Thursday, April 28, 2011

Ус Ус Ус


Америкт нэг хүн боловсон жорлонд бие засчихаад усаа татахад Африкт нэг хүн тэр хэмжээний ус дутагдсанаас харангадаж үхэж байна гэвэл та итгэх үү? Харамсалтай нь бодит байдал ийм байна. Дэлхий дүүрэн ус цэлэлзэж байхад харангадаж үхээд байхдаа яахав дээ гэж үү? Тийм ээ. Гэвч дэлхийг бүрхдэг нийт усны дөнгөж 2.5 орчим хувь нь цэвэр ус бөгөөд түүний ихэнх нь туйлын мөсөнд буюу газрын гүнд түгжигдсэн байдаг юм. НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн үзэж байгаагаар дэлхийн гадаргуу дээрх болон газар доорх цэвэр усны нэг хүрэхгүй хувийг хүмүүс хэрэглэх боломжтой. Хамгийн бүдүүлгээр харьцуулж хэлэхэд юмкость дүүрэн уснаас ганцхан дусал нь л бидэнд оногдоно гэсэн үг байна шүү дээ.

Tuesday, April 26, 2011

Хариулмааргүй санагдаад...


Өнөөдөр ажил гэж арзгар үснээс минь их, сэгсгэр толгойгоо сэжих завгүй суулаа.. Мессенжерийн статус дээр “Завгүй” гэдэг үг өлгөөстэй. Дэлгүүрийн хаалганд өлгөөтэй байдаг “Closed” гэдэг шиг л харагддаг байх даа бусдад бол. За тэгээд яахав, завгүй Сэгсгэр бичиж байгаа юмандаа нэг баримт олчих санаатай “News.mn” рүү харайгаад орж явчихлаа. Эднийхээр орох бүхэндээ “Entertainment news” рүү нь нэг шагайгаад гардаг хүн л дээ би. Тархи нүднийхээ ядаргаанд таслал тавиад үргэлжлүүлэх гэж тэр л дээ. Тэгсэн тэнд ийм нэг өгүүлбэр байна аа. “Амьдрал хэмээх замаар алхаж явахад хаа нэгтээгээс, хэн нэгэн үргэлж л чам руу чулуу шиднэ. Тэр чулуугаар юу хийх вэ гэдгээс бүх зүйл шалтгаална. Хана уу? Эсвэл гүүр үү? Чи өөрөө өөрийнхөө амьдралыг бүтээн цогцлоох архитектор нь гэдгээ хэзээ ч битгий март”. Таалагдлаа. Таалагдангуут нь татаж авчраад мессенжерийнхээ статус дээр залчихлаа даа хөөрхий. Тэгсэн одоо дор дурдах найз бүсгүйгээс минь сапп гээд л мессеж ороод ирлээ дээ.

Найз: За гоё үг байнаа

Сэгсгэр: Баярлалаа

Ингээд л нөгөө арзайсан ажил руугаа сэгсийсэн толгойгоо буцаагаад дүрлээ дээ. Хийж байсан юмнаасаа уйдангуутаа Зүүдчин блогчны бичиж илүүлсэн материалын үг үсгийн алдааг ньагнасан шигээ суутал “Хүнийг таних тусам адгуустай нөхөрлөх юмсан гэсэн тэсгэлгүй хүслэн төрдөг” гэсэн Гётегийн ишлэлтэй тааралддаг юм байна. Тэгэнгүүт нь уулгамч юм шиг татаж авчраад л дахиад мессенжерийн статус дээр залчихлаа. Тааралдсан аятайхан өгүүлбэр болгоноо татаж авчраад өлгөж байдаг нөхөр л дөө Сэгсгэр бол. Тэгсэн нөгөө найз бүсгүйгээс дахиад л мессеж сапп гээд ороод ирлээ. Тэгээд нэг иймэрхүү яриа өрнөх шив дээ.

