Monday, January 28, 2008

ТӨӨРӨГ

Олж харахыг хүссэн хүн бүхний төлөө цэцэгс хаа сайгүй дэлгэрч байдаг гэж алдарт зураач Анри Матисс нэгэнтээ хэлсэн байдаг. Х.Энхтуяа бол цэцэгсийг олж хараад зогсохгүй өөрөө бас тарьж яваа нэгэн. Ертөнцөд тохиолдлын зүйл гэж байдаггүйд тэр итгэдэг. Үүнийг батлах гэсэн мэт бурхан түүнд үнэхээр адал явдаллаг хувь тавилан заяажээ. Хэдий тийм ч хувь тавилангийн хуудсан дээр дуртай зургаа зурж болдоггүйг тэр хэнээс ч илүү сайн мэднэ. Харин бурханы зурж өгсөн төөргийг төөрүүлэхгүйг хичээдэг гэсэн. “Бурхан намайг хэзээ ч баярын бичгээр шагнаж байгаагүй. Гэхдээ хэзээ нэгэн цагт бурханы баярын бичгэн дээр бичигдэх үгсийг бүтээхийн төлөө л хичээж байна даа” гээд инээж байсан. Энхтуяагийн амьдрал яг л тагнуултай кино шиг. Нууцлаг, өрнүүн, тэр ч хэрээрээ амтлаг. Их салхи дэнг унтрааж түүдгийг хөгжөөдөг шиг бурхан түүнд заавал тэмцэж байж тэнцэх тийм нэгэн өвөрмөц хувь заяаг бэлэглэжээ. Нээрээ л амьдралынх нь түүхийг сонсоход тэр нэг ч удаа “засмал зам дээгүүр” явсангүй, түүндээ ч бас харамссангүй. Бартаатай замд өөрөө бас дуртай гэж байгаа. Бэрхшээлгүй амьдралыг амтгүй чихэртэй зүйрлэдэг хүн. Герман нөхөртэй, орос царайтай, монгол зүрхтэй хачин эмэгтэй. Уг нь бол Хасын Энхтуяа гэдэг яалт ч үгүй “орги” монгол л доо. Харин царай төрх нь яг л орос пропуск. Хуримынхаа цагаас хоцрон цагаан туфль хайн гүйж явахад нь л нэг удаа “пропуск” нь их хэрэг болсон гэсэн. Орос дэлгүүрийн худалдагч ганцхан үлдсэн “болор шаахай”-гаа түүнд ажрахгүй зарчихсан гэнэ лээ. Харин бусад үед “пропуск” нь дандаа хөөддөг байжээ. Жаахан байхад нь хүүхдүүд түүнийг “Орос орос” гэж шоолдог, тэгээд манай хүн шаралхахдаа заавал немц цэрэг болж байлддаг байж. Дайсны талд “цусан гавъяа байгуулж” явсан болохоор бяцхан хувьсгалчдын ариун эгнээнд багтах зай байсангүй. Манай “дайсан” сургуульд орох болсон чинь заавал орос сургуульд явна гээд тийчилчихсэн гэсэн. Аав ээжээ нэг сайн сандаргасан юм байх. Монгол сургуульд орвол “орос болчихно”, тэгэхээр орос сургуульд оръё, асуудалгүй гэж бодож. Аав ээж нь аргалж чаргалсаар байж арайхийн нэг юм хүслийг нь биелүүлээдэхтэл харин нөгөө “орги” монгол маань орос хэлээ ч сурахгүй, хичээлийнхээ ширээн доогуур орж айл гэр болж тоглоод гарч ирэхээ больчихож. Нэг удаа 12 мөнгөний дэвтэр дүүрэн Д үсэг биччихээд очсон гэж байгаа. Хичээлээ хийх гээд суусан чинь Д үсэг гэнэт таалагдаад л бичиж эхэлсэн гэж ярих. Магадгүй хожмоо зураач болохоор шийдэж дүрслэх урлагийн дээд сургуулийн хаалгыг гэнэт татсан нь ч энэ үеийнх нь саваагүй зөн совингийн нэгээхэн хэлтэрхий байсан биз. Харин ангийн багш нь