Wednesday, March 9, 2011

Цэцэнсод


Цэцэнсодын блог гэж нэг сонин ертөнц бий. Өгүүллэг, шүлэг бичдэг, өвөрмөц сэтгэлгээтэй залуу. Харин би түүнийг танихгүй, зөвхөн блог руу нь зочилдог байлаа. Сохор зураачийн тухай өгүүллэгийнх нь дор сэтгэгдэл болгон түүний нэрээр энэ шүлгийг бичээд үлдээсэн юм. Хожим нь бид танилцахаар нэг удаа уулзсан. Таалагдсан.

Ц
агаан өнгө ховхрон унахад

Цайр түрхэж сэлбэхээ болиод

Э
дгэж эхэлсэн шархаа илбэн

Эмнэлгийн орон дээр үхмээр санагдахад
Цаг мөрний хөвөөн дээр
Цавчилгүй харуулдах хүлээлт мэт

Э
нэлэн манарах хөхөмдөг үдшийн

Эгшигт санааширал дөтлөн ирэхэд

Н
амрын зөрөгт навчис хуралдаад

Намайг хэдийнэ цаазалсан байнам

С
охор хүслийн мөрийг тэмтчин

Солиором орчилд нүдээ мартахад
О
д сарны бүдэг чимээ

Огт оргүйн гүнд хангинах нь сонстоод

Даралтат хөгжим ганцаардан хашгирахад
Даруул дороос нь чамайг оллоо

Monday, February 28, 2011

Хүрээний анхны телефон Богдын ордонд хангинажээ


Одоогоос 97 жилийн тэртээ Хүрээний анхны телефон утас Богдын ордонд хангинажээ. 1914 онд Богд хаант Монгол улсын төр засгийн дээд хэмжээний төлөөлөгчид Орос улсад анх удаа ажлын айлчлал хийх үедээ Оросын талд хүсэлт тавьж нийслэл хүрээнд хоёр ширхэг телефон аппарат авчруулан нэгийг нь Богдын ордонд нөгөөг нь Гадаад яамны сайд Чин ван Ханддоржийн өргөөнд тавиулжээ. Харин Сайн ноён хан Намнансүрэн нөр их ажлынхаа дундуур цаг зав гаргаж “Телефон холбоог хэрэглэх журам” гэх ашиглалтын зааврыг монгол, орос хэл дээр найруулан бичиж батлан гаргаж байсан баримт бий. Айлчлалын үеэр Петербург хотын телефон станцыг үзэхээсээ өмнө Сайн ноён хан маань телефон утас гээчийг дуулаа ч үгүй явжээ. Хүрээний телефон хэрэглэгчдийн тоо аажмаар нэмэгдэж 1921 онд 24 болсон бол тухайн жил нь ардын хувьсгал ялж улс орон даяар засаг захиргаа тогтон улсын дотоод дахь бүх ажил идэвхижсэний дүнд 1923 онд 100 хэрэглэгчтэй МБ-100 станцыг суурилуулсан байна. Нийслэл хүрээний телефон холбооны хэрэгцээ цаашид улам түргэн өсөж Ардын засгийн газрын шийдвэрээр 1927 онд телефон станцыг шинэ байранд 300 хэрэглэгчтэй байгуулж дээрх станцаас гурвыг суурилуулжээ. Хүрээний анхны бага сургууль байрлаж байсан түүхт байранд Цахилгаан мэдээний шугам эрхлэх газрыг оруулж байсан нь Спортын төв ордон сүндэрлэн боссон тэр газар юм.

Sunday, February 27, 2011

Монголын их хатны гоёл үзэсгэлэнгийн танхимд

Монголын их хаад алтан дээл өмсөж, хатад нь есөн эрдэнийн үнэт чулуун шигтгэмэл бүхий толгойн алтан чимэглэлээр гоёж явсан нь эдүгээгээс 100-хан жилийн өмнөх түүх билээ.
Эл түүхийн баримт болох эдлэл хэрэглэлүүд Богдын музейд хадгалагдаж байдаг юм. Тус музей Улсын эх дагина хэмээн өргөмжилөгдөж асан, Богдын их хатан Дондогдуламын эдэлж хэрэглэж явсан хувцас хэрэглэл, эд зүйлсээр анх удаа үзэсгэлэн гаргалаа. Үзэсгэлэн нь Монголын тусгаар тогтнолын 100 жилийн ойд зориулагдаж байгаа юм. Богд хаан болон түүний хатны хувцас хэрэглэлийг Монголын шилдэг 120 гаруй зураач, уран хатгамалч, оёдолчид зөвхөн гар аргаар давтагдашгүй ганц хувийг урладаг байжээ. Богд хаантай 21 жил ханилсан энэ хатан тухайн үедээ эрдэм боловсрол тэгш, гоо үзэсгэлэнтэй бүсгүй байсан бөгөөд Шашин төрийг хослон өрнүүлэгч улсын эх дагина хэмээх тамга барьж төрийн хэрэг шийдвэрлэж байсан тухай түүхэнд үлджээ. Улсын эх дагинад анх өргөмжлөгдөхдөө өмсөж байсан түүний дээл үзэсгэлэнд тавигдсан нь олны нүдийг хужирлаж байлаа.

Wednesday, February 23, 2011

Богдын шарил Нарангийн энгэрт бий юу?

Нарангийн энгэр хэмээн нэрлэгддэг Улаанбаатар хотын нийтийн оршуулгын газарт VIII Богд Жибзундамба хутагтын шарил одоог хүртэл байгаа гэдэгт Монголын бурхны шашны зүтгэлтнүүд итгэлтэй байна. 1924 онд VIII Богд Жибзундамба нь 55 насандаа жанч халснаар Монголд Бүгд найрамдах засаглалын хэлбэр тогтсон түүхтэй. Харин энэ хүн нас барахад хаана, хэрхэн оршуулж байсан талаар хүмүүс тэр бүр мэдэхгүй биз ээ. Богд Жибзундамба хэмээх энэ хүмүүн монголынхоо төлөө сэтгэлтэй, монголчууд ч Богд эзэн хаандаа шvтлэгтэй байснаас эл эрхэм хvнээ таалал төгсөхөд Гандантэгчилэн хийдийн мөргөлийн дуганд занданшуулан бунхалсан ажээ. Гэвч 1936-1937 оны үеийн их хэлмэгдүүлэлтийн vеэр VIII Богдын занданшуулсан шарилыг байрлуулсан суврагыг эвдэн гаргасан байхыг маршал Х.Чойбалсан үзээд Баруун Нарангийн эрvvл газарт хайрцаглуулан оршуулсан байна. Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийнхэн саяхнаас Богдынхоо занданшуулсан шарилыг эрж хайж хэд хэдэн газар хөндөж хайсан хэдий ч Монгол Улсын сүүлчийн эзэн хааны шарил эдүгээ олдоогүй л байна. VIII Богдыг таалал төгссөнөөс хойш Хүрээний хамба номонхан Лувсанхаймчиг нарын хүмүүс богдын шарилыг залах тусгай сүм бариулах хүсэлтээ БНМАУ-ын Шүүх Явдлын яаманд өргөн мэдүүлж байсан баримт нь эдүгээ Улсын төв архивын газарт хадгалагдан үлджээ. Тухайн бичгийн эхэд дурдсан нь: “Эдүгээ Жибзундамба хутагтын шарилын сүм суваргыг эрхлэн үйлдүүлэхээр тусгай томилогдсон хүчир хамба Бумгарвуу нараас мэдүүлэн ирсэн нь өчүүхэн бид нар тушаасныг дагаж харъяат хутагтын шарилыг залах сүмийг үнэ хямд ба бололцохыг эрж Улаанбаатар хотын Баруун дамнуурчны мужаан иргэн Ван Шин Цэн хэмээх Мянган, Ву Хува Гүн хэмээх Түмэнбаяр нарын хоёр пүүсэнд хоёр түм, таван мянган янчаан өгч үйлдүүлэхээр хэлэлцэн тогтсон зэрэг явдлыг Хятад, Монгол үсгийн гэрээ бичиг тодорхойлон байгуулж, мэдүүлэн хүргээр ирсний тулд, уул гэрээ бичиг хоёр хувийг бичиг дагалдуулан БНМАУ-ын Шүүх Явдлын яамнаа өргөн мэдүүлээд, гуйх нь толилон тогтоож, харилцан тэмдэглэх ажаамуу. Үүний тул өргөв. Монгол Ард Улсын 15 дугаар он, таван сарын хорин зургаан” гэжээ. VIII Богд Жибзундамба хутагт нь Далай ламын сангийн нярав Гончигцэрэн хэмээх түшмэлийн гэрт төрж 5 настайдаа Монголд залагдан ирсэн түүхтэй. Монголын түүхийн хамгийн эгзэгтэй үеүд буюу XX зууны эхний хоёр хувьсгалыг удирдаж байсан энэ түүхэн хүн Агваанлувсанчойжиннямданзанванчиг хэмээх уртаас урт номын нэртэй байжээ.

Tuesday, February 15, 2011

Мээдрэмж байкүй...


Ажлынхаа өрөөнд ганцаараа, сандлынхаа түшлэг дээр толгойгоо тавиад нүдээ аниад удаан суулаа. Юу ч бодохгүй, юунд ч баярлахгүй, бас гомдохгүй. Нойр хүрэхгүй, тэгсэн мөртөө сэрүүн биш. Зүгээр л уйлмаар ч юм шиг, юу ч яримааргүй, эсвэл амаа хамхихгүй чалчаад эхэлмээр. Хэн нэгнийг хүлээгээгүй атлаа сэмээрхэн догдлоод, тийн атлаа залхуу хүрээд. Цонхоор бүүдгэр мөртөө гэрэлтэй, яг над шиг тэнгэр харагдаад, хачин өдөр болж байна. Гадаа хавар болж байгаа гэсэн...

Monday, January 24, 2011

Харимаар...


Гэнэ гэнэхэн уйтгар хөглөрөөд

Гэртээ байгаа хэрнээ харимаар санагдаад... Д.Г

Tuesday, January 11, 2011

И скучно и грустно...


Заримдаа би харь гариг руу смс бичмээр санагддаг. Энэ дэлхийн хэнд ч хаягламааргүй санагдахаараа...

Tuesday, January 4, 2011

Хамгийн үнэтэй капитал...


Гэрлэн дохиотой уралдаж алхах гүйхийн хооронд ам мөлтөс зам гараад урт амьсгаа авч амжаагүй байтал ард машины сигнал тасхийх нь тэр. Дотор палхийхийн зуур цочмог эргэн харвал долоо, найм орчим насны жаахан амьтан лүнзгэр том жийпний гүүпер зуураад хөшчихөж. Нүд нь л бүлтэгнээд байх аж. Мөнөөх жийпний жолооч цонхоороо толгойгоо цухуйлгачихсан том дуугаар зандарч үзэгдэнэ. Айж балмагдсандаа яахаа мэдэхгүй зогсож байсан хүү сая л нэг амьсгаа авав бололтой миний зүг ухасхийн чавхадлаа. Хүүг тосож тайтгаруулах санаатай гараа сарвайн дөхсөн ч надаас гэлмэгтэн цааш дөлсөөр тойрч даялаад явчихлаа. Дотор сэтгэлд нэг их гуниг төрж, юуны төлөө хэнд гомдож байгаагаа ч мэдэхгүй сэтгэл тавгүйтчихэв. Бидний хамгийн үнэтэй капитал ийн үнэгүйдсэнийг гэнэт мэдрэхүйд цээжин цаана хөндүүр оргиж хаачихаа мэдэхгүй ганцаардалд хүлэгдэн сэтгэл тушигдчихлаа...

