Tuesday, January 29, 2008

ЭРЛЭГИЙН ҮҮДЭНД ҮНДЭСТНЭЭРЭЭ ООЧЕРЛОХ УУ?

-Хортой хүнс, агаар орчны бохирдол нь монгол хүний удмын сан, генид хэрхэн нөлөөлөх бол?

-Нөлөөлдгөө хэдийнэ нөлөөлчихөөд, монгол хүний удмын санд бодит аюул учирчихаад байна шүү дээ.

-Жишээ нь?

-Амьгүй хүүхэд төрж байна, үр зулбалт аймшигтай болсон, үргүйдэл ч бас үүл шиг л нүүгэлтэж байгаа, оюуны хомсдол ч гэсэн үүний чинь хамгийн тод жишээ юм шүү. Ерөөсөө энэ хэдэн хар үзүүлэлт чинь л хүн амын генетик бүтэц маш таагүй байдалд байгааг илэрхийлж байдаг юм. Монголчууд гэнэт хотжиж, хорыг тун тунгаар нь гэнэт хүртсэнээс болоод эрлэгийн үүдэнд үндэстэнээрээ оочерлоход хүрчихээд байна. ...

Манай нэрт генетикч, анагаах ухааны доктор профессор И.Пүрэвдорж гуай ингэж хэлсэн. Нүүдэлчин монголчууд хот суурин газар бөөнөөрөө бөөр зэрэгцэн сууж эхэлсэн 1990 оноос хойш генийн гажигтай хүүхэд 10 мянган төрөлт тутамд хоёр хувиар өссөн тухай гашуун судалгаа ширээн дээр нь байна лээ. Хүний удмын бүтцийг өөрчилдөг физикийн /цацраг/, химийн /хор/, биологийн /вирус/ гурван хүчин зүйл байдгийн хоёр нь ашгүй бурханы авралаар манайд байхгүй шахуу. Харин химийн хүчин зүйл болох агаарын бохирдол, хүнсний хор нь дангаараа үндэстэнийг сүйрүүлчихэж мэдэхээр заналхийлж байгаа. Нөгөө хоёр хүчин зүйлийн тухайд бол газар дээр нь үр дагавраа харуулж хар мөр, хариуцах эзнээ бариад өгдөг. Харин хүнсний хор тэгдэггүй. Хор хөнөөл нь хорь гуин жилийн дараа илэрдгээрээ илүү аюултай. Энэ бол чимээгүй тахал. Бид монгол хүн гэж цээжээ балбах дуртай. Энэ бахархал маань тун удахгүй бид монгол хүн байсан юм гэж тархиа балбах эмгэнэлээр солигдох вий гэх эмзэглэл эрхгүй төрж байна. Тэгвэл энэ хүндхэн асуудлыг бусад улс орнууд яаж шийдсэнийг харцгаая. Бидний өндөр хөгжилтэй хэмээн бахархан ярьдаг тэдгээр улс орнуудад хотжил гэх зүйл аажмаар жам ёсны дагуу явагдсан болохоор тэдний бие организм үүнд дасан зохицохын тулд зовлон амсаагүй. Харин манайд бол эсрэгээрээ. Дээр хэлсэнчлэн нүүдэлчин монголчууд бөөнөөрөө бөөр зэрэгцэн суух болсон 1990 оноос л хорыг хольцгүй шахам бөл цөл идэж ууж, бас түүгээр амьсгалж амьдарч эхэлсэн. Бусдаас хуулж сурсан зангаараа будаа идчих гэхээр нөгөө алдарт хот улсууд маань ингэж гэнэт командаар шахуу бөөгнөрөөгүй болохоор туршилга гээд хэлчих юм тэдэнд байхгүй. Харин манайхтай адил хүнд байдлаас гэнэт гарч чадсан улс гэвэл Израйл л байна. Эрт урьдын цагт биш саяхан, ердөө 60-хан жилийн өмнө дэлхий дээр нэгэн улс байгуулагдаж гал голомтоо асаасан юм. Энэ бол дэлхийн их дайны хөлд цус нулимстайгаа хутгалдаж, үйлийн үрээрээ үлдэж хоцорсон 7000 хүрэхтэй үгүйтэй хэдэн жүүд байлаа. Еврейн улс байгуулагдсан цагаасаа л хөрш зэргэлдээх лалын ертөнцийнхний халдлага дайралтад байнга өртөж амьд үлдэхийн төлөөх ширүүн тэмцэлд ард түмнээрээ нэгдэн орсон юм. Жүүдийн улсын газар нутаг нэг их нүд баясгаж, сэтгэл ханаад байх баялагтай нутаг биш байлаа. Элсэндээ дарагдсан манай Замын Үүдэрхүү, үржил шим багатай, ашигт малтмал гээд байх зүйл нэг ч байсангүй. Нефтиэр баялаг арабын ертөнцийн хамгийн муу газар нутаг байсан юм. Гэсэн ч жүүдүүд голсонгүй. Анхны нүүж очсон 700 мянга хүрэхтэй үгүйтэй хүн гадны халдлага дайралтаас сэргийлэх үүрэг бүхий батлан хамгаалах салбартаа илүү их хөрөнгө мөнгө төсөвлөжээ. Тэдний дараагийн анхаарсан нэг чухал зүйл бол хүнсний хангамж байсан. Эргэн тойрондоо дайснуудаар