Найз: Ter n ch yu yum be

Найз: zugeer l huntei naizlah yumsan gej boddog

Найз: hund jaahan oirhon huntei ch yumuu

Сэгсгэр: minii ug bish Getegiin ug ee naizushka

Найз: medej bna. ter Getё-doo damjuulaad helchiheerei

Сэгсгэр: Gete nas baraad zuu gariu jil ungurcheen

...
Ингээд хэрүүл ч биш хэлцэл ч биш балай юм үргэлжилсээр ер нь бараг хэрүүл болоод дуусах шив дээ. Учрыг нь ч сайн ойлгосонгүй. Манай найз харин надад ойлгуулж өгсөөн. Чиний зөрүүд хөдөлчихөж гэж байна билээ. Тэгсэн юм байлгүй хэхэ. Тэгэхдээ би найз нөхөд бие биенийхээ үзэл бодлыг хүндэтгэдэг, сэтгэлгээний хувьд хил хязгаартай байсан нь дээр гэж үздэг хүн л дээ. Харин миний найз миний статусан дээр тавьсан үг бүхэнд онцгой ач холбогдол өгдөг, тэр үгсийг миний сэтгэлзүйн илэрц гэж ойлгодог хүн байгаа юм. Тэгээд л найзын ёсоор, хүлээсэн үүргийнхээ дагуу мөнөөх статусан дээр тавигдсан “үйлийн үртэй” үгээр дамжуулан миний ажлын өдөр ямархуу өнгөрч байгааг, мөн яагаад “аймаар” үг тавих болсон зэргийг маань шалгааж гардаг юм. Заримдаа би хариулмааргүй санагддаг...

Sunday, April 10, 2011

Улам-Оргихын шүлэг


Хувь тавилан бид хоёр
Заримдаа жаахан маргалдахаараа
Эртний дайчдын хурц иртэй

Хутга шиг үгсээр хоёр биенийхээ

Зүрхийг зүсэж хуруугаа эсгэчихээд

Нэрэлхсэндээ дараа нь хоорондоо хуруудаж

Ялагдсаныгаа ойролцоох эмийн сан руу

Хурууны боолтонд гүйлгээд

Хувь тавилан бид хоёр

Худал инээмсэглэх завгүй
Гэгээн амьдарч байна, энүүхэндээ...
Номын садан, эрхэм дүү Улам-Оргихдоо төрсөн өдрийн мэнд хүргэе.

Thursday, March 10, 2011

45-ын гутал


“Цагаан сар” өнгөрч хөл хөлхөөн багасаад, эмээ агаа бид гурвыг тоодог хүн ховордоод, хаврын урт өдрүүд налайгаад ирэхийн үес Сэгсгэрийн сэтгэл доноголзоод эмээгийнхээ ханцуйнаас үг сүггүй дугтчаад эхэлдэг сэн. -Эмээж /эмээ ээж гэж байгаа юм/ гурвуулаа Давхар дэлгүүр явъя л даа. Та агаад гутал авч өгнө гээ биз дээ, агаад гутлыг нь авъя л даа /Агаагаар далимдуулаад өөртөө бас гоё юм авахуулчих санаа дотроо агуулаастай/. Нэлээд хэдэн өдөр дугтчуулж дугтчуулж эмээ маань агааг хичээлд нь явуулчихаад Сэгсгэрийгээ хөтлөөд Давхар дэлгүүр рүү хийсгэнэ дээ. Давхар дэлгүүр гэдэг нь тэр үед аймгийн төвдөө л Их дэлгүүр нь байсан юм. Эмээ авдраасаа дээл хувцасаа гаргаж хэрдээ л хөл болно. Шоопинг хийхийн өмнөх сэтгэлзүйн бэлтгэл бол лут аа лут. Муу Сэгсгэрийнхээ үсийг жавхайтал сүлжиж гоёж гоодоод сүйд болно. За тэгээд л том жижиг хоёр майга Давхар дэлгүүр хүртэл ам хуурайгүй гунганалдсаар орж явчихна даа. 

Wednesday, March 9, 2011

Цэцэнсод


Цэцэнсодын блог гэж нэг сонин ертөнц бий. Өгүүллэг, шүлэг бичдэг, өвөрмөц сэтгэлгээтэй залуу. Харин би түүнийг танихгүй, зөвхөн блог руу нь зочилдог байлаа. Сохор зураачийн тухай өгүүллэгийнх нь дор сэтгэгдэл болгон түүний нэрээр энэ шүлгийг бичээд үлдээсэн юм. Хожим нь бид танилцахаар нэг удаа уулзсан. Таалагдсан.

Ц
агаан өнгө ховхрон унахад

Цайр түрхэж сэлбэхээ болиод

Э
дгэж эхэлсэн шархаа илбэн

Эмнэлгийн орон дээр үхмээр санагдахад
Цаг мөрний хөвөөн дээр
Цавчилгүй харуулдах хүлээлт мэт

Э
нэлэн манарах хөхөмдөг үдшийн

Эгшигт санааширал дөтлөн ирэхэд

Н
амрын зөрөгт навчис хуралдаад

Намайг хэдийнэ цаазалсан байнам

С
охор хүслийн мөрийг тэмтчин

Солиором орчилд нүдээ мартахад
О
д сарны бүдэг чимээ

Огт оргүйн гүнд хангинах нь сонстоод

Даралтат хөгжим ганцаардан хашгирахад
Даруул дороос нь чамайг оллоо

Monday, February 28, 2011

Хүрээний анхны телефон Богдын ордонд хангинажээ


Одоогоос 97 жилийн тэртээ Хүрээний анхны телефон утас Богдын ордонд хангинажээ. 1914 онд Богд хаант Монгол улсын төр засгийн дээд хэмжээний төлөөлөгчид Орос улсад анх удаа ажлын айлчлал хийх үедээ Оросын талд хүсэлт тавьж нийслэл хүрээнд хоёр ширхэг телефон аппарат авчруулан нэгийг нь Богдын ордонд нөгөөг нь Гадаад яамны сайд Чин ван Ханддоржийн өргөөнд тавиулжээ. Харин Сайн ноён хан Намнансүрэн нөр их ажлынхаа дундуур цаг зав гаргаж “Телефон холбоог хэрэглэх журам” гэх ашиглалтын зааврыг монгол, орос хэл дээр найруулан бичиж батлан гаргаж байсан баримт бий. Айлчлалын үеэр Петербург хотын телефон станцыг үзэхээсээ өмнө Сайн ноён хан маань телефон утас гээчийг дуулаа ч үгүй явжээ. Хүрээний телефон хэрэглэгчдийн тоо аажмаар нэмэгдэж 1921 онд 24 болсон бол тухайн жил нь ардын хувьсгал ялж улс орон даяар засаг захиргаа тогтон улсын дотоод дахь бүх ажил идэвхижсэний дүнд 1923 онд 100 хэрэглэгчтэй МБ-100 станцыг суурилуулсан байна. Нийслэл хүрээний телефон холбооны хэрэгцээ цаашид улам түргэн өсөж Ардын засгийн газрын шийдвэрээр 1927 онд телефон станцыг шинэ байранд 300 хэрэглэгчтэй байгуулж дээрх станцаас гурвыг суурилуулжээ. Хүрээний анхны бага сургууль байрлаж байсан түүхт байранд Цахилгаан мэдээний шугам эрхлэх газрыг оруулж байсан нь Спортын төв ордон сүндэрлэн боссон тэр газар юм.

Sunday, February 27, 2011

Монголын их хатны гоёл үзэсгэлэнгийн танхимд

Монголын их хаад алтан дээл өмсөж, хатад нь есөн эрдэнийн үнэт чулуун шигтгэмэл бүхий толгойн алтан чимэглэлээр гоёж явсан нь эдүгээгээс 100-хан жилийн өмнөх түүх билээ.
Эл түүхийн баримт болох эдлэл хэрэглэлүүд Богдын музейд хадгалагдаж байдаг юм. Тус музей Улсын эх дагина хэмээн өргөмжилөгдөж асан, Богдын их хатан Дондогдуламын эдэлж хэрэглэж явсан хувцас хэрэглэл, эд зүйлсээр анх удаа үзэсгэлэн гаргалаа. Үзэсгэлэн нь Монголын тусгаар тогтнолын 100 жилийн ойд зориулагдаж байгаа юм. Богд хаан болон түүний хатны хувцас хэрэглэлийг Монголын шилдэг 120 гаруй зураач, уран хатгамалч, оёдолчид зөвхөн гар аргаар давтагдашгүй ганц хувийг урладаг байжээ. Богд хаантай 21 жил ханилсан энэ хатан тухайн үедээ эрдэм боловсрол тэгш, гоо үзэсгэлэнтэй бүсгүй байсан бөгөөд Шашин төрийг хослон өрнүүлэгч улсын эх дагина хэмээх тамга барьж төрийн хэрэг шийдвэрлэж байсан тухай түүхэнд үлджээ. Улсын эх дагинад анх өргөмжлөгдөхдөө өмсөж байсан түүний дээл үзэсгэлэнд тавигдсан нь олны нүдийг хужирлаж байлаа.

Wednesday, February 23, 2011

Богдын шарил Нарангийн энгэрт бий юу?

Нарангийн энгэр хэмээн нэрлэгддэг Улаанбаатар хотын нийтийн оршуулгын газарт VIII Богд Жибзундамба хутагтын шарил одоог хүртэл байгаа гэдэгт Монголын бурхны шашны зүтгэлтнүүд итгэлтэй байна. 1924 онд VIII Богд Жибзундамба нь 55 насандаа жанч халснаар Монголд Бүгд найрамдах засаглалын хэлбэр тогтсон түүхтэй. Харин энэ хүн нас барахад хаана, хэрхэн оршуулж байсан талаар хүмүүс тэр бүр мэдэхгүй биз ээ. Богд Жибзундамба хэмээх энэ хүмүүн монголынхоо төлөө сэтгэлтэй, монголчууд ч Богд эзэн хаандаа шvтлэгтэй байснаас эл эрхэм хvнээ таалал төгсөхөд Гандантэгчилэн хийдийн мөргөлийн дуганд занданшуулан бунхалсан ажээ. Гэвч 1936-1937 оны үеийн их хэлмэгдүүлэлтийн vеэр VIII Богдын занданшуулсан шарилыг байрлуулсан суврагыг эвдэн гаргасан байхыг маршал Х.Чойбалсан үзээд Баруун Нарангийн эрvvл газарт хайрцаглуулан оршуулсан байна. Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийнхэн саяхнаас Богдынхоо занданшуулсан шарилыг эрж хайж хэд хэдэн газар хөндөж хайсан хэдий ч Монгол Улсын сүүлчийн эзэн хааны шарил эдүгээ олдоогүй л байна. VIII Богдыг таалал төгссөнөөс хойш Хүрээний хамба номонхан Лувсанхаймчиг нарын хүмүүс богдын шарилыг залах тусгай сүм бариулах хүсэлтээ БНМАУ-ын Шүүх Явдлын яаманд өргөн мэдүүлж байсан баримт нь эдүгээ Улсын төв архивын газарт хадгалагдан үлджээ. Тухайн бичгийн эхэд дурдсан нь: “Эдүгээ Жибзундамба хутагтын шарилын сүм суваргыг эрхлэн үйлдүүлэхээр тусгай томилогдсон хүчир хамба Бумгарвуу нараас мэдүүлэн ирсэн нь өчүүхэн бид нар тушаасныг дагаж харъяат хутагтын шарилыг залах сүмийг үнэ хямд ба бололцохыг эрж Улаанбаатар хотын Баруун дамнуурчны мужаан иргэн Ван Шин Цэн хэмээх Мянган, Ву Хува Гүн хэмээх Түмэнбаяр нарын хоёр пүүсэнд хоёр түм, таван мянган янчаан өгч үйлдүүлэхээр хэлэлцэн тогтсон зэрэг явдлыг Хятад, Монгол үсгийн гэрээ бичиг тодорхойлон байгуулж, мэдүүлэн хүргээр ирсний тулд, уул гэрээ бичиг хоёр хувийг бичиг дагалдуулан БНМАУ-ын Шүүх Явдлын яамнаа өргөн мэдүүлээд, гуйх нь толилон тогтоож, харилцан тэмдэглэх ажаамуу. Үүний тул өргөв. Монгол Ард Улсын 15 дугаар он, таван сарын хорин зургаан” гэжээ. VIII Богд Жибзундамба хутагт нь Далай ламын сангийн нярав Гончигцэрэн хэмээх түшмэлийн гэрт төрж 5 настайдаа Монголд залагдан ирсэн түүхтэй. Монголын түүхийн хамгийн эгзэгтэй үеүд буюу XX зууны эхний хоёр хувьсгалыг удирдаж байсан энэ түүхэн хүн Агваанлувсанчойжиннямданзанванчиг хэмээх уртаас урт номын нэртэй байжээ.

Tuesday, February 15, 2011

Мээдрэмж байкүй...


Ажлынхаа өрөөнд ганцаараа, сандлынхаа түшлэг дээр толгойгоо тавиад нүдээ аниад удаан суулаа. Юу ч бодохгүй, юунд ч баярлахгүй, бас гомдохгүй. Нойр хүрэхгүй, тэгсэн мөртөө сэрүүн биш. Зүгээр л уйлмаар ч юм шиг, юу ч яримааргүй, эсвэл амаа хамхихгүй чалчаад эхэлмээр. Хэн нэгнийг хүлээгээгүй атлаа сэмээрхэн догдлоод, тийн атлаа залхуу хүрээд. Цонхоор бүүдгэр мөртөө гэрэлтэй, яг над шиг тэнгэр харагдаад, хачин өдөр болж байна. Гадаа хавар болж байгаа гэсэн...

Monday, January 24, 2011

Харимаар...


Гэнэ гэнэхэн уйтгар хөглөрөөд

Гэртээ байгаа хэрнээ харимаар санагдаад... Д.Г

Tuesday, January 11, 2011

И скучно и грустно...


Заримдаа би харь гариг руу смс бичмээр санагддаг. Энэ дэлхийн хэнд ч хаягламааргүй санагдахаараа...

Tuesday, January 4, 2011

Хамгийн үнэтэй капитал...


Гэрлэн дохиотой уралдаж алхах гүйхийн хооронд ам мөлтөс зам гараад урт амьсгаа авч амжаагүй байтал ард машины сигнал тасхийх нь тэр. Дотор палхийхийн зуур цочмог эргэн харвал долоо, найм орчим насны жаахан амьтан лүнзгэр том жийпний гүүпер зуураад хөшчихөж. Нүд нь л бүлтэгнээд байх аж. Мөнөөх жийпний жолооч цонхоороо толгойгоо цухуйлгачихсан том дуугаар зандарч үзэгдэнэ. Айж балмагдсандаа яахаа мэдэхгүй зогсож байсан хүү сая л нэг амьсгаа авав бололтой миний зүг ухасхийн чавхадлаа. Хүүг тосож тайтгаруулах санаатай гараа сарвайн дөхсөн ч надаас гэлмэгтэн цааш дөлсөөр тойрч даялаад явчихлаа. Дотор сэтгэлд нэг их гуниг төрж, юуны төлөө хэнд гомдож байгаагаа ч мэдэхгүй сэтгэл тавгүйтчихэв. Бидний хамгийн үнэтэй капитал ийн үнэгүйдсэнийг гэнэт мэдрэхүйд цээжин цаана хөндүүр оргиж хаачихаа мэдэхгүй ганцаардалд хүлэгдэн сэтгэл тушигдчихлаа...

Уруулаа будаж нүдээ тодруулаад

Учралын дуу аялан бүрэнхүйг зориход

Араас ширтэх хэн нэгэн байхгүйд

Амрах шиг болоод санаа алдахад

Нэлэнхүй цагийн орог алчуур

Нэрнээс минь гулсан унахад

Ирсэн зүгийн мартсан оршихуй

Итгэж ядан өмнөөс тосоход...

Friday, December 24, 2010

Сайхан баярлаарай

Бүх найзууддаа шинэ жилийн мэнд хүргээд ёололгүй сайхан ёолкдоорой гэж ерөөе


Thursday, December 16, 2010

Тавиул


Пийсүүгээ санаад ийм хөөрхөн зураг тааралдахаар нь тавьчихлаа. Манай Пийсүү айлын тогоо өнгийж байгаа... хэхэ

Wednesday, December 15, 2010

happy new year


Инээж уйлах бүхэндээ ганцаараа байсны төлөө

Ирэх өдрүүдийг тосохдоо алгаа дэлгэдгийн төлөө

Ийм сайхан ертөнцөд олуулаа ирсний төлөө

Итгэж найдах анд дандаа олддогийн төлөө

Зүрх өвдөн шаналдаг ч зүгширч эдгэдгийн төлөө

Зүүдэндээ энэлж хэрсүүждэг ч сэрж баярдагийн төлөө

Бие биенээ харж амьд явдгийн төлөө

Биелшгүйд үргэлж тэмүүлж дундарч дүүрдгийн төлөө...

Tuesday, December 7, 2010

Хааяахан...


Санаж амжилгүй мартсан

Мартсандаа баярласан

Сайхан хүний тухай

Хааяахан...


Wednesday, November 17, 2010

Монгол үндэстний баяр дэлхийн өвд бүртгэгдлээ


Эрт дээр үеэс эрхэмлэн тэмдэглэсээр ирсэн Монголчуудын үндэсний баяр-Эрийн гурван наадам ЮНЕСКО-гийн соёлын өвд бүртгэгдлээ.Эрийн гурван наадам нь биеийн тамир спортын шинжтэй, зан үйлийн хэлбэртэй, ардын урлагийн зүйлсийг хослуулсан уламжлалт ёслол юм. Энэ баяр наадмын үед эр хүний хүч самбааг сорих бөхийн барилдаан, нум сум харвах эрдэм, хүлэг морины хурд сорих тэмцээн тусгай ёс журмын дагуу болдог. Спортын энэ гурван төрлийг үзүүүлэхдээ эртнээс уламжилж ирсэн дэг жаягийн дагуу тусгай хувцас өмсгөл хэрэглэн зан үйлийн хөдөлгөөн хийж магтаал шүлэг хэлдэг байна. Мөн шалгарч түрүүлсэн хүчит бөх, мэргэн харваач хурдан морьдод уран цэцэн хэллэг бүхий үгтэй цол чимэг олгодог юм. Эрийн гурван наадам нь тусгай болзол шаарддаггүй, оролцох хүсэлтэй хүн бүхнийг чөлөөтэй хамруулдаг туйлын ардчилсан хэлбэр агуулгатайгаараа онцлог юм. Энэхүү баяр ёслолыг эрт дээр үеэс уул усаа тахих, дайн тулаанд мордох, ялаад эргэж ирэх, төрийн тэргүүн суулгах, Цагаан сар, томхон найр хурим зэрэг тэмдэглэлт үйл явдлыг тохиолдуулан янз бүрийн сар улиралд хийж ирсэн уламжлалтай. Харин 1921 оноос хойш жил бүрийн 7-р сарын 11-нд Ардын хувьсгалын ялалтын өдрийг ёслон тэмдэглэж улсын баяр наадмыг хийх болсон нь зөвхөн цаг улирлын хувьд төдийгүй тэмдэглэлт үйл явдлын хувьд бүх ард түмний сэтгэлд нийцтэй, шинэ агуулгаар баяжсан төрийн ёслол болжээ.

Хөөмий ЮНЕСКО-д бүртгэгдлээ


Монголын ардын урлагийн өвөрмөц нэгэн төрөл болох хөөмийг ЮНЕСКО-гоос Хүн төрөлхтөний материаллаг бус соёлын өвд бүртгэлээ.
“Авиа дуурайх урлаг” хэмээн нэрлэгддэг хөөмий нь өгүүлэхүйн эрхтэний тусламжтайгаар дуулах онцгой чадварын үр дүнд бий болсноороо урлаг судлаачдын анхаарлыг ихээхэн татдаг төрөл юм. Хөөмий үүсэхэд Монгол үндэстний байгаль дэлхийгээ шүтдэг уламжлал ихээхэн нөлөөлснийг тэд нэгэн дуугаар баталдаг. Байгаль дэлхийгээсээ урам зориг, хүч тэнхээгээ олж авдаг ард түмэн зөвхөн байгалийн дуу авиаг дуурайх бус түүний мөн чанарт нэвтэрч чадсанаар энэхүү гайхамшигт урлагийг бий болгосон үздэг байна. Хөөмий нь хос авиагаар дуулагддаг цорын ганц уламжлалт урлаг юм. Энэ урлаг нь дотроо хархираа, исгэрээ, нармай, шахаа гэсэн дөрвөн онцгой төрөлд хуваагддаг бөгөөд тэдгээр нь хөгжмийн нийтийн хэл болох басс, баритон, тенор хоолойг төлөөлдөг билээ. Хөөмийг орчин үеийн хөгжмийн бүхий л урсгал, зэмсгийн аянд тохируулан аялах боломжтой ажээ.

Sunday, November 14, 2010

"Загас буруу наадуулдаг" ТВ


Монголын анхны хувийн чөлөөт телевиз гэдгээрээ ихэд бахархан нэрийн рекламаа гэрийн хойморт минь дуурсгадаг 25-р суваг телевиз эвийн хоёр загасыг хувийн юм шиг буруу “наадуулсаар” удлаа. 25-ын тоог холбон хийсэн логоныхоо дунд төрийн соёмбоны толгойг хавчуулмар болохдоо загасыг нь нар буруу “наадуулсан” нь хувийн чөлөөт гэдэг утгаа хуульчилж байгаагийнх уу, аль эсвэл алмай болгоомжгүйнх үү?




Монголын ард түмний эрх чөлөө, Монгол төрийн тусгаар тогтнолын бэлгэ тэмдэг болсон Соёмбоны:

-Гал нь мандан бадрах хөгжихийн бэлгэдэл.

-Дөлний гурван хәл нь ард тvмний өнгөрсөн, одоо, ирээдvйн хөгжил цэцэглэлтийг бэлгэддэг

-Дөлний доор байрлах нар, cap нь мөнх тэнгэрийг төлөелсөн батжин мөнхрөхийн бэлгэдэл. Дөл, нар, cap нийлээд Монгол улс vvрд мандан бадрахыг төлөөлнө,

-Гурвалжин дvрс нь жад сумны гилбэрийг дvрсэлсэн бөгөөд vзvvр нь доош чиглэсэн нь дайсныг дарах гэсэн далд утгатай

-Тэгш өнцөгт дvрс тэмдэгт нь хуягийн ялтсыг дvрсэлсэн. Шулуун шударга, бөх бат журамтай гэсэн утга илэрхийлдэг.

-Арга билгийн хоёр загас нь өдөр шөнийн цагт нүдээ аньдаггvй, vр мөн ихтэй амьтан хэмээн сонор соргог, өнөр өтгөн байхыг бэлгэддэг.

-Соёмбын хажуу талын босоо дөрвөлжин тэмдэгтээр хэрмийг дvрсэлдэг бөгөөд Монголын ард тvмэн эв нэгдэлтэй, төмөр хэрмээс ч бат бөх гэсэн утга санааг хадгалдаг ажээ.