"СЭГСГЭР" блог
Олж харахыг хүссэн хүн бүхний төлөө цэцэгс хаа сайгүй дэлгэрч байдаг...
Tuesday, May 7, 2013
Маргааш руу
Шархадсан муур шиг шаналант сарны
Асгарах туяа урсан ирэхэд
Шалбаагт гудамжны жижигхэн байшиндаа
Нүдээ аниад нар руу үсэрнэм
Saturday, May 4, 2013
Хөххотын монгол оюутнуудын хөлд чирэгдсэн тэмдэглэл
Дайду хотыг дайлаар мордов
Урин салхи сэвэлзсэн хаврын намуухан үдэш бэлтгэлийн өмд цамц, саравчтай малгай, аяллын үүргэвчээр ижилссэн оюутан залуус тал бүрээс такси хүлэглэн Хөххотын галт тэрэгний төв буудал дээр цуглалаа. Монголын оюутны спортын “Универсиад-3” их наадмын Азийн бүсийн тэмцээнд хүч сорихоор шигшигдсэн Хөххотын монгол оюутны баг Бээжинг зорих аялалдаа дөрөөлж буй нь энэ.
Үргэлжлэл
Thursday, April 11, 2013
Мөнгөний эзэн
Энэ дэлхийн бүх мөнгө минийх гэдгийг та бүхэнд дуулгаж байгаадаа таатай байна. Би нийт мөнгөнийхөө тоог мэдэхгүй боловч өдөр бүр миний халаасанд 5-10 доллар л явдаг. Харин дансанд маань мөнгө бараг байхгүй, хааяа л орлоготой үед ганц хоёр 100 доллар болдог юм. Учир нь би иймэрхүү хэрэглээнд дассан, үүнийгээ өөрчлөх гэж боддоггүй хүн. Би мөнгөө ингэж арвилан хэмнэж байхад миний мөнгийг маш үрэлгэн зарцуулдаг хүмүүс дэлхий дээр дэндүү олон. Тэд тэгээд л дасчихсан. Би үүнд нь гайхдаг ч үгүй. Миний мөнгө дэлхий дээрээс хийсээд явчихгүйгээс хойш хэн нь юунд хэдийг зарах, хэний халааснаас хэнийх рүү орох, аль тивийн банкнаас нөгөө рүү шилжих нь надад үнэхээр хүртээлгүй хэрэг гэж боддог. Юутай ч энэ бүх мөнгө миний 20 долларын үнэтэй хуучин жинсэн өмдний халаасан дахь задгай зооснууд шиг дээр доороо оролцон байраа сольж л байдаг. Хэнд сонин санагдах вэ дээ. Харин миний мөнгөөр намайг хөлсөлдөг хүмүүс л надад хамгаас сонин санагддаг юм. Нэгийн ард тэмбумаас цааш төсөөлшгүй олон тэг тавигдах хэмжээний тэр мөнгөнөөсөө нэгийн ард нэг хоёрхон тэгтэй өчүүхэн хэсгийг сугалж авахын тулд нэгийн ард төсөөлшгүй олон тэг тавигдах хэмжээний эсүүд минь бүгд ажиллаж хөдөлмөрлөдөг учраас амьдрал надад сонин сайхан зүйл гэж бодогдог.
Wednesday, April 10, 2013
Ай, хавар аа
Би байгалийн амьтан биш
Харь гаригаас ирсэн
Биеэ тарималжуулсан
Байгаль орчинд ээлтэйгээр
Бодох минь цэцэг үрслэх шиг
Болц нь гүйцсэн төмөрлөг
ишин дээрээ
Огт оргүйг дуулна, үл ганхана
Орчлонгийн хавар цаг юм сан...
...
Сэрүүн зүүдээ
Унтаж буй өөртөө ярихад
Навчис зулгарах нь сонстоно
Цонхны цаадах үхэлд
Буруутай мэт
Цаг чагхийнэ
Цочоохгүйн тулд
Зүрхээ зогсоож
Хайрлахыг хүснэ
Sunday, April 7, 2013
Амьдарч үзээгүй хүний дурсамж
Төрсөн минь үнэн бөгөөд дэлхий хэмээн нэрлэгддэг энэ газарт ... жил байгаа минь бас үнэн юм. Ийнхүү байх хугацаандаа амьдраагүй нь бас үнэн билээ. Амьдарна гэж үнэндээ яадгийг би мэдэхгүй боловч мэдэлгүйгээр амьдарч орхиогүйгээ бас батлах байна. Учир нь би амьдрахыг огт бодоогүй учраас амьдралыг танин мэдэж, бас хүн төрөлхтөний нэгэнт бий болгож амжсан тэрхүү зам жимээр нь яваагүйгээ л сайн мэдэж байна. Надад арван таван толгой, атгаалжин хар бие байхгүй. Байсан ч би өөрийгөө мангас гэж нэрлэхгүй байх байсан. Надад одоо харин нэг толгой бий. Тэр нэгхэн толгой маань википидеагаас тав дахин их мэдээлэл агуулах чадвартай ч би түүнийг ганц ч удаа хоолонд оруулж байгаагүй.
Үргэлжлэл
Saturday, April 6, 2013
Ерөнхийлөгчөөс асууя
Ардчилсан Монгол Улсад цуурч явсан амаараа Танаас нэг зүйл асууя. Баярцогтын хужаад бэлэглэсэн Монгол улсын эрхэм Ерөнхийлөгч өө, танд бодогдох юм юу ч алга уу?
Tuesday, March 26, 2013
Автобус хүлээх зуур
Манай ангийнхан
Хичээл тараад сургуулийн автобус хүлээх зуураа авахуулсан зураг. Манай сургуулийн шинэ кампус хотоос 50 км-т байдаг болохоор бид өдөртөө 100 км "аялдаг". Заримдаа автобусаар, заримдаа унадаг дугуйгаар
Monday, March 25, 2013
Архи залгихгүй амьдарч чадахгүй нь үү Сэгсгээр...
Архидаж айхтар заваараад байгаа юм алга л даа. Тэгэхдээ сүүлийн үед шоуны өдрүүд олшроод, дараа нь шогшроод, шартсан үедээ шантраад “Архи залгихгүй амьдарч чадахгүй нь үү Сэгсгээр” гэж хонгио толгой, ходоод гэдэстэйгээ хэрүүл хийгээд явж л байна. За тэр архидалт ч яахав байдаг л барааны саван, харааны шил, горооны зам. Хамгийн гол нь уусан шалтгаан нь агуу л даа. Урвайгаад, унжигнаад эхлэхээр нь усан нүдлэхгүй гэж гадуур зугаалан галт ус халбагдлаа ч гэх шиг. Хавар аа гэж...
Үргэлжлэл
Saturday, March 23, 2013
Би юу барьж байснаа мартчихлаа, туслаач...
Хүүхэд эрсдэлтэй тоглоом шүүрээд авангуут “Тэрийг хараа, ямар гоё юм бэ” гэж сатааруулаад гар дахийг нь сэмхэн булаагаад авчихдагтай төстэй юм. Агаа нар хөөрхий нялхасаараа тоглон “Нэг хүүхэн алтаар бөөлжиж байна, хар даа” гэх зуураа юу амжуулсан бол доо. Жирийн иргэн миний гарт юу байсныг мартчихлаа, санаж байгаа хүн амьтан байна уу?
Friday, March 22, 2013
Алтаар баадгийн дэргэд бол юу ч биш л дээ
Амьд явсан хүн алтан бурханаар баадаг хүүхэн үзэх юм байна л даа. Нэг их сонинсоод байх эд ч биш л дээ, монголчуудын хувьд.
Дэлгүүрийн лангуун дээр давснаас өөр юмгүй ард нийтээрээ гунихалсан хэцүү жилүүдэд төрийн тэргүүн нь хувийн үзмэрчээ улсын мөнгөөр алтны хайгуулд нисдэг тэргээр мордуулахаас эхлээд юу эсийг үзсэн билээ дээ бид. Яг тэр үед харь гаригийн хөлгөөр Улаанбаатар дээгүүр нисэж явсан Өвөрхангайн арван жилийн сурагч Мөнгөнцэцэгтэй мөргөлдөж сүйрчихэлгүй амьд буцаж ирсэнд нь Ерөнхийлөгчийн үзмэрчдээ учиргүй баярлаж билээ. Харин мань үзмэрч дараа нь нэрт яруу найрагч О.Дашбалбар гуайн хамт Ромбу гэх гаригтай холбоо тогтоож Монголын үндэсний телевизээр ард түмэндээ бэлэг барьсан. Үзмэрчийг дээд ертөнцтэй холбоо тогтоож байх торгон мөчид Сэлэнгийн Төмөрбаатар гэдэг нөхөр доод ертөнцөөс нэгэн алтан цөгц олсноо алдаж барьцаанд нь Монгол улс газрын хөрснөөс арчигдах шахаж билээ. Хөөрхий муу эмээ минь “Тэр алтан цөгцийг авсан хүн нь гаргаж өгөөд Монгол улсаа авраасай” хэмээн залбирч суусныг мартдаггүй юм. Тэгтэл алтаар баадгийн дэргэд бол юу ч биш байх л даа, Өнөрмаа гэдэг бүсгүй өөрөөсөө гал гарган жижигхэн Монгол улсаа түймэрдчих шахаж билээ. Өнөрмаагийн биоэнергийг хэмжих гэсэн чинь мэргэжлийн аппаратных нь зүү шкалдаад хугарчихаа шахсан хэмээн Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч нь зурагтаар нүдээ эргэлдүүлэн учирлаж байсан юм даг. Хөөрхий дөө тэр чинь бараг 20-оод жилийн өмнөх явдал. 2013 онд алтаар баадгийн дэргэд бол юу ч биш байх л даа...
Newer Posts
Older Posts
Home
Subscribe to:
Comments (Atom)