хүрээлэгдсэн болохоор тэднээс импортоор хүнсний хангамжаа бүрдүүлэх нь үндэсний аюулгүй байдалд нь шууд сөргөөр нөлөөлөхөөр байсан. Тиймээс ч цоо шинэ эх үүсвэрийг олох шаардлага гарч ирсэн хэрэг. Мэдээж энэ бол хүнсний хангамжийн гол эх үүсвэр болох хөдөө аж ахуйг хөгжүүлэх явдал гэсэн гарц байлаа. Үржил шим муутай, цөлийн хөрсөн дээр хүнсний ногоо тарьж ургац авна гэдэг нэг л бүтэмж муутай сонсогдох байх. Гэтэл өнөөдөр Изриальчууд чухам энэ л хөрсөн дээр ургуулсан хүнсний ногоогоороо өөрийн хэрэгцээг хангаад зогсохгүй бусад оронд экспортолж байна. Гайхмаар шүү. Монголын хөрс шорооноос хэдэн арав дахин үржил шим муутай газраас 7.2 сая хүн амын хэрэгцээг хангачихаад цааш нь экспортолж байна гэдэг итгэхэд бэрх. Тэд өндөр технологид суралцаж түүнийгээ амьдрал дээр амжилттай туршсаны ач тусаар ийм амжилтанд хүрчээ. Бусдаас хамааралгүй, бусдын эрхшээлээс ангид өөрийн улс орноо оршин тогтнуулж үндэсний аюулгүйн байдлаа хамгаалахад зөвхөн батлан хамгаалах хүчээ нэмэгдүүлэхэд голчлон анхаарах бус хүнсний хангамж, хүнсний аюулгүй байдлаа дээдлэх нь улс орныг хүчирхэгжүүлдгийн тод жишээ бол Изриальчуудын дээрх арга барил. Хоол хүнсээ бусдаар бэлдүүлдэг улс орны оршин тогтнох үндэс суурь, аюулгүйн байдал үргэлж тэнцвэргүй, сэжигтэй байдаг гэдэг үг ийм л нарийн утга учрыг агуулж байгаа юм. Монголчуудад тэнгэрийн ивээлээр асар уудам газар нутаг заяажээ. Газар доорх болон дээрх баялагаараа дэлхийн аль ч улс орноос илүү гарна уу гэхээс яавч дутахгүй. 30 саяар тоологдох мал сүрэг түүнээс гарах ашиг шим. Хэчнээнийг бол хэчнээнээр нь үр тариа, хүнсний ногоо тариалчих үржил шим бүхий газар шороо байна. Тэгээд хоол нэхдэг ам нь хоёр зуун сая биш хорин сая ч биш хоёр сая зургаан зуухан мянгуулаа. Шилжилтийн үеийн хүндрэл бэрхшээлийг даван туулж байсан тэр жилүүдэд бид хүнсний аюулгүйн байдал гэхээсээ илүүтэй хүнсний хангамжинд анхаарлаа хандуулж байлаа. Яавал ард түмнээ хүнсний хомсдолд оруулахгүй байх вэ, яавал өлсгөчихгүй байх вэ гэдэг асуулт үе үеийн Засгийн газар, УИХ-ын толгойны өвчин болж байсан. Энэ нь ч аргагүй юм. Аюулгүйн байдал ингэж хоёрдугаарт тавигдснаар импортын чанартай, чанаргүй хүнсний бүтээгдэхүүн зах зээлд дүүрсэн. Харин өнөөдөр хүнсний аюулгүй байдлыг ярих болсон нь оройтсон боловч хамгаас чухал юм. Би энд нэг хэдэн баримт дурдья л даа. Өнгөрсөн жил хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдалд хийсэн хяналт лаборторийн шинжилгээний дүнгээс үзэхэд 17.5 хувь нь нян, 5.3 хувь нь хөгц мөөгөнцөрийн, 14.8 хувь нь хими, 9.4 хувь нь хүнд металийн бохирдолттой стандартын шаардлага хангаагүй байжээ. Хүнсний бүтээгдэхүүн борлуулдаг супермаркет, дэлгүүрийн 9.3 хувь, худалдааны төв захын 12.5 хувь, мухлаг ТҮЦ-ийн 21.7 хувь зориулалтын бус байранд үйлчилгээ явуулж, 44.5 хувь нь агуулахгүй, түргэн гэмтэж муудах бүтээгдэхүүний 29.1 хувь нь бохирдох эрсдэлтэй, бүтээгдэхүүний 71.1 хувийг зориулалтын бус тээврийн хэрэгслээр зөөсөөр л байгаа гэсэн дүгнэлт гарсан байна. Энэ хэдхэн жишээнээс өнөөдөр бид ямар хүнсний бүтээгдэхүүн яаж хэрэглэж байгаа болон хүнсний аюулгүйн байдал ямар эмзэглэмээр түвшинд хүрснийг төвөггүй ухаарч болно. Хүнсний хангамжаа өөрсдөө шийдье, хүнсний бүтээгдэхүүний импортыг халья. Өндөр төвшний технологийг цаг алдалгүй нэвтрүүлж хүнсний хангамжаас шалтгаалсан гамшигийг зогсооё гэж эцэст уриалья.

No comments: