг би анзааралгүй явж...
Бодол хөвөрсөөр авч алхмын тоогоор гээгдсээр ахиад л сэтгэл хов хоосорч, нэг л мэдэхүй өнөөх муу уйт оромжныхоо гадаа ирлээ. Хаалгаа нээн ороход нэг л зөөлөн дулаан илч өөдөөс пүнхийж сэтгэлийн салхи ч намсхийгээд явчихлаа. Одоо архиа ууна. Цагаан өмсгөлт эрхэм хайртынхаа төлөө, цаг хугацааг дарсаар амталж согтоно. Ай, орчлон ийм л сайхан... Эхний хундагаа тогтооё.
Цэнгэл баяр аз жаргалын төлөө
Цэнхэр дуу инээд нулимсны төлөө...

Тэр, дарсан дотор хөвөх нулимсыг минь хар даа! Таныгаа санахын зуурт нулимс алдуураад ирлээ. Ийм л уяхан гэгээн хайр шүү дээ Та минь! Гэрэлт наран дор хичнээхэн жил амьдрах сан билээ Та бидэн. Айсуй учрал бүхэн шив шинэхэн. Ахиад л намрыг мартлаа. Удаахь хундагаа тогтооё...
Ахин дахин уулзаж учрахын төлөө
Амьд яваа хоног өдрүүдийн төлөө...
Түүний минь зүрх цохилон буй цагт ертөнц өнө мөнх оршмуй. Цаглашгүй үнэнч тэр зүрх нэгэн цаг дор надад амьдралыг эргүүлэн бэлэглэж билээ. Таны зүрх хүмүүний төлөө цохилохын хамт хүмүүн төрөлхтөний зүрх “Амьдрал, амьдрал...” хэмээн лугшин байнам. Аяа, гэгээн зүрхт зовлон анагаагч минь сонс доо. Бүх ертөнцийн эмч нар мандтугай гэж бүх ертөнцөөр хашгирмаар л санагддаг аа. Одоо мэлтэлзэн буй энэ сэтгэлээ тогтооё.
Хундага дарс энэлэл тайтгарлын төлөө
Хуучин шинэ зөн мөрөөдлийн төлөө...

Үүлс өргөн шувууд буцах намар цагийн анирт орой сэтгэлийн буйдад лаа гэрэлтэж, сэрүүхэн тийм л тайтгарал зүрх тэмтрэн ирдэг ээ. Ай, ийм л сайхны төлөө урт наслах сан. Миний сэтгэлийн гэрэлт уй минь. Чив чимээгүй урсах энэ бүлээхэн урсгал хааш одно вэ. Дараагийн хундагаа тогтооё.
Ертөнцөд хүн болж төрөхийн төлөө
Ер бусаар хайрлан дурлахын төлөө...

Тэр нэг удаа зүрхийг минь чагнаж билээ. Тэгэхэд юу сонстсон бол? Магадгүй, зуун жилийн өмнөх борооны чимээ, цасны уйлаан... За даа, мэдэхгүй юм. Ямарч л атугай тэр минь чагнуураа эвхэн эргэхдээ инээмсэглэсэн юм даг. Тэр өдөр надад хавар ирж билээ. Түүний бэлэглэсэн ертөнцөд анхны яргуй дэлбээлэх нь сонстсон. Итгэн сүслэх энэ хундагаа тогтооё.
Шүлэг дуу гэгээн өдрийн төлөө
Шүүдэрт зөрөг гэрэлт андын төлөө...

Тэнгэр минь, би ямар их азтай вэ! Сонсооч, Тэр минь амьд шүү дээ. Үүнээс илүү аз жаргал гэж юу байх вэ. Гунихын цагтаа түүний амьдран буй цаг хугацаа, гэргий хүүхдийнх нь өмчлөлд атаархан гашуунаар цөхрөн уйлдаг сан билүү? Ай тэнэгхэн охин. Бүү уйл. Энэ их аз жаргалд нулимс илүүднэ. Бурхан чамайг шагнажээ. Тэр амьд шүү дээ. Тийм ээ, би азтай юм. Гоо сайхан хүсэл тэмүүлэл, амьдрахын урам, шинэ өдрүүд өмнөөс айсуй. Ай гэрэлт эрхэм минь. Би урт насалнаа. Энэ сайхны төлөө. Сүүлчийн хундагаа тогтооё.
Ирэх өдрүүд үл мартагдахын төлөө
Итгэл дээр цэцэг ургахын төлөө...


1996 он.

Saturday, October 4, 2008

Хөгийн юм бодогдоод… хэ хэ хэ

Үгс… Үсийн тухай би бодож үзлээ. Яагаад бид хоорондоо мөөрөх мэт /үхэр биднийг ярихыг хараад магадгүй ингэж боддог байх/ дуу авиа гаргаад, хүн болж, хэл авиа нь адгуусныхаас арай зүгширсэндээ иймэрхүү нэг сонин хөг аялгуу гаргаж чадаад, хамгийн гайхалтай нь ойлголцоод байдаг нь үнэхээр сонин юм шүү. Гэхдээ л энэ ойлголцоод гэдэг үг арай л явцуу хүрээнийх л дээ. Ойлголцох гэж ер нь юу юм бэ? Бид бүрэн гүйцэд ойлголцож чаддаг уу? Үүнд хэл ярианы гүйцэтгэх үүрэг хэдэн хувийг нь хангадаг бол? Гэтэл бодлоороо яагаад ярихаас илүүтэй ойлголцож чадахгүй байна вэ. Бодол санаа гэдэг уг нь хэл ярианаас хичнээн мянган хувь илүү сайн эд шүү дээ. Компьютероор л харьцуулахад бодол санаа ямар хурд сайтай, бас агуу хүчин чадалтай билээ дээ. Гэтэл хүн төрөлхтөн хэл яриатай болсондоо хичнээн сэтгэл хангалуун байдаг гээч. Ядахдаа нэгдмэл нэг хэл ч үгүй, үндэстэн хэмээн нэрлээд байгаа шар, цагаан, хар, бор тэдгээр хүмүүс бүгдээрээ нэг авиагаар ойлголцчих ч түвшинд биш байж шүү. Нээрээ сонин байгаа биз. Ажилгүй сууж байхад санаанд хөгийн хөгийн юм их орж ирэх юм даа… хэ хэ хэ

Tuesday, September 30, 2008

Зүгээр л, /санаа алдмаар санагдаад/...



Хэн нэгэн бусдын тухай жигтэйхэн үнэлэлт дүгнэлттэйгээр, магтаж муучлан, их эерэгээр эсвэл санаа зовнин ярьж байвал би тэр яригдаж байгаа хүнээс илүүтэйгээр яригч этгээдийг өөрийг нь сонирхож эхэлдэг. Эсвэл бүр ярилцах ч юмуу сонсох сонь байхгүй болж зүгээр л босоод явах ямар нэг шалтаг бодож суудаг. Би л хувьдаа хүний тухай ярьж байна гэдэг нь өөрийнхөө тухай ярьж байна гэсэн үг гэж боддог юм. Тэр хүнийг нэгэнт зөвшөөрсөн бол ярих дэлгэх шаардага байхгүй. Харин дүгнэж цэгнэн зууралдаад байгаа бол өөртөө тааруулж “зорж” авахыг л хичээж байгаа үйлдэл. Тэгэхээр хүний тухай ярьдаггүй /үүнийг зөвхөн хүний тухай үнэлж цэгнэн ярихтай холбон хэлж байна шүү/ хүмүүс л бусадтай жинхэнэ утгаар нөхөрлөж чаддаг юм. /Уучлаарай, зөвхөн миний бодол шүү. Тэгэхдээ л үнэнээс нэг их хол зөрөхгүй гэдэгт итгэлтэй байна/ Яг үнэнийг хэлэхэд би сүүлийн үед “ажилгүй”, “биеэ тоогч”, “үнэхээр сайн хүн”, “ингэж явахдаа таарсан этгээд”, “гэрийн авгай”, “сээхэлзүүр хатагтай” болчихоод байна л даа. Гэхдээ Михаилд нэг бодол бий… хэ хэ хэ

Sunday, September 7, 2008

ИЧЭЭНЭЭСЭЭ ГАРСАН ЧИНЬ…


Сэтгэлээ гаднаас нь цоожилчихоод, гэрээ дотроос нь цоожилчихоод хэвтэж хэвтэж өнөөдөр ичээнээсээ гараад ирсэн чинь гадаа намар болчихож. Навчис жиндээд шувууд бээрчихэж. Бас бороо орж байна. Намрын уйлган бороо гэж хөшүүн сэтгэлдээ нойт даатал бодоод авч амжсан ч гэрээс гарсан эхний өдрийг бодолцон бас ч гэж битүүхэндээ билэгшээлээ. Миний сэтгэлийн буйдад чимээгүйхэн нэг юм болоод байгаа нь сонсогдоод… Юу ч юм бэ дээ, нэг юм… магадгүй намар ч юмуу....

Tuesday, July 15, 2008

Мэдрэмж


Зүрхээ дугтуйнд хийчихээд хаяглах эзэнгүй болчихоод байгаа юм шиг хачин мэдрэмж төрөөд... Сэтгэл минь базалж энд тэндээс гэнэтхэн часхийтэл хатгах нь яг өвчин зовиуртай төсөөтэй. Гоё ч юм шиг. Сүүлийн үед өвчин ороогоод байгаа болохоор ч тэр үү нэг л эмзэг, тунирхуу хүн. Дуу шуу муутайхан, тэгэхдээ уургүй, нүд маань нэг газраа тогтохгүй, хаа нэгтэйгээс ямар нэгэн юм хайгаад байгаа нь сонин. Хайснаа ойрмог олохгүйгээ мэдрээд байгаа нь бүүр ч хачин хэ хэ. Ер нь яг зөнчид шиг ойж буугаад, мэдрэмж хүртэл сарниад жигтэйхэн сонин байгаа юм. Ертөнцийн явдалд эмзэглээд ч байх шиг. Бий үгүйн дунд бие минь бийгээ мартчихаад л сууж байна даа. Орон гаран юм бичиж байгаагаа бас мэдээд байгаа юмаа /хи хи/

Гэнэтхэн...

Хайрлаж дурлаад ирсэн минь Харанхуй газар байж Хаа холоос зорьсон миньХаранхуй сэтгэл байжТийм харанхуй би харанхуйд төөрөөдТэмтэрч олсон нь мэс байжМэдрэхдээ зүрх ширхийжМэлмэрүүлсэн нь мөс байжХагацал мэт ганцаардалдХайлж цуурсан зориг байжХамгийн халуун итгэлдХатаж сэвтсэн сайр байжСохор шөнийн нүд нээгдэжСохор хүслийн мөрийг шагайжУйлах шиг инээсэн нь амьдрал байжИнээх шиг амьдарсан нь нулимс байж

Wednesday, July 2, 2008

...СЭТГЭЛХЭН...

Хөөрч догдлохыг минь үзмээр байна уу
Хөдөө явж цэцэг түүхийг хачин ихээр хүсэж байна
Хүнгүй газар тэгээд хоёулаа сэтгэлхэн минь
Хүнд хэлэхгүй нөгөөхөө ярьж болно
Дараа нь дахиад л эргээд ирцгээнэ
Даруухнаар хүрмээ товчилж хүмүүстэй алхана
Хөөрч догдолсныг минь тэд мэдэхгүй
Хөдөө явж цэцэг түүснээс хэлэхгүй
Аз жаргалтай дүр надад зохиж таарна
Амрагуудаа баярлуулна, чамайгаа нууна Сэтгэлхээн...

Monday, June 30, 2008

НУУЦЛАГ, ДОТНО ЕГИПЕТ ОРНООР... /ҮРГЭЛЖЛЭЛ/

ТАМД УНАСАН ТЭМЭЭ

...Кайрын амьтны хүрээлэнгээр зугаалж явсан Монголын эрхэм сэтгүүлчдийн чихэнд “Танай нутгаас ирсэн тэмээ энд бий” гэх үг хачин содон сонстож нэг бөхт тэмээний нутагт үзмэр болж буй хоёр бөхтөө үзэхээр сониучирхан очицгоов. Тэнд бид юу харсан гэж санана. Нүд халтирч самсаа борхироод өөрийн эрхгүй нүүр бурууллаа. Тэнүүн говьдоо нүд хужирлаж явсан тэнгэрийн амьтан маань энд усны амьтан шиг улаан шир болчихсон, ширхэг ч үс хялгасгүйн дээр ширээ бөх нь гүрдгэр хөх биеэ дагаж унаад тамд унасан зовлонтын дүрийг энэ насанд мартахааргүй шингээн угтлаа. Төмөр торон хашааны хаягдмал буланд эвдэрч тарж уначихсан тэмээний амьд шир, бурхан минь тэмээ гэж хэлэхэд ч хэцүүтэйеэ амьтан хүзүүгээ сунгаад амь тавих цаг мөчөө тоолон хэвтэж байлаа. Азиас ханьтайгаа ирсэн гэх тэр амьтны “эр нөхөр” нь хэдийнэ хүний нутагт ясаа тавьжээ. Үр зулгзага нь болох нүцгэн хөх ботго далайн байцааны навчинд амиа тавьж өөрийг нь үзэхээр ирсэн гадныхны гараас навчийг булаахаар хомхойрон үхэлдэх нь эгээ л нохой шиг. Монгол мал гэж хэлэх арга алга. Баян арабууд хүүхдүүдээ зугаацуулан мөнөөх тэнэг амьтныг байцааны навчаар хууран хүссэн газар руугаа нохой шиг дагуулан очиж торны наанаас патиар татуулцгаах аж. Нүд хальтирч зүрх шимшрэм эл зургийг харж алмайрсан бидний хэдэн нөхөд сэтгэлээ өвтгөн байж тэмээгээ дуудлаа. “Сөөг сөөг, сөөг сөөг”.
Гэтэл хөөрхий нөгөө амьд зовлого болсон зовлонт адгуус, зовхио нээхээс ч түүртэж байсан тэр муу амьтан элэг нутаг нэгт эзэн хүнийхээ дуугаар сэгхийтэл босоод ирэх нь тэр. Дэнхэн данхан гэж гуйвж ганхсаар салгалаад ирэхдээ бөн бөн нулимстай байлаа. Бүсгүйчүүд нь орь дуу тавин халаглаж эрчүүд маань хүртэл шимшрэлийн гашуун нулимсаа гүдхийтэл залгисан шүү. Хий дэмий л ам нь ангалзан хүзүүгээ гүрдийтэл зүтгэлэх тэмээний нүднээс бөөн бөөн нулимс унасаар. Дотор сэтгэлдээ орь дуу тавихын хэрээр дуу хоолойгоо түгжин бүлхэрч зогссон надад “Буу байгаасай. Хөөрхийг зовлонгоос нь салгаж буян үйлдчихээд буцах сан” гэх арга барагдсан бодол элэг мэрж байлаа. Бурхан минь, бүү үзэгд. Амьтны хүрээлэн гэдэг чинь амьтны там юм байна шүү дээ хэмээн өөр хоорондоо эрээнтсэн хоолойгоор ярилцах зуураа тэмээнийхээ аманд байцааны навч дөхүүлцгээсэн ч навч ч зажлах тэнхэлгүй болсон тэр амьтны нүдэнд Монголын уудам нутаг театрын хөшиг хаагдах шиг харанхуйлан үзэгдээд зүгээр л гашуун усан дуслууд бөмбөрөн хулжиж байлаа. Энэ насанд бодол сэтгэлээс арилахгүйгээр яс маханд хагадаж үлдэх эмгэнэлт зураг.
Амьтны хүрээлэнд анааш үзэхээр зорьж ирсэн эх газрын хэдэн монголд анааш заанууд арилан одож, ахиад юу ч үзэж харах хүсэл сонирхол хэдийнэ мартагдан хөшицгөөжээ.
Удтал зовлон ярьж тарчлан зогссон бид “Буцъя, больё” гэж үг солилцоод эргэхүй сөөнгөтөн дуугарах зовлонт тэмээний буйлаан яг л золбин жингэр тарчлан гинших шиг гаслантай сонсогдов оо. Дэмий л дотор сэтгэлээ сэмлэж, урагдах дуунд нь хоргодсоор автобусандаа суугаад буудлаа зорин явахдаа бид хэлж боломгүй хүнд гунигт цөмөөрөө автаж дуу шуугүйхэн харьсан билээ. Ийн үзэхүй монгол хүн, монгол нутаг хоёр хэзээ эртийн, хэний ч таашгүй тийм амин холбоотойгоо ухаарч бурхадын шүншигт нутагтаа бушуухан эгэхийн далд хүсэлд автаж явсан. Бас нэгэн ухаарал гэмшиглэн хальт зурсхийсэн нь, хэзээ ч бид монгол малаа харьд өгч болохгүй юм байна, нэгэнт монгол нутгаа олж төрсөн амьд амьтныг ухаант хүн ингэж тарчлаан зовоож, тамд өгчилгөх нь хэдэн төрөлд өршөөгдөмгүй нүгэл болно гэж бодогдсон шүү. Манайхан сүүлийн үед гадаадын төр засгийн томчуул болоод нэр хүндтэй нэгнийг айлчлан ирэхэд шандаст хурдан хүлгүүдээ хадаг сүүтэй барьж, ёслон хүндэтгэдэг болсон нь нүдэнд харагдаж, учир төөргийг нь мэдэхгүй алс руу унаа хүлгээ ийн блэг болгон илгээх нь хичнээн гунигтай тухай эрхгүй санааширч явлаа. Буянт малдаа буруу санадаггүй монгол түмний их ухаанаар энэ асуудалд хандах ёстой юм байна гэдгийг хаа холын халуун орны бүгчим тэнгэр дор мэдэрснээ та бүхэнтэйгээ цухасхан хуваалцахад ийм буюу.
Үргэлжлэл бий.

Wednesday, June 25, 2008

НУУЦЛАГ ДОТНО ЕГИПЕТ ОРНООР... /ҮРГЭЛЖЛЭЛ/

Үргэжлэл. Эхлэл нь дор бий

Дух нь цоорсон ч нүд нь гэрэлтсээр...

Египетэд царай муутай хүн гэж үнэхээр байхгүй. Өтгөн хөмсгөн дорх тас хар нүд, яралзсан цагаан шүд, сайхан бор царайгаараа Энэтхэгүүдтэй төстэй ч эрэмгий хурц харц, найрсаг инээмсэглэл нь бусдаас өөр. Тэд өдөрт зургаан цаг мөргөл үйлддэг. Мөргөлийн цаг нь болоход олон нийтийн үйлчилгээний газарт ч хамаагүй хувь хувийн даавуу олбогоо цүнхнээсээ гаргаж дэвсээд л мөргөж эхэлнэ. Тэдний мөргөлийг юу ч зогсоож чадахгүй бөгөөд бүгд үнэн сэтгэлээсээ хандана. Энэ үедээ тэд бүгдээрээ ертөнцөөс түр зуур тасардаг байх гэж бодсон. Тэд манайхан шиг шавар чулуу, алт мөнгөн бурхад хүзүүнээсээ зүүж, хоймортоо залж түүнтэйгээ "шивнэлдээд" байхгүй, нүдээ тас аниад түрхэн зуур орчноо мартах нь нэгэн төрлийн бясалгал, оюун санааны аминдэм нь болдог мэт санагдсан. Магадгүй энэ л итгэл үнэмшил, тэнгэртэй харьцах харьцаанаасаа тэд оюун санааны илч тэжээлээ сэлбэж тэр ч утгаараа дандаа инээж дотроосоо гэрэл цацруулан урам зоригтой амьдарцгаадаг байж ч мэдэх юм. Юутай ч учир мэдэх хүний амнаас Египетэд хатуу чанга хууль гэж бараг байхгүй, төрийн хуулиуд нь автын хөдөлгөөн зохицуулах төдий нийгмийн үйлчилгээний зарчмууд байдаг гэж сонссон юм байна. Тэд Аллах тэнгэртээ бүхнийг даатгаж, амьдралын, хувь хүний бүхий л хууль нь тэр эрэмбээр явагддаг болохоор "тархай бутархай", цөс нь цалгисан монголчуудтай харьцуулах аргагүй нэг үзэл, нэг бурхантай, тэрхүү бурхан нь оройн дээд шүтээн байгаад зогсоогүй амьдралыг нь заагч луужин гэдгийг нь мэдэрч, бас гайхаж байлаа. Юутай ч тэд учиргүй их инээд алдсан, тэр нь чин зүрхнийх нь алсаас ил гарч ирдэг, тогтоож боломгүй их баяр хөөртэй, өөдрөг хүмүүс болох нь замд хааяахан тааралддаг гуйлгачнаас нь хүртэл харагдаж байсан. Ямартаа л Иран Иракийн дайны үед мөргөлийн цаг нь болоход хоёр тал гал зогсоон мөргөлөө үйлдээд унаж байхав дээ. Хэзээ ч билээ бас худлаа хэлэхгүй том хэвлэлийн хуудаснаас уншиж байсан санагдана. Тэдний шашин ийм л шашин. Миний хувьд шашин гэхээсээ илүү итгэл үнэмшил, урамшил, амьдралын тулгуур нь шиг санагдсан. Эрчүүдийнх нь дийлэнх хэсэг духан дээрээ эвэршиж хүрэнтсэн "мөргөлийн бахархалтай". Нүүрэн дээр нь төрөлхийн юм шиг хадаатай байдаг инээмсэглэлийн гэрэл мөргөлийн цагаар унтарч, зугаацлын мөр оргүй арилаад төлөв төвшин, үнэнч хэрсүү Аллахын албатууд болно. Мөнөөх тахимдуу элэгсэг Египетчүүд ийнхүү нэгэн хоромд сүнснийхээ хөгжилд анхаарлаа хандуулахыг анх хараад гайхсандаа "хэлээ гоожуулаад" хөшчихсөн шүү. Гэхдээ л Түвдүүд шиг энэ амьдралаа бурханд бэлэглэчихээгүй, өөрсдийнхөө амьдралыг өөртөө үлдээж үнэнч байдлаа тэнгэрт харуулахаа л өргөл гэж боддог хүмүүс ажээ. Тэд бурхантайгаа төрсөн, бурхантайгаа үхдэг юм байна, бүх амьдралын туршид бурхантайгаа хамт амьдардаг юм байна гэж яагаад ч юм бэ бодогдсон шүү.

Цөлийн эзэд

Египетийн нийт газар нутгийн
96 хувь нь эзгүй цөл, зөвхөн дөрвөн хувьд нь хүн ам нь таран суурьшсан. Нил мөрөн, Улаан тэнгис, Суэцийн суваг, Газар дундын тэнгисээ дагасан хотуудтай, халуун орны папирус, бальс, дал модод элбэг ургана. Мөн манайхны тасалгааны цэцэгсийг олон наст ургамал болгон сортжуулж тарьц суулгац бэлтгэсэн байх нь олонтаа тааралдана. Гудамжуудад нь сарнай цэцэгсийн төгөл үргэлжлэн тааралдах нь хэвийн үзэгдэл. Энэ бүхнээс тухайн ард түмний уйгагүй хөдөлмөр зүтгэл тэмтрэгдэх аж. Цөлийн элсний нарийн тоос, таримал цэцэрлэгийнх нь ургамлын унгирал үргэлж дарж байдаг тул гудамжиндаа хүртэл машинаа битүүлэн хучиж орхино. барилгын талбайд моддын сүүдэрт өглөө орхисон машинууд орой нь ирэхэд навч тоосонд дарагдаад эгээ л 100 жилийн өмнө хээр хаягдчихсан мэт болчихсон байх тул ингэхээс ч аргагүй. Кайр болон далайн эргийн бусад том хотуудад Хилтон, Шератон, Интерконтенталь зэрэг дэлхийд алдартай зочид буудлуудын сүлжээ тааралдах боловч тэдгээр нь мөн л египет маягийн шороон саарал өнгийг имиджээ болгон сонгож бусдаас онц ялгарах юмгүй дүнсийлдэнэ. Энд уран барилга байхгүй, харин нэгэн хэв загварын өндөр нам, дөв дөрвөлжин байшингууд ис тортгон дунд хэзээний мөнөөх л төрхөөрөө ярайлдах нь нэг л уйтгартай. Египетийн бүх гэрлийг унтраачихавл сансраас тэднийг олж харах аргагүй, бүх барилга нь газрын өнгөтэй, онгойж харлан эзгүйрсэн цонхтой. Яг нуувч шиг. Тэд гурван дайны хөлд үрэгдэж элэгдсэнээ чимээгүйхэн шивнэдэг.Мөн энд жуулчны цагдаа бий. Дашрамд хэлэхэд биднийг тэнд байх бүхий л хугацаанд буутай жентельмен /хамгаалагч/ дагалдаж явсан. 80 сая хүн амтай туөмнөх с улс нэг сая цэрэгтэй армитай гэсэн. Томоохон албан байгууллага, дипломат корпусын үүдэнд автомат буутай цэргүүд зогсоцгооно. Тэд ака буугаа барьсан чигтээ жуулчид руу даллан найрсаг гэгч нь инээмсэглэж, боломж олдвол ганц нэг үг сольчихыг бодно. "Египетэд тавтай морил" гэдэг үгийг тааралдсан хүн бүхэн хэлнэ, хүндэлнэ, Офисын инээмсэглэнэ. Цэргүүд нь хүртэл шүү

...Аан, агуу их Чингис хаан уу...?

Гудамж, дэлгүүр, зах, амьтны хүрээлэн гээд л бидний явсан суусан газар бүрт хаанаас ирснийг маань асуун сониучирхах египетчүүдтэй тааралдаж явлаа. Энд бидэнд шарууд /америк, европчууд/ ихээхэн содон харагддагтай эгээ л адилаар тэнд азиуд үнэхээр сонин хачин харагддаг бололтой юм. Хамгийн түрүүнд л Хятад уу гэж асууна. Үнэхээр л дэлхийн эх газарт хятад хүний хөл хүрээгүй нутаг үгүй гэдэг нь ортой дог. Дараа нь Япон уу гэнэ. Тэгээд л Тайлан, Малайз гээд таавар тааж гарна даа. Өөрсдөө тэрэндээ зугаацан хөөрч байгаа гэж жигтэйхэн. Тэгж тэгж мухардаад "за хэлчих л дээ" гээд л найрч гарна. Монгол гэнгүүт ёстой шокод орно доо. Хооох гээд л. Тэгээд л Чингис хаан гээд л эрхий хуруугаа гозойлгоно. Үүнээс өөр Монголыг орлуулчих мэдээлэл тэнд даанч үгүй. Хаана байдаг вэ гэж асууна. Орос Хятадын дунд гэхээр гайхна. Нутаг дэвсгэрийнхээ хэмжээг хэлчихвэл за тэгээд л өнгөрөө. Ёстой л чухам "хэлээ гоожуулаад" алмайрчихна. Тэгэхдээ л тун чиг сайхан найрсаг, үнэхээр дотно нөхрийн харцаар үднэ. Жаал зугаа наймаа худалдаагаа бас сурталчлаад авч амжина. Тэнд томоохон үйлдвэр үйлчилгээний газар нэн ховор, Египетийн брэнд болсон үнэртэн, папирусан дээрх зураг, алт, мөнгөө л худалдана, наймаалцана. Худалдаа наймааны тал дээр хятадуудыг санагдуулаад авахаар овжин. Үнэртэй усны тухайд бол ярих юм байхгүй, сайхан орги байгалийн бүтээгдэхүүн, цэцэгсээс гаргаж авсан тосон духинүүд. Бас тэдгээртээ зориулсан ганган хээнцэр шилэн бортого, жижиг сувинерүүд элбэг. Бараг ТҮЦ бүхэн шил үлээж тийм сав хийнэ, үнэртэн бэлтгэнэ. Хулхи үнэртэн гэж даанч байхгүй, байх ч аргагүй. За харин тэрийгээ рекламдахийг бол үзүүлээд өгнө дөө. Гар хөл, хаа тааралдсан ил газар л түрхээд байна, үнэртүүлээд байна, сүүлдээ бүр гарахын түүс болж бараг л зугтаж зулбах нь холгүй нэг юм мултарна. Араас инээгээд л үлддэг нь сайхан шүү. Манай багийн гишүүн 25-р суваг телевизийн найруулагч Жамъянжавийн "найз" Фару /манай буудлын ойролцоох дэлгүүрийн эзэн/ тэнд очсон 14 монголыг "тэнгэрээс илгээсэн" гэх үнэртнээрээ ёстой нэг төрөл арилжтал сэнхрүүлж, биднийг үнэртэй усны талаар иж бүрэн мэдээлэлтэй болгоод зогсоогүй өөрийнхөө дэлгүүрийн шошготой Клеопатра, Тутанхамун, Рамзес зэрэг сүрчгүүдийг Монголд тээж ирэхээс өөр аргагүй болгосон. Өөрөө ч тэрээр Монголчуудын найз гэдгээрээ хөөрхөн омогшиж додигор гэгч нь үдэж билээ. Биднийг Египетийн таван одтой, үндэсний зочид буудал Пирамизад буулгасан манай эрхэм нөхөд /Энэ удаагийн сургалтыг Египетийн сан, Гадаад хэргийн яам, Эль-Гомхуриа сонин хамтран зохион байгуулсан/ үдэш болгон эргэж тойрч, бие сэтгэлийн амар амгаланг асууж нягталж байсныг энд бас дурдууштай. Юутай ч энэхүү хандлага нь бидэнд хүндэтгэл гэхээсээ илүү ажлын хариуцлага гэгчийг ягштал мэдэрдэг хүмүүс юм даа гэх бодол төрүүлсэн.

Үргэлжлэл бий.

Saturday, June 21, 2008

НУУЦЛАГ, ДОТНО ЕГИПЕТ ОРНООР

Тоосгоны зах, эсвэл бор ёотон...

“Онгоцонд яваа хүнийг амьдын ч тоонд, үхсэний ч тоонд оруулдаггүй” гэх үг нэг л ёозгүй сонсогдох авч эртний Египетийн их нийслэлийг зорьж яваа бидний хэсэг нөхөд аян замаа түүртэлгүй хороож, төсөөлөл, мөрөөдлийнхөө зүг яарч байлаа. Бээжингээс оройн 20 цагт ниссэн манай багийнхан Каирт өглөөний 6.30 цагт газардсан ч цагийн зөрүүнээс болж тэнгэрт 14 цаг аялжээ. Онгоцны цонхоор Кайр хот олон саарал тоосго шиг харагдах нь багад минь эмээгийн бор тагшинд хар цай дүүргэхэд уусч дүрсээ алддаг ёотонтой эгээ л адилхан санагдаж билээ. 20 сая гаруй хүнтэй энэ их хотод газрын өнгөтэй том жижиг бор саарал байшингууд завсар зайгүй эгнээстэй, эмх замбараа муутайхан уйтан давчуу гудамжуудад нь хормойгоо чирсэн египетчүүд хөлхөлдөж хорвоогийн амьдрал эрээнтэн байдаг нь гаднаас харсан хүнд бас л сонин зураг. Байнгын 40 хэмийн халуунд хар бараан өнгийн нүсэр хувцас, нүднээсээ бусдыг битүүлсэн гоо бүсгүйчүүл урт туушин өмсгөлтэй эрчүүл нааш цааш хөлхөх нь бидний хувьд үнэхээр харь, өөр ертөнц аж. Гэсэн хэдий ч Египетийн ард түмэн нэн найрсаг хүмүүс болох нь тэдний инээд алдсан харц, зөрж өнгөрөх гадныхны зүг элэгсэг нь аргагүй мэндчилэх сэлтээс шууд мэдрэгдэн, ахуйдаа зохицож аяндаа тайтгарсан сан.

Египетчүүд дээрээ гурван эзэнтэй

Тэдний толгой дээр гурван том эрх мэдэлтэн байх бөгөөд хамгийн дээд талд Аллах тэнгэр, түүний дор эртний их хаан, харин гурав дахь нь Египетийн нэгдүгээр хүн буюу ерөнхийлөгч Хосни Мубарак юм. Албан байгууллага, атар хөдөөгийн замын хажуу дахь том самбар гээд л хаанаас ч түүний асар том хөргүүдийг харж болно. Дээр үеийн орос Ладагаар орчин үеийн гадаадынхныг таван одтой буудалд нь хүргэхээр яваа найрсагхан египет жолоочийн энгэрийн халаасанд Мубарак ахын бурханчлагдсан хөрөг заларч явахад нэг их гайхах хэрэггүй. Бид ч бас 14 хоногийн сургалтын хугацаанд эрхэм Мубарактай хамт байснаа хэлэх хэрэгтэй. Египетийн том хэвлэл /хуучнаар манай “Үнэн” сонин гээд ойлгочиход болно/ Эль-Гомхуриа сонины газар дахь сургалтын танхимд тэрээр бас л биднийг угтаж, хичээж татуулсан инээмсэглэлт ихэмсэг хөргөөрөө Монголын чөлөөт хэвлэлийнхнийг “муухай харсаар” үдсэн юм. Хагас социалист эл оронд хэвлэлийн эрх чөлөө харьцангуй хумигдмал болох нь бидэнд хичээл зааж байсан докторуудын найрсаглан тайлбарлах зарим зүйлээс цухалзаж байсан. Египетийн сангаас буурай орнууд руу хандан хэрэгжүүлдэг хэмээн тунхагладаг ч үнэн хэрэгтээ улс орноо гадаадад сурталчлах үндсэн зорилготой сургалтын эл хөтөлбөрт хуучин социалист дэглэмд байсан СНГ-ийн гишүүн орнууд хамрагддаг байснаа сүүлийн жилүүдэд зөвхөн Монголтой “тулж ажиллаж” эхэлсэн тухай тэд ярьж байлаа. Өнөөдөр дэлхий нийт Ойрхи Дорнодын тухай мэдээ мэдээллийг зөвхөн АНУ-ын амнаас л сонсч, арабын ертөнцийн тухайд өрөөсгөл үзэл бодолтой байгааг засч залруулах үүднээс их гүрнүүдтэй илтээр холбоотон болоогүй, өөрсдийн бодлогоор бие даан хөгжиж байгаа “буурай” улсуудын хэвлэл мэдээллийнхэнтэй хамтран ажиллах бодол санаа эл сургалтын үеэр олонтаа цухалзах шиг болсон. Дээрх хугацаанд сэтгүүлзүйн болон ХАА-н чиглэлээр Монголоос нийт 750 хүн сургасан гэнэ. Египетийн нийгмийн байгууллаас социализм нэвт ханхлах хэдий ч эдийн засгаа зах зээлд хэдийнэ шилжүүлж, аялал жуулчлалыг тэргүүлэх чиглэлээ болгосон нь төрийн бодлогын бас л нэг ухаалаг давуу тал гэлтэй. Бид өөрсдийнхөө мэдэх хэмжээгээр л социализм хэмээн нэрлэж байгаа ч угтаа зөвхөн Египетийнх л гэмээр бие даасан, өвөрмөц хөгжлийн томъёололтой, алдаагаа ч гавъяа болгон ашиглаж чадах ухаалаг удирдагчидтай, сонин бүтэц бүхий нийгмийн байгуулал санагдсан. Энэ улсад үзэж харах зүйл элбэг. Агуу пирамид, сфинксээс эхлээд дэлхийн хамгийн урт гол Нил мөрөн Каир хотынх нь дундуур урсана. Нилийн эрэг дагасан жуулчдын хотхон, усан онгоцон дээрх ресторануудад нь орчин үеийн бүх үйлчилгээ байна. Аялал жуулчлалаас орох орлого нь тасралтгүй мөнгөний урсгал болон улсын сан хөмрөгийг зузаалж байдаг болохоор энэ талын үйлчилгээ нь түлхүү хөгжжээ. Алдарт Суэцийн сувгийнх нь түрээсийн жилийн орлого улсынх нь төсвийг бүрдүүлчихдэг гэсэн.
Шарм-Эль-Шейх

Кайраас 500 гаруй км-т Синайн байгалийн үзэсгэлэнт газарт байх Шарм-Эль-Шейх хот руу жуулчдын урсгал тасралтгүй хөвөрнө. Хоёр урсгалтай өргөн замаар уралдан довтлох машинуудаас нь л харахад тус улсын энэ бүс их хөлийн газар болох нь мэдрэгдэнэ. Кайрын нарийн гудамжуудад мөрөө хавчих нь холгүй чихэлдэн зөрдөг оросын Лада, Газ-24, Солонгосын жижиг автобуснууд, соната, элентранууд ард үлдэж дандаа орчин үеийн шил толь болсон хөнгөн тэргүүд, Хьюндайгийн том автобуснууд зөрж эхэлнэ. Шарм-Эль-Шейхийн байшин барилгууд ч Кайрын улигт саарал өнгөнөөс хагацаж цагаан цайвар өнгөөр сүлрэн угтана. Энд дэлхийн баячууд мөнгөө үрэхээр ирдэг. Улаан тэнгисийн эрэгт байх эл хотоос жуулчны баазууд салбарлан далайн эргээ даган цаашилжээ. Казино, диваажингийн усан сан, энэ улаан цөлд яаж байгуулав аа гэмээр цэцэрлэгт хүрээлэн, сүрлэн сүүдрэвчүүд, өнгө өнгийн цэцэгс гээд л нүд эрээлжлэм сонин сайхан зүйлс үргэлжлэх нь Газар дундын тэнгисийн эрэгт байх Алесандра хоттой эгээ л адилхан. Кайраас умард зүгт 300 орчим км-т орших Александра хотод бид мөн зочилсон билээ. Александра бол далайн эрэг дэх агуу цайз, түүхийн гэрч болсон барилга байгууламж, музей үзмэрээрээ имиджээ хийсэн Египетийн бас л нэгэн бахархал байсан юм. Харин Шарм-Эль-Шейх бол анагаах увдисаараа дэлхийд алдаршсан Улаан тэнгисийн эрэгт байрладаг давуу талаа ашиглан амралт сувиллыг түлхүү хөгжүүлсэн, хүмүүс жинхэнэ ядаргаагаа тайлахаар зорьж ирэх гайхалтай газар байв. Шарм-Эль-Шейхээс нааш Кайр орох замд тааралдах Синайн уулс нь ер бусын хэлбэр галбиртай, байгалийн пирамидууд байх бөгөөд архитектурчид энүүгээр явбал байгаль дахь уран барилгын эл цогцолборуудаас гайхамшигт санаа олж их хотод нүд баясгах зүйл олноор бүтээх байх даа гэж эрхгүй бодогдсон.

