Дэлхий дахины философийн түүхэнд долоон мэргэн гэгдсэн энэ хүмүүс бүгд Грекчүүд юм. Бусдаас онцгойлон үздгийн учир нь түгээмэл философийн үндэс суурийг тэдгээр долоон ухаантан дээд түвшинд аваачсанд байдаг. Ингээд олныг үл нуршин долоон мэргэнээ танилцуулъя.
ФАЛЕС
Эртний Герегийн долоон мэргэний анхдагчид тооцогддог, Милет хэмээх хот улсын уугуул иргэн Фалес манай тооллын өмнөх 625-547 онд аж төрж байв. Нэгэнтээ герегчүүд өөрсдийнхөө дунд амьдарч байгаа хамгийн ухаантай хүнд шижир алтаар хийсэн номын тавиур бэлэглэхээр тогтжээ. Ингээд удирдагчдын зөвлөл мөнхүү бэлгээ Фалест хүргүүлжээ. Гэвч Фалес даруу зан гаргаж өөр нэгэн ухаант хүмүүнд хүргүүлэхээр буцаасан байна. Цаад ухаантан ч мөн гурав дахь иргэнийг заав. Ийнхүү үнэт бэлэг долоон мэргэнийг дамжсаны эцэст эргээд л Фалест ирсэн гэдэг. Фалес хүн төрөлхтөний дотроос байгалийг судлан шинжилсэн анхны эрдэмтэн юм. Тэрээр нар хиртэнэ гэдэг бол түүнийг сар халхалж байгаа явдал болохыг анх түрүүн баталж, диаметр нь тойргийг хоёр тэнцүү талт гурвалжны бүх өнцөг адилхан өнцөг үүсгэдгийг анх томъёолсон болно. Одон орон судлалаар нэлээд мэргэжсэн Фалес манай тооллын өмнөх 585 оны тавдугаар сарын 28-нд болсон нарны бүтэн хиртэлтийг урьдчилан хэлж байжээ. Мөн Мисирийн пирамидуудын өндрийг сүүдрээр нь тооцоолон тогтоосон юм. Гоц мэргэн ухаанаараа ялгарч асан Фалес насан туршаа орь ганцаар амьдарч улс төрийн хэрэгт ер анхаарал хандуулаагүй байна. Нэгэн удаа тэр тэнгэр шинжин маш их баян ургац авах жил гарахыг мэдээд, Милетийн тосны ургамал тариалдаг бүх талбайг түрээслэн авч боловсорч гүйцэх үед нь асар их орлого олж байсан гэдэг. Дэлхийн олон оронд түгсэн хоёр луусын тухай үлгэр Фалесын амьдралаас эхтэй. Тэдний нэгэн луус давс ачих тоолонд гол гатлах үедээ зориудаар бүдчин унаж ачааны хагасыг урсгаж хөнгөлдөг муу зан сурчихсан байж л дээ. Бяцхан горхи таарахад ч халтьтчин унаж удтал хэвтдэг тэр луусын залийг анзаарсан Фалес овжин адгуусанд ноос ачихыг тушаасан байна. Зальт мэх нь амжилтгүй болсноос хойш нөгөө луусны муу зан ч засарчээ. Цэц булаалдах дуртай тэр үеийн хүмүүс нэг удаа, -Амьдрал үхлээс ямар ялгаатай вэ? гэж Фалесаас асууж л дээ. -Ямарч ялгаагүй. -Тэгвэл чи яагаад үхэхгүй байгаа юм бэ? -Ялгаагүй юм чинь надад үхэх хэрэг юу байна? гэж суут мэргэн хариулсан гэдэг. Дараа үеийн мэргэд Фалесыг тун өндрөөр үнэлсэн байдаг. Цицерон “Гүн ухаан Фалесаас эхэлсэн, тэр анхных нь” хэмээсэн удаатай.
