Брестэд ханаа дугуйлсан монгол
Брестийн цайз гэж сонссоноос Брестийн монгол гэр гэж дуулдаагүй. Тэгвэл тун удахгүй Белорусь улсын Брест хотод гэрээ барихаар ханаа шийрлэж яваа нэгэнтэй тааралдсан нь Брест дэх Монголын консул Х.Болдбаатар. Их зургаан ханат монгол гэрийг иж бүрнээр нь төхөөрч байгаа түүнд бурхан тахил, тулга тогооноос эхлээд их л олон юм хэрэг болсон юм байх. Тэр бүхнээ олж цуглуулж, тэрэндээ учиргүй хөөрчихөөд явж байлаа. Белоруь улсад аравхан монгол байдгийн зургаа нь оюутан гэж байгаа. Тэгэхээр их хөлийн газар болох Брестэд Монголоо сурталчилж, таниулахын тулд мань хүн ийм санаа сэджээ. Төр засаг тэг ингэ гэж арав таван цаас чулуудаагүй, төрлөө үгүйлэх сэтгэлийнхээ төлөө энэ бүхнийг хийж байгаа болохоор урамшиж баярлах нь ч аргагүй юм. Болдбаатар харь газарт монголынхоо төлөө ихийг хийж байгаа хүн. Белорусь улсын иргэнтэй гэр бүл болж Брестэд оршин амьдрах болсон 1990-ээд оноос л Брестийн хилээр орж гарч, ганзага үүрч, машин чирч яваа зовсон ядарсан монголчууддаа халуун сэтгэлийн тус дэмээ өргөж эргээд түүгээрээ өөрөө тэжээгдэн өнөө хүрчээ. Анх тэр консул байгаагүй. Жирийн сайн санаат монгол байсан. Харин түүний халуун сэтгэлд дулаацсан монголчууд холбогдох газарт нь хүсэлт уламжилж байж хашрыг консул болгожээ. Ингэж л манай хүн хувиараа хүргэдэг тусаа хууль ёсны болгож, үүндээ ч сэтгэл дүүрэн ажиллаж амьдарч явна. Одоо тэр монгол гэрээ барьж монголчуудаа сурталчилна гэж байгаа. Улсын баяр наадмыг монгол гэртээ ёсолно гээд л учиргүй их баярлачихсан амьтан монгол дуу хуур, зураг, СД цуглуулаад явж байна. Жилдээ нэг эх нутагтаа ирчихийг зорьдог ч боломж нь тэр болгон олдохгүй юм гэж хөөрөлдөх зуураа бага охиндоо нутгаа үзүүлж яваагаа ч дуулгаад авлаа. Улаанбаатарын ойролцоох учир жанцантай бүх л газраар дагуулж домог түүхийг нь ярьж явсан юм байх. Том охин нь Белорусьт сэтгэлзүйч мэргэжлээр ажилладаг, харин бага нь энэ жил дунд сургуулиа төгсч байгаа юм байна. Брестийн Болдбаатар хэмээх ийм нэг хүн Улаанбаатарт хэд хоног урт уртаар санаа алдан зочид буудлын цонхоор дурсамжийнхаа зүгт хараачилж зогссон юм.