Уруулаа будаж нүдээ тодруулаад

Учралын дуу аялан бүрэнхүйг зориход

Араас ширтэх хэн нэгэн байхгүйд

Амрах шиг болоод санаа алдахад

Нэлэнхүй цагийн орог алчуур

Нэрнээс минь гулсан унахад

Ирсэн зүгийн мартсан оршихуй

Итгэж ядан өмнөөс тосоход...

Friday, December 24, 2010

Сайхан баярлаарай

Бүх найзууддаа шинэ жилийн мэнд хүргээд ёололгүй сайхан ёолкдоорой гэж ерөөе


Thursday, December 16, 2010

Тавиул


Пийсүүгээ санаад ийм хөөрхөн зураг тааралдахаар нь тавьчихлаа. Манай Пийсүү айлын тогоо өнгийж байгаа... хэхэ

Wednesday, December 15, 2010

happy new year


Инээж уйлах бүхэндээ ганцаараа байсны төлөө

Ирэх өдрүүдийг тосохдоо алгаа дэлгэдгийн төлөө

Ийм сайхан ертөнцөд олуулаа ирсний төлөө

Итгэж найдах анд дандаа олддогийн төлөө

Зүрх өвдөн шаналдаг ч зүгширч эдгэдгийн төлөө

Зүүдэндээ энэлж хэрсүүждэг ч сэрж баярдагийн төлөө

Бие биенээ харж амьд явдгийн төлөө

Биелшгүйд үргэлж тэмүүлж дундарч дүүрдгийн төлөө...

Tuesday, December 7, 2010

Хааяахан...


Санаж амжилгүй мартсан

Мартсандаа баярласан

Сайхан хүний тухай

Хааяахан...


Wednesday, November 17, 2010

Монгол үндэстний баяр дэлхийн өвд бүртгэгдлээ


Эрт дээр үеэс эрхэмлэн тэмдэглэсээр ирсэн Монголчуудын үндэсний баяр-Эрийн гурван наадам ЮНЕСКО-гийн соёлын өвд бүртгэгдлээ.Эрийн гурван наадам нь биеийн тамир спортын шинжтэй, зан үйлийн хэлбэртэй, ардын урлагийн зүйлсийг хослуулсан уламжлалт ёслол юм. Энэ баяр наадмын үед эр хүний хүч самбааг сорих бөхийн барилдаан, нум сум харвах эрдэм, хүлэг морины хурд сорих тэмцээн тусгай ёс журмын дагуу болдог. Спортын энэ гурван төрлийг үзүүүлэхдээ эртнээс уламжилж ирсэн дэг жаягийн дагуу тусгай хувцас өмсгөл хэрэглэн зан үйлийн хөдөлгөөн хийж магтаал шүлэг хэлдэг байна. Мөн шалгарч түрүүлсэн хүчит бөх, мэргэн харваач хурдан морьдод уран цэцэн хэллэг бүхий үгтэй цол чимэг олгодог юм. Эрийн гурван наадам нь тусгай болзол шаарддаггүй, оролцох хүсэлтэй хүн бүхнийг чөлөөтэй хамруулдаг туйлын ардчилсан хэлбэр агуулгатайгаараа онцлог юм. Энэхүү баяр ёслолыг эрт дээр үеэс уул усаа тахих, дайн тулаанд мордох, ялаад эргэж ирэх, төрийн тэргүүн суулгах, Цагаан сар, томхон найр хурим зэрэг тэмдэглэлт үйл явдлыг тохиолдуулан янз бүрийн сар улиралд хийж ирсэн уламжлалтай. Харин 1921 оноос хойш жил бүрийн 7-р сарын 11-нд Ардын хувьсгалын ялалтын өдрийг ёслон тэмдэглэж улсын баяр наадмыг хийх болсон нь зөвхөн цаг улирлын хувьд төдийгүй тэмдэглэлт үйл явдлын хувьд бүх ард түмний сэтгэлд нийцтэй, шинэ агуулгаар баяжсан төрийн ёслол болжээ.