Фалесын сургаал, үзэл бодол
*** *** *** Бурхан бүхнээс эртний настай. Тийм биш сэн бол Бурхан байхгүй байх сан. *** *** *** Газар дэлхий усан дээр хөвж явдаг *** *** *** Бүх юм уснаас эхтэй, амьтан бүхэн үр хөврөлөөс үүднэ, тэр нь шингэн. Ургамал ногоо шингэнээр умдаалж хатаж ангахаараа үхдэг. Тэр ч бүү хэл, нар хийгээд оддын гал бүхий л сансрын нэгэн адил чийгт уураар тэжээгддэг. *** *** *** Ертөнцийн туйлын гоо сайхан юу вэ? Бурхан бүтээсэн болохоор энэ ертөнц өөрөө. *** *** *** Хамгаас мэргэн зүйл юу вэ? Цаг хугацаа, учир нь тэр л ганцаар бүхнийг нээдэг. *** *** *** Юу хамгийн амархан бэ? Бусдад зөвлөгөө өгөх. *** *** ***
ПЕРИАНДР
Манай тооллын өмнөх 7-6-р зуунд амьдарч асан Коринфийн дарангуйлагч Периандр бол эртний герегийн алдарт долоон мэргэний нэг. Гэхдээ Сократ түүнийг долоон мэргэний тоонд оруулаагүй байдаг. Тэрээр Коринф хэмээх хот улсдаа 40 шахам жил хаанчилсан бөгөөд 200 хөлсний цэргээр биеэ хамгаалуулдаг байжээ. Периандрын үед Коринф уран барилга, тансаг орнуудаараа зард гарсан бөгөөд түүний ордонд тухайн үеийн шилдэг яруу найрагчид байнга зочилдог байв. Энэ суут ухаантан нь харгис хэрцгий эзэн байсан юм. Улсыг яаж чанга гараар базаж захирах талаар тэр өөрийн анд Милетийн дарангуйлагчаас зөвлөгөө авахаар элч мордуулж л дээ. Цаад захирагч Периандрын элчийг дагуулан хотын захад аваачаад тариан талбайг ажиглаж байснаа бусдаасаа өндөр ургасан түрүү бүхнийг хяргаж гарчээ. Өөр юу ч хэлэлгүй, Периандрын элчийг буцаасан аж. Гайхсан элчийнхээ амнаас болсон явдлыг сонсоод Периандр дарангуйлал тогтоох нууцыг мэдэж ван удалгүй хэрэгжүүлж эхэлсэн гэдэг. Тэрээр улсынхаа хамгийн ухаантай өндөр боловсролтой, хүч нөлөө бүхий иргэдийг устгаж, цөлж ганцаар загалах болжээ. Заримдаа Периандр галзуу солиотой мэт аашилдаг байв. Нэгэн удаа томоохон баярын үеэр бурхан тэнгэрээ тахих өргөл бага санагдсанаас баярт оролцохоор ирсэн бүх эмэгтэйчүүдийн ганган хувцсыг тайчуулан галд өргөж улмаар хотоор дүүрэн чармай нүцгэн эмэгтэй сүлжилдэн явсан гэдэг. Нэгэнтээ Периандр татвар эмсийнхээ ховонд автаж хөл хүнд эхнэрээ сандлаар цохин алжээ. Дараа нь ховч эмсээ цөмийг амьдаар нь шатаачихсан тухай тэмдэглэгдсэн байдаг. Периандр үхсэнийх нь дараа хүмүүс шарилыг нь олоод доромжлох вий гэж ихэд болгоомжилдог байж л дээ. Нэгэн шөнө хоёр цэргээ хүн бараг явдаггүй бөглүү замаар явуулаад тааралдсан эхний хүнийг алж оршуулахыг тушаажээ. Дараа нь өөр дөрвөн хүнийг тэдний араас илгээж, сайх хоёрын устгаад газар ухаж булах үүрэг өгөв. Дараа нь тэр дөрвийг бүх ажлаа гүйцэлдүүлээд буцах замд нь алж оршуулуулахаар нэгэн баг цэрэг мордуулжээ. Ингээд өөрөө эхний хоёрын өөдөөс явж амиа хөнөөлгөсөн байна.
Периандрын сургаал, үзэл бодол
*** *** *** Бүхнийг урьдчилан бодож бай. *** *** *** Мөнгөний төлөө юу ч хийж болохгүй. *** *** *** Сайхан цаг ирнэ гэдэгт хэзээд итгэн хүлээ. *** *** *** Дайснуудаа баярлуулахгүйн тулд зовлон гунигаа нууж яв. *** *** *** Мөнхийн гоо сайхан гэдэг бол амар амгалан юм. *** *** *** Чамд хичнээн золгүй явдал учирлаа ч нөхөддөө хандах сэтгэлээ бүү хувирга. *** *** *** Хийсэн гэмийнх нь төлөө төдийгүй гэм хийхээр завдсаны төлөө цээрлүүлбэл зохилтой. *** *** ***
ПИТТАК
Мөн үед аж төрж байсан Свида хэмээх хотын захирагч Питтак нь гадаад үзэмж нэн дорой, бүдүүн бохир авч хурц ухаанаараа гойд зард гарсан нэгэн байжээ. Язгууртны хүрээнд орохын тулд сурвалжит хатагтайтай гэрлэсэн, эхнэр нь түүнийг угсаа гарлаар нь ямагт дорд үздэг байсан гэлцдэг. Питтакийн хамгийн алдартай гаргалгаа нь ердаа дөрөвхөн үгнээс бүрддэг юм. “Сайн хүн байх хэцүү” хэмээх томъёолборын үг тус бүр дээр гүн ухааны рөгөц хийсэн нь эртний сонгодог цэцэн хэллэгийн оргил болжээ.
Сайн хүн байх хэцүү юу? Сайн байх нь хүнд л хэцүү юмуу? Сайн хүн байх нь хэцүү юу? Сайн байх гэдэг хүнд хэцүү юу? Дөрвөнхөн үгний цаад утга ганцхан үгний өргөлт зангилаанаас ингэтлээ гүнзгийрч дараах хэдэн зууны туршид Философийн чухал тулгуурын нэг болж ирсэн нь чухамхүү Питтакийн ухааны цар болой. Түүний сэдсэн ажлаа бусдад бүү ярь. Биелэхгүй бол олны доог тохуу болно”, “Өшөө хонзонгоо авахаас өршөөж уучлах нь амархан” зэрэг сургаал үгс хүн төрөлхтөний онч мэргэн хэллэгийн санд онцгой байр учир ч тэр шүү дээ.
ХИЛОН
Эртний герегийн төрийн зүтгэлтэн Хилон насан туршаа ганцхан зүйлийн төлөө, шударга бус явдлыг эцэслэн үгүй хийхийн төлөө тэмцсэн хүн. Өндөр насан болсон хойноо тэрээр: “Би нэг ч удаа хууль зөрчсөн алхам хийгээгүй. Харин эргэлзээтэй ганцхан тохиолдол бий. Нэгэн найзынхаа шүүх хурал дээр би түүнийг хуулийн дагуу л шүүсэн, гэхдээ түүнийг зөвтгөхийг өөр нэгэн нөхөртөө ятгаж билээ гэж ярьсан байдаг. Түүний сургаалиудаас хамгийн түгээмэл нь,
*** *** *** Ялангуяа зоогийн ширээний ард амаа сайн хамхиж бай. *** *** *** Найрлаж суугаа нөхөд рүүгээ биш, зовлонд унасан нөхөд рүүгээ бүхнийг орхин яарах хэрэгтэй. *** *** *** Хэрэв чи хүч чадалтай бол хүнлэг зөөлөн бай. Тэгвэл хүмүүс чамаас айхын оронд чамайг хүндэтгэх болно. *** *** *** Хуримыг аль болохоор даруухан ёсол. *** *** *** Сайн удирдах аргад урьдаар гэр бүлийнхээ дотор сурч боловсор. *** *** *** Дайн дэгдээгүй амар тайван цаг мөчийг ашиглахгүй дэмий бүү өнгөрөө. *** ***
БИАНТ
Биантын уран бүтээлийн оргил үеийг МЭӨ 600 оны орчим гэж түүхэнд бичээтэй бий. Энэ их сэтгэгчийн төрөлх хот риена дайсны цэрэгт эзлэгдэхэд оршин суугчид нь хамгийн үнэтэй цайтай эд хогшлоо үүрээд дүрвэцгээж л дээ. Ганцхан Биант л юу ч авалгүй явжээ. Үүнд хачирхсан хотынхны асуултад тэрээр:
-Би өөрийн гэх бүх юмаа өөртэйгөө хамт авч явна гэж хариулсан гэдэг. Түүний зарим онцлог санааг цохвол: *** *** *** Найз нөхдийнхөө маргааныг тасалснаасдайснуудынхаа хэрүүлийг шүүсэн нь дээр. Иймэрхүү явдлын дараа найзуудын чинь нэг чиний дайсан болж, дайснуудаас чинь нэг нь чиний нөхөр болно. *** *** *** Ярихдаа бүү яар. Яаруу байна гэдэг ухаан мөхсийнх. *** *** *** Хаа сайгүй муу нь сайнаасаа олонх байдаг юм. *** *** *** Залуу наснаасаа мэргэн ухааныг л нөөцөлж ав. Түүнээс илүү найдвартай хөрөнгө гэж хаа ч үгүй. *** *** ***
КЛЕОБУЛ
Родос арал дээрх Линд хотын захиаргч, гоо үзэсгэлэн, бие бялдараараа алдартай эр байжээ. Тэр товчхон товчхон дуу, оньсого зохиодог хүн агаад Клеобулын асар олон цэцэн үг, сургаалийг бусад сэтгэгчид авч өөрсдийн нэрээр түгээсэн байдаг. Түүний эрхэм сургаалийг танд хүргэе.
*** *** *** Согтуу боолоо бүү цээрлүүл. Чи өөрөө согтуу харагдаж мэднэ. *** *** *** Өөртэйгөө адил зиндааны эхнэр ав. Өөрөөсөө дээгүүр эхнэр авчихвал хадмууд чинь чамайг захирах болно. *** *** *** Ухаантай хүн худал башир бүхнийг үзэн яддаг. *** *** *** Юм бүхэнд алтан дунджийг барьж чадсан хүн амьдралд жаргалтай, амар тайван явдаг. *** *** *** Бусдын дэргэд эхнэртэйгээ бүү нялуур, бүү хэрэлд. Эхнийх нь чиний мулгууг, хоёр дахь нь чиний галзуу аашийг өрөөлд харуулах вий. *** *** ***
СОЛОН
Солоныг дараа болъё…
No comments:
Post a Comment