Цав цагаан замаар алхаж явна. Өдлөг зөөлөн цас малгайлан хаялна. Яг л үүнийг хаа нэгтэйгээс уншиж байсан мэт ер бусын сэтгэгдэл төрөхүй бударч буй цасыг бүр ихээр шимтэн мэдрэх гэж би түр зогслоо. Ай, миний хайртай цагаахан улирал. Энэ л цаг мөчийг би хичнээн удаан хүлээсэн юм бэ дээ. Нэг өглөө босоход бүх орчлонг цас нэвсийтэл дарчихсан байгаасай гэж, тэр хөвсгөр зөөлөн цасанд нүүрээрээ шургах сан гэж үргэлж мөрөөдөж байсан. Гэтэл одоо энэ бүхэн сэтгэлчлэн бүтэж байна. Тэгэхдээ түрүүчийнхээс ч илүү сонгодог гээч. Өглөө босоход минь биш өдөр намайг алхаж явахад цас бударч эхэлсэн. Газар дэлхийтэй хамт би ч бас тэр өдлөг зөөлөн будраанд нь дарагдаж орхиж. Өө, ямар сайхан юм бэ? Одоо бараан газар ер үлдсэнгүй, нүд гялбуулам цайвар оршихуй эргэн тойрныг минь нөмөрчихсөн байна. Гэртээ ормооргүй, юу ч яримааргүй, ингээд л алхаад баймаар. Бодож яваа бодлыг минь хүртэл цас дарж байна. Энэ чинь миний улирал, хайрт улирал минь шүү дээ.Зуун жилийн өмнөх тэр нэг өвлийг зүрх минь ер мартдаггүй юм. Бас л ийм цасан бударч бас л ийм анир чимээгүй ноёлж байсан. Тэр л анир чимээгүйг минь сэрээж эрхэм доктор миний ертөнцөд гэрэлтсэн билээ. Гэсэн хэдий ч өнөөх анир чимээгүй ертөнц минь урьдын л янзаар нам гүмхэн оршсоор нам гүмхэн гэрэлтсээр байсан. Харин зуу зуун жилийн гүн нойрноосоо сэрсэн юм шүү. Цагаахан халаадны гэрэлт намиан дор цаг хугацаа хаа нэгэн тийш урсах болсон. Үдэш болгон цас ороосой гэж шивнэдэг, өглөө болгон цэцэг ургаасай гэж шившдэг байлаа. Гэвч хүсэл минь төөрсөн юм. Дуу дурлал шиг гэглгэн насан дээр минь цас ч будраагүй, цэцэг ч ургаагүй. Тэглээ гээд үүний төлөө өнөөдөр би харамсдаггүй. Аугаа их анирт ертөнцөд минь анхны бороо цасны үнэтэй ирсэн. Энэ өдөр л анх удаа би насаа тоолж зүрхээ гоёж хүслээ үнссэн. Гэрэлт амрагийн минь сэтгэл шиг гэгээн орчлонг таньсан. Тэр өдөр манай хотод анхны цас орж билээ. Нэг их гэрэлтэй цас байсан. Эргэлдэн нисэлдэн бууж байхыг нь харсан. Хараад удаан зогссон. Тэгээд л гүймээр, бүр хурдлан гүймээр санагдаж цасаа сэгсрэн тачигнатал ганцаар инээхэд ард минь гэнэтхэн хэн нэгэн намайг шоолох нь сонстсон сон. Эргээд хартал Тэр, эрхэм Эмч минь яг л миний ижил нэвсийсэн цагаан болчихоод инээмсэглэж байсан даа. Ичиж улайсан миний хацар дээр унасан цас ямар хурднаар, эгшин зуурт хайлж байсан гэж санана. Энэ хайлган цаг мөчөөс хойш өнөөх анир намуун ертөнц минь нэг л ер бусаар чичрэн догдлох болсон юм. Жирийтэл эгнүүлэн барьсан банзан хашааны ганцаардмал буланд нуугдаж зогсчихоод түүнийг хүлээж байхдаа амандаа өөрийн эрхгүй л хамгийн хөгжилтэй ая олоод аялчихсан байдаг байж билээ. Өвлийн пальтоныхоо буурал захыг босгочихоод эмнэлэг рүүгээ яаран алхах хайртынхаа эрхэм дүрийг харж чадсан тэр өдөр миний хувьд хэмжээлшгүй их баяр баясгалантай өнгөрдөг байсан юм. Харин заримдаа хичнээн их дааран зогсовч харж чаддаггүй байлаа. Учир нь тэр минь хүнд хэцүү үед эмнэлэг дээрээ хонох тохиолдол цөөнгүй байсан. Тэр мэс засалч шүү дээ. Түүнийг харж чадаагүй буюу өөрөөр хэлбэл тэр эмнэлэг дээрээ хоносон өдөр надад ямар хэцүү байдаг байв аа. Өдөржин л сэтгэл бүрхэг, битүү гуниг төрөөд, өвдөн зовиноод амар сууж чадахгүй гэгэлзэж дэгэлзэн өнгөрдөг байлаа. Заримдаа бүр халуун хоол унд хийж бариад очих сон гэж боддог сон. Гэвч санасны зоргоор байх эрх ч байсангүй, зориг ч дутдаг байлаа. Энэ бүхэн зуун жилийн өмнө болсон юм шүү дээ. Түүнээс хойш зуун жил өнгөрч. Гэтэл өнөөдөр цас орж би дахиад л бударч байх юм. Зуун жилийн өмнө миний нөмөрт нь зогсдог байсан банзан хашаа, ярдаг нохойтой айл, дээр нь нэмэх хасах тэмдэг дүүрэн сараачиж үерхэл нөхөрлөл бэлгэдсэн чулуун хавтан цөм алга болж оронд нь огт өөр зүйлс бий болжээ. Харин сэтгэл минь хуучирсангүй. Өнөөдөр, дөнгөж сая би банзан хашааны туурин дээр сүндэрлэсэн хоёр давхар орон сууцны үүд хавиар эргэлдэж Түүнийг ажлаасаа харих замд нь харах гэж будрах цаснаар удаан хүлээлээ. Үнэхээр тэр надад дахин харагдлаа. Зуун жилийн өмнөх пальтоныхоо оронд орчин үеийн загвар сайтай сайхан дулаан хүрэм өмссөн байсан боловч би андуурсангүй харангуутаа л танилаа. Тэгээд бас зуун жилийн өмнөх шигээ навтасхийн нуугдаж зуун жилийн өмнөх өнөөх ганцаардмал буландаа зогсч түүнийгээ гэртээ орон ортол догдлонгүй, мөнөөх л зуун жилийн өмнөх харцаараа үдлээ. Тэр, Эрхэм доктор минь зуун жилийн өмнөх хуучин гэртээ, зуун жилийн өмнөх шигээ шулуухан явсаар орчихлоо. Зуун жилийн өмнөх гэргий нь зуун жилийн өмнөх хүүхдүүдтэйгээ түүнийг угтана...Ай, зуун жил минь ээ. Цасан бударсаар, бударсаар л байнам...
/1998 он “Хонгорзул” сонин ¹-72/
No comments:
Post a Comment