нөгөө анхны алдарт “зураг” Д үсгийг нь урсан дэвтэртэйгээ хамт хогийн сав руу чулуудчихаж. Манай хүн ч тэр хавиар нэг орь дуу болж сургууль даяараа орж ирэн “ганц хүний үзүүлбэр”-ийг таалан сонирхсон гэдэг. Иймэрхүү паян тасрахгүй зовоогоод байхаар аав ээж нь хашрыг монгол сургуульд шилжүүлэхээр очжээ. Тэгсэн чинь амьдралынхаа 40 гаруй жилийг ардын хүүхдийг сургахад зориулсан гавъяат багш орос авгай “Энэ хүүхдийг сургаж чадахгүй бол би хүн биш” гээд гүрийчихэж. Ахмад багшийн зөв байлаа. Бүтэн жил ганцаарчлан “ноцолдож” байж нөгөө “орги” монголыг маань “албан ёсны” орос болгоод авчээ. Манай хүн ч үеийнхэндээ ялгаварлан гадуурхагдахаа больж “Монгол хэлийг хаана ингэж сайн сурсан орос вэ” гэх элгэмсүү магтаал сонсож эхэлсэн гэнэ. Хожим нь албаны ажлаар Москвад очихдоо багшдаа баглаа цэцэг, оргилуун дарс тэврээд очиход нь хөгшин айхтар балмагдсан гэх. Багшаа би Хасын Энхтуяа байнаа гэсэн чинь “Чамайг би яаж мартахав дээ” гээд хоолой нь зангирчээ. Одоо Энхтуяа энэ тухай дурсахдаа “Миний ерөөлөөр учирсан багш даа. Энэ хүн л намайг бие даалгаж, би бусдад биш өөрийнхөө хүчинд найдаж сурсан. Хүний ямар их нөөц бололцоо далд нуугдаж байдгийг мэдэх болсон шүү” гэсэн. За ингээд манай “дайсны цэрэг” жинхэнэ орос болжээ. Гэтэл хүний хувь заяа сонин. Нөгөө л багынхаа зөн совингийн үргэлжлэл болох Германдаа оюутан болж очжээ. Тэгээд ч зогсохгүй “дайсны талаас” насны ханиа урвуулж Монголд хайртай дайсны тоог бас нэгээр нэмжээ. Түүний хань Иенс Гой авто замын инженер хүн. Германы зам гүүрийн улсын компанид хэлтсийн даргын алба хашдаг. Монголд зам барьж өгөх гэж хэд хэдэн удаа зүтгэхэд нь манайхан “улс төржүүлээд” урмыг нь хугалчихсан гэсэн. Одоо хашир Германд Монгол-Германы анд нөхдийн нийгэмлэг байгуулаад улаан хацартай хэдэн хүүхдийг Германд сургахын төлөө сургууль дамжин харайж явдаг гэнэ лээ. Энхтуяа уг нь “Монрайс” компанийн захирал, Гачууртад бас гар сэтгэлээ зулгалан босгосон тохилог хөөрхөн амралтын газартай лут босс оо. Харин манай хүнийг хэдэн хүүхэд хөтөлчихөөд хөлсөө шударч явахыг нь харвал яалт ч үгүй л нэг монгол ээж ээ. “Төгсөөд ирсэн хүүхдүүдийг ажилд оруулах гэж л их тэвддэг. Манайд чинь албаны бүх юм амины гуйлгаар л бүтэх юм байна шүү дээ” гэж зовлон ярьж байсан. Баруунд сурсан боловсон хүчин Монголд хэрэгтэй, хийх ёстой ажлыг нь хийлгэчих юм сан гэж боддог. Гадаадад сурсан хүүхдүүд эх орондоо юм хийхээр хүрээд ирж байгаа нь сайхан. Монголчууд авъяастай юм чинь тэндээ үлдчихэд бусдад нэг их гологдохгүй сайхан ажиллаж амьдраад л явчихна. Хамгийн гол нь эх орноо гээд эргээд ирж байхад нь тосоод л авах