Хөөмий ЮНЕСКО-д бүртгэгдлээ


Монголын ардын урлагийн өвөрмөц нэгэн төрөл болох хөөмийг ЮНЕСКО-гоос Хүн төрөлхтөний материаллаг бус соёлын өвд бүртгэлээ.
“Авиа дуурайх урлаг” хэмээн нэрлэгддэг хөөмий нь өгүүлэхүйн эрхтэний тусламжтайгаар дуулах онцгой чадварын үр дүнд бий болсноороо урлаг судлаачдын анхаарлыг ихээхэн татдаг төрөл юм. Хөөмий үүсэхэд Монгол үндэстний байгаль дэлхийгээ шүтдэг уламжлал ихээхэн нөлөөлснийг тэд нэгэн дуугаар баталдаг. Байгаль дэлхийгээсээ урам зориг, хүч тэнхээгээ олж авдаг ард түмэн зөвхөн байгалийн дуу авиаг дуурайх бус түүний мөн чанарт нэвтэрч чадсанаар энэхүү гайхамшигт урлагийг бий болгосон үздэг байна. Хөөмий нь хос авиагаар дуулагддаг цорын ганц уламжлалт урлаг юм. Энэ урлаг нь дотроо хархираа, исгэрээ, нармай, шахаа гэсэн дөрвөн онцгой төрөлд хуваагддаг бөгөөд тэдгээр нь хөгжмийн нийтийн хэл болох басс, баритон, тенор хоолойг төлөөлдөг билээ. Хөөмийг орчин үеийн хөгжмийн бүхий л урсгал, зэмсгийн аянд тохируулан аялах боломжтой ажээ.

Sunday, November 14, 2010

"Загас буруу наадуулдаг" ТВ


Монголын анхны хувийн чөлөөт телевиз гэдгээрээ ихэд бахархан нэрийн рекламаа гэрийн хойморт минь дуурсгадаг 25-р суваг телевиз эвийн хоёр загасыг хувийн юм шиг буруу “наадуулсаар” удлаа. 25-ын тоог холбон хийсэн логоныхоо дунд төрийн соёмбоны толгойг хавчуулмар болохдоо загасыг нь нар буруу “наадуулсан” нь хувийн чөлөөт гэдэг утгаа хуульчилж байгаагийнх уу, аль эсвэл алмай болгоомжгүйнх үү?




Монголын ард түмний эрх чөлөө, Монгол төрийн тусгаар тогтнолын бэлгэ тэмдэг болсон Соёмбоны:

-Гал нь мандан бадрах хөгжихийн бэлгэдэл.

-Дөлний гурван хәл нь ард тvмний өнгөрсөн, одоо, ирээдvйн хөгжил цэцэглэлтийг бэлгэддэг

-Дөлний доор байрлах нар, cap нь мөнх тэнгэрийг төлөелсөн батжин мөнхрөхийн бэлгэдэл. Дөл, нар, cap нийлээд Монгол улс vvрд мандан бадрахыг төлөөлнө,

-Гурвалжин дvрс нь жад сумны гилбэрийг дvрсэлсэн бөгөөд vзvvр нь доош чиглэсэн нь дайсныг дарах гэсэн далд утгатай

-Тэгш өнцөгт дvрс тэмдэгт нь хуягийн ялтсыг дvрсэлсэн. Шулуун шударга, бөх бат журамтай гэсэн утга илэрхийлдэг.

-Арга билгийн хоёр загас нь өдөр шөнийн цагт нүдээ аньдаггvй, vр мөн ихтэй амьтан хэмээн сонор соргог, өнөр өтгөн байхыг бэлгэддэг.

-Соёмбын хажуу талын босоо дөрвөлжин тэмдэгтээр хэрмийг дvрсэлдэг бөгөөд Монголын ард тvмэн эв нэгдэлтэй, төмөр хэрмээс ч бат бөх гэсэн утга санааг хадгалдаг ажээ.

Tuesday, October 26, 2010

Итгэхээ больсон

Цоожтой байшинд аз жаргал бий гэж Цонхигор дүр минь итгэдэг байсан Түлхүүрийнх нь нүхээр шагайх бүхэндээ Түүний сайхныг биширдэг байсан Эзэнгүй байшинд нэг л өдөр Эрхэмсэг ноён буцаж ирсэн Хаалга үүдээ цэлийтэл нээж Харьж ирснээ тэр зарласан Цоожтой байшинд аз жаргал бий гэж Цонхигор дүр минь итгэхээ больсон...

Tuesday, October 19, 2010

Нарантуул


...нэгэн өдөр миний хонгорхон Туул санаа алдан утсаар ярилаа. “Сэгсээхэй минь гадаа цас хаялж байна. Том том ширхэгтэй... Хоёулаа ийм олон өдөр уулзахгүй явж яаж чадав аа. Би талбай хөндлөн алхаад чам руу очлоо шүү” гээд утсаа тавьчихлаа. Юм бичээд сууж байсан би компьюторынхоо нээлттэй хуудсан дээр энэхэн мөрүүдийг тэрлэж билээ. Нарантуул яаманд би ...-д ажилладаг, цас бороо орсон өдөр бид Сүхбаатарын талбайд албатай юм шиг нэгнийгээ хүлээдэг.


Нарантуул минь, навчны судал, цасны амьсгал минь
Намираа бороо, сүүлчийн болзоо, ирэх өдрүүд минь
Аргадахад үг дутах этгээд гунигийн гэрч минь
Асуухад хариулт нь олдохгүй зэлүүд өдрүүдийн анд минь
Ренбрандтын урлан, эцэж цуцаагүй бийрийн ганц зураас минь
Рерихийн хүсэл их нууцын эрэлд хамт зорчсон зоригт минь
Амсарт нь уруулын хээтэй дарсны хундага, дарвуулт хөгжим минь
Амсахгүй олон амтыг нэгэн тагшинд зуурч зүрхээ тэжээгч минь
Намар хаварт өмсгөлөө гандааж өврөө жиндүүлэгч минь
Нас зүсийг огоорон одож хүслээ гүйцээгч минь
Торомгор нүд, нумарсан хөмсөгт, инээд цалгиагч минь
Тоолшгүй олон өдрүүдийг хамтдаа туулсан анд минь
Удаан мартах, удаад ч мартахгүй хэцүү тавилант минь
Урагшаа алхахдаа нүдээ аньж замаа туулдаг заншилт минь
Учирлаад хэрэггүй, гэмшээд барахгүй гэрэл гэгээт минь
Улаан гэрлээр зорчигч, зүүдэндээ итгэгч зүггүй минь
Лаврин үдшээр сэтгэлээ гоодоход чинь толь чамд хэрэг болбол
Лавай сарны сүүмгэр туяанд хамтдаа сууж зүрхийг чинь чагная даа, анд минь

Monday, September 20, 2010

2-р ангидаа жирэмсэн болсон би

Ангийнхандаа “Арас яс” гэдэг хочтой мань Сэгсгэр хоёрдугаар ангид байхдаа цүдийтлээ гүзээлдэг юм байна. Өдрөөс өдөрт гүзээ минь түрээд, Сэгсгэр аниа ч шаналаад эхэллээ дээ. Миний гүзээ болоод шаналгааг минь надаас өөр хэн ч тоохгүй байсан нь хачин юм шүү. Олон хоног дээлтэйгээ хатсаны эцэст “Би жирэмсэн болжээ” гэдэг онош өөрөө өөртөө тавилаа. Тэр үед чинь эрэгтэй хүүхдийн гараас барьчихвал л жирэмсэн болдог гэдэг гүн бат итгэлтэй явлаа шүү дээ.
Одоо нөхөр Сэгсгэр гүзээ түрэн томрох хүүхдийнхээ эцгийг тогтоох их ажилтай боллоо. Биеийн тамирын хичээл дээр хэний гараас барилаа, хажуу хашааны хэнтэй яалаа ийлээ гээд л бодож гардаг юм. Эцэг нь тогтоогдсонгүй ээ. Ингээд мөнөөх үндсэн шаналгаагаа л тэврээд үлдлээ дээ хөөрхий. Одоо энэ хүүхдийг яавал алга болгох вэ гэдэг ганц том шаналгаа үлдэж байгаа юм. Тэгээд л арга хэмжээ авч эхэллээ. Манай эмээ найз лам өвгөнөөсөө рашаан утлага авчраад л агаа бид хоёрын сайртай гарыг орой болгон угаалгах компанит ажлаа ид өрнүүлж байсан үе. Усан дээр жоохон рашаан дусаагаад угаалгадаг юм. Би гэж буруу номтон тэр рашаанаар нь угаахгүй утахгүй гээд оройдоо бөөн дайн дажин болно. Орон доогуур ороод хэвтчихнэ. Эмээ таягаараа түлхэж төнхөж аргаа бараад Агаагаар баривчлуулан гаргаж ирээд хүч хэрэглэн байж гарыг нь норгосон болж, гардан тулаанд хүч мөхөсдсөн Сэгсгэрийн нус нулимсаар “Рашаалах” арга хэмжээ өндөрлөдөг сөн. Тэгсэн хөөрхий муу Сэгсгэр жирэмсэн болоод өнөөх рашаан утлаганд нугасгүй орлоо. Нар үнэн жаргав уу худлаа далдрав уу л “Эмээ хэдүүлээ рашаанаараа гар нүүрээ угаах уу? Эмээ би төмпөнгөө оруулаад ирэх үү?” Эмээгийн нар гарч байна гэж юухэв. Миний охин ийм л мундаг даа, ёстой сайн гээд л шүүгээ авдар хоёроо тэмтрээстэй. Харин муу Сэгсгэрийг гэдсэн доторх хүүхдээ гаргахгүй арга хэмжээ авч байна гэж яаж санахав дээ зайлуул. Эмээ минь рашаанаар угаах болохоор л “За миний хүүхдүүд их сайн юм боддог юм шүү. Ийм тийм хүслээ бүтээсэй гээд л залбирч угаана шүү дээ” гээд л захидаг байсан юм. Би ч рашаанаараа гараа угаангаа “Ганжуур өвөө минь, гэдсэн доторх хүүхдийг минь одоо биш том болсон хойно минь гаргаж өгөөрэй” гэж дотроо шившихийг юу гэж мартахав. Ингээд хэсэг хугацаа өнгөрөхөд миний гүзээ нэмж томрохоо зогслоо, эмээгийн баяр хөөр ч нэмэгдлээ, би ч чин сүжигт нэгэн боллоо. Ганжуур өвөөгийн өгсөн рашаан маш сайн рашаан. Миний нөгөө хүүхэд одоо болтол гарч ирээгүй л байгаа. Одоо гараад ирвэл би ангийнхнаасаа ичихгүй ээ...

Friday, September 17, 2010

Уруулын будагтай танилцсан түүх

Би уруулын будаг түрхэж үзэхийг маш их хүсдэг байлаа. Аав, агаа , эмээтэйгээ амьдардаг Сэгсгэрт уруулын будаг түрхэх хувь тохиолгүй долоон нас хүрчихсэн хэрэг. Тэгтэл холын хамаатны нэг ганган эгч манайд зочилдог юм байна. Цонхны тавцан дээгүүр будаг шунх, тос, харандаа гээд л хамаг сайхнаа өрж орхичихоод аймгийн төвөөр зугаалахаар явчихлаа шүү. Сэгсгэр нөгөө гоё чамин уруулын будгийг ширтээд л суугаад байдаг. Шийдвэр гаргаж чаддаггүй ээ. Эмээ намайг хүний юманд зөвшөөрөлгүй хүрэхийг хориглодог. Нэг ойртсоноо л холдоод байгаа. Тэсч ядаад эмээг гадуурх ажлаа амжуулах зуур нөгөө сайхан юмыг чинь ч бариад авлаа шүү . Тэгсэн будаг нь тээр дор харагдаад байдаг. Яаж дээш нь болгохыг эмэгтэй хүний совингоороо шууд л тааж байгаа юм чинь. Будаг ч гозойгооод гараад ирлээ. Сэгсгэр гялс манс уруулдаа түрхээд л хаясан. Толинд ч харж амжаагүй байхад эмээ ороод ирэх нь тэр.
" - Хөөе яаж байгаа золиг вэ. Эгчийнхээ будаг шудганд гар хүрээд үзээрэй чи ..." . Сэгсгэр буруу харж хошуугаа шудрангаа

" -За эмээ, би хүрээгүй... " .

-За сайн. Миний Сэгсгэр ч дуулгавартай охин доо. Алив эмээдээ тус болоод хэдэн зүү сүвлээд орхи. Эмээ дээлээ оёно оо.

Орой нь айлын эгч дуу аялсаар орж ирээд эмээтэй баахан хууч хөөрлөө. Сэгсгэр бүлх залгиастай. Ганган эгчийн гар нүд хочрыг л харуулдаад байгаа. Хэзээ цонхны тавцан руу очиж будгаа үзэх бол. Тэгээд л хөмсгөө зангидан " Хэн миний будгаар хошуугаа будсан, айн " гээд л над руу харах байх даа гээд л хүлээгээстэй. Тэгсэн эгч будгандаа ойртдог ч үгүй. Хоол ундаа идээд унтаж амрах юм боллоо. Сэгсгэр бүлхэндээ хахаастай. Маргааш нь айлын эгч нөгөө гоё будгаа ч авлаа даа. Тэгээд л будгаа эргүүлэн гаргаж ирээд юу ч болоогүй юм шиг уруулаа будчихаад л дуугаа аялаад, эргэж харан намайг сайхан эелдэг инээмсэглэлээр шагнаад л яваад өгч билээ. Будаг нь яг л миний өчигдрийн онгойлгоход ямар байсан тэр чигээрээ. Айлын эгч юу ч мэдээгүй. Сэгсгэрийн санаа нэг их амарч өөрийн эрхгүй хөл нь хөнгөрөөд

-" Эмээ, би юу хийх вэ? Муужгайндаа хоол өгчих үү. Тэгэх үү яах вэ эмээ " . Эмээ Сэгсгэрийгээ татаж үнсэнгээ

" Миний охин ч сайн охин доо. Тэг ээ миний хүү, муужгайдаа өнөөх шөлнөөсөө жаахныг хийгээд өг... " .

-" Эмээ, та уруулын будаг яагаад түрхдэггүй юм бэ " . Эмээ сөрвөсхийтэл нэг том харснаа

-Юу гэж байгаа Зомо вэ. Би уруулын будгаар яадаг юм ...

-" Эмээ, би уруулын будагтай болох юм сан... " .

-" Миний хүүхнийг том болохоор аав нь аваад өгнө өө. Одоо болохгүй. Жаахан хүүхэд уруул буддаггүй юм

" -Жаахан хүүхэд уруулаа будвал яах уу эмээ?

-Хош яасан их үгтэй зомо вэ? Одоо олон юм шалгаахаа болиод наад муу амьтнаа нэг наранд гаргаадах. Муур ч ёстой муухай залхуу золиг юмаа. Алив гараад өгч үз та хоёр...

Ингээд л уруулын будаг гэдэг юмаар өвчилж өгсөн дөө. Айл гэрцэхдээ хүртэл ээж нь болж уруулаа будаад л. Уруулын будагтай танилцсан түүх гэвэл ийм л байна даа. Хэхэ