Монголоороо бахархдаг монгол
Тэрээр “Миний сайхан эх орон, миний монгол ахан дүүс” гээд л учиргүй сүжрэн ярих. Монголоороо бахархдаг монголтой ярилгүй удсан болоод ч тэрүү, анх танилцахаасаа л сэтгэлд ойрхон санагдаад явчихсан юм. Танилцсан маань ч хөгтэй. Ууш зууш оролдонгоо хөөрөлдөж суусан бидний хэдэн нөхөд улс төр, урлаг соёл яриад ам халж байтал нөгөө Болдбаатар маань сэмхэн босоод явчихсныг хэн нь ч анзаараагүй. Харин чимээгүйхэн дэргэд ирээд загнуулсан хүүхэд шиг хулчгардуухан эргэж суухад нь “Хөөе чи яав, ийв” болцгоосон сон. Тэгсэн чинь манай хүн баарны үйлчлэгчээс цэцэг нэхээд ойлгомжгүй олон үгээр чихээ таглуулчихаад ирж. Хамт суугаа бүсгүйчүүддээ цэцэг өгөх гэсэн чинь бааранд цэцэг зардаггүй гээд байх юм гэж гайхшаа баран үглэж байх нь тэр. Манайхан ч инээдээ барьж чадахгүй инээн ханиан байж учирлаад өнгөрөөлөө. Харин мань хашир санасандаа хүрээгүйдээ нэн гонсгор байгаа бололтой. Тэгснээ хэдхэн хормын дараа “За яадгийн, миний Монгол удахгүй баарандаа цэцэг зардаг болно” гээд нээрээ л бааранд багсайсан их цэцгийн цомог үзсэн аятай баясав. Гэнэн хүүхдэрхэг ч юм шиг, цайлган зантай энэ эрхэм тэр оройжин биднийг хөөрхөн баясгаад авсан. Сонин ч амьдралтай, сонирхуулах ч юмтай хүн дээ гэж хашрын тухай Элчин сайд Т.Баасансүрэн гуайн “онцлон тэмдэглэж” байсан нь ортой дог. Ямар л сонингүйдээ наяад оны эхээр Дорноговийн Эрчим /Эрчим хүчний үйлдвэр/-д тос усандаа хутгалдаад Цагаан сар, наадмаар ч цаг наргүй ажиллаж байсан “Нийслэл хүү” ерээд оны эхээр Брестийн хил дээр шинэ монголчуудын наймааны машиныг хил рүү түлхэлцэж явахав дээ. Бас болоогүй ээ, белорусь эхнэр нь монгол хоол ундыг монгол эзэгтэй нараас илүү гараа гарган бэлдэж явуулын монголчуудыг дайлдаг гэсэн. Ер нь түүний амьдралыг цэгнэвэл соёлын ялгаатай хоёр том ертөнцөд орж гарч явсаар өнөөдөртэй золгоо юу даа гэлтэй. Хотын хонхорт төрсөн жаалхүү хөдөөгийн хөвгүүдтэй барилдан цамцаа уралцаж, морин дэл дээр хийсч, тэгэхдээ бас хот зангаа тавихгүй Тамирын голоос жараахай гохдож загасны шөл уун лус хилэгнүүлж хөглөсөн гэж байгаа. Анх хөдөө очиход нь хотын хүүхэд мал мэдэхгүй гэж басаад сүүлийг нь тайрсан хонины морь унуулж үзсэн ч өөрийгөө биш морио голж наадмын сунгаанд тоосны эхэнд ирж амьтан хүнийг алмайруулсан гэх. Анх очиход нь зүсэлж өгсөн хонины хээрээ одоо тарамвайны морь хэмээн өхөөрдөж дулаахнаар дурсах нь хэзээ язааны малын захад өссөн хөдөөний боргил нэгэн мэт.
