Monday, January 28, 2008

ЭХ НУТГИЙН ХОРМОЙ ДЭЭРЭЭС ГЭРЭЭ САНАХАД

Нэгэн цагт ардын журамт цэргүүд аман дээр нь дөрвөн пулемёт зоогоод “дүрэмгүй муусайн гамингуудыг дөтийн замаар тонилгож” байсан дөрвөлжин сүмийн туурь гэх юм өнөө бараг үлдсэнгүй, цагийн урсгалд элэгдэн газрын шарх аньжээ. Оросын аялагч, немц гаралтай Семён Фаллас гэгч эр 1777 онд монгол нутгаар явах үедээ үзсэн дөрвөлжин сүмийнхээ тухай “Гурван давхар энэхүү том сүм нь дөрвөн талдаа хүнд төмөр хонхтой, мөн махранзуудаар мануулсан, дорнын уран барилга байв” хэмээн тэмдэглэсэн нь түүхийн хуудаснаа үлджээ. Гэтэл өнөөдөр энэхүү сүмийн туурин дээр мартагдсан булш шиг даржин чулуун хөшөөнөөс өөр торойх юм ч үлдсэнгүй. Тэгээд бас болоогүй ээ сүмийн хананаас үлдсэн болов уу гэмээр чулуун самбар дээр “Наймын А анги үүрд” гэсэн бичиг энд ирэгсдийг угтаж үдэх аж. Газрын өндөрлөгт орших “Дөрвөлжин сүмийн” эл тууриас Алтанбулаг, Хиагтын дүр төрх алган дээрх шиг тов тодхон үзэгдэнэ. Хиаг халиурсан энэ газарт бас л тэр нэгэн цагт “Шивээ хиагтыг авахад шилэн дэнлүү хэрэггүй” гэж дуулан давхилдаж явсан өвгөд маань өнөөдөр энд морио хазуулах зуураа хөөрөг зөрүүлэн хөөрөлдөх аваас талын буурал салхин дороо сэмрэн санаа алдах асан даа гэж бодож байлаа. Их гүрэн хүч түрэн хаяа тэлж саяхан бидний байсан энэ нутагт Загалмайтны сүмүүд оройн наранд алтан ганжираа гайхуулан сүрлэг гэгч нь данайх аж. Цус нулимсаар олж авсан эрх чөлөө, тусгаар тогтнол, улсын дархан хилийг хүчирхэг дээдсийн идний мөр шиг энэ л торгон зурваст хааяа нэгхэн ингэж зүрхээрээ мэдрэх юм даа. Уг нь саяхны л түүх шүү дээ. Ер хүн гэдэг амьтан юмыг хурдан мартдаг аж. Манжийн хүргэн эфү Цэрэн гэгч феодол монгол нутгаа найр тавин өгөхдөө нар түрүүлж тусах газрыг зүсэлж харийнхныг шагнасан гэх. Өнөөдөр аль л өнгөтэй өөдтэй, модтой буттай бүхэн нь хүний нутагт өнчрөн торойно. Буурал дээдсийн нутгаас бурхан ч гуйсан бүү өг гэж Ойрадын хаан Галдан Бошигт илдээ эргүүлж явсан нь орчин үеийн “шинэ” монголчуудад үлгэр домог шиг л санагддаг болсон энэ цагт хилийн дээсэн дээр хүний нутгийн барааг өр нэхсэн харцаар ширтэн зогсохдоо сэтгүүлчид дор дороо л нэгнийг бодох шиг болсон. Хил хамгаалах байгууллагаас “Сэтгүүлчид торгон хилийн зүг” аяныг зохион байгуулах болсон нь энэ цаг үед нэн олзуурхууштай ажлын нэг болсныг хэлээд яахав. Хавар өмнөд хилээ эргэсэн сэтгүүлчдийн баг намрын нартай уралдан хойд хилээрээ зорчиж яваа нь энэ. Өдгөө хилийн хот Сүхбаатар /Сэлэнгэ/-т хил хамгаалалтын болон шалган нэвтрүүлэх хоёр анги эх орны өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэж байна. Саяхныг хүртэл орос ах нарынхаа “элгэнд тэврүүлэн” найрсаглаж байсан хилийн энэ хэсэг өнөөдөр тусгаар тогтносон Монгол улсын дархан хилээр зааглагдаж хилчид ч үүрэгт ажлаа нэр төртэйгөөр биелүүлж байгааг харлаа, үзлээ. Ажлын шаардлагаар хилийн отряд маань хоёр хуваагдан хоёр тусдаа отряд болж нэг нь хилээ манаж нөгөө нь хилээр орж гарагсдыг шалган нэвтрүүлэх чиг үүрэгтэйгээр үйл ажлаа явуулж байгаа юм байна. Төвийн хэвлэл мэдээллийнхэн ирсэн сургаар аймгийн дарга ч ажлаа танилцуулаад авахаа мартсангүй. Нийслэлд өдөр болгон болдог хэвлэлийн бага хурлаас ч сүртэй уулзалт ярилцлага энд болж өвөлжилтийн бэлтгэл ажлаас авахуулаад тариа ногооны гарц болц, ард иргэдийн амьдрал ахуйн талаарх мэдээллээр “цэнэглэгдээд” авлаа. Өнгөрөгч шөнө нь хил манахдаа байлдагч тэр байлдааны гурван сумаар хангагдлаа гэж байсан бол одоо харин ургац хадлан, улсын ажлын талаар яриад сууж байх. Бид ч энэ хэдэн өдрийг үр бүтээлтэй, үзэж харах юмаар баялаг өнгөрөөлөө. Сэтгүүлчид л болсон хойно асуух асуухгүй юм гэж байх биш, ад авъяастайгаараа дуудуулж явлаа. Хилчид харин хэлэх ярихдаа маруухан, хийж бүтээхдээ сурмаг улс юм. Хээрийн майханд хилчин эмэгтэйчүүдийн хийсэн “рестораны” хоол зооглож, үйлчилгээнийх нь сайхныг амаа олохгүй магтаж, гайхаж биширч явцгаасан ч энд суурьшаад эх орноо маналцчих гэхээр зүрх үхнэ. Аргагүй л хотын улс гэдгээ муухай ч гэсэн ухамсарлаж өөрсдөөсөө ичин ил далд нэгнээрээ доог тохуу хийж л явлаа бид. Аймгийн төвд байх хилийн 0243-р ангийн уужим цэлгэр “харшид” тухлан нэг хонов. Хуучин аймгийн төвийн 10 жилийн сургууль байгаад үерт автан хаягдсан энэ барилгыг хилчид өөд нь татаж өөрийн болгоод авчээ. Тохитой тухтай, уужим саруулхан ч гэж жигтэйхэн том сав юм. Хаашаа л харна хилчдийн урлаж бүтээсэн чамин хөөрхөн эд зүйлс нүдэнд торох нь яг л үзэсгэлэнгийн танхим шиг. Харин жинхэнэ үзэсгэлэнгийн танхимыг бид хойшоо Хиагтад очихдоо үзсэн дээ. 120 гаруй мянган үзмэртэй Хиагтын музейд байхгүй юм гэж байгаагүй. Оросууд энэ тал дээрээ үнэхээр мундаг шүү гэж биширч их үндэстнээр басхүү бахархаж явсан. Хэдийгээр шинэ мянгантай золгосон ч 1950-иад оныхоороо хаягдсан, гудамжаар нь өдгөө бараг үзэсгэлэнд л заларч байхаар нөгөө Газ-24, Лада машин тоотойхон хөлхсөн буйдхан Хиагтад нь л гэхэд ийм том музей байж байгааг бодохоор оросуудаар бахархахгүй байхын аргагүй. Тэгэхэд нүүдэлчдийн удмынханд үлдсэн, хадгалсан, бүтээсэн бүрэлдсэн зүйл тун ховор ажээ. Уг нь сэтгэл гаргаад цуглуулаад арчлаад байж гэмээнэ мөнөөх алдарт гамингуудыг бут цохисон дурсгалт он жилүүдийн эд өлөг, эрэлхэг гавъяа гээд хүнд үзүүлж түүх хүүрнэх зүйл хувьсгалын өлгий эл нутгаас олдож л таарах байх. Үндсэн сэдвээсээ халтирч үзэсгэлэн яриад явчихсныг минь өршөөгөөрэй. Хилийн цэргийн 0243, 0101-р ангийн захирагч Хурандаа Батсүх, Ганболд нартай цайлангаа түүхт нутгийн өнөөдрийн тухай цухас мэдээлэл авснаа хүргэе. 1727 оны 8-р сарын 20-ны өдөр Манж Оросын хооронд байгуулсан Буурын гэрээтэй хамт “байгуулагдсан” гэх эдний анги хилийн цэрэгтээ яах аргагүй ууган ангийн нэг. Сэлэнгэ, Булган аймгийн нутаг дахь хилийн 542-649, 655-726-р тэмдэг хүртэл 421.5 км газрыг хамгаалдаг тус ангийн хариуцсан хэсгээр он гарсаар таван удаагийн зөрчлөөр долоон хүн саатуулагдсаны ихэнх нь загас барих, хавх тавих гэсэн “анчид”. Ер нь энэ хэсгээр гардаг хилийн зөрчлийн ихэнх нь ахуйн чанартай байдаг гэнэ. Сүүлийн үед модчид их хил зөрчиж байгаа, морин тэргээр зөөдөг болохоор албан ёсны тоо байг нь гаргахад төвөгтэй гэлцэж байлаа. Харин шалган дээр тоо баримт нь “толгой өвдмөөр” юмаа. Он гарснаас хойш 79 орны 230 мянган зорчигч, 155 мянган тээврийн хэрэгсэл нэвтрүүлсэн, ер нь нэг өдөрт дундажаар 370-400 зорчигч шалгаж нэвтрүүлдэг гэсэн. Гаднаас хил зөрчиж ирсэн 22 “товариш”-ийг саатуулсан гэнэ. Нэг марзан нь Тавтын заставын орчимд зорчигчид сүүлийн үед архи, будаа гэх мэт зүйлсийг их хэмжээгээр хаядаг болсон гэсэн. Үүнийг тодруулахад дарга нар “Хилчдийн сонсор сэрэмжийг шалгаж байгаа юмаа” гэж мушилзан дүйвүүлээд өнгөрнө лээ. Хоёр отрядын аль аль нь материаллаг баазын хувьд харьцангуй бэхэжсэн нь нүдэнд илхэн. Шалган дээр л гэхэд бүх юм автоматчилагдсан, ажлын ихэнхийг компьютер нь хийж, харин хүний хийх ажил нь нягтлах, шалгахад төвлөрдөг юм билээ. Харин 0243-ийнхны аймгийн төв дээрх “төв оффис” нь мөнөөх сургуулийн барилга. Засаж тордоод Сэлэнгэд л байхгүй цагаан ордон болгочихсон, тэндээ аль хэдийнэ бяцхан “вант улс”-аа засан төвхнүүлчихсэн сууцгааж байгааг дээр хэлсэн билээ. Заставууд ч их төлөвшчихсөн, материаллаг баазын хувьд хөл дээрээ босчихсон нь мэдрэгдэнэ лээ. Ямартаа л бид “Хутаг-Өндөрийн амралтын застав”, “Тавтын амралтын застав” гэж хошигнон нэрлэж байх вэ. Жинхэнэ хөдөө хөхөрч гадаа гандаж, шувуу ч нисэхгүй улаан цөлд гар сэтгэлээсээ өөр зэвсэггүй яваа бусдыгаа бодвол Сэлэнгийнхэн ч жаргалын оронд “хөлбөрч” байдаг бололтой юмаа. Ус ургамал жигдэрсэн үзэсгэлэнт энэ нутагт алба хааж байгаа, ажиллаж амьдарч улс жаргалтай ч байлгүй яахав. Гэхдээ л хилчид аль ч цагт соргог байж эх орноо манах үүрэгтэйгээ цаг ямагт мэдрүүлэх аж. Манай сэтгүүлчдийн нэг нь цэрэг “чихдэж аваад” буу халж байтал нөгөөх мэдээлэгч маань даргын тушаалаар годхийн алга болно. Тушаалаар хөдөлдөг цэргийнхнийг дагаад манайхан ч сүүлдээ “годхийдэг” болох шахсан. Ер нь “могой газрынхаа өнгөөр” гэдэг шиг манай багийнхан ч цэргийн амьдралд дасах тийшээ хандаж жаахан удвал “усыг нь ууж ёсыг нь дагаж мэдэхээр” байсан. Сэтгэлд ойр, гүндүүгүй тэднээс сэтгэлийн нүнжиг ханхлах нь л хамгийн сайхан байсаан. Эх орон гэгч амин эрдэнэ судсан дотор нь лугшиж яваа тэр хүмүүсээр бахархах сэтгэл эрхгүй төрснийг нуугаад яахав. Нутгийн гүнд талхны мөр хөөж яваадаа урам хугарах ч шиг, дөнгөж саяхан улаан цусаараа олж авсан эрх чөлөө, тусгаар тогтнол маань эзэнгүйдэж зөвхөн хилээ дагаж яваа хэдхэн хүн, мэргэжлийн ганц байгууллагын өмч болон орхигдсон шиг гунигтайхан мэдрэмж үес үесхэн зурсхийсэн. “Шинэ Монголчууд” америк мөрөөдлөөр амьсгалж, баруун зүүний соёл иргэншлийн гялбах өнгөнд алмайран, хөгжил дэвшлийн араас хөлийнхөө хурдаар нүдгүй довтолгож, бас болоогүй ээ улс төр хийж, уламжлал маань уудам нутгийн минь хаа нэгтээх хөдөө буйдын бор гэрт “хоригдож”, биелсэн хүсэл “би”-гээ мартан байгаа энэ цаг үед хилийн тэнгэр цэлмэг байгаад л баярласан. Нутгийн захаар, торгон хилийн зурвасаар биднийг хөтлөн явсан манай хоёр хурандаа түүхт Тужийн нарс туурь ч үгүй болж байгааг яриан завсраа хавчуулж, оросын нутагт хөглөрөн буй их хөвчийн зүг хараа талбин “Халхын хамаг модыг харьд өгсөн хар феодол” хэмээн эфү Цэрэнг хараах нь ерөөл шиг сонсогдож явлаа. Юутай ч бид эдэлж хэрэглэж яваадаа эрэмшихээ түр азнаад зогсож буй газрынхаа хөрс шорооны үнэ цэнийг зоосны нүхээр биш зовлонг дааж сөрсөн өвгөдийнхөө цусны үнээр дахин нэг сэхээрэх цаг болсон мэт санагдсан. Эх нутгийнхаа хормой дээр зогсоод гэрээ санахад өнөөдөр бидэнд юу үнэ цэнэтэй юм бэ гэдэг ойлгогдох шиг боллоо./2007 он/

No comments: