Говийн ноён хутагт Данзанравжаагийн өвийн зүйлс болох 64 хайрцаг юмыг хутагтын сүмийн тахилч Г.Түдэв амиараа дэнчин тавин хямгадаж үлдсэн нь эдүгээ музейд тавигдан ард нийтийн хүртээл болжээ. 1938 онд Хамарын хийдэд орос монголын цэргийн анги ирж байрлан сүмийн шүтээн, эд хөрөнгийг хайрцаглан зөөж, заримыг нь шатааж устгаж байх үед тахилч Г.Түдэв харанхуй шөнөөр Шарилын сүмээс хайрцагтай өвийн зүйлсийг үүрэн хоёр километр хиртэй газар явж голын сайр ухаж булдаг байжээ. Газар холын дээр хайрцагтай зүйл хүнд учир нэг шөнө л нэг л авдар юмыг авч чаддаг байсан гэдэг.Ийнхүү хутагтын өвийн зүйлс хэмээгдэх 1500 гаруй авдар зүйлээс 64 авдар юмыг л авч үлдэж чаджээ. Тэрээр дурсамжиндаа, "Урьд миний өвөг дээдэс хутагтынхаа өвийг манжуудаас авч үлдсэн бол одоо миний бие Монголчуудаасаа авч үлдэх болсон нь "арслангийн амнаас авч барын аманд алдав" гэгчийн үлгэр болсон юм. Би ер нь маш аймхай хүн. Багаасаа хууччуул элдэв домог яриа, чөтгөр шулам энэ тэрийг ярихад орой гэрээсээ ч гарч чаддаггүй байж билээ. Харин тэр үед бурхан надад тусалсан байх аа. Авдартай зүйлийг үүрч яваад цэргийн хүмүүстэй тааралдвал газар дээрээ нам буудуулна гэдгээ ч би сайн мэдэж байсан. Тийм болохоор ямар нэг чимээ гарах, юмс хөдлөх шиг санагдахад нуруу руу хүйт оргих шиг болдогсон..." хэмээн ярьжээ. Эдүгээ хутагтын өвийн зүйлсээс бүрдсэн Равжаагийн гэр музейн эхлэгчээр Г.Түдэв гуайн зээ хүү З.Алтангэрэл ажиллаж байна.
No comments:
Post a Comment