учиртай. Бид боловсролтой улсуудаа ашиглах тал дээр хойрго юмаа гэж хальт шаналаад авна билээ. Одоо тэдний шугамаар гарсан 260 гаруй оюутан Германд сурч байгаа гэсэн. Өөрөө тэр амьдралыг туулаад гарсан болохоор бусдад туслах гэж их хичээдэг аж. Мань хашир төгсч ирээд Улсын их дэлгүүрийн чанарын албанд ажилд оржээ. Ажилд орсон нь ч бас нөгөө алдарт “дайсан” германчуудынх нь хаялга гэж байгаа. Германы ЭСЯ-нд цагаар орчуулга хийдэг байсан манай нөхөр Их дэлгүүрийн хаалгыг солихоор Германаас ирсэн нөхдөд үйлчилж явахдаа шинэ ажлаа олоод авсан санж. Уг нь төгсч ирэнгүүт нь Ховдын худалдаа бэлтгэлийн ангид хуваарилсан ч ээж аав хоёр нь тас хориод явуулаагүй гэсэн. Аав ээжийн амин сүнс эрх шар охиноо Ховдын улаан шороонд холцруутуулан гүйлгэхийг сэтгэл нь тэвчээгүй биз. Хүдэр боргилхон төрхтэй энэ гэр бүлд нэгэн шинэ хүн мэндэлсэн нь яг орос хүүхэлдэй шиг амьтан байж. Харамсалтай нь шинэ хүн удаан тогтолгүй тэнгэрийн оронд одсон гэдэг. Түүний хойтон жил яг л амилсан дүр нь тэр чигээрээ дахин төрсөн болохоор ижий аав нь Энхтуяад амиа тавина. ...Цалингаа буухаар л мебель цуглуулдаг шинэ хоббитой болсон манай хүн нэг л мэдэхэд подхийсэн айл болчихож. Гэхдээ зүрх сэтгэл нь хилийн цаана зүдэж, зүүд нь тавгүйтээд эхэлжээ. Тэгээд л танил тал, найз нөхдөө шалж шахсаар Германаас нөхрөө урих арга эв олоодхож. Аав ээж нь аягүй дургүй байж. Ямар сайндаа л ирэх сургаар нь хөдөө явчихаж байхав. Хүргэн ч хүрээд иржээ. Хүрээд ирсэн хүргэнтэй нүүр учрахаар аав ч бас хөдөөнөөс яваад ирж. Өглөө сэрэхэд нь гал тогооны өрөө хавиас аавынх нь дуу гараад л манай хоёр ч “агшаад” л байж. Тэгснээ нөхөр нь гэнэтхэн босон харайгаад аав руу нь орж явчихжээ. “Сайн байна уу ааваа” гээд хацраа өгөхөд нь нөгөө хатуу чанга байсан өвгөн уяраад нулимс нь гарчих шахаж. Түүнээс хойш хүргэндээ ганц хазгай үг хэлээгүй гэсэн. Хожим мань хоёр “Туяа” ресторанд хуримаа хийхэд эмээ нь Энхтуяаг харж толгойгоо сэгсрээд хүссэн юм нь хүзүүгээр нь татаж дээ хөөрхий гэж суусан гэдэг.Хожим хоёр сэтгэлийн аясаар хоёр газарт байх үед Иенс нь байр авчихлаа хүрээд ир гэж дуудсан гэнэ. Очингуутаа л “би ингэж яаж амьдрах юм бэ” гээд уйлсан гэж байгаа. Ханхүү нь тохи тух муутайхан умгар ганц өрөөнд Достоевскийн романы баатар шиг амьтан хүлээж суусан юм чинь аргагүй шүү дээ. Хүйтэн устай, хоосон өрөөгөө голон усан нүдэлж суугаа хонгороо аргадсан үг нь их хөгжилтэй. Байр маань болконтой, жорлон нь устай шүү дээ гээд баярлаад байсан гэдэг юм. Амьдралд зөвхөн хайр биш бас талх хэрэгтэйг ойлгонгуутаа хоёулаа ажилд оржээ. Тэгсэн чинь нэг өдөр ээж нь ирж амьдрал шалгах сураг дуулдаад явчихаж. Яахаа мэдэхгүй байж байтал ээж нь ч яваад очжээ. Нөхөр нь гарч гүйгээд хажуугийнхаа ногооны дэлгүүрээс модон хайрцаг олж ирж суулгасан гэж байгаа...