Үргэлжлэл бий

Thursday, May 22, 2008

АФАС ГУДАМЖНЫ ХИЙ ҮЗЭГДЭЛ

АФАС-1

…Ай бурхан минь, өлсөхийн ч зовлонгүй, цадахын ч зовлонгүй ямар таатай юм бэ! Биеэ орхин нисэж явахдаа ийнхүү баясаж үл бүтэхийн төвөгт сэтгэлээс ангижран хальжээ. Ийм жаргалтай, тэгээд бас ер бусын нисэлт байдаг тухай өмнө нь ер төсөөлж байсангүй. Тийн атлаа бусдад хэлэх сэн, үзүүлээд өгөх сөн гэх хүсэл ч төрсөнгүй. Хүсэхээ бүр мартжээ. Гагц хөвж, зөөлөн тийн хөвөхдөө нүдээ аньжээ. Үнэндээ тэр нүдтэй эсэхээ ч анзаарч мэдэхгүй байлаа. Юу ч бодохгүй хөвөөд л, нисээд л. Харин цутгалант харь тэнгисийн гүн аниргүй мандалд дөхөхдөө айдас гэмээр түгшингүй нэгэн мэдрэмж төржээ. Яг л зүрх базлах шиг. Гэвч буцаад дэвэх гар ч, бас хүсэл ч байсангүй. Зөнгөөрөө хязгааргүйд өндрөө алдан унаж, унах зуураа үйж байлаа. Гэвч хашгирсангүй. Үнэндээ тийм дуу хоолой түүнд нэгэнт үгүй болсон хойно хязгааргүйд айдас мэт доошилсоор. Харин тэртээ дээр өөрийнх нь адил биегүй хөвөрсөн нүүгэл сүнснүүд эмх замбараагүй, намуухан сүлжилдэн биесээ нэвтлэн одох нь үүлсийн нүүдэл мэт. Тэд ямар хувь тохиол, аль зүгийн салхиар хааш одож буйг хэн мэдэх билээ.
Энэ үес Афас гудамжны хий үзэгдэл хатагтай Г-ийн унтлаганы хувцсыг дэрлэн залхуутайяа зүүрмэглэж байлаа.

АФАС-2

-Надад их урамгүй байгаа ч би үүнийг танд хэлэх хэрэгтэй гэж шийдлээ. Би өөрийгөө хянаж чадахаа больсон… гэж бүсгүй яриагаа эхэллээ.
Хотын хамгийн хүндтэй хүмүүсийн нэг, хий судлаач эрхэм түүнийг анхааран сонсох зуураа “Манай хотын гайхамшигтай эмэгтэйчүүдийн нэг шүү дээ” хэмээн бодож байлаа. Гэвч тэр гайхамшигт бүсгүй нь хэдийнэ гайхамшгаа гээчихээд цөхөрч гүйцсэн хуурай үгсийг гамгүй унагаж байх юм. Байз, энэ гэхдээ хуурай үгс биш байна. Магадгүй тэр бүр догдолж орхиж. Анх удаа өөрийн цаазаа зөрчиж байгаа ч юм билүү? Нэлэмгэр бараан нөмрөгөө ичимдэг засаад бүсгүй үргэлжлүүллээ.
-Би өөрийгөө хэн ч биш хэн нэгнээс өөр гэж боддог байлаа. Гэтэл хэрэг дээрээ хэн ч биш болжээ… Профессор гайхалзан толгой сэгсрэхдээ “Энэ ч их хотын саарал амьдралд элбэг тохиолддог зуурдын хямрал даа” гэж бодож амжив.
-Бүх зүйлд итгэл алдарсан. Ингэхэд амьдрал минь ямар утгатайг ч мэдрэхээ болилоо. Үнэнийг хэлэхэд амьд явмааргүй... Тэглээ гээд үхээгүй л байна. Харин юунд итгэхээ мэдэхгүй юм. Афас гудамжинд нүүж ирснээс хойш бүр ч үгдэрлээ. Дурлал хүсэл юу ч алга…
Нээрээ л урамгүй яриа байна даа гэж профессор бодлоо. Харин тэр үйлчлүүлэгчийнхээ үгийг тасалж үүнийг хэлэх хүн биш.
-Та юунаас айдаг вэ хатагтай?
-Амьдрахаас-Худлаа даа. Та яг ингэж хэлэхдээ л мартагдахаас, дуусахаас айж байгаагаа мэдүүлчихлээ. Амьдралаас биш үхлээс айдаг юм байна та?
-Үгүй шүү. Би үхлийг аль хэдийнэ таньдаг болсон. Хүн танилаасаа хэзээ ч айдаггүй юм.
-Тэгвэл та сүнс мөнх гэдэгт итгэдэг үү?
-Бурхан минь, би танд хэлээд байна шүү дээ. Юун сүнс вэ! Би юунд ч итгэдэггүй.
-Таны итгэл дуусаагүй байна аа. Үгүйдээ л та надад итгээд ирж. Танд аврагдах хүсэл байна, тийм үү?
-Би үхэж чадахгүй байна шүү дээ?
-Амьдралаас авах ёстой юм чинь дутуу учраас л тэр.
-За яахав. Хүлээхийн тулд ядахдаа эм уух хэрэгтэй биз дээ?
-Одоо л зөв ярьж байна. Тэгэлгүй яах вэ хатагтай. Би танд туслах болно. Харин та ямар эм хүсэж байна?-Мартах. Бас царцах хэрэгтэй байна. Хүмүүсийг би үзэн яддаг болсон. Тэдэнд олзлогдмооргүй байна. Тэднийг дээрээс, бүр дээрээс нь хармаар байна. Ердөө л энэ.
-Ингэхэд та яг одоо тэднийг дээрээс нь харж байгаагаа мэдэж байна уу? -Эндээс гарангуутаа би тэдний дунд уначихна шүү дээ, тэр тайзан дээр нь.
-Хүн хүсэхгүйгээр унадаггүй юм. Та битгий хүс. Хүсдэгтээ л та тэнд байгаа юм. Хатагтай…
-Гайхалтай… гэж уурсан хэлэнгүүтээ бүсгүй ухасхийн гарч одлоо.
Салхи нь замхарч амжаагүй тасалгаанд профессор ганцаар үлдэхдээ юун тухай түрүүлж бодохоо мэдсэнгүй. Таатрын гайхамшигт хатагтай нарын нэг бардам зангаа таягдалгүй одсонд баярлах ч шиг. Гэсэн хэдий ч нэг л уйтай. “Энэ бүсгүй яагаад л хямраад байна даа” гэж бодох үес саяхан Афас гудамжны Соолог цамхагаас унаж нас барсан хөөрхий жаалхүү гэнэт санагдаж, Афас ч нээрээ л хачин гудамж шүү, нээрээ л хачин гэж бодлоо.
Хүүгийн оршуулга эхийнхтэй нь давхцаж хүмүүс нэг л хэсэг энэ тухай элдэв зүйлсийг ам мэдэн цуурцгаасан сан. Муу эхийг нь л хүүгээ аваад явчихлаа гэж ярьцгаасан даа. Таатрт Афас шиг хүйтэн чулуун гудамжууд бишгүй олон ч үргэлжид гайхал сэжгийг төрүүлж, үнэн худал нь үл мэдэгдэх жигтэй яриа хөөрөөний бай болсон нь ганцхан тэр л гудамж.
Профессорыг ийнхүү эрээн бараан бодлоо хөврүүлэн тамхиа татаж байх зуур хатагтай Г хөлсний тэргээр үүдэндээ ирж харуй бүрүй нөмөрсөн нэвсгэр үдэш дүнсгэр чулуун байшин руугаа шингэх мэт аниргүйхэн орж явчихлаа. Өндөр царсан хаалга торхийн нээгдэж, хуучны нүсэр тавилгатай сүүдэрт өрөөндөө яаралгүйхэн орж ирсэн тэрээр шууд л унтлагынхаа өрөө рүү зүглэн нэг гараараа гэрлээ асааж, нөгөө гартаа барьж явсан цүнхээ буйдан руу хайнгахан чулуудчихав.
-Ёо, ёо ёо! Нүүр, нүүр, миний нүүрэн дээр гэж цочмог хашгиран босч ирсэн Тэр хатагтайг шууд л багалзуурдан ноцолдсон боловч бүсгүй юу ч сонсоогүй мэт аажуухан эргэж том өрөө рүүгээ явлаа. Энэ явдал бараг л орой бүхэн давтагддаг ч ганц бие хатагтай өдрийн ажлаасаа өөрийг үл бодон тавлаг гэгч амарч тухлах нь түүнд дэндүү харгис ажээ. Энэ удаа ч хатагтай түүнийг анхаарсангүй.
Багалзуурдаад ч нэмэр болсонгүй шүү. Хоолойг нь шахаж байхад нөгөө тэнэг дуугаа аялж байна гээч. Юу болж байнаа энэ чинь. Уурандаа багтарч, дуугарч чадахгүй цөхөрсөн Тэр нөгөө буйдан дээрээ эргэж хэвтэн цурхиртал уйллаа. Бүр енгэнэтэл мэгших нь тэр. Харин хатагтай том өрөөндөө зурагт асаах сонсогдлоо. Удахгүй гал тогоонд нөгөө балиар бүрж амталсан хайриус загас нь шажигнан шарагдаж эхэлнэ дээ гэж бодоод Тэр бүр ч байж суух газраа олж ядан үсээ үгтээж байлаа. За энэ ч бүр дүүрсэн хэрэг. Шөнө тэр муу намайг яана гээч. Цочих бүхэндээ толгой, элэг, бөөр, бүр нөгөөдөхийг минь, ер хаа таарсан газраа л өшиглөнө. Адсага шиг хүүхний цочихын олныг ээ. Хүний орон дээр хүн өшиглөөд хэвтэж байдаг ямар аймшиггүй адгийн шаар вэ. Тэр хэлэх муу үгээ барж дуусаад нэг л мэдэхэд нөгөө л цөхөрч гүйцсэн ноомой, гансралт байдалдаа ороод хөшчихөж.
Хатагтайн унтах цаг болжээ. Нэлэмгэр нөмрөгөө хөврүүлсээр ор руу ирлээ. Одоо яая гэхэв дээ, үйл тавилан хойно. Тэр бас л сурснаараа зай тавьж түүнийг хэвтүүллээ. Тэгэхгүй бол дээр нь бүдүүн бөгсөө тавьж хэвтээд өгөх юм чинь. Тэгж ч байсан удаатай. Өөрийнхөө орон дээр ингэж атирч хунирч, дорд үзэгдэн хэвтэх ч гэж дээ. Дахиад л хамар нь шархираад ирлээ. Тэглээ гээд юу ч өөрчлөгддөггүй хойно, сэтгэлээ барихаар шийдэв. Сэтгэлээ барих гэдгийг энд л сурч байна даа. Хэзээ би муу эхнэрийнхээ үгэнд орж, ганц удаа ч болтугай хөөрхийг санаснаар нь байлгалаа даа? Шал балай юм. Яалаа ч гэж тэгэх юм бэ. Гэтэл энэ муу хүүхэн толгой дээр гарч гүйцлээ, Түй.
Хөөрхий Тэр гансралт хувь тавилангийн эрхээр Таатрын бөглүү шөнө нэг л мэдэхэд дайснаа тас тэврэн дугжирч байлаа. Нумарсан хар хөмсөг нь зангидаатай хэвээр ч зөвхөн эр хүнд л зохидог учир битүүлэг инээмсэглэл, гэмшсэн мэт ичимдэг далд үзэсгэлэн сүүдэрт нүүрийг нь чимжээ. Таатрын яг л ийм шөнө энэ царсан орон дээр эхнэр нь түүнийг бөөцийлөн ширтэх зуураа бүхнийг умартан дурлаж байсан тэр сайхан цаг саяхан. Эр хүний зоримог шулуун зан, хайр хар хосолсон ширүүхэн ширтэлтийнх нь өмнө сул дорой зогсдог ч нууцхан ийм л шөнөөр түүгээрээ бахархаж явсан мөнөөх бүсгүй Таатраас нүүн одож тэр л хайр хар шингэсэн нүсэр чулуун байшинд өнөөдөр ганц бие эрхэмсэг хатагтай эзэн суух болсон билээ.

АФАС-3

Бум бужигнаж түм түжигнэсэн зээлийн газар. Баргил байж ядан хөлөө сэлгэж зогсоно. Бороо орж байна. Тэрээр элэгдэж хуучирсан муу саравчтай улаан малгайгаа гартаа атгажээ. Үжирсэн сэмэрхий бор пальто, өсгий нь эргэсэн инээдэмтэй түнтгэр гутлаа хялавхийн харснаа мөнөөх л доогтой гуниглуу инээд уруул дээгүүр нь мишилзээд ирлээ. Гэвч тэр өөрийгөө өрөвдсөнгүй. Хэзээд л ийм байсан хойно, юундаа ч өрөвдөх билээ.

-Хөөе улаан малгайт аа, чи чинь яагаад дусагнаад унав аа? Тэсэхээ болив уу гэж зэргэлдээх булангаас дээрэнгүй дуу хадах нь тэр. Гайхсан ч үгүй. Улаан малгайт нэрэндээ дассан гэх нь ч хаашаа юм, гэхдээ л ажирсан шинжгүй мөнөөх л сонин гэгэлзүүр бодлоо үргэлжлүүлж авай. Харин дусагнахын хувьд ч хэдийнэ дусагначихаж. Өчигдөрхөн тэндэхийн үглээ Цахирам авгайн өвсөн шүүрээр балбуулж элдүүр нь ханасан өнөөх муу бөөр нуруу нь нэг л аятайхан тавираад явчих нь тэр. Харамсалтай нь дахиад л дусагначихлаа хөөрхий. Амьтанд ад үзэгдэхээс илүүтэй өөрт нь, хөөрхий жаахан бардамд нь хэзээ ч зохиж наалддаггүй аймшигт мэдрэмж дахин зурсхийсэн ч ажрахгүй байхаар шийдлээ. Өөр арга нэгэнт алга болжээ.
“Намар шиг хаврын өдөр” хэмээн хаа нэгтээгээс унш луу, эсвэл хэн нэгэн тийн ярьж ч байлуу, юутай ч яг энэ мэдрэмж энэ л үгээрээ бодлыг нь нэвтлэн орж ирэхдээ бяцхан гуниг төрүүлчихлээ. Өмнө нь иймэрхүү хөндүүр ч гэмээр соньхон мэдрэмж төрөх бүхэнд тун таатайхнаар бодол санаа нь чөлөөлөгдөх шиг болдог сон. Энэ удаа тэгсэнгүй. Нууцлаг баяр төрөөсэй гэж хүлээгээгүй ч байж мэднэ. Учир нь мөнөөх аймшигт зөн совин дотор сэтгэлийг нь мэрсээр тэр байтугайг анзаарах сөгөөгүй зогсож байлаа. Хайрлан санах юм юу ч үгүй хачин өдөр. Хэзээ ч цээжин дотроо ийм хөндий хоосон байж түүнийхээ төлөө тарчилж үзээгүй болохоор тэр хачин мэдрэмжнээсээ зугтах гэхдээ гуйлгын бадар болох даг дайр болсон муу бор уутаа өмнөө бариад чимээ шуугиан бараадан хүн урсгалын дунд шуугин орж явчихлаа.
Үргэлжилсэн урт лангууны дэргэдүүр гөлрөө өвчтэй хүн шиг дүйнгэтэн явсаар залхах тийшээ ч хандав. Яг энэ үед түүнд хулгай хийж үзмээр хүн бусын хачин хүсэл төрж улмаар бүр тэчъяадаж эхэллээ. Юу хулгайлах вэ? Үнэхээр хэрэг болчих юм л бол дээр сэн. Гэвч бодоод бодоод хулгайлчих юм санаанд нь орсонгүй. Уг нь бол хоосон гэдэс, хонгио толгойноос өөр юмгүй хүнд эдэлж хэрэглэхээс эхлээд идэж уух хэрэгцээ их л баймаар. Хачирхалтай нь хулгай хийхийг сэдсэн нь хоол шиг бодол байж. Энэ бодолгүйгээр өлсөх юм байна гэдгээ гэнэт мэдээд бүр гайхширч орхилоо. Тийнхүү удтал тээнгэлзэж мунгинасны эцэст Цахирам авгайн дэрсэн шүүрнээс өөр ухаан санаанд нь орж ирэх юм олдоогүйд ч болсон уу буцаад л дусагнасан мөнөөх газраа хүрээд ирлээ. Эргүү төлөг шиг зорилгогүй тэнэж явсаар бороо зогссоныг ч анзаарсангүй.
Өдрийн наран баруунаа хэлбийж туниа муутайхан туяагаа илч гэрэл хүссэн нүүрэн дээр нь тусгаж байхад харин мань хүн “Шүхэр, шүхэр л хулгайлдаг байж” хэмээн бодож байлаа. Магадгүй, өвлөөр ч, зунаар ч, бүр бороо гээч зүйл байдаггүй байсан ч шүхэр л хулгайлж мэдэх юм. Хулгайлсан шүхрээ өвгөнд өгч таарна. Өвгөн илт баярлахгүй ч бас голохгүй, зүгээр л хүнээс авдаг бэлэгний л нэгэн адилаар хүлээн авах байсан биз. Баргил энэ тухай бадаг бүдэгхэн төсөөллөө нэрж хэсэг тэнэгрэн зогссоны хойно ерөөсөө өвгөнтэй л уулзъя гэж шийдлээ. Өвгөнтэй уулзсаны дараа л тэр хулгай хийх тухай өнөөдрийн бодол хэрэгцээнээс нь үүдэлтэй юм байна гэдгийг мэдэв. Яагаадыг бүү мэд, нэг л мэдэхэд өвгөнтэй хэтэрхий илэн далангүй, бас их хэгжүүн бардам ярьж суулаа. Зээлийн газраас хоёр буудлын хойхно байх ядмагхан уушийн газарт өвгөн тэр хоёр хөөрөлдөж байв. Баргилд энэ өвгөнөөс өөр найз газар дээр байхгүй. Харин газар доорх оромжинд нь бол олон хүн бий. Тэд бүгд л Баргилын найзууд. Тун гайхалтай нь өвгөн хэзээ ч түүнд гар сунгахаас татгалздаггүй. Гэхдээ гуйгаагүй байхад нь сарвайна гэж үгүй. Баргил түүнээс цөөхөн л гуйсан. Өвгөн ч бүгдэд нь тусалсан. Эргүүлж авна гэхгүй. Өгөх ч юм байх биш. Өвгөн ч үүнийг сайн мэднэ. Гэхдээ Баргил өвгөнөөс онцгой үед л тусламж хүсдэг байлаа. Газар доор амьдрагсдын эгэл нэгэн төлөөлөгч гэдгээ сайн мэдэх ч тэдний увайгүй занг тэвчдэггүйг нь энэ гярхай өвгөн олж харсан ч байж мэдэх юм. Өвгөн энэ удаа ч мөн сайхан загналаа. Би чамд боломж олгоё, хэд хэрэгтэй юм бэ гэж палхийтэл асуугаад хариулахын ч завдал өгөлгүй яг л хэрэгтэйг нь тоо ёсоор /хэтэрхий их байлаа/ ширээн дээр тоолоод чулуудчих нь тэр.
-Хүн боломж болгоныг хайрлаж бөөцийлөн тордох ёстой юу хишигтээн?
-Чи юу гэж бодож байна, өөрийнхөөрөө л бол.
-Наад хариулт чинь үнэхээр хангалтгүй байна.
-Би л хувьдаа боломжийг бордох ёстой гэж боддог. Тордох ч ёстой. Ер нь нөгөө асуултыг чинь “тийм” гэж хариулах гээд байна л даа.
-Энэ чинь тааллаараа бол гэж хэлсэн дээрх үгтэй чинь зөрчилдөж байна.
-Чи ер нь адармаатай. Асуудлыг дандаа хүндрүүлж байдаг. Зовж таашаал авах хүсэлтэй хүн юм. Харин бусдыг өөр шигээ бүү зовоож бай гэж зөвлөмөөр байна.
-Лут дүгнэлээ. Уг нь танаас нэг л зүйлийг хүссэн юм. Өгснийг чинь зовлон гэж хүлээж авах уу, жаргал гэж хүлээж авах уу гэдгээ мэдэхгүй байсан учраас өөртөө хариулахын тулд танаас асуучихлаа, уучлаарай.
-Үүнээс хойш өөрөөсөө л асууж бай. Хүний хариулт чамд зохихгүй юм байна.
-...
-Би хүнд туслахдаа харамж горилж тусалдаггүй.
-...
-Зөвхөн өгөө аваа боддог хүнд бас дургүй.
Энэ удаа Баргил тэссэнгүй. Сүүлийн үед байнга бодогдоод дотор сэтгэлийг нь төнхөөд байсан нөгөөх зүйл нэг л мэдэхэд аман дээр нь гараад ирэв.
-Бурхан ч гэсэн наймаалцдаг.
-Арай ч тэгж гүжирдэж болохгүй байх шүү. Бурханыг хүртэл наймаачин болгочихдог айхтар хүн юмаа чи.
-Бурханд өгөх, надад өгөх хоёр чинь яг адилхан. Ер нь та бурханлиг хүн болохоор бурханыг бодож л надад өгсөн байлгүй.
-Бурханд өгсөн бол дээр байж.
-За тэр. Одоо л үнэнээ хэллээ. Энэ тусламжаас чинь татгалзлаа. Гэхдээ татгалзаж байгаагийнхаа төлөө авъя. Иймэрхүү зөвшөөрлийг л өөрөөсөө хүлээж байсан юм.
-Чи мөн хачин хүн ээ. Их нэрэлхүү юм. Та нар чинь уг нь нэрээ идчихсэн улс л байдаг сан. Ядахад наад үнэр танар үг яриа хоёр чинь зохихгүй байна. Ийм олон үг хэл бололгүй зүгээр л авчихсан бол дээр байсан юм сан.
-Ингээд л таны мөнгө жигшүүрт мөнгө болон хувирлаа шүү дээ. Анх сарвайж байхад чинь бурханы гараас хүртчих дөхсөн. Одоо харин хүний гараас авах боллоо. Гялайлаа.
-Бурханаар туслуулах дургүй юм биз дээ?
-Бурханд туслах л дуртай.
-Эхлээд өөртөө тусалчихдаг бэнчинтэй болоод бурханд тусалвал дээр дээ.
-Бурханд туслахад бэл бэнчин хэрэггүй ээ.
-Тэгвэл ертөнцийн бүх гуйлгачингууд бурханы анд нөхөд, үнэнч туслагчид нь болж чадах нь ээ?
-Бурхан зөвхөн мөнгөтэй хүнд боломж /зардаггүй/ худалддаггүй байлгүй.
-Мөнгөөр боломжийг худалдаж авдаг юм. Мөнгө гэдэг чинь өөрөө том боломж. Түүнийг ч гэсэн бурхан өгдөг.
-Бурхан тэгэхээр зөвхөн баячуудад л хайртай гэсэн үг үү?
-Ядууст ч бас хайртай.
-Тэгвэл яагаад тэдэнд мөнгөнөөсөө сарвайхгүй байгаа юм бэ?
-Тэд мөнгөөр шагнуулах гавъяагүй.
-Баячууд ямар гавъяа байгуулсан юм бэ?
-Бурхан л мэддэг байх.
-Сайхан л хэрэг байна. Бурхан гуай тэгэхээр ялгаварлан гадуурхагч болж таарах нь ээ?
-Харин зарим бурхан тийм байх юмаа. Яг одоо нэг нь өөдөөс хараад өөрийгөө бас зарим нэг этгээдийг ялгаварлан гадуурхаад сууж байх юм.
-Надтай ингэж яриад нэмэргүй дээ.
-Яая гэхэв.
-Мөнгөөрөө намайг худалдаад авчихсан гэж бодож байвал том эндүүрэл шүү. Би бурханд зарагдчихсан.
-Сайн л байна бурханы бараа минь. Бурхан чамайг яагаад худалдан авсныг ойлгохгүй л юм. Би л хувьдаа гуйлгачныг худалдан авахгүй.
-Би танаас “гуйж” байсан удаагүй. Бусдаас бол өөр хэрэг.
-Бурханаас гуйж цадсан болохоор надаас юугаа гуйхав дээ. Бурхан гуай тэгээд туслагч нартаа хэр гар сарвайх юм бэ дээ? Ойрд орлого давгүй юу?
-Муу байгаа. Тэнгэрийн царай, миний царай хоёр баргархан л өдрүүд байна.
-Ялгаварлан гадуурхахаа болихгүй бол ялгавартай өдрүүд үргэлжлэх л байх даа. Бурхан гуайд өргөх тахилаа жаахан нэмбэл яасан юм бэ?
-Нэмж байгаа.
-Мөнгөөр өргөөд үзвэл зүгээр сэн.
-Энэ мөнгийг бурханд биш өөртөө өгнөө, хувцаслана.
-Сайхан санаа. Бурхан хувцасанд чинь дурлаж мэднэ шүү. Заримдаа тэр их моод хөөцөлддөг юм.
-Та бас л өгсөн мөнгөө бурханы өргөл болгож орхилоо. Би түүнд мөнгө өгөхгүй гээд байна шүү.
-Надтай л адилхан бурханд мөнгө өргөх гэж байж юундаа өөр хэлээр ярьдаг юм бэ дээ. За тэр яахав. Үг олдлоо. Явах минь. Чамтай дэмийрч байхаар хэдэн бор цаасаа эргэх нь дээр байна. Бурхан багшид таалагдах юм олж эгэлдрэх гэж байгаа чинь сайхан санаа шүү залуу минь.
Баргил буцлаа. Амьдралдаа барьж үзээгүй их мөнгө атгачихаад явж байхад түүнд ямарч баяр хөөр төрсөнгүй. Газар дорх гэрийнхээ үүдэнд ирсэн ч яаран орохыг төвдсөнгүй. Тэр ямар нэг зүйл олж бодох гэсэн боловч ухаан санаа нь хов хоосон байлаа.

АФАС-4

Өндөр таазтай хавчиг өрөөний голд зориуд зассан том вандан, дээр нь мөнөөх бүсгүйн нас эцэслэхдээ гэрээсэлсэн нөгөө хачин, нисдэг таваг шиг далибагар, ер бусын этгээд авс юу юугүй хөдлөн хажуу тийшээ гулсан унах гэж байгаа ч юмуу эсвэл хана таазыг нэвтлэн хаа нэг тийшээ нисэн одох гэж байгаа юм шиг сонин сэтгэгдэл төрөхөөр тавигджээ. Магадгүй энэхүү сонин авс доторх “зорчигч”-тойгоо нисэн одож гэмээнэ хана таазны алинд ч өчүүхэн завсар, нүх сүв үлдэхгүй, энэ багир хүнд өрөө тэр чигтээ юу ч болоогүй мэт санаа алдан үлдэх байх даа гэж бодогдоно.

Яг энэ үед жаалхүү мөнөөх таваг шиг хачин авсны ирмэгт тулж ирснээ зохимжгүй муухнаар эхэр татах нь тэр. Өөрөө тэр дуунаасаа цочив уу гэмээр хачин хулгаснаа хуруу нь эв хавгүйхэн нэг сарвалзаад сая л нэг цээжний гүнээс нялх хонгорхноор санаа алдаад уйлж эхэллээ. Хүү хачин чимээгүй уйлах аж. Нулимс нь урсаад л, тэгснээ божгор муу гараараа гялсхийтэл шудраад авах ч эл өрөөнд түүнээс болж үүсэх анир огт мэдрэгдэхгүй нь хачин. Яагаад ч юм хүү шуухитнахгүй, чив чимээгүй уйлж байсан юм. Түүнийг хэн нэгэн энд байхыг нь олох юм бол гайхширч сандрахдаа таг хөшчих юмуу, аль эсвэл дуу алдан гүйж хүрээд гараас нь хөтлөн чирээд гарах байсан байх. Ашгүй энд тийм юм болсонгүй. Дөнгөж саяхан, хэдхэн өдрийн өмнө өөрийг нь хөтлөн дэлгүүр рүү явж байсан ээж нь “Баавгай ахаа, баавгай ахаа” гээд л дуу зааж өгөөгүй гэж үү? Дөнгөж саяхан л ээж хүү хоёр бие биедээ эрхэлж хэн хэн нь хэлээ хазан жаргацгааж байгаагүй билүү? Хүү аяархан дуулж эхэллээ. “Баавгай ахаа, баавгай ахаа...”.
Тэр хэзээ ч ганцаараа дуу дуулж байгаагүйгээ мэдлээ. Ээж нь дэргэд нь хүүгээ урамшуулан жоохон хүүхдийн хоолойгоор “Баавгай ахаа..” гээд дуулахгүй болохоор дуу нь ч нэг их үргэлжилж гавьсангүй. Гэнэт эхэлсэн шигээ гэнэт тасарчихлаа. Ээж нь хэзээ ч түүнтэй дахиад “Баавгай ахаа... Баавгай ахаа...” гээд дуулахгүй юм байна шүү дээ гэж мэдэнгүүтээ хүү аймаар гашуунаар уйлж, бүр суун тусаад л, яг л гудамжинд ээждээ эрхлээд өнхрөөд өгдөг шигээ ойчиж байгаад чангаар уйлж гарлаа. Хачирхалтай нь хэн ч орж ирсэнгүй. Аргадсангүй. Бас л нөгөө дуугаа гэнэт дуулахаа зогссон шиг уйлахаа ч зогслоо. Тэгээд л хэсэг зуур гайхшран манарч зогссоноо урамгүйхэн үүд рүү алхав. Жаалхүү босгондоо бүдрээд хаалга мөргөөд уначихлаа. Босч ирэлгүй хэсэг удав. Тэгснээ гэнэтхэн пүрштэй юм шиг ухасхийн босоод тэр эрчээрээ гүйж одлоо.
Нэг л мэдэхэд хүү байдгаараа хөөрчихсөн, ажил явдал болсон газрын аядуу намуун өнгө аясыг орвонгоор нь эргүүлж тэнгэрийн дуу мангасын буу гэгч шиг хашгирч онгирч явлаа. Хүн бүрийн хувцас хунар, үс гэзэгнээс татаж чангааж, хойлгын найрны хоол ундыг бэлдэж суусан эзэгтэй нарыг уулга алдуулж, заримыг нь бүр балтасхийтэл цочоож уушиг зүрхийг нь амаар нь гаргачих шахав. Тэгсэн ч хүү зогссонгүй, хашгираад л, гүйгээд л, замдаа дэвхцээд л, дуулаад л... “Тэгэхдээ “Баавгай ах”-ыгаа дуулсангүй, том хүний янз бүрийн дууг огцом чангаар, инээдтэй марзан аялж, хого хого инээгээд сүйд. “Энэ муу золиг чинь яаж байгаа юм бэ”, “Хаанаас гараад ирэв дээ, тоглож л явсан баймаар юм”, “Хүүхэд гэдэг амьтан мөн хачин шүү, өрөвдмөөр юм”, “Үгүй яадаг золиг вэ, наадахаа бариад ав” гээд л энд тэндгүй томчууд дуу хадааж эхэллээ дээ. Хүү гүйсэн чигтээ хаалганы цаана очоод нөгөөдүүл рүү хэлээ гаргаж -Чаддаг юм бол бариад ав л даа. Мангаруудаа, та нар бол энэ дэлхийн хамгийн мангар хүмүүс шүү за юу. Хөөё Ёрвооноо та яг далайн дээрэмчин шиг харагддаг ш дээ, тэрийгээ мэдэх үү, аан, мэдэх үү? Тэр Соожий аажаа яасан тарган юм бэ, наад өөхнөөсөө надад зарчих, мөнгө нь энэ байна гээд атга дүүрэн мөнгө сарвайх нь өөд болоочийн хойлгын ажилд хүмүүсийн хандивласан, эмээгийнх нь цэгцэлж амжаагүй мөнгөнүүд байх ажээ. Хүүд хэлэх хэлэхгүй юм гэж алга. Ёстой л хамрын дор хагархай гэдэг шиг бурж өгч байна. Сонссон улсууд уулга дуулга алдан хөөцөлдөх боловч барьж авч чадсангүй ээ. Хүү нэгэнт гудамж руу гараад гүйгээд алга болж. Ард нь үлдсэн хүмүүс “Энэ хүүгийн ухаан ээдэрчихэв үү дээ” хэмээн айж бишүүрхэх мэт хоорондоо үг солин гайхалзацгааж байх зуур жаалхүү харин Афас гудамжны Таатрын чөлөөгөөр “Манай ээж үхээгүй, ээж маань амьд байгаа юм байна. Намайг сэрээгээд өгчих л дөө тэгэх үү” гэж орилоод, дуу хадаагаад явж байлаа.
Энэ дуунаар мань хий үзэгдэл босон харайж, өглөө нь өрөөнийхөө хаалганд хатагтай Г-гийн нямбайлан өлгөсөн даавуун даашинзыг нэвтлэн хаалганыхаа гадна хэдийнэ гараад ирчихжээ. Жаалхүү гүйгээд л, цамцаа дэрвүүлэн гүйх зуураа хашгираад л, сүүлдээ хоолой нь цахиртаад хахаж цацан бүгшүүлж эхэллээ. Афас гудамжны хий үзэгдэл түүнийг гайхан харах боловч хүү сэхээ самбаагүй хашгирч ханиалгаж өчүүхэн ч сааталгүй алхана. Хүү гэнэт хажуудаа хэн нэгэнтэй яваа мэт ярьж гарлаа. “Би өвдөөгүй. Босгон дээр унаад ердөө өвдөөгүй. Эмээ надад хэлсэн. Хүн зүүдэндээ өвддөггүй гэж. Би аймаар зүүд зүүдлээд байна. Сэрнэ, заавал...” гээд л үглээд явах аж. Хүү гүйж эхэллээ. Таатрын өргөн чөлөө өнгөрч Бүрхэгийн жижиг гудамжаар өгсөн шууд Соолог цамхгийг зорих нь тэр. Хий үзэгдэл хүүгийн явдлыг гүйцэхээ болиод мөн л гүйж явлаа. Соолог цамхаг дээр гарч ирэхдээ хүү жигтэйхэн амьсгаадчихсан, тэр жижигхэн биедээ баймгүй эрчирч чангарсан урам зоригтой, эрс харцаар орчноо нэгжиж, яг л том хүн шиг хэнгэнэтэл санаа алдаад дараа нь өөрийгөө шоолов бололтой түсхийтэл инээд алдав. Хий үзэгдэл ч мөн дагаад инээд алдлаа. Харин хүү ажирсангүй. Тэгснээ гэнэтхэн өмднийхөө халааснаас замын цагдаагийн шүглийг дуурайлган хийсэн тоглоомон шүгэл гаргаж ирснээ тасхийтэл үлээчихэв.
Манай хий үзэгдэл өөрийн эрхгүй чихээ хоёр гараараа дарж “Яагаад сахилгагүйтээд байна даа, нөхөөр” гэж ээнэг дотнохноор асуулаа. Хүү чихгүй толгой шиг зогсож байсан ч мань хүн өөртөө баярлав. Тэр хэзээ ч аав байж үзээгүй хэрнээ сая яг л эцэг хүн шиг нэг их хайр дүүрэн дуугарчихсандаа өөртөө бантах ч шиг, тэгсэн атлаа нэг л сайхан санагдаад явчихлаа. Тэгээд хайр дүүрэн харцаа хүүгийн зүг эргүүлтэл, ээ бурхан минь... юу болсон гэж сананаа! Хүү яах ийхийн зуургүй дарцаглан хийсчих нь тэр. Тэр аймшигт Соолог цамхгаас шүү дээ. Тасхийтэл, өөрөөсөө цочтол хашгирсан боловч дуу нь сонстсонгүй ээ түүнд. Гайхахдаа уйлах гэсэн ч нулимс байдаггүй. Нэг л мэдэхэд хар хурдаараа Соолог цамхгийн шатыг алгасан харайлгаж явлаа. Бууж ирээд тэр юу үзэв ээ, Бурхан тэнгэр минь, нөгөө муу хүү... Яаж байгаа нь энэ вэ гэж хашгиравч нэгэнт оройтжээ. Гэвч хашгирсаар л. Аймшигтайяа цурхиран, хамаг биеэ базлан, өр цоортол халаглахыг нь харсан хэний ч элэг эмтэрч, энэ яваа насандаа мартахааргүй яс маханд нь хадагдан үлдмээр энэ зургийг хүмүүс үл хайхран бяцарч нас барсан хүүгийн дээрээс шавах аж. Гэвч хожим хүмүүс хүүг ээжтэй нь хамт оршуулахдаа ч, оршуулгын цувааны ард мань хий үзэгдэл толгойгоо ганзагалан амьгүй биеэ чирэн алхаж явахад нь ч анзаараагүй билээ.
Оршуулгын цуваа Афас гудамжны Таатрын чөлөөгөөр өнгөрөх үес хатагтай Г цонхныхоо нүсэр хөшгийг үл мэдэг хөдөлгөн гунигтайяа ширтэн зогсохыг хий үзэгдлээс бусад нь бас л хараагүй юм. Толгойгоо эсвэл дээш нь өргөж хязгааргүй тэнгэр рүү сунгаж, эсвэл ганзагалаад өөрийгөө бүрмөсөн мартан алхаж явах үест гэнэтхэн Тэр хатагтай Г-г хараад зогтусч, тэгэхэд л өөрийгөө хэнд ч хэрэггүй амьтан гэдгээ зүрхээ урагдтал мэдэрч энэ ертөнц болоод үзэн ядагч хүмүүстэйгээ салах ёс хийсэн. Гэхдээ өнөөдрийг хүртэл салаагүй л яваа нь гайхмаар. Учир нь тэр яаж салж хагацахаа мэддэггүй билээ. Хүслээр болдоггүй хяслант орчлон гээд л хүмүүсийг ярихад тэр ямар ихээр инээж, элгээ хөшөөж тэднийг шоолдог байлаа даа. Хачин юм шүү. Болдоггүй юм гэж байдаггүй гэж боддог залуу байсан билээ тэр. Гэтэл ертөнц гэдэг мэддэггүй юмаар дүүрэн ажээ. Үгүйдээ л гэхэд энэ муу хүүг хар л даа. Хэн түүний нууцыг мэдэх юм бэ, надаас өөр гэж үглэх тоолондоо Тэр мөнөөх хүүд харамсч өөрийн эрхгүй хөндий цээжний цаанаас хэнгэнэтэл нэг санаа алддаг билээ. Тэгэхдээ тэр хүүг сэрсэн болов уу гэж дандаа боддог юм. Сэрэхэд нь ээж нь дэргэд нь байсан байгаасай гэж бурхандаа залбирдаг болсон сон. Бурханд тэр өмнө нь хэзээ ч залбирч үзээгүй билээ.