Tuesday, December 31, 2013

Шинэ он, шинэхэн...

Ирж буй шинэ онд амьдрал тань аз жаргал, амжилт хиймориор дүүрэн байх болтугай. Эрхэм найзууд минь сайхан баярлаарай

Friday, December 6, 2013

Зочид

Өчигдөр орой пс-гээ балбаад сууж байтал хаалга тогшлоо. Хийж байсан юмандаа улайраад хаалгаа тайлангуутаа буцаад гүйтэл ард нэг их танил дуу. Эргээд хартал Дарамын Батбаяр гуай, Пүрэвхүүгийн Батхуяг анд. Дуу алдаад эргээд л харайв. Тэврэлдэв. Үүр цайтал хууч хөөрцгөөв

Мэссэнжирт болсон яриа

-За миний найз, хан үндэстний соёлд живээд ханз үсгийг соёмбо шиг тахиад лут байна гэх шив?
-Үхсэн хойноо, хятад хэлэнд цагаарахаасаа өмнө хар архинд ногоороод хэвтэж байна.
-Өө, үхэж далд ормор, хаха.
-Аллах будда хоёр минь аврах байлгүй, аминь
-Гуцдаг. Хахаха

Wednesday, November 13, 2013

хүн шиг...


-Чамд амьдрал хэрэггүй юу?
-Хэрэгтэй
-Хэрэгтэй юм бол хүн шиг амьдраач
-...
/Яанаа, би одоо юу шиг амьдраад байгаа юм болоо, эсвэл амьдрахгүй байгаа юм болов уу ккк/

Монголчууд Щ-гээр дутталаа хол доо

Кирилл бичгийн Ъ, Ь, Й, Щ үсгүүдийг монгол хэлний хэрэглээнээс хасах шийдвэр гарсан юм дагаа даа. Цаагуур чинь бөөн хэрүүл хэлцэл болж байна. Хүний юм гэдэг хүний л юм байдаг хойно доо. Өөрсдийн бичиг соёлтой байж бусдын морин дээр сундалж яваа улс олон юм яриад яахав

Friday, November 1, 2013

Нэг удаа


Сэтгэлийн хир нь арилсан хүнтэй 
Секс хийхийг тэсгэлгүй хүссэн 
Ариун цэвэрч тэр минь харин 
Амьдралыг угаагаад завгүй байсан

Tuesday, October 29, 2013

Өнчин хот


Их талын дундах өнчин хот эздээ хүлээн сүүхийнэ. Ялаа батгана, шавьж шоргоолж шиг язганаж байдаг шороон түмэн Хятадын нутагт хамгийн орчин үеийн архитектор дизайны төгс шийдэлтэй, цоо шинэ гайхамшигт хот талын зэрэглээнээс ургасан хий үзэгдэл мэт оршин суугчидгүй оршин байна гэдэг төсөөллөөс гадуурх зүйл мэт. 

Monday, October 14, 2013

Аймаар юм


Аймаар юм, би баярлахгүй байна
Ам нээхгүй, хайрлахгүй, гомдохгүй байна
Аз жаргалаа тэвэрсээр гар минь чилж байна
Амсхийх зуураа хогийн сав хайж байна



Thursday, October 10, 2013

Өвөр Монголчууд чулуугаар хийсэн хоолоо геннист бүртгүүллээ



Арааны шүлс асгарам амтат идээ ундаа, хоол зууш алаглуулан өрсөн дайллагын тансаг ширээг Өвөр Монголчууд геннисийн номд бүртгүүллээ. Тус ширээн дээр өрсөн бүхэн чулуун урлал ажээ. Өвөр Монголын Алшаа аймгийн Баян хотод гаргасан “Чулуун дайллага” хэмээх үзэсгэлэнд байгалийн бүх төрлийн чулуугаар өнгө алаглуулан бүтээсэн 6000 гаруй хоол зууш бүхий 105 ширээ тавигдсан байна. Энэхүү арга хэмжээг Алшаагийн чулуун урлалын  Фан Имө компаниас зохион байгуулжээ.

Wednesday, October 9, 2013

Өөртэйгөө уулзахаар яарнам


Шинэ ургацын шуналаа амталж амжаагүйдээ харамсалгүй

Шилэн болор сэтгэлээ хагарч унахыг ч тоолгүй
Хаалгаа аяархан хаагаад өөртэйгөө уулзахаар
Хачин их баяртайгаар яаран алхнам
Хуурамч амьдралын багууд нэг нэгээрээ хууларч
Хувцасгүй үлдсэн биен дээр үнэний сорвиуд атираатахад
Гомдлын биш уярлын нулимс тэжээлийн тос болно
Гоо сайхнаа хадгалах гэж би нүдээ үүрд анина

Sunday, October 6, 2013

Баяртай


Хувинтай ус зайрмагтаж хоносон
Дүнзэн байшинтай намар
Хуурай модны давирхай шиг
Чамайгаа шатаасан
Дулаацаагүй гэвч даараагүй
Дутуу ноцсон үнэрт нь угаартсан
Зайрмагтсан усаараа цай чанаж
Залхууралгүй цааш амьдрахаар шийдсэн

Thursday, September 19, 2013

Хятадад үхэгсдийг хуримлуулдаг ёс дахин сэргэлээ


Бүсгүй хүний цогцос хулгайлах, худалдах гэмт хэрэг нэмэгдэж байгаа тухай мэдээлэл Хятадын цахим хэвлэлүүдэд сүүлийн үед ихээхэн бичигдэх боллоо. Энэ нь Хятадын эртний уламжлалт “Үхэгсдийн хурим”-ын ёслол дахин сэргэсэнтэй холбоотой юм байна. Нас барсан гоонь эр нөгөө ертөнцөд эхнэр дагуулан очвол ирэх төрөлдөө сайн заяанд төрдөг, түүнд эхнэр “бэлэглэсэн” гэр бүлийнхэн нь хэдэн үеэрээ баян чинээлэг амьдардаг хэмээх мухар сүсэг өдгөө 21-р зуунд дахин сэргэсэн нь тус улсын эдийн засгийн өсөлттэй холбоотой байж магадгүй хэмээн нийгэм судлаачид дүгнэн бичицгээж байна. Хятад улс коммунист нийгэмд орсноор эртний мухар сүсгийг төрийн хуулиар цаазалж “Үхэгсдийн хурим”-ыг хориглосон юм. Шороон түмэн иргэдийнхээ ходоод руу юм чулуудахын тулд улс орон даяараа өлсөж өлчиржиж, зүтгэж зүдэрч байсан он жилүүдэд үхэгсдэд байтугай үр хүүхэддээ ч хурим хийх нь хүнд хүчир зарлага байсан билээ. Харин одоо улс орон нь эдийн засгийн хувьд хүжирхэгжихийн хэрээр ард иргэд ч амсаж идэхээр гулгиж эхэллээ. Үүнтэй зэрэгцэн хойд насандаа хөрөнгө оруулалт хийх капиталист санаархал бүхий коммунистууд өсөн нэмэгджээ. Гинжнээс өөр алдах юмгүй пролетариудын гарт мөнгө очвол яадгийг Хятадын төр шүдээ зуун харж нүдээ анин халаглавч барьж тогтоож дийлэхгүй, 21-р зуунд хоцрогдсон заншлаа сэргээлгэж орхив.

Tuesday, September 17, 2013

Уран зохиолын талаар ярилцъя


Уран зохиолын талаар уран ярихаа болиод үнэнээ ярьдаг болчихвол л болох юм шиг санагдах юм. Тиймээс надтай үнэнээ ярих хүмүүстэй хамтран блогтоо цуврал ярилцлагууд тавьж байхаар шийдлээ. Блог дээрээ “Уран зохиолын тухай ярилцъя” гэдэг булан нээж байна. Уран зохиолыг бүтээгч, судлагч, шүүмжлэгч, хэрэглэгч, уншигч хэнд ч ярилцлага маань нээлттэй, бас чөлөөтэй. Энэ ярилцлага уламжлал болсон асуулт хариултын маягаар биш харилцан яриа маягаар хийгдвэл зүгээр байхаа. Тэгэхээр уран зохиолын талаар буу халмаар бол миний яахоо мэссэнжирт ороод ирж байгаарай. Эргээд бичиж сийрүүлэх ажлыг хөнгөвчилж шууд л копи паст хийгээд л блог дээрээ тавиад байх санаа байна. Ямар вэ андууд аа, саналаа хэлээрэй. sudar_z@yahoo.com