Энхтуяа их дотогшоо хүн. Бодно, бодсоноо чимээгүйхэн хийчихнэ, хийчихлээ ч гэж баярлаж хөөрч сүйд болохгүй. Гадагшаа бол зөвхөн л инээмсэглэнэ. Ярьж хөөрч, амлаж шамдаад байхгүй. Харин жаахан байхдаа их гадагшаа хүүхэд байсан гэсээн. Ямар сайндаа л ээж нь хөдөө гадааны улс ирэхэд хүүхэд багачуулд нь өгөх санаатай хөөрхөн цэмбэн гутлуудыг өөрийнхөө ажил /Их дэлгүүр/-аас олноор нь авчрахад Энхтуяа бүгдийг нь өмчлөөд хүнд өгүүлдэггүй байж. Надад бүгдийг нь өгчих, би зөндөө олон хүүхэдтэй болохоороо тэдэндээ өмсгөнө гээд зөрүүлдэг “тэнэг” хүүхдээ дийлэхгүй дэмий л толгой сэгсэрдэг байсан гэж ярьдаг юм. Би заавал гадаад хүнтэй сууна, монголтой гэрлэвэл тэр намайг орос гээд л шоолно ш дээ, тэгээд бас ийм том байшин дүүрэн олоон хүүхэдтэй болно гэж ирээд л ярихаар нь заримдаа ч бүр ичиж зовдог байснаа ээж нь хожим дурссан гэсэн. Түмний баахан хүүхдийг гадаад дотоодод зуучилж, сургаж боловсруулаад хөтөлж гүйж явахад нь хөгшин баярлаж тэгээд л энэ дурсамжийг өөрт нь хэлж магнай нь тэнийсэн гэнэ лээ. Ээжийгээ заавал жаргаана гэж өөртөө амлачихаад Гачууртад Ахмадын сувилал барьж эхэлжээ. Өнөөдөр тэр нь “Тавлаг” нэртэй амралтын хотхон болж. Анхных нь амрагч ээж нь байсанд тэр дандаа баярладаг. Эрх шар охиноо орхиод явахдаа ээжийнх нь сэтгэл лав бүтэн байсан байх. Туулын хөвөөн дээр голын чулуун дунд суучихаад Эрдэнэт рүү унаа машин болж уурхайн хаягдал чулууг үнэ мөнгөөр авчран хашаа хороогоо зассан гэх. Яаж байгаа юм бэ гэхээр “Өнөөдрөө харсан юм дандаа л ядмаг байдаг. Байгдаа л гэхэд би чинь хотын хонхорын хүүхэд. Туул голоосоо ширхэг чулуу ч хөдөлгөхгүй, ширгэхэд нь хувь нэмрээ оруулчихна” гээд л муйхарлах. Ер нь Энхтуяа, Иенс хоёрын сэтгэлд хүрэх юм тусдаа, тэрхүү сэтгэлийг нь хүртсэн улс ч бишгүй байдаг юм билээ. Гадаадын төсөл хөтөлбөрийн байгууллагуудаас эхлээд дотоодын цөөнгүй газарт ажиллаж, Монголын төлөө л гэдэг сэтгэлийн ганц зарчимтай явсныхаа шагналд өнөөдөр тэр бүтэн инээмсэглэж яваа. Тэр чимээгүйхэн дотогшоо урсч, гадагшаа бүтээж явдаг хүн. Угаасаа л бурхан түүнд бүтээгчийн хувь тавилан оноосон. Гэхдээ амар хялбар биш бэрхшээж шантармаар тийм тавилан. Тэр ч энэ тавиландаа дуртай. Олж харахыг хүссэн хүн бүхний төлөө цэцэгс хаа сайгүй ургадгийг мэднэ. Нээж олсон тэр л цэцгийн хүрээлэндээ шинэ анхилам цэцэг нэмж тарих гэж хүн бүхний олж хараагүй тэр зүгээс цэцгийн үр хайж яваа. Их салхи дэнг унтрааж түүдгийг дэврээдэг билээ...Б.Занданхүү

No comments: