"СЭГСГЭР" блог
Олж харахыг хүссэн хүн бүхний төлөө цэцэгс хаа сайгүй дэлгэрч байдаг...
Saturday, September 13, 2014
Saturday, February 8, 2014
Тархи тарчлаасан их Дундад
Өмнөд нутгийн өвөл
Дундад улсын өмнөд нутгийн өвөл хүйтэн бороо хөглөрсөн манангаар жиндүүхэн үнсэж угтлаа. Буриадын дүнзэн байшингийн тоосгон өрлөгтэй цэмцгэрхэн шавар пийшинд өдөржин цогшин улалзаж байдаг бүдүүн дархины нуугисан илчээр өвлийг төсөөлдөг миний хувьд сүрлэн саравч, чулуун байшинд хөхөрч улайсан нүцгэн хөлдөө даавуу шаахай углаж хөвөнтэй хүрэм давхарлан бэгнэсэн өмнөд нутгийн наймаачид хөл гар нь бээрсэн ч амныхаа уураар амьдралаа залгуулж байгаа нь өлчир гэхээсээ илүү өрөвдөлтэй зутруухан харагдаж байлаа. Харин тэд энэ байдалдаа хэдийнэ дасчихсан бололтой ам хуурайгүй шулганалдаж гар чөлөөгүй гавшгайлна. Тэд гар хөдөлвөл ам тосддогийн үлгэрийг буй биеэрээ үзүүлэхийн зэрэгцээ дусал хөлснийхөө үнийг доллар, юань, мао, бүр задгай мөнгөний дахин задарсан хэлбэр болох фэнгээр ч авахад бэлэн. Харин хөлсийг нь хөсөрдүүлсэн тохиолдолд дэргэдэх нь байтугай дэлхий цочмоор их дуугаар харааж загнаж, бүр цохиод авахаас ч буцахгүй улангасна.
Tuesday, December 31, 2013
Шинэ он, шинэхэн...
Ирж буй шинэ онд амьдрал тань аз жаргал, амжилт хиймориор дүүрэн байх болтугай. Эрхэм найзууд минь сайхан баярлаарай
Friday, December 6, 2013
Зочид
Өчигдөр орой пс-гээ балбаад сууж байтал хаалга тогшлоо. Хийж байсан юмандаа улайраад хаалгаа тайлангуутаа буцаад гүйтэл ард нэг их танил дуу. Эргээд хартал Дарамын Батбаяр гуай, Пүрэвхүүгийн Батхуяг анд. Дуу алдаад эргээд л харайв. Тэврэлдэв. Үүр цайтал хууч хөөрцгөөв
Мэссэнжирт болсон яриа
-За миний найз, хан үндэстний соёлд живээд ханз үсгийг соёмбо шиг тахиад лут байна гэх шив?
-Үхсэн хойноо, хятад хэлэнд цагаарахаасаа өмнө хар архинд ногоороод хэвтэж байна.
-Өө, үхэж далд ормор, хаха.
-Аллах будда хоёр минь аврах байлгүй, аминь
-Гуцдаг. Хахаха
-Үхсэн хойноо, хятад хэлэнд цагаарахаасаа өмнө хар архинд ногоороод хэвтэж байна.
-Өө, үхэж далд ормор, хаха.
-Аллах будда хоёр минь аврах байлгүй, аминь
-Гуцдаг. Хахаха
Wednesday, November 13, 2013
хүн шиг...
-Чамд амьдрал хэрэггүй юу?
-Хэрэгтэй
-Хэрэгтэй юм бол хүн шиг амьдраач
-...
/Яанаа, би одоо юу шиг амьдраад байгаа юм болоо, эсвэл
амьдрахгүй байгаа юм болов уу ккк/
Монголчууд Щ-гээр дутталаа хол доо
Кирилл бичгийн Ъ, Ь, Й, Щ үсгүүдийг монгол хэлний хэрэглээнээс хасах шийдвэр гарсан юм дагаа даа. Цаагуур чинь бөөн хэрүүл хэлцэл болж байна. Хүний юм гэдэг хүний л юм байдаг хойно доо. Өөрсдийн бичиг соёлтой байж бусдын морин дээр сундалж яваа улс олон юм яриад яахав
Friday, November 1, 2013
Нэг удаа
Сэтгэлийн хир нь арилсан хүнтэй
Секс хийхийг тэсгэлгүй хүссэн
Ариун цэвэрч тэр минь харин
Амьдралыг угаагаад завгүй байсан
Tuesday, October 29, 2013
Өнчин хот
Их талын дундах өнчин
хот эздээ хүлээн сүүхийнэ. Ялаа батгана, шавьж шоргоолж шиг язганаж байдаг
шороон түмэн Хятадын нутагт хамгийн орчин үеийн архитектор дизайны төгс
шийдэлтэй, цоо шинэ гайхамшигт хот талын зэрэглээнээс ургасан хий үзэгдэл мэт оршин
суугчидгүй оршин байна гэдэг төсөөллөөс гадуурх зүйл мэт.
Monday, October 14, 2013
Аймаар юм
Ам
нээхгүй, хайрлахгүй, гомдохгүй байна
Аз
жаргалаа тэвэрсээр гар минь чилж байна
Амсхийх
зуураа хогийн сав хайж байна
Thursday, October 10, 2013
Өвөр Монголчууд чулуугаар хийсэн хоолоо геннист бүртгүүллээ
Арааны шүлс асгарам амтат идээ ундаа, хоол
зууш алаглуулан өрсөн дайллагын тансаг ширээг Өвөр Монголчууд геннисийн номд
бүртгүүллээ. Тус ширээн дээр өрсөн бүхэн чулуун урлал ажээ. Өвөр Монголын Алшаа аймгийн Баян хотод
гаргасан “Чулуун дайллага” хэмээх үзэсгэлэнд байгалийн бүх төрлийн чулуугаар
өнгө алаглуулан бүтээсэн 6000 гаруй хоол зууш бүхий 105 ширээ тавигдсан байна.
Энэхүү арга хэмжээг Алшаагийн чулуун урлалын
Фан Имө компаниас зохион байгуулжээ.
Wednesday, October 9, 2013
Өөртэйгөө уулзахаар яарнам
Шинэ ургацын шуналаа амталж амжаагүйдээ харамсалгүй
Шилэн болор сэтгэлээ хагарч унахыг ч тоолгүй
Хаалгаа аяархан хаагаад өөртэйгөө уулзахаар
Хачин их баяртайгаар яаран алхнам
Хуурамч амьдралын багууд нэг нэгээрээ хууларч
Хувцасгүй үлдсэн биен дээр үнэний сорвиуд атираатахад
Гомдлын биш уярлын нулимс тэжээлийн тос болно
Гоо сайхнаа хадгалах гэж би нүдээ үүрд анина
Sunday, October 6, 2013
Баяртай
Хувинтай ус зайрмагтаж
хоносон
Дүнзэн байшинтай намар
Хуурай модны давирхай
шиг
Чамайгаа шатаасан
Дулаацаагүй гэвч
даараагүй
Дутуу ноцсон үнэрт нь
угаартсан
Зайрмагтсан усаараа цай
чанаж
Залхууралгүй цааш
амьдрахаар шийдсэн
Thursday, September 19, 2013
Хятадад үхэгсдийг хуримлуулдаг ёс дахин сэргэлээ
Бүсгүй хүний цогцос
хулгайлах, худалдах гэмт хэрэг нэмэгдэж байгаа тухай мэдээлэл Хятадын цахим хэвлэлүүдэд
сүүлийн үед ихээхэн бичигдэх боллоо. Энэ нь Хятадын эртний уламжлалт “Үхэгсдийн
хурим”-ын ёслол дахин сэргэсэнтэй холбоотой юм байна. Нас барсан гоонь эр нөгөө
ертөнцөд эхнэр дагуулан очвол ирэх төрөлдөө сайн заяанд төрдөг, түүнд эхнэр
“бэлэглэсэн” гэр бүлийнхэн нь хэдэн үеэрээ баян чинээлэг амьдардаг хэмээх мухар
сүсэг өдгөө 21-р зуунд дахин сэргэсэн нь тус улсын эдийн засгийн өсөлттэй
холбоотой байж магадгүй хэмээн нийгэм судлаачид дүгнэн бичицгээж байна. Хятад
улс коммунист нийгэмд орсноор эртний мухар сүсгийг төрийн хуулиар цаазалж
“Үхэгсдийн хурим”-ыг хориглосон юм. Шороон түмэн иргэдийнхээ ходоод руу юм
чулуудахын тулд улс орон даяараа өлсөж өлчиржиж, зүтгэж зүдэрч байсан он
жилүүдэд үхэгсдэд байтугай үр хүүхэддээ ч хурим хийх нь хүнд хүчир зарлага байсан
билээ. Харин одоо улс орон нь эдийн засгийн хувьд хүжирхэгжихийн хэрээр ард
иргэд ч амсаж идэхээр гулгиж эхэллээ. Үүнтэй зэрэгцэн хойд насандаа хөрөнгө
оруулалт хийх капиталист санаархал бүхий коммунистууд өсөн нэмэгджээ. Гинжнээс
өөр алдах юмгүй пролетариудын гарт мөнгө очвол яадгийг Хятадын төр шүдээ зуун
харж нүдээ анин халаглавч барьж тогтоож дийлэхгүй, 21-р зуунд хоцрогдсон
заншлаа сэргээлгэж орхив.
Tuesday, September 17, 2013
Уран зохиолын талаар ярилцъя
Уран
зохиолын талаар уран ярихаа болиод үнэнээ ярьдаг болчихвол л болох юм шиг
санагдах юм. Тиймээс надтай үнэнээ ярих хүмүүстэй хамтран блогтоо цуврал
ярилцлагууд тавьж байхаар шийдлээ. Блог дээрээ “Уран зохиолын тухай ярилцъя”
гэдэг булан нээж байна. Уран зохиолыг бүтээгч, судлагч, шүүмжлэгч, хэрэглэгч,
уншигч хэнд ч ярилцлага маань нээлттэй, бас чөлөөтэй. Энэ ярилцлага уламжлал
болсон асуулт хариултын маягаар биш харилцан яриа маягаар хийгдвэл зүгээр
байхаа. Тэгэхээр уран зохиолын талаар буу халмаар бол миний яахоо мэссэнжирт
ороод ирж байгаарай. Эргээд бичиж сийрүүлэх ажлыг хөнгөвчилж шууд л копи паст
хийгээд л блог дээрээ тавиад байх санаа байна. Ямар вэ андууд аа, саналаа
хэлээрэй. sudar_z@yahoo.com
Wednesday, September 4, 2013
Баруун гар мандтугай
“Би гартай хүн
Би гаргүй хүн” гэдэг урт
найраглалыг тарни шиг цээжилж тав авчихаад учиргүй онгирч байж билээ бага
байхад. Баруун гараа нугардаггүй хэсгээр нь гурав хугалчихаад гартай ч юм шиг
гаргүй ч юм шиг гурван сар гутлаа хүнээр үдүүлсний эцэст гартайгаа гар бариад
сууж байна. Блогоо их саналаа. Зүүн гараараа баруун гараа тээж явсан өдрүүд ард
үлдэж баруун гартаа бал, үзгээ шүүрч авлаа.
Tuesday, May 7, 2013
Маргааш руу
Асгарах туяа урсан ирэхэд
Шалбаагт гудамжны жижигхэн байшиндаа
Нүдээ аниад нар руу үсэрнэм
Saturday, May 4, 2013
Хөххотын монгол оюутнуудын хөлд чирэгдсэн тэмдэглэл
Дайду хотыг дайлаар мордов
Урин
салхи сэвэлзсэн хаврын намуухан үдэш бэлтгэлийн өмд цамц, саравчтай малгай,
аяллын үүргэвчээр ижилссэн оюутан залуус тал бүрээс такси хүлэглэн Хөххотын галт
тэрэгний төв буудал дээр цуглалаа. Монголын оюутны спортын “Универсиад-3” их
наадмын Азийн бүсийн тэмцээнд хүч сорихоор шигшигдсэн Хөххотын монгол оюутны
баг Бээжинг зорих аялалдаа дөрөөлж буй нь энэ.
Thursday, April 11, 2013
Мөнгөний эзэн
Энэ дэлхийн бүх мөнгө минийх гэдгийг та бүхэнд дуулгаж
байгаадаа таатай байна. Би нийт мөнгөнийхөө тоог мэдэхгүй боловч өдөр бүр миний
халаасанд 5-10 доллар л явдаг. Харин дансанд маань мөнгө бараг байхгүй, хааяа л
орлоготой үед ганц хоёр 100 доллар болдог юм. Учир нь би иймэрхүү хэрэглээнд дассан,
үүнийгээ өөрчлөх гэж боддоггүй хүн. Би мөнгөө ингэж арвилан хэмнэж байхад миний
мөнгийг маш үрэлгэн зарцуулдаг хүмүүс дэлхий дээр дэндүү олон. Тэд тэгээд л
дасчихсан. Би үүнд нь гайхдаг ч үгүй. Миний мөнгө дэлхий дээрээс хийсээд
явчихгүйгээс хойш хэн нь юунд хэдийг зарах, хэний халааснаас хэнийх рүү орох,
аль тивийн банкнаас нөгөө рүү шилжих нь надад үнэхээр хүртээлгүй хэрэг гэж
боддог. Юутай ч энэ бүх мөнгө миний 20 долларын үнэтэй хуучин жинсэн өмдний
халаасан дахь задгай зооснууд шиг дээр доороо оролцон байраа сольж л байдаг.
Хэнд сонин санагдах вэ дээ. Харин миний мөнгөөр намайг хөлсөлдөг хүмүүс л надад
хамгаас сонин санагддаг юм. Нэгийн ард тэмбумаас цааш төсөөлшгүй олон тэг
тавигдах хэмжээний тэр мөнгөнөөсөө нэгийн ард нэг хоёрхон тэгтэй өчүүхэн хэсгийг
сугалж авахын тулд нэгийн ард төсөөлшгүй олон тэг тавигдах хэмжээний эсүүд минь
бүгд ажиллаж хөдөлмөрлөдөг учраас амьдрал надад сонин сайхан зүйл гэж бодогдог.
Wednesday, April 10, 2013
Ай, хавар аа
Харь гаригаас ирсэн
Биеэ тарималжуулсан
Байгаль орчинд
ээлтэйгээр
Бодох минь цэцэг үрслэх
шиг
Болц нь гүйцсэн төмөрлөг
ишин дээрээ
ишин дээрээ
Огт оргүйг дуулна, үл
ганхана
Орчлонгийн хавар цаг юм
сан...
...
Сэрүүн зүүдээ
Унтаж буй өөртөө ярихад
Навчис зулгарах нь сонстоно
Цонхны цаадах үхэлд
Буруутай мэт
Цаг чагхийнэ
Цочоохгүйн тулд
Зүрхээ зогсоож
Хайрлахыг хүснэ
Sunday, April 7, 2013
Амьдарч үзээгүй хүний дурсамж
Төрсөн минь үнэн бөгөөд
дэлхий хэмээн нэрлэгддэг энэ газарт ... жил байгаа минь бас үнэн юм. Ийнхүү байх
хугацаандаа амьдраагүй нь бас үнэн билээ. Амьдарна гэж үнэндээ яадгийг би
мэдэхгүй боловч мэдэлгүйгээр амьдарч орхиогүйгээ бас батлах байна. Учир нь би
амьдрахыг огт бодоогүй учраас амьдралыг танин мэдэж, бас хүн төрөлхтөний нэгэнт
бий болгож амжсан тэрхүү зам жимээр нь яваагүйгээ л сайн мэдэж байна. Надад
арван таван толгой, атгаалжин хар бие байхгүй. Байсан ч би өөрийгөө мангас гэж
нэрлэхгүй байх байсан. Надад одоо харин нэг толгой бий. Тэр нэгхэн толгой маань
википидеагаас тав дахин их мэдээлэл агуулах чадвартай ч би түүнийг ганц ч удаа
хоолонд оруулж байгаагүй.
Saturday, April 6, 2013
Ерөнхийлөгчөөс асууя
Tuesday, March 26, 2013
Автобус хүлээх зуур
Monday, March 25, 2013
Архи залгихгүй амьдарч чадахгүй нь үү Сэгсгээр...
Архидаж
айхтар заваараад байгаа юм алга л даа. Тэгэхдээ сүүлийн үед шоуны өдрүүд
олшроод, дараа нь шогшроод, шартсан үедээ шантраад “Архи залгихгүй амьдарч
чадахгүй нь үү Сэгсгээр” гэж хонгио толгой, ходоод гэдэстэйгээ хэрүүл хийгээд явж л байна. За тэр архидалт ч яахав байдаг л барааны саван, харааны шил, горооны зам.
Хамгийн гол нь уусан шалтгаан нь агуу л даа. Урвайгаад, унжигнаад эхлэхээр нь
усан нүдлэхгүй гэж гадуур зугаалан галт ус халбагдлаа ч гэх шиг. Хавар аа гэж...
Saturday, March 23, 2013
Би юу барьж байснаа мартчихлаа, туслаач...
Хүүхэд эрсдэлтэй тоглоом
шүүрээд авангуут “Тэрийг хараа, ямар гоё юм бэ” гэж сатааруулаад гар дахийг нь
сэмхэн булаагаад авчихдагтай төстэй юм. Агаа нар хөөрхий нялхасаараа тоглон “Нэг
хүүхэн алтаар бөөлжиж байна, хар даа” гэх зуураа юу амжуулсан бол доо. Жирийн
иргэн миний гарт юу байсныг мартчихлаа, санаж байгаа хүн амьтан байна уу?
Subscribe to:
Posts (Atom)