Инженер болохгүй ажилчин болно гэж даргыгаа айлгажээ
1980 онд Эрчим хүчний яамнаас Дорноговийн Эрчим хүчний үйлдвэрт Ерөнхий инженерээр томилогдон аавыгаа дагуулж албан бичиг өвөртлөн очсон додигор амьтныг буурал дарга үл тоож аавыг нь ажилд авчих шахсан гэдэг. Оросын Ворошиловград хотод төгссөн анхны 10 монгол оюутны нэг өмнө нь зогсож байхад шүү дээ. Эвхдэг ор, чемодан хоёроо бариад “Одоо хаашаа оч, юу хий гэх юм бол доо” гэсэн шүү юм бодон зогсож байтал яамны бичгийг задалсан байгууллагын дарга нь “Үгүй ээ, чи чинь ерөнхий инженерээр ирж байгаа хүн юм байна шүү дээ” гэж барьц алдахад мань хүн ч дагаад дуу алдсан гэж байгаа. Үгүй би инженер хийж чадахгүй, хар бор ажлыг чинь бол хийнэ. Ажлын багаас эхэлнэ гээд л зөрүүдлэх том жаал, яамнаас өгсөн үүргийг нь ойлгуулах гэж мэрийн тайлбарлаж байсан Бархас даргыгаа одоо хэр дулаахнаар дурсдаг юм билээ. Аавынх нь нутаг Архангай, хөдөө гэхээр л нэг их ногоорсон ой мод, ус гол нүдэнд нь харагддаг байж. Гэтэл мань хүн говьд хуваарилагдчихдаг. Ажиллахаар ирсэн газраа өглөө нь харангуутаа цочсон гэсэн. Говьд хүн болж төрөхөөр хангайд бух болж төр гэж хаа ч билээ сонсож байсан үг нь харваад л орж ирсэн гэж байгаа. Говийнхны нутгархуу занд шандуурч, хотоо, хонгороо санаж байсан ч мань хүн “эр хүн шиг” байхаар шийдэж тун ч удалгүй хамт олны халуун сэтгэлд уярч хэзээний уг нутгийн хүн шиг говийнхны сайхан сэтгэлийг бусдад магтаад эхэлжээ. Тэгэхдээ оюутны ширээ, орос соёлынхоо үнэрийг ч бас ханхлуулаад амжиж. Амьдрал мэдэхгүй, аргалж сураагүйдаа гэнэдэн удирдлагуудтайгаа ам зөрж, нөгөөдүүл нь ч танихгүй бурхнаас таньдаг чөтгөр дээр гэгчээр загнаж нас намба, элээсэн оймсныхоо тоогоор сургааль айлдах болжээ. Хавсарга салхитай өдрүүдэд санаа алдах ч болж, анх ирэхэд нь амлаж байсан байр сууц ч шийдэгдсэнгүй. Уг нь тэнд томилогдож очиход нь хилийн цаанаас хүний бүсгүй үрийн сэтгэл оргуулаад ирсэн “болчимгүй” хүүгээ дарга цэрэгт нь захиж гадаадын хүний тух алдуулчихгүй байр сууц бэлдэж өгөхийг сануулах санаатай л муу аав нь дагаж ирсэн хэрэг. Гэтэл аймгийн зочид буудалд хоёр жилийн нүүр үзэж, сүүлдээ ч буудлын талбайг сантиметрлэх нь холгүй хөлс мөнгө ч нэхдэг болжээ. Ингээд хол байгаа хонгороо, хотын хонхороо үгүйлж хэвтэхдээ бяцхан заль сэдэж аймгийн дарга дээр асуудлаа бариад орж явчихаж. Мэргэжлээрээ эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийх хүсэлтэйгээ хэлтэл харин бүр ч эсрэгээр нь шийдэх шахуу юм хэлжээ. Байгууллагийнхных нь дарга орны хүнээрээ хашрыг заачихаад өөрөө хот бараадах дотор бодолтойг нь ч мэдээд авч. Ингээд хоёр нөхрийн хэнийг нь хот явуулах асуудлаар хуралдах үед харин аймгийн дарга Ө.Пүлжин “намын бодлого ярьж”, өөрсдийгөө бодож залуу хүнийг уяж болохгүй, сурч боловсрог гэж дэмжжээ.
"Интернациональ" гэр бүл
Ингээд уяа нь алдуурсан нохой шиг нийслэлээ тэмцэн ирсэн мань хүн тэр дороо л Цахилгаан эрчим хүчний барилга угсралтын тресстэд хэлтсийн даргаар очиж, тун удалгүй яаманд Материал хангамжийн хэлтсийн мэргэжилтнээр ажиллах болжээ. Тэнд байхдаа Брестийн нэг жилийн курст үеийн 25 залуугийн хамт явж эндээс л Брестийн Болдбаатар болох зөн совингийнх нь эхлэл тавигдсан гэнэ. Болдбаатарыг ийнхүү Улаанбаатар хавьд манаргаж явахад шаргал үст хонгор нь Ворошиловградад сургуулийн мөр хөөж хоёр газарт хоёр сэтгэл хол ойрыг тэнсэж байжээ. Ингээд хэсэг манаргасны эцэст хоёр сэтгэлийг ойртуулж, хол алсыг хамт туулахаар шулуудан эхнэртээ очжээ. Ворошиловградад байсан байраа сонины зараар Брестэд сольж жинхэнэ ёсоороо Брестийн Болдбаатар болжээ. Хоёр охин нь Монголд биш харьд төрж харин Болдбаатар эхнэрээ гадаад биш монгол хүн болгожээ. Болдбаатараар овоглосон нэгэн гэр бүл ийнхүү бий болж Брестэд Монголыг төлөөлөн суух тэдний босгыг явуулын монголчууд элээсээр, гэргийх нь гарын сүүтэй цай, монгол хоол, ундыг үгүйлэх нь ч бүр энүүхэнд болж энэхүү “интернациональ” гэр бүл 20-иод жилийг хилийн гадна үдээд байна.
Сэтгэл гэдэг эрхтэн
Анх манай хүн нутаг орноосоо холдсон хүний сэтгэлийн зовлонг эдэлж монгол хүн олоод уулзчих санаатай энүүгээр тэрүүгээр их явдаг байсан гэдэг. Вокзал дээр санаандгүй хэдэн москвич ачуулж байсан монгол залуустай тааралдаад бөөн хөөр баяр болж гэр орондоо урьжээ. Түүнээс хойш байнга л вокзал руу гүйж Чех, Польшоос монгол руугаа машин “чирч” яваа монголчуудтайгаа холбогдон чадах ядахаараа туслахыг хичээн орон гэрээрээ оруулж гаргасаар нэг л мэдэхэд тэднийх зангилаа өртөө шахуу болж, сая л нэг нутгаа санасан сэтгэлийнх нь нар гарчээ. Машины наймаачид ч цаг үеэ даган хөлжиж Германаас машин “чирэх” болж, мань хүнийг ёстой л нөгөө “Өндөр ээж” гэдэг шиг мэдэхгүй танихгүй монголгүй болж эхэлсэн 2000 оны эхээр түүгээр зорчдог монголчууд хүсэлт тавьж Болдбаатарыг Брестэд суугаа Монголын албан ёсны консул болгожээ. Зан сайтай айлд хүн цуглаж, замаг сайтай нууранд жараахай цугладгийн үлгэрээр одоо Болдбаатарынд орохгүй гарахгүй хүнгүй болж монголчуудаас гадна монголыг сонирхогчид ч ирцгээдэг гэнэ. Анх машины наймаа хийдэг монголчуудыг тонож дээрэмддэг бүлэг хүртэл бий болчихоод манай хүн түүнтэй нь ханцуй шамлан нударга шударгаараа тэмцэлдэж байсан үеэ бодвол өнөөдөр мөнөөх бүлгийн этгүүдүүд хүртэл “Болдбаатарын намд” элсэж Монголчуудын сэтгэлийг таньж ойлгон нөхөрлөх болсон нь түүний л гавъяа юм. Монголоосоо холдох тусмаа ойртсон Брестийн Болдбаатар гэж ийм нэгэн хүн. Тавхан насандаа ээжээсээ хагацаж өнчин өрөөсөн өссөн хүний ганц хүү тавилан заяаны эрхээр хилийн гадна ийнхүү Монголоо сэтгэлдээ тээн амьдарч явна. Буянт-Ухаад онгоц газардахаас өмнө тэрээр Монголынхоо тэнгэрт нулимсаа залгидаг гэсээн.
No comments:
Post a Comment