Wednesday, September 4, 2013

Баруун гар мандтугай


 “Би гартай хүн
Би гаргүй хүн” гэдэг урт найраглалыг тарни шиг цээжилж тав авчихаад учиргүй онгирч байж билээ бага байхад. Баруун гараа нугардаггүй хэсгээр нь гурав хугалчихаад гартай ч юм шиг гаргүй ч юм шиг гурван сар гутлаа хүнээр үдүүлсний эцэст гартайгаа гар бариад сууж байна. Блогоо их саналаа. Зүүн гараараа баруун гараа тээж явсан өдрүүд ард үлдэж баруун гартаа бал, үзгээ шүүрч авлаа. 

Tuesday, May 7, 2013

Маргааш руу


Шархадсан муур шиг шаналант сарны

Асгарах туяа урсан ирэхэд

Шалбаагт гудамжны жижигхэн байшиндаа

Нүдээ аниад нар руу үсэрнэм

Saturday, May 4, 2013

Хөххотын монгол оюутнуудын хөлд чирэгдсэн тэмдэглэл


Дайду хотыг дайлаар мордов
Урин салхи сэвэлзсэн хаврын намуухан үдэш бэлтгэлийн өмд цамц, саравчтай малгай, аяллын үүргэвчээр ижилссэн оюутан залуус тал бүрээс такси хүлэглэн Хөххотын галт тэрэгний төв буудал дээр цуглалаа. Монголын оюутны спортын “Универсиад-3” их наадмын Азийн бүсийн тэмцээнд хүч сорихоор шигшигдсэн Хөххотын монгол оюутны баг Бээжинг зорих аялалдаа дөрөөлж буй нь энэ.

Thursday, April 11, 2013

Мөнгөний эзэн



     Энэ дэлхийн бүх мөнгө минийх гэдгийг та бүхэнд дуулгаж байгаадаа таатай байна. Би нийт мөнгөнийхөө тоог мэдэхгүй боловч өдөр бүр миний халаасанд 5-10 доллар л явдаг. Харин дансанд маань мөнгө бараг байхгүй, хааяа л орлоготой үед ганц хоёр 100 доллар болдог юм. Учир нь би иймэрхүү хэрэглээнд дассан, үүнийгээ өөрчлөх гэж боддоггүй хүн. Би мөнгөө ингэж арвилан хэмнэж байхад миний мөнгийг маш үрэлгэн зарцуулдаг хүмүүс дэлхий дээр дэндүү олон. Тэд тэгээд л дасчихсан. Би үүнд нь гайхдаг ч үгүй. Миний мөнгө дэлхий дээрээс хийсээд явчихгүйгээс хойш хэн нь юунд хэдийг зарах, хэний халааснаас хэнийх рүү орох, аль тивийн банкнаас нөгөө рүү шилжих нь надад үнэхээр хүртээлгүй хэрэг гэж боддог. Юутай ч энэ бүх мөнгө миний 20 долларын үнэтэй хуучин жинсэн өмдний халаасан дахь задгай зооснууд шиг дээр доороо оролцон байраа сольж л байдаг. Хэнд сонин санагдах вэ дээ. Харин миний мөнгөөр намайг хөлсөлдөг хүмүүс л надад хамгаас сонин санагддаг юм. Нэгийн ард тэмбумаас цааш төсөөлшгүй олон тэг тавигдах хэмжээний тэр мөнгөнөөсөө нэгийн ард нэг хоёрхон тэгтэй өчүүхэн хэсгийг сугалж авахын тулд нэгийн ард төсөөлшгүй олон тэг тавигдах хэмжээний эсүүд минь бүгд ажиллаж хөдөлмөрлөдөг учраас амьдрал надад сонин сайхан зүйл гэж бодогдог.

Wednesday, April 10, 2013

Ай, хавар аа


Би байгалийн амьтан биш
Харь гаригаас ирсэн
Биеэ тарималжуулсан
Байгаль орчинд ээлтэйгээр
Бодох минь цэцэг үрслэх шиг
Болц нь гүйцсэн төмөрлөг 
                           ишин дээрээ
Огт оргүйг дуулна, үл ганхана
Орчлонгийн хавар цаг юм сан...

...



Сэрүүн зүүдээ
Унтаж буй өөртөө ярихад
Навчис зулгарах нь сонстоно
Цонхны цаадах үхэлд
Буруутай мэт
Цаг чагхийнэ
Цочоохгүйн тулд
Зүрхээ зогсоож
Хайрлахыг хүснэ

Sunday, April 7, 2013

Амьдарч үзээгүй хүний дурсамж



Төрсөн минь үнэн бөгөөд дэлхий хэмээн нэрлэгддэг энэ газарт ... жил байгаа минь бас үнэн юм. Ийнхүү байх хугацаандаа амьдраагүй нь бас үнэн билээ. Амьдарна гэж үнэндээ яадгийг би мэдэхгүй боловч мэдэлгүйгээр амьдарч орхиогүйгээ бас батлах байна. Учир нь би амьдрахыг огт бодоогүй учраас амьдралыг танин мэдэж, бас хүн төрөлхтөний нэгэнт бий болгож амжсан тэрхүү зам жимээр нь яваагүйгээ л сайн мэдэж байна. Надад арван таван толгой, атгаалжин хар бие байхгүй. Байсан ч би өөрийгөө мангас гэж нэрлэхгүй байх байсан. Надад одоо харин нэг толгой бий. Тэр нэгхэн толгой маань википидеагаас тав дахин их мэдээлэл агуулах чадвартай ч би түүнийг ганц ч удаа хоолонд оруулж байгаагүй.

Saturday, April 6, 2013

Ерөнхийлөгчөөс асууя

Ардчилсан Монгол Улсад цуурч явсан амаараа Танаас нэг зүйл асууя.  Баярцогтын хужаад бэлэглэсэн Монгол улсын эрхэм Ерөнхийлөгч өө, танд бодогдох юм юу ч алга уу?

Tuesday, March 26, 2013

Автобус хүлээх зуур

Манай ангийнхан
Хичээл тараад сургуулийн автобус хүлээх зуураа авахуулсан зураг. Манай сургуулийн шинэ кампус хотоос 50 км-т байдаг болохоор бид өдөртөө 100 км "аялдаг". Заримдаа автобусаар, заримдаа унадаг дугуйгаар

Monday, March 25, 2013

Архи залгихгүй амьдарч чадахгүй нь үү Сэгсгээр...



Архидаж айхтар заваараад байгаа юм алга л даа. Тэгэхдээ сүүлийн үед шоуны өдрүүд олшроод, дараа нь шогшроод, шартсан үедээ шантраад “Архи залгихгүй амьдарч чадахгүй нь үү Сэгсгээр” гэж хонгио толгой, ходоод гэдэстэйгээ хэрүүл хийгээд явж л байна. За тэр архидалт ч яахав байдаг л барааны саван, харааны шил, горооны зам. Хамгийн гол нь уусан шалтгаан нь агуу л даа. Урвайгаад, унжигнаад эхлэхээр нь усан нүдлэхгүй гэж гадуур зугаалан галт ус халбагдлаа ч гэх шиг. Хавар аа гэж...

Saturday, March 23, 2013

Би юу барьж байснаа мартчихлаа, туслаач...



       Хүүхэд эрсдэлтэй тоглоом шүүрээд авангуут “Тэрийг хараа, ямар гоё юм бэ” гэж сатааруулаад гар дахийг нь сэмхэн булаагаад авчихдагтай төстэй юм. Агаа нар хөөрхий нялхасаараа тоглон “Нэг хүүхэн алтаар бөөлжиж байна, хар даа” гэх зуураа юу амжуулсан бол доо. Жирийн иргэн миний гарт юу байсныг мартчихлаа, санаж байгаа хүн